Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2022/00020

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2022/00290 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн хүсэлттэй,

Эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсонд тооцуулах тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* миний бие Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 138/ШШ2020/01051 тоот шийдвэрээр эх байх эрхээ 6 сараар хязгаарлуулсан. Шүүхийн шийдвэр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дууссан ба одоог болтол миний эх байх эрх маань сэргээгдээгүй байна. Одоогоор 2 хүүхэд минь Anna home хүүхдийн асрамжийн газар байгаа. Би энд хүүхдүүдийнхээ асуудлыг ярих гэсэнгүй ээ. Би ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Эх байх эрхийг маань хязгаарласнаар улсаас олгогддог халамжийн мөнгөө авч чадахгүйд хүрсэн. Би ээж болон хүүхдүүдийнхээ энэ мөнгөөр л амьдардаг. Бие минь өвдөж, мөнгө байхгүй, эмээ авч ууж чадахгүйд хүрч, цаг үеийн нөхцөл байдал хүнд байна. Иймд ямар нэгэн зөрчил гаргаагүй, хүүхдийн эрхийг хязгаарлаагүй, хэн нэгэн этгээд эх байх эрхийг хязгаарлах хүсэлт гаргаагүй тул эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие охин *******гийн хоёр хүүхэд *******, ******* хоёрыгоо сургууль, соёлд нь явуулаад өөрсдийн асрамждаа авъя гэж бодож байгаа. Н.Туяацэцэг гэдэг хүн Нэргүй гэж цагдаатай ирээд элдвээр загнаж байгаад миний хоёр зээг аваад явсан. Үүнд нь би их гомдож явдаг. Гэрийн минь гаднаас аваад явсан учир би шүүхэд хандсан. 1 дүгээр багийн Засаг дарга, ТОУУ ХХК-иас бүрэн тавилгатай сайхан гэр бидэнд өгсөн. Түүнд нь баярлаж явдаг. Би хоёр хүүхдээ асраад сургуульд нь өгнө гээд явдаг л байсан. Хоёр хүүхэдтэйгээ уулзаад, хамт баймаар байна. Хүүхдүүдээ авмаар байна. Одоо хүүхдүүд минь 17, 18 насанд хүрсэн. Өөрсдийгөө аваад явахаар болсон. Эх нь хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй, санаа сэтгэлээр унаад явж байна. Энэ хэдэн үгийг л хэлмээр байна. Би хязгаарласан гэдгийг нь мэдээгүй, гэрийн минь гаднаас намайг элдвээр доромжлоод хүүхдүүдийг минь аваад явсан учир гомдож шүүхэд хандсан. Бага зэрэг архи уухад нь хязгаарласан юм байгаа биз дээ. Нэхэмжлэлээ дэмжиж байна. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: Сүрэнчимэг, түүний дүү Сүрэнжав нар нь 2020 оны 05 сарын 19-ний өдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очирын А/333 дугаартай захирамж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, мэргэжилтэн Сайхангэрэл нарын хүсэлтээр манай байгууллагад ирж одоог хүртэл асрамжлуулж байна. Анх ирэхдээ үл хайхрах байдал, хүчирхийлэл дарамтад удаа дараа өртсөн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн, сургуульд сурдаггүй, завсардсан, бие сулбагар, шингэн алдалттай, шээс сул, царай цонхигор, аймхай, цочимхой гэх мэт шинж тэмдэг илэрч байсан. Хүүхдийг хүлээн авсан цагаас эхлэн манай байгууллагын зүгээс дархлааг нь дэмжин бүх төрлийн амин дэм, тэжээллэг хоол хүнсээр ханган биеийн халууныг тогтмол хянаж, эмчид үзүүлж зөвлөгөө авч хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэн ажиллахын зэрэгцээ Ц.Сүрэнжав одоо Түгээмэл оюун хувийн сургуулийн 2-р ангид суралцаж, ******* нь Шинэ хөгжил цогцолбор сургуулийн насан туршийн боловсролын 6-р ангид амжилттай суралцан хөгжиж байна. Цаашид *******, Ц.Сүрэнжав нар нь Anna home асрамж халамжийн төвд сурч боловсорч, хүмүүжиж, хүүхэд хамгааллын үйлчилгээг үргэлжлүүлэн авч, эрүүл аюулгүй орчинд амьдарч, нийгэмших нь хүүхдүүдийн ирээдүйн амьдралд нь хөгжих, аюулгүй амьдрах түшиг тулгуур болно гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс манай байгууллагыг хүүхдийн мөнгийг авч хэрэглээд байна гэж хардаж байгаагаа хэлсэн байсан. Хүүхдүүдийг манай төвд ирсэн цагаас бид банктай гэрээ хийж, хоёр хүүхдийн нэр дээр 18 нас хүртэл нь хадгаламж нээж, хүүхдийн мөнгийг нь тус тусын хадгаламжид нь шууд орж байхаар зохицуулсан. Үүний дагуу хүүхдүүдийн хүүхдийн мөнгө нь хадгаламжийн дансанд нь орж байгаа. Мөн манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн оршин сууж байгаа багаас нь хүүхдүүдийг эргэн ээжид нь өгөх боломжтой эсэх талаар тодорхойлолт авсан. Гэтэл тус багаас 1 сард эрсдэлийн үнэлгээ хийхэд гэр нь хашаагүй, бохир, заваан, хүүхэд амьдрахад зохимжгүй гэсэн дүгнэлт гарсан гэдгийг танилцуулсан. Эдгээр хүүхдүүд анх манай байгууллагад ирэхдээ хүчирхийлэлд өртсөн байсан. Тиймээс манай байгууллагын зүгээс хүүхдүүдийг ээжид нь өгөх нь дахин хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэж үзэж байна. Гэхдээ бид шүүхийн шийдвэрийг дагана. гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Халх овогт Нэргүйн Цэцэгсүрэнгийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин *******, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ц.Сүрэнжав нарын эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсонд тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан охин *******, хүү Ц.Сүрэнжав нарыг эх *******д буцааж өгөхөөр шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч *******гийн эх байх эрхийг хязгаарласан нөхцөл арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна охин *******, хүү Ц.Сүрэнжав нар нь Anna home хүүхдийн асрамж халамжийн төвд байснаар хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээг авч, эрүүл аюулгүй орчинд амьдарч, хүмүүжиж, нийгэмшиж, сурч боловсрох эрхээр хангагдаж байгаа. Мөн түүнчлэн хүүхдүүдийг эхэд нь буцааж өгөхөд тэдний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа нь тус тус тогтоогдож байна. гэж үзсэн атлаа эх байх хэрхийг хязгаарласан 6 сарын хугацаа дууссан, *******гийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй, хүүхдийн саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу *******гийн эх байх эрхийг хязгаарласныг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ. хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд Эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болгох тухай зохицуулсан бөгөөд эх байх эрхийг хязгаарласан нөхцөл арилсан эсэхийг нарийн тогтоох ёстой байна. Гэтэл шүүх эх байх эрхийг хязгаарласан өмнөх нөхцөл арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар дүгнэчихээд эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

*******гийн хүүхдүүд болох Сүрэнчимэг, Сүрэнжав нар нь манай халамжийн төвд ирэхдээ айдастай, цочимтгой, өөрийгөө удирдах чадваргүй, хүчирхийлэлд өртсөн, гэмт хэргийн хохирогч болсон байдалтай ирсэн. Сүрэнжав нь сургуульд хамрагдаагүй байсан учир манай байгууллага Түгээмэл Оюу дунд сургуульд үнэ төлбөргүй оруулж өгсөн. Сүрэнжавын хувьд одоо сургуульдаа дасаж байгаа бөгөөд сурлагын явц нь тодорхой хэмжээгээр ахиж байгаа талаар багш нь хэлж байсан.

Хэрлэн сумын 6 дугаар багаас хүүхдүүийг ээж Цэцэгсүрэнд эргэн өгөх боломжтой эсэх талаар, өмнөх эх байх эрхийг хязгаарласан сөрөг үндэслэлүүд арилсан эсэх талаар эрсдлийн үнэлгээг 2022 оны 01 дүгээр сард хийсэн бөгөөд хүүхдүүдийг эхэд нь буцаан өгөх боломжгүй талаар дүгнэсэн байсан.

Мөн нэхэмжлэгч ******* нь бие муутай, архи уудаг нь хэвээрээ байгаа учир хүүхдүүдийг бодитоор асарч хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, хичээл сургуулийг нь тасалдуулахгүй авч явах, дахин гэмт хэргийн хохирогч болгохгүй байх талаар анхаарч халамжилна гэдэгт эргэлзэж байна.

Сүрэнчимэгийн хувьд бусдын асаргаа байнга шаарддаг. Өөрөө хувцсаа өмсөж чаддаггүй. Сүрэнжав нь мөн өөрөө ганцаараа сургуульдаа явж чаддаггүй, бид байнга хүргэж өгч, авдаг. Цэцэгсүрэн нь Хэрлэн сумын 6 дугаар багт амьдардаг. Түгээмэл Оюу сургуулиас 3-4 км зайтай. Сүрэнжавыг байнга сургуульд нь хүргэж өгч, авч чадна гэдэгт эргэлзэж байна. Сүрэнжав нь тус сургуулиас гарч сургуулиас завсардах магадлал өндөртэй гэж бодож байна. Түүнээс гадна Сүрэнжавыг манай асрамжийн газраас гаргавал Түгээмэл Оюу дунд сургуульд үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй болно.

Эх Цэцэгсүрэн нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь хүүхдийн мөнгийг авч, өөрийн амьдрал ахуйд нэмэрлэх зорилготой байгаа нь тодорхой харагддаг. Түүнээс бус эх байх эрхийг хязгаарласан нөхцөл байдал арилсан, өөрчлөгдсөн зүйл байхгүй, эх байх эрхийг хязгаарласан нөхцлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй, ямар нэг эрмэлзэлгүй байна гэж ойлгогдож байгаа.

Хүүхдүүд шүүхэд гаргасан саналдаа ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй талаар дурдсан. Мэдээж ямар ч хүүхэд ээжтэйгээ байх хүсэлтэй гэдэг нь тодорхой. Гэхдээ ээжтэйгээ байх эрхийг нь хангана гэдэг байдлаар хүүхдийн өөрийнх нь бусад эрхүүд хэрхэн зөрчигдөх талаар анхаарахгүй орхиж болохгүй.

Шүүх хүүхдүүдийг эхийнх нь асрамжид буцаах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ *******гийн амьдралаа авч явж буй бодит байдалд дүгнэлт хийж, хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхан амьдрал, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх хэрхэн хангагдах байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь эх байх эрхийг хязгаарласан үндэслэл одоо ч арилаагүй байгаа. Хүүхдүүд анх ирэх үедээ аймхай, цочимхой, худал хэлдэг, бусдын зүйлийг хэлэхгүй авдаг, хүүхдүүдийг унтсаны дараа хогийн саван дахь хогийг түүж идэх зуршилтай болсон байсан. Бид хүүхэд хамгааллын бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Төлөвлөгөөний дагуу бүрэн ажиллаж байгаа. Одоо Сүрэнжавыг нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн сургуульд хамруулан сургаж байгаа. Энэ хоёр хүүхдийг дахин гэртээ очих юм бол эрсдэлтэй байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Эх байх эрхийг нь хязгаарласан нь зүйтэй гэж үзэж байна. гэв.

 Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс эх байх эрхийг хязгаарласан 6 сарын хугацаа дууссан байна гэж үзсэн. 6 сарын хугацаа өнгөрмөгц эх байх эрхийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн үг өгүүлбэр байхгүй. Нэхэмжлэгч Цэцэгсүрэн нэхэмжлэлдээ эх байх эрхийг хязгаарласнаас болж улсаас өгч байгаа хүүхдийн мөнгийг авч чадахгүйд хүрсэн. Одоогийн нөхцөл байдал маш хүнд байна гэж бичсэн байна лээ. Энэ бол гол утга санаа нь гэдгийг хэлэхийг хүсч байна. Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдал арилсан бол шийдвэрийг цуцлах боломжтой талаар заасан байгаа. Үгүй бол шийдвэр хүчин төгөлдөр байх зохицуулалт гэж ойлгож байна. Үнэхээр одоо байгаа нөхцөл байдлыг дордуулахгүй гэвэл хүүхдүүдийг ээжид нь өгөхөд татгалзах зүйл огт байхгүй. Хүүхдийн эрх чөлөөний төлөө л одоо гомдол гаргаад явж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүмүүст их гомдож байна. Элдэв үгээр доромжилдог. Би өөрөө сард 800 000 төгрөг авдаг. Сүрэнчимэг нь сард 380 000 төгрөг авдаг. Энэ мөнгөөр нь би өөрийнх нь бүх зүйлсийг хангаж өгдөг. Өдөр бүр шахуу шинэ хувцас хунар авч өгдөг. Би ийм л ажил хийдэг. Өөрт нь энэ мөнгийг зарцуулж байгаа. Гэтэл энэ мөнгийг олгохгүй болсон байна. Хаанаас ямар зорилгоор яагаад хаасан болохыг мэдэхгүй байна. Би энэ хүүхдүүдийг өөрөө өсгөж хүмүүжүүлсэн. Цаашид ч өсгөөд явж чадна. гэв. 

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 1.Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...******* миний бие Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2020 оны 09 сарын 30-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 138/ШШ2020/01051 тоот шийдвэрээр эх байх эрхээ 6 сараар хязгаарлуулсан. Шүүхийн шийдвэр 2021 оны 03 сарын 30-ны өдөр дууссан ба одоог болтол миний эх байх эрх маань сэргээгдээгүй байна. ... Иймд ямар нэгэн зөрчил гаргаагүй, хүүхдийн эрхийг хязгаарлаагүй, хэн нэгэн этгээд эх байх эрхийг хязгаарлах хүсэлт гаргаагүй тул эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Эх байх эрхийг маань хязгаарласнаар улсаас олгогддог халамжийн мөнгөө авч чадахгүйд хүрсэн. Би ээж болон хүүхдүүдийнхээ энэ мөнгөөр л амьдардаг. Бие минь өвдөж, мөнгө байхгүй, эмээ авч ууж чадахгүйд хүрч, цаг үеийн нөхцөл байдал хүнд байна.

Миний бие охин *******гийн хоёр хүүхэд *******, ******* хоёрыгоо сургууль, соёлд нь явуулаад өөрсдийн асрамждаа авъя гэж бодож байгаа. Би хоёр хүүхдээ асраад сургуульд нь өгнө гээд явдаг л байсан. Хоёр хүүхэдтэйгээ уулзаад, хамт баймаар байна. Хүүхдүүдээ авмаар байна. гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч тал шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай албан бичиг, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/01051 дугаартай шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /итгэмжлэлд хавсаргасан/, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/333 дугаартай захирамжийн хуулбар, Бүхнийг хүүхдийн төлөө ТББ-ын дэргэдэх Anna Home хүүхдийн асрамж, халамжийн төвөөс Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очирт хандан гаргасан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/22 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, Хэрлэн сумын 1 дүгээр багийн хамтарсан багийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн байна.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Сүрэнчимэг, түүний дүү Сүрэнжав нар нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очирын А/333 дугаартай захирамж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, мэргэжилтэн Сайхангэрэл нарын хүсэлтээр манай байгууллагад ирж одоог хүртэл асрамжлуулж байна. Анх ирэхдээ үл хайхрах байдал, хүчирхийлэл дарамтад удаа дараа өртсөн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн, сургуульд сурдаггүй завсардсан, бие сулбагар, шингэн алдалттай, шээс сул, царай цонхигор, аймхай, цочимхой гэх мэт шинж тэмдэг илэрч байсан. ... Одоо Ц.Сүрэнжав Түгээмэл Оюу хувийн сургуулийн 2 дугаар ангид, ******* нь Шинэ хөгжил цогцолбор сургуулийн насан туршийн боловсролын 6 дугаар ангид амжилттай суралцан хөгжиж байна. ... Цаашид *******, Ц.Сүрэнжав нар нь Anna home асрамж халамжийн төвд сурч боловсорч, хүмүүжиж, хүүхэд хамгааллын үйлчилгээг үргэлжлүүлэн авч, эрүүл аюулгүй орчинд амьдарч, нийгэмших нь хүүхдүүдийн ирээдүйн амьдралд нь хөгжих, аюулгүй амьдрах түшиг тулгуур болно гэж үзэж байна. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн оршин сууж байгаа багаас нь хүүхдүүдийг эргэн ээжид нь өгөх боломжтой эсэх талаар тодорхойлолт авсан. ... эрсдэлийн үнэлгээ хийхэд гэр нь хашаагүй, бохир, заваан, хүүхэд амьдрахад зохимжгүй гэсэн дүгнэлт гарсан гэдгийг танилцуулсан. Эдгээр хүүхдүүд анх манай байгууллагад ирэхдээ хүчирхийлэлд өртсөн байсан. Тиймээс манай байгууллагын зүгээс хүүхдүүдийг ээжид нь өгөх нь дахин хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэж үзэж байна. гэсэн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* шүүхэд байгууллагын төлөөлөгчөөр томилсон тухай албан бичиг, иргэний үнэмлэх болон ажлын үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн сурч буй сургуулийн болон анги удирдсан багш нарын тодорхойлолтууд, хүү Ц.Сүрэнжавын хувийн хэргийн хуулбар, хүүхдүүдийн талаар гаргасан гуравдагч этгээдийн тодорхойлолт, Төрийн банкны Хугацаат дансны харилцагчийн хуулга-ууд, Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 24 болон 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дугаартай албан бичгүүд, Хэрлэн сумын 6 дугаар багийн Хамтарсан багийн хурлын тэмдэглэл, илтгэх хуудас, ярилцлагын тэмдэглэл, үйл явцын тэмдэглэл, тохиолдлыг шилжүүлэх маягт, Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, *******гээс Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргад гаргасан өргөдөл зэрэг баримтуудын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Энэ хуулийн 27.1-д заасан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно. гэж заасан нь эцэг, эх байх эрхийг хязгаарласан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол шүүх хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болохоор зохицуулжээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт ...Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ. гэж заасны дагуу шүүх охин *******ийн саналыг авахад ...асрамжийн газарт байхад муухай зүйл байхгүй ч гэсэн би ээжийгээ санаж байгаа учир ээжтэйгээ баймаар байна. гэж, хүү Ц.Сүрэнжав нь Ээжтэйгээ баймаар байна. Ээжийгээ санаад байгаа учраас хамт баймаар байна. /хх-ийн 26, 28/ гэсэн саналуудыг тус тус гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/01051 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******гийн эх байх эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарласан ба уг хугацаа нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна.

Гэтэл дээрх хугацаа дуусахаас өмнө болон дараа нь Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 30 дугаар зүйлийн 30.2-т заасан эрх бүхий этгээдүүд /субьектүүд/ *******гийн эх байх эрхийг дахин хязгаарлуулах болон хасуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******гийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин *******, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ц.Сүрэнжав нарын эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсонд тооцож, шийдвэр хүчин төгөлдөр болмогц охин *******, хүү Ц.Сүрэнжав нарыг эх *******д буцааж өгөхийг Бүхнийг хүүхдийн төлөө ТББ-ын дэргэдэх Anna home асрамжийн төвд даалгахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* ...Хэрлэн сумын 6 дугаар багаас хүүхдүүдийг ээж Цэцэгсүрэнд эргэн өгөх боломжтой эсэх талаар, өмнөх эх байх эрхийг хязгаарласан сөрөг үндэслэлүүд арилсан эсэх талаар эрсдлийн үнэлгээг 2022 оны 01 дүгээр сард хийсэн бөгөөд хүүхдүүдийг эхэд нь буцаан өгөх боломжгүй талаар дүгнэсэн байсан. ...Хүүхдүүд шүүхэд гаргасан саналдаа ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй талаар дурдсан. Мэдээж ямар ч хүүхэд ээжтэйгээ байх хүсэлтэй гэдэг нь тодорхой. Гэхдээ ээжтэйгээ байх эрхийг нь хангана гэдэг байдлаар хүүхдийн өөрийнх нь бусад эрхүүд хэрхэн зөрчигдөх талаар анхаарахгүй орхиж болохгүй. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч *******гийн эх байх эрхийг хязгаарласан нөхцөл арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан эх байх эрхийг зургаан сарын хугацаагаар хязгаарласан хугацаа 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дууссан энэ хугацаа дууссанаас хойш Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагаас эх байх эрхийг хязгаарлуулах талаар дахин хүсэлт гаргаагүй, эсхүл өмнөх эх байх эрхийг хязгаарласан сөрөг үндэслэлүүд арилаагүй гэж үзсэн бол Гэр бүлийн тухай хуульд зааснаар эх байх эрхийг хасуулах тухай хүсэлт гаргах боломжтой байсан байна.

Иймд гуравдагч этгээдийн төлөөлөгч *******гийн гаргасан гомдлыг үндэслэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2022/00290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД                                    О.БААТАРСҮХ

                                                     З.ЭНХЦЭЦЭГ