Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/116

 

2026           01           27                                                                                     2026/ДШМ/116

 

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга  даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

хохирогч Б.С-ийн өмгөөлөгч М.Хүдэрхүү,

цагаатгагдсан этгээд Б.М-, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа, Б.Баатарсайхан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/2471 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Б.С-ийн өмгөөлөгч М.Хүдэрхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.М-д холбогдох эрүүгийн 2310 01813 0001 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М- овгийн Б-ы М-, ........, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Б-).

Б.М- нь 2023 оны 05 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” ресторанд үйлчлүүлж байхдаа архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, Б.С-этэй гэр бүлийн хардалтаас үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг гараараа олон удаа цохиж, үснээс нь зулгааж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгаж, шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хэргийг хэрэг бүртгэлд буцааж шийдвэрлэжээ.

1. Прокурор Ц.Сонинмөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасныг тус тус баримтлаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь харилцан зодолдсон, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зөрүүтэй байна гэж тайлбарласан. Мөн цагаатгах тогтоолд Сэргэлэн суманд гарсан үйл баримтаар Б.М-ийг Гал-Эрдэнэ зодсон болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлэг бий. Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоолд дурдагдсан Сэргэлэн суманд иргэн Г- эхнэр Б.С-ийг зодсон гэх баримт нь М-ын мэдүүлгээр үгүйсгэгддэг. М-ын мэдүүлэгт “Г- тойрч зугтаагаад байсан, би голоор нь ороод юу болоод байна аа гэж хэлсэн, Г- биед нь огт хүрээгүй, голоор нь А- бид гурав орж хооронд нь ойртуулаагүй, Г- эхнэрийнхээ биед огт гар хүрээгүй бөгөөд өөдөөс нь нэг ч үг дугараагүй” гэж мэдүүлсэн. Мөн гэрч О-гийн өгсөн мэдүүлэг бий. Үүнд “Г- руу дайрч хэрүүл хийгээд байсан тул би болон А-, М- бид гурав голоор нь орж больцгоо гэж хэлээд хооронд нь ойртуулаагүй, Б.С-ийн биед гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй” гэж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо эдгээрийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Г- нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэргэлэн суманд байхдаа эхнэр Б.С-ийн биед халдаж зодсон зүйл болоогүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллах дүгнэлтэд дурдсан хохирогч Б.С-э болон гэрч Ц- нарын өгсөн мэдүүлэг,  шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5942 дугаартай дүгнэлт бий. Хэрэг прокурорт буцсаны дараагаар хэнгэрэг хальс цоорсон асуудлыг хамгийн анх хөндсөн Д-г гэрчээр асуусан. Тухайн гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна гэж үзсэн. Анхан шатны шүүх 05 дугаар сарын 02-ны өдөр үүссэн асуудлыг 04 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд болсон асуудалтай хутгасан байдлаар хэтэрхий нэг талыг барьж шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс прокурорын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэл бичсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна.” гэв.

2. Хохирогч Б.С-ийн өмгөөлөгч М.Хүдэрхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд прокурорын эсэргүүцэлтэй холбоотой нэмж хэлэх тайлбаргүй. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 8 дугаар талд “мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.С-ээс нийт 6 удаа мэдүүлэг авсан байх ба, хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, тогтвортой биш” гэж дүгнэсэн байсан. Анх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөөд тухайн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг мөрдөн шалгах эрх бүхий этгээд бус зөрчлийн албан тушаалтан мэдүүлэг авсан. Чадварын хувьд мөрдөгч илүү мэдүүлэг авахдаа мэргэшсэн байдаг. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Г-д хохирогч зодуулсан юм биш үү гэх нөхцөл байдал яригддаг. Үүнтэй холбоотой нэг зүйлийг А-рч үзэх ёстой. Улсын Дээд шүүхийн 2023 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх, түүнд А-рахтай холбоотой тайлбар бий. Хохирогчийн сэтгэл санааны байдал ямар байсан, гэрч хохирогч нарын хооронд ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх дээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Энэ хэрэгт дуудлагаар ирсэн цагдаагийн гурван албан хаагч хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээд буюу эргэлзээгүй нотлох баримт гэж дүгнээд давж заалдах гомдлоо гаргасан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 8 дугаар талд Э-ын мэдүүлгийг үнэлэхдээ Улсын дээд шүүхийн гэрчийн мэдүүлэг үнэлэх тайлбарыг харгалзан үзээгүй. Хавтас хэргийн 35 дугаар талд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас ирүүлсэн албан бичигт 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ёс журам сахиулах эргүүлийн илтгэх хуудаст М-, А- гэх алба хаагч нар халдлагад өртсөн тухай мэдээлж шалгалтын ажлыг зохион байгуулж хариу ирүүлнэ үү гэсэн албан бичиг авагдсан. Хэргийн газар Улсын начин О- гэх хүн Б.М-тэй хамтарсан үйлдэл байдаг. О- гэх хүн Б.М-тэй хамтран Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн байхад тухайн үйлдэлд мөрдөн шалгах эрх бүхий байгууллагаас үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Цагдаагийн албан хаагч зодуулсан асуудлыг жижүүрийн ахлах нь илтгэх хуудас бичээд гэмт хэрэг, гомдол мэдээллийн өөр тусдаа дугаар авсан байдаг. Нэг хэрэгтэй холбоотой үйлдэл дээр нэг дугаар аваагүй хоёр өөр гомдлын дугаар аваад тус тусад нь шалгасан. Цагдаагийн албан хаагчтай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Үүнээс улбаалан анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөлгүйгээр хэргийн нотлох баримтыг үнэлсэн. Нөгөө талаараа хохирогч Б.М-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байгаа тул харилцан зодолдсон гэж дүгнэсэн. Нотлох баримт шинжлэн судлах явцад Б.М- “миний гуя, өгзөг, хөл, шилбэ рүү өшиглөсөн” гэж мэдүүлдэг боловч хэргийн материалд авагдсан сиди бичлэг дээр өшиглүүлсэн, цохиулсан нь нотлогдоогүй, анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн нотлох баримт үнэлэх заавар, зөвлөмжийг дагаж мөрдөөгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

3. Цагаатгагдсан этгээд Б.М-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор хэргийг шийдвэрлэхээр хэт улайрч байгаа нь одоо хүртэл харагдаж байна. Ямар үндэслэлээр ингэж байгааг мэдэхгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий нотлох баримтуудад зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд М- зөв мэдүүлэг өгсөн гэж тайлбарлаж байна. Шүүх хуралдаанд Б.С-ээс хэн нэгэн нөлөөлсөн үү, хэн нэгэнтэй хамт очсон уу гэж асуухад үгүй гэж хэлээд ганцаараа эмнэлэгт үзүүлсэн гэж хариулсан. Гэтэл нэг мэдүүлэгтээ “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр намайг нөхөр Г- алгадсан” гэж мэдүүлсэн. Хэргийн үйл баримтыг үнэлээд шүүх зөв дүгнэлт хийсэн. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр болсон үйл баримттай холбоотой Э-, О- нарын мэдүүлэгт Б.С-э, Б.М- рүү дайрсан үйл баримтыг хэлдэг болохоос Б.М- Б.С-ийг цохиж, алгадсан тухай мэдүүлээгүй. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхэд бидний зүгээс Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөх байх гэж бодож байсан. Гэтэл прокурор өнөөдрийг хүртэл дайрсан байдал гаргаж байна. Прокурорын хууль дээдлэх, хараат бус байх зарчим алдагдаад байна уу даа гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хүн гомдож бухимдаж болно. Гэвч үүнийг мэргэжлийн үйл ажиллагаатай холбож болохгүй. Хувийн үзэл бодол нь прокурорын яллах дүгнэлтэд буун хэлбэршиж болохгүй. Илтгэгч шүүгчээс цагдаагийн албан хаагчид халдсантай холбоотой асуултыг асууж байна. Яллах дүгнэлтэд цагдаагийн албан хаагчийн биед гэмтэл учруулсантай холбоотой асуудал байхгүй. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд асуудал яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн гэж харж байгаа. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Б.М- “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.С-э орж ирэхэд Г- алгадаад унагаасан тухай мэдүүлсэн шүү дээ. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа энэ асуудлыг шалга гэж буцаасан. Цагдаагийн албан хаагчтай холбоотой асуудлыг шалга гэж буцаагаагүй, илтгэгч шүүгч буруу ойлгосон байж магадгүй. Эсхүл би буруу ойлгосон байх. Б.С-э нийт зургаан удаа мэдүүлэг өгсөн. Гэвч бүх мэдүүлэг нь зөрүүтэй байсан. Өмгөөлөгч авсны дараа Б.М- намайг цохисон, зодсон гэж тайлбарладаг. Түүний 07 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг дээрээс маш тодорхой харагддаг. Түүнээс өмнө 05 дугаар сарын 23-ны өдөр Б.М- намайг цохиж, зодсон зүйл байхгүй гэж тайлбарлаж байсан. Б.М-ийн Б.С-эд учруулсан үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа учраас энэ талаар тогтоох ёстой. Монгол Улсын хувьд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг асуудал дагуулж байгааг бүгд мэдэж байгаа. Хохирогч 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Б.М- нь намайг цохиж зодсон зүйл байхгүй, харин нөхөр Г- намайг зүүн гараараа баруун хацар руу нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг шинжилгээ хийлгэхээр очсон эмнэлгийн асуулгаар давхар нотлогддог. Гэрчийн мэдүүлэг бусад эх сурвалжаар нотлогдох ёстой. Тиймээс үүнтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх зөв олж харсан гэж би боддог. Б.С-ийн тогтворгүй өгсөн мэдүүлэг, түүнийг үгүйсгэж байгаа нотлох баримтуудыг прокуророос үгүйсгэж чадахгүй байгаа. Үүнийг прокурор үгүйсгэх ёстой. Түүнээс хувийн таарамжгүй харилцаатай мэт үйлдэл гаргаж болохгүй. Тиймээс миний үйлчлүүлэгчийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

4. Цагаатгагдсан этгээд Б.М-ийн өмгөөлөгч Ц.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг. Б.М- Орхон аймагт байдаг. Орхон аймгаас ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хэргийн материалтай ирж танилцахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн байсан. Тийм учраас би анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаад 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамж гарч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ анхан шатны шүүх маш тодорхой тайлбарласан. Энэ ажиллагаа бүрэн гүйцэт хийгдэхгүй байгаа талаар дурдсан. Хэргийн материал ямар шатандаа явж байгаа талаар огт танилцуулахгүй байсан. Энэ хэргийн тухайд прокурор бүрэн гүйцэт ажиллагаа хийж чадаагүй, эрх хэмжээ, үүргээ бүрэн биелүүлж чадаагүй гэж үздэг. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 4-5 хүн сууж байхад гаднаас Б.С-э бичлэг хийж орж ирээд нөхөртөө цохиулаад унасан. Энэ талаарх хэргийн үйл баримтыг хохирогч, гэрч нар тодорхой мэдүүлсэн. “Шагшаа” эмнэлгийн дүгнэлт бий. “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би чихэндээ цохиулсан” гэх мэдүүлэг бий. Хохирогч нийт зургаан удаа мэдүүлэг өгснөөс дөрөв дэх удаагийн мэдүүлэг хүртлээ чихэнд учирсан гэмтлийн талаар огт ярьдаггүй. Үүнийг прокурор ойлгохыг хүсдэггүй. Хохирогч өмгөөлөгч аваад гэнэт чихэнд учирсан гэмтлийн талаар ярьж эхэлсэн. Түүнээс хойш хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө мөн чихтэй холбоотой гэмтлээ тайлбарладаг. Мөн хууль сахиулагчийн эсрэг хэн нь эсэргүүцээд байгаа юм бэ. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч санаатайгаар ирж бичлэг хийгээд гэмтэл авсан байна. Түүнээс 3 хоногийн дараа 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олон нийтийн газар дахин бичлэг хийж ээж, дүү хоёрын хамтаар ирж сандал дээр сууж байсан эмэгтэйг үсдээд авсан. Тэнд хэн танхайраад байгаа юм бэ. Яагаад энд үнэлэлт дүгнэлт өгөхгүй байна вэ. Илтгэгч шүүгч прокуророос хууль сахиулагчийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг яагаад шалгахгүй байна вэ гэж маш тодорхой асуулаа. Прокурорт шалгах хүсэл огт байхгүй. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгээр маш тодорхой зааж хэргийг прокурорт буцаасан. Б.М-ийн биед тэр олон гэмтлүүдийг хэн учруулчхаад байгаа юм бэ. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг маш тодорхой тогтоож чадсан. Хохирогчийн олон удаа өгсөн эргэлзээтэй мэдүүлэгт маш зөв үнэлэлт дүгнэлтийг хийсэн. Б.М- хохирогчийн биед халдаж түүний чихэнд гэмтэл учруулсан гэх асуудлыг хохирогчийн өмгөөлөгч болон прокурор дурдаж гаргаж ирж чадахгүй. Учир нь энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй. Б.М- хохирогчийн биед халдсан үйлдлийн талаар хэлдэггүй. Орж ирээд үсдээд унасан гэх зүйлийг гэрчүүд мэдүүлдэг. Хохирогч Б.С-ийн нөхөр болох Г-тэй холбоотой хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдэгдээд явж байгаа. Өөрөөр хэлбэл эхнэрийнхээ биед халдсан гэх үйлдэл нь шалгагдаж байгаа. Хувийн байдалтай нь холбоотой гэж үзээд тэр талаарх баримтыг прокурорын зүгээс татан оруулж ирэх боломж байсан. Энэ асуудлаас тусдаа эхнэр, нөхөр хоёрын нэг нэгнийхээ эрүүл мэндэд халдсан гэх гэмт хэрэг яригдаж байна шүү дээ. Тэр гэмтэл нь энэ хэрэгт дурдагдаж байгаа чихний гэмтэл нь мөн эсэхийг бид мэдэхгүй. Байнгын эхнэрээ зодож байсан талаарх Гал-Эрдэнийн зөрчлийн шийтгэвэр нотлох баримтаар хавтаст хэрэгт бий. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

5. Цагаатгагдсан этгээд Б.М- “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүх Б.М-д холбогдох хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.М-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлыг бүрэн хөдөлбөргүй тогтоох шаардлагатай.

Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг заавал тогтоож, шүүх гэм буруутай хүн болон тэдгээрийн хоорондын харилцан хамааралд зөв дүгнэлт хийх, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар хэргийн үйл баримт, бодит байдлыг үндэслэл бүхий тогтоох ёстой.

Тус хэрэгт, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зарим нөхцөл байдлыг дутуу шалгасан, бусад гэмт үйлдэл, эс үйлдэхүйг тогтоох ажиллагааг хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ тогтоолд заагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:

1. Б.М-д холбогдох 2310 01813 0001 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/1772 дугаартай захирамж /2хх 190-192/-аар хянаад “...Хэргийн газарт дуудлагаар очсон, хэрэгт хохирогчоор тогтоогдсон нэр бүхий цагдаагийн алба хаагч нар болох Д.М-, А.А- нарын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэн өшиглөх, цохих зэргээр халдсан гэх яллагдагч Б.М- болон түүнтэй хамт явсан гэх н.О- нарын үйлдлийг хохирогчоор тогтоогдсон Д.М-, А.А- нар нь “гомдол саналгүй” гэснээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцээгүй байх тул яллагдагч Б.М-, түүнтэй хамт явж байсан эрэгтэй н.О- гэх нарын үйлдэлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн атал уг захирамжийн заалт биелэгдээгүй, холбогдох ажиллагааг хийгээгүй байна. Захирамжид заасан ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэснийг зөрчжээ.

Гэмт хэргийг бүрэн дүүрэн, мөрдөн шалгах нь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн баталгааны нэг төрөл болох тул дээр дурдсан ажиллагааг хийж үйл баримтыг бүрэн дүүрэн сэргээн тогтоох нь уг гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдэж, түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох,  гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

2. Прокуророос Б.М-ийг 2023 оны 05 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн үед ...Б.С-этэй гэр бүлийн хардалтаас үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг гараараа олон удаа цохиж, үснээс нь зулгааж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь үнэлж, дүгнэн няцаан үгүйсгээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан: хохирогч Б.С-ийн “2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ...Тухайн үед Б.М- намайг цохиж зодсон зүйл байхгүй гэж мэдүүлэг өгсөн гэх асуудлаар “...энэ асуудлыг мөрдөгч буруу ойлгож бичсэн байж магадгүй байна. 2023 оны 05 дугаар сарын 02-нд Б.М- намайг цохиж зодсон. Хэнгэрэг хальсны цоорол, уруулд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг Б.М- гараар цохих, үс зулгаах, өшиглөх байдлаар тус тус учруулсан. 2023 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр намайг Төв аймгийн Сэргэлэн суманд алгадсан асуудал байгаа бөгөөд ямар нэг ил харагдах гэмтэл учраагүй. ...”  /1хх 72/,

...М-д зодуулсны улмаас чихний хэнгэрэг цоорч хэнгэрэг нөхүүлэх мэс ажилбар хийлгүүлсэн. /1хх 74/, ... Цаг хугацаагаар яривал Сэргэлэн суманд болсон үйл явдал эхэнд, тухайн үед Г- нэг удаа алгадсан байдаг. Миний нүүрний баруун тал руу ганц удаа алгадсан, ...тухайн цаг үед надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тэр өдрөөс 2-3 хоног ч зүгээр ажлаа хийсэн. Тэгэхээр тухайн цаг хугацаанд миний биед гэмтэл учраагүй болж таарч байгаа. Г- тухайн цаг хугацаанд нүүрний баруун талд алгадсан. Үүний дараа 2023 оны 05 дугаар сарын 02-нд М- нь ресторанд ...өөдөөс шууд босож ирээд над руу дайрсан, намайг үсдэж хана руу шахсан, тэгэхээр нь миний бие доошоо тонгойгоод нүүрээ л хамгаалахаа бодсон. ...М- намайг цохих алгадах өшиглөх зэрэг ер нь зөндөө л цохиж зодсон. Толгой хэсэг рүү цохиод л байсан. Тухайн хугацаанд л гэмтэл миний биед учирсан болно. Миний биед учирсан гэмтлүүд 2023 оны 05 дугаар сарын 02-ны үйл явдалд учирсан. Миний биед учирсан бүх гэмтэл шархыг М- учруулсан. ...” /2хх 206/ гэх мэдүүлгүүд,

З.С-ын хохирогчоор “...2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ...тухайн үед манай эгч хүнд зодуулсан гээд уруул нь гэмтсэн, үс нь зулгаалгасан гэж байсан. ...” /1хх 90/,

гэрч А.А-ын “... Дуудлага өгсөн эмэгтэй өөрийгөө С-э гэж байсан. Намайг үсдэж гэмтэл учруулсан гэж хэлж байсан. Харахад аль нэг чих нь шалбарсан, унасан гэх үсээ надад харуулж байсан. Энэ гэмтлийг М- учруулсан гэж тайлбарлаж хэлж байсан. ...” /1хх 119/,

гэрч Н.Ц-ын “... 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн үед охин С-э ээжээ намайг энд хүн алж байна, зодоод байна гээд орилоод ярихаар нь ... бага охины хамт очиход VIP өрөөний хаалгыг биеэрээ дарсан, уйлж бүлцийсэн, үс нь сэгсийсэн, чихний дээд хэсэг нь бага зэргийн сэтэрч цус гарсан шархтай, гар өвдөөд байна гэж хэлсэн. Б.С-э нь Б.М-д зодуулаад чихний хэнгэрэг нь цоорсон талаар надад хэлсэн. ...” /1хх 96-99/,

гэрч Д.М-ын “... 2023 оны 04 дүгээр сарын 29-нд зүчээн дээр ...байсан. ...үл таних эмэгтэй ирсэн. Г-тэй хэрүүл хийгээд түүнийг өшиглөх үйлдэл хийхэд голоор нь Од, А- нар орж хүргээгүй, хооронд нь ойртуулаагүй. Г- тойрч зугтаад байсан. Гал-Э-ийн эхнэр гэж ойлгосон. Маргаан 10 орчим минут үргэлжилсэн. Г- ч эхнэрийнхээ биед огт хүрээгүй ...” /2хх 54/,

гэрч Б.О-гийн “...22 цагийн үед Гал-Э-ийн эхнэр С-э ганцаараа ирсэн. М-ийг цохих гээд Г- рүү дайрч хэрүүл хийгээд ...бид нар больцгоо гэж хэлээд хооронд нь ойртуулаагүй. Энэ үед Г-, М- хоёр байшингаас гарч машинтай явсан. Г- эхнэр С-ийн биед гар хүрч цохиж зодсон ямар нэг үйлдэл огт болоогүй. ...” /2хх 59-60/,

гэрч С.Гал-Э-ийн “...С-э нь М- гэх хүнтэй хардаад, 2023 оны 4 дүгээр сарын 29-нд Төв аймагт зүчээн дээр надтай нийлээд 6 хүн байсан. Тухайн хүмүүс дунд М- байсан, ...эхнэр орж ирээд орилж хашхираад намайг хардаж дайраад байхаар нь эхнэрийг тайвшруулсан өөр зүйл болоогүй. Шууд хэлэхэд би эхнэрээ тухайн үед цохиж зодсон асуудал байхгүй. /1хх 106/, М-ийн биед ямар нэг байдлаар халдаагүй. ...” /2хх 210/,

гэрч Г.Э-ын “...Тухайн өрөөнд С-э М- нар нь бие биенийгээ үсдэж аваад толгойг нь доош дарж үстсэн чигээрээ газар унасан. ...” /1хх 116/,

гэрч Д.Д- /Шагшаа чих хамар хоолойн эмч/-гийн “...шинэ гэмтэл буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ний өдөр чих нүүрэндээ цохиулсан гэх зовуурийн дагуу тус өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэмтэл учирсан байх илүү боломжтой хэмээн үзэж байна. ...” /2хх 214/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №5942 дугаартай “...С-ээгийн биед хэнгэрэг хальсны цоорол, уруулд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь ...хөнгөн зэрэгт хамаарна, гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх дүгнэлт /1хх 143-144/ болон бусад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолд заагаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэснийг зөрчжээ.

Мөн анхан шатны шүүх “...хэнгэрэг хальсны цоорол гэмтлийг түүнд түүний нөхөр С.Гал-Э-ийн 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр морины зүчээ дээр алагдсан нөхцөл байдлын улмаас үүссэнийг үгүйсгэх боломжгүй, хохирогчийн уруулд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан гэмтлийг шүүгдэгч хохирогч нар харилцан зодолдох үедээ хохирогч өөртөө учруулсан байж болох нь шүүгдэгчийн биед учирсан олон тооны гэмтлээс дүгнэж болох ба гэж...” гэм буруугийн асуудлыг нотлох баримтад бус, төсөөлж, хийсвэрлэх байдлаар дүгнэж  гэмт хэрэгт холбогдсон хүнийг цагаатгасан, хэрэгт цугларсан ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байна. Хэрэв хохирогч Б.С-э өөртөө гэмтэл учруулсан гэх эргэлзээ байгаа бол тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээс тодруулсны эцэст гэм буруугийн асуудалд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Тиймээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх А-рч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

3. Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт /3хх 8-13/ Б.М- нь Б.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж ерөнхий байдлаар бичсэн,  тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тодорхойлсон бөгөөд, дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/2471 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,                                                           

                       ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                          Н.Б-

 

                        ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА