Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2022/00021

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 138/ШШ2022/00240 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Гэм хорын хохиролд 12 555 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Баяр-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Халхгол сумын 2 дугаар багт байрлах Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлчилгээнд явах зорилготой Хурд хүрээ ХХК-д түрээслэгдсэн, миний эзэмшлийн Тоёота ланд круйзер 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажилласан. Анх Хурд хүрээ ХХК-ийн менежер Ганбаатарын санал болгосноор Баяр-Эрдэнэтэй танилцаж, бид амаар ярилцаж тохиролцсоны үндсэн дээр сар бүр 700 000 төгрөгийн цалин өгөхөөр болж машиныг маань барьсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан. Баяр-Эрдэнэ нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажлаар Дорнод аймагт ирээд 7 дугаар сарын 16-ны өдөр буцаж явахдаа Матад сумын нутаг Мэнэнгийн отрядын хойно онхолдож миний өмчлөлийн тээврийн хэрэгслийн эд ангиуд эвдэрч засварлах боломжгүй болсон. Би Баяр-Эрдэнэд машинаа бариулахаас өмнө хэд хэдэн жолоочид машинаа бариулж байсан. Тэр үед машинтай холбоотой ямар ч асуудал гарч байгаагүй. Миний хувьд жолооч нартайгаа байнга холбоотой байж, машин хэвийн явж байгаа эсэхийг асууж тодруулдаг байсан. Үүний дагуу Баяр-Эрдэнийг 21 дүгээр талбайгаас ирж, буцах болгонд нь машинд засаж, янзлах зүйл байна уу, яаж байна гэж байнга асуудаг байсан. Тэгэхэд Баяр-Эрдэнэ машинтай холбоотой юу ч хэлдэггүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр буюу осол гарсан өдөр надтай уулзахдаа машинд хийх юм байхгүй, арын гэрлийг солих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрлийн үнийг өөрөөс нь асуугаад 20 000 төгрөг өгсөн. Тэр өдрөө Баяр-Эрдэнэ машиныхаа арын гэрлийг солиод Хурд хүрээ компанийн захирлын эхнэртэй уулзаж авч явах хүнсээ ачаад, бензин хийлгүүлээд 21 дүгээр талбай руу явсан. Явах үед нь тус компанийн захирлын эхнэр машин нь зүгээр үү гэж асуухад Баяр-Эрдэнэ зүгээрээ сая Оюунпүрэв эгчтэй уулзаад машиныхаа арын гэрлийг солиулсан гэж хэлсэн байсан. Баяр-Эрдэнэ жолоочоор ажиллаж байх үедээ машинтай холбоотой эвдрэл, гэмтэл огт ярьж байгаагүй. Баяр-Эрдэнийг жолоодож байх үед миний машин хэвийн ажиллагаатай, техник эд анги нь бүрэн бүтэн байсан. Баяр-Эрдэнэ ослын дараа Цагдаагийн газар мэдүүлэг өгөхдөө машины хувьд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байсан учраас би замын хөдөлгөөнд оролцсон гэж хэлсэн байсан. Гэтэл одоо яагаад машин техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангаагүй байсан учраас осол гарсан гэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Баяр-Эрдэнийн цагдаагийн газар өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн хариу тайлбар хоёр хоорондоо зөрөөд байна. Баяр-Эрдэнэ ослын дараа надтай уулзахдаа хүртэл өөрийнхөө буруутай үйлдлээс болж осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөр машин орж ирэхээр цалингүй ч хамаагүй ажиллаад хохирлоо төлж барагдуулна гэж хэлж байсан. Осол болсноос хойш машин маань дахин ашиглагдах боломжгүй болсон учраас аргагүйн эрхэнд 2018 оны 09 дүгээр сард 8 500 000 төгрөгөөр сэлбэгэнд өгсөн. Хөрөнгийн үнэлгээний газар машины эвдэрсэн эд ангийг 12 555 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ хохирлоо нэхэмжилж байна. Би энэ машиныг анх 2017 оны 07 дугаар сард 40 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай эвлэрэх эвлэрэл байхгүй. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Халхгол сумын 2 дугаар багт байрлах Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайд үйлчилгээ үзүүлдэг Хурд хүрээ ХХК-д 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл жолоочоор ажилласан. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Тоёота ланд круйзер 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай автомашиныг хүлээн авсан. Намайг анх энэ машиныг хүлээж авахад техникийн хувьд бүрэн бус байсан. Хойд хөндлөн татуурганы тульк нь дууссанаас машин бөгсөө шиддэг, тэнцвэргүй байдал үүсгэдэг байсан. Үүнийг би Хурд хүрээ ХХК-ийн менежер Ганбаатар болон Оюунпүрэв эгчид хэлж байсан. Тэгэхэд Оюунпүрэв эгч би машинтай холбоотой эвдрэл гэмтлийг нарийн сайн мэдэхгүй, чиний яриад байгааг ойлгохгүй байна, чи Хурд хүрээ компанийн захирал Отгонхүүд хэл гэдэг байсан. Тэгээд Отгонхүү захиралд хэлэхээр удахгүй хэрэгтэй тоног төхөөрөмжийг нь явуулна, тэр болтол барьж бай гэдэг байсан. Сүүлд машины кодын аппарат эвдрэхээр нь Санато-2 автомашины кодын аппаратыг орлуулж, гагнаж тавьсан. Дараа нь машины дугуйг солих шаардлагатай болоод Отгонхүү захиралд хэлсэн чинь өөр машины хуучин 4 дугуйг уг машинд тавьж өгсөн. Осол болох үед салоны болон рулийн дэр хоёр огт задраагүй. Тийм учраас би энэ машиныг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй машин байсан гэж үзэж байна. Энэ осол зөвхөн техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангаагүй машин хүлээлгэж өгснөөс болж гарсан. Мөн Оюунпүрэв эгч надтай ямар ч гэрээ байгуулаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж байгаагүй. ...Ослын дараа миний биед ямар нэгэн зовуур илрээгүй. Гэтэл тодорхой хугацааны дараа миний нуруу өвдөж улмаар ослын хор уршиг илэрч эхэлсэн. Үүнийг би Шинь Шинь ХХК-д ажиллаж байхдаа хэд хэдэн удаа ухаан алдаад эмнэлэгт хүргэгдэх үед мэдсэн. Түүнээс өмнө өөрийгөө эрүүл гэж бодож байсан. Ингээд 2020 онд эмчийн хяналтад орсон. Тухайн үед эмч нуруу мурийлттай, нуруунд яс ургалттай байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч би бүрэн гүйцэд эмчилгээ хийлгэж чадаагүй 1 сар эмнэлэгт хэвтээд гарсан. Учир нь би нуруу, нугасны гэмтлээсээ болоод ажил хийх боломжгүй болсон. Одоо эмчилгээ хийлгэх байтугай 3 хүүхдээ тэжээхэд хүндрэлтэй байна.  Би эрүүл мэндээрээ хохирчихоод давхар 12 555 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч энэ машиныг техникийн хувьд асуудалгүй, хэвийн ажиллагаатай байсан, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр техникийн үзлэгт орсон гэж тайлбарлаж байгаа боловч уг машин техникийн үзлэгт ороогүй. Оюунпүрэв эгчийн таньдаг хүн дээр очиж жолооны гэрчилгээн дээр техникийн үзлэгт хамрагдсан гэж автоматаар тамга даруулсан. Түүнээс биш техникийн үзлэгт хамрагдаагүй. Мөн Оюунпүрэв эгч энэ машиныг 2017 оны 07 дугаар сард худалдаж авсан гэж ярьж байна. Би энэ машиныг Оюунпүрэв эгчээс 2018 оны 04 сард хүлээж авсан. Энэ хугацаанд уг машин 6 жолооч дамжсан. Олон жолооч дамжиж байгаа нь асуудалтай байсан гэдгийг харуулж байна. Энэ машиныг хамгийн дээд тал нь би 3 сар барьсан. Бусад нь 1 сар хүрэхгүй бариад буцаачихдаг байсан гэж хүмүүс ярьдаг. Тухайн үед Хурд хүрээ компанийн менежер Ганбаатар үүрэг өгсний дагуу би ажилд гарсан. Би машин эвдрэлтэй байгааг Оюунпүрэв, Отгонхүү, менежер Ганбаатар нарт хэлсэн боловч машины сэлбэгийг засна гээд бараг 3 сар болсон. Сүүлдээ хэлээд ч нэмэр байдаг биш гэж бодох болсон. Оюунпүрэвийг худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Машины 4 дугуй, 4 пүрш, консны аппарат, чагтан голыг сольсон. Үүнийг мэдэж байгаа. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, надад энэ их мөнгийг төлөх боломж байхгүй. гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд хийсэн бичгийн гэрээ байхгүй байна. ******* нь машиныхаа эвдрэлийг цаг ямагт хариуцах үүрэгтэй. Аман гэрээ хийсэн, хариуцагч ******* эрүүл мэндээрээ хохирсон тул нэхээд байгаа 12 550 000 төгрөгийг төлөх шаардлага байхгүй. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 12 555 000 /арван хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 11 090 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 215 830 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, шийдвэрлэжээ.  

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс намайг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Миний хувьд анх Хурд хүрээ ХХК-д жолоочоор ажилладаг байсан. Хурд хүрээ ХХК нь Петрочайна дачин тамсаг ХХК-д тээврийн хэрэгслийг түрээсээр ашиглуудаг ба энэ компани нь өөрийн тээврийн хэрэгсэлгүй бусдаас тээврийн хэрэгслийг түрээслэн авч ажиллуулдаг. Миний жолоодож буй тээврийн хэрэгсэл буюу Оюунпүрэвийн өмчлөлийн Ланд-105 машин нь Хурд хүрээ ХХК-д түрээслүүлэн ажиллуулж буй машин.

Намайг Оюунпүрэвийн машиныг жолоодох үүргийг Хурд хүрээ ХХК-иас санал болгосон. Би энэ компанид ажиллаж байсан болохоор компаний машиныг л жолоодож байсан. Хэдийгээр бусдаас түрээслэн авч байгаа боловч энэ компаний нэр дээр ажиллаж байгаа машин учраас хамааралтай байх гэж ойлгож байтал шүүхээс хамааралгүй гэж үзсэнг дэмжихгүй байна. Ер нь эцэст нь жирийн иргэн хохирч үлдэж байгаа нь ямар учиртай юм бэ.

Би хэдийгээр Оюунпүрэв гэж хүнээс цалин авч байгаа боловч энэ үйл баримт нь Оюунпүрэв, Хурд хүрээ ХХК хоёрын хооронд хийгдсэн гэрээний заалтад хамаарах буюу түрээслүүлсний орлогыг Оюунпүрэв авч байдаг тул намайг цалинжуулж байсан. Тиймээс би ажил үүргээ гүйцэтгэж явахдаа буюу Хурд хүрээ ХХК-ийн өгсөн үүрэг даалгавраар ажилдаа гарч ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа осолд орсон тул энэ компани болон надад ажил олгогч нар хамтран хариуцах ёстой гэж үзэж байна.

Шүүхээс хамтран хариуцах этгээдийг тодорхойлж чадаагүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага гэж заасан байх ба би үндсэндээ Хурд хүрээ компанийн бусадтай машин түрээслүүлэх гэрээний хүрээнд энэ компанид түрээслүүлсэн тээврийн хэрэгслийг жолоодож байсан хүн. Мөн 499 дүгээр зүйлд Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах гэж зохицуулсан байх ба эдгээр заалтаар ажил олгогч буюу байгууллага бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүгдэнд нь байсаар байтал ганц надаар төлүүлэх шийдвэр гаргасан нь хэргийн бодит нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж чадаагүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар би замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргасан учраас надад жолооч гэдэг талаас нь шийтгэл оногдуулсан. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй. Тээврийн хэрэгсэл бүрэн биш байсан гэдэг нь салоны болон рулийн дэр аль аль нь осол болоход дэлгэгдээгүй. Энэ нь уг машин өмнө нь осолд орсон, аюулгүй байдлын хувьд бүрэн биш болсон, ослын улмаас машин бөгсөө шиддэг, тэнхлэг тохиргоогүй гэдгийг маш тодорхой хэлж байна.

Маргаад байхад шүүхээс тээврийн хэрэгслийн үзлэгт орсон, хэвийн гэж үзсэнд гомдож байна. Энэ машин бүрэн бүтэн замын хөдөлгөөнд оролцоход ямар нэгэн доголдолгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгож бүрэн эсэхийг шийдвэрлэх ёстой. Нэг ёсондоо шинжээчийн дүгнэлтгүйгээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байсан гэдгийг шууд дүгнэх боломжгүй. Би машиныг жолоодсон цагаас Хурд хүрээ ХХК-ийн захирал Отгонхүүд машины доголдлыг янзлуулж өгөөч гэж удаа дараа хэлсэн боловч энэ хугацаанд огт хөдлөөгүй. Ер нь намайг ажилд гаргахдаа өглөө бүр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, улмаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ажилд гаргах үүрэг Хурд хүрээ ХХК-д байх ёстой. Гэвч ингэж хариуцлагатайгаар ажилладаггүй байсны улмаас эцэст нь жолооч нар хариуцлага хүлээж удаа дараа хохирч байна. Үүн дээр шүүх анхаарч зөв тогтоож өгнө үү.

Намайг жолоодох хугацаанд машины 4 дугуй, 4 пүрш, консны аппарат, чагтан голыг солилусан. Шал өөр машины 4 дугуй Ланд-105 машинд хийхэд болох уу, Соната маркийн машины консны аппартыг Тоёота Ланд машинд хийхэд зөв үү. Ингэж машиныг өөрчилснөөр осол аваар гаргахгүй найдвартай байх уу гэдэгт би эргэлзэж байна. Машины өмчлөгч, түрээслэн ажиллуулагч нар хариуцлагаас мултарч байгаа нь буруу шүү. Нэхэмжлэгч өөрийн машинаа ямар нэгэн доголдолгүй бүрэн бүтэн байсныг юугаар нотлоод байгаа юм. Зөвхөн түүний мэдүүлэг болон авто тээврийн үзлэгт хамруулсан баримтаар нотлох ажиллагаа хийгдсэн гэж байгаа нь буруу. Бодит байдал дээр осол гарахад машины дэр заавал задрах ёстой байдаг. Ослын үед дэр задраагүй нь машин бүрэн бүтэн биш гэж үзэх хамгийн гол нотолгоо. Тэгвэл нэхэмжлэгч нь шүүхэд өөрийн машинаа бүрэн бүтэн байсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байтал шүүх хэт нэг талыг барьж шийдсэн.

Гэм бурууг шийдвэрлэхэд машины ослын дэр задраагүй үйл баримт байгааг шүүхээс анхаарч үзэх ёстой. Осол гарахад дугуй буудаж машин осолдсон болохоос хурд хэтрүүлснээс болж осол гараагүй. Яагаад үүнийг тогтоож болохгүй байгаа юм бэ. Энэ тал дээр шинжээчийн дүгнэлт ч гаргаагүй.

3. Машины эд ангид учирсан хохирол 12.555.000 төгрөг гэж үнэлгээ тогтоогдсон. Харин нэхэмжлэгч 8.500.000 төгрөгөөр сэлбэгэнд зарсан байна. Ер нь энэ машины үндсэн үнэ нь хэд юм. 12.555.000 төлөх юм бол энэ мөнгөнөөс өмчлөгчийн олсон 8.500.000 төгрөгийг хасаж тооцох ёстой. Тэгээд ч бүрэн биш тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцуулсан учраас өмчлөгч, эзэмшигч хохирлоо тодорхой хэмжээнд хариуцах үүрэгтэй юм. Ер нь Хурд хүрээ ХХК-ийн захирал, Оюунпүрэв болон бусад гэрчүүд яг л энэ компани өмчлөгч хоёрын талд тэдэнтэй үгсэн нийлж байна. Эдгээр хүмүүс ах дүү нар гэдгийг шүүхээс анхаараасай.

Хуулийн дагуу ажиллахгүй, машин нийлүүлэх үүргээ биелүүлэхдээ өөрийн компаниасаа нийлүүлчихээд цаанаас өөр хүн машины эзэн болоод жолоочоо өөрөө цалинжуулж байгаа нэрийдлээр хуулийн цоорхой ашиглан жирийн нэгэн иргэнийг хохироож байна гэж маш сайнаар ойлгож авлаа. 2018 онд осол болчихоод байхад ямар ч асуудал гаргаагүй өнгөрчихөөд 2021 онд надаас мөнгө нэхэж шүүхэд хандсанд гайхаж байна. Хэрвээ тэр даруй надад ингэж хандсан бол би Мэргэжлийн хяналтын газарт эдгээр компани, иргэдийн хууль бус ажиллагааг гомдол гаргуулан ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд өртсөн гэж ОМ тогтоолгон өөрийн хохирлоо гаргуулж авах байсан. Намайг хөлсөөр ажиллаж байсан гэж шүүхээс дүгнэсэн нь буруу. Би хөдөлмөрийн харилцаанд орж байнгын ажлын байранд байнга нэг тодорхой ажил үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл Оюунпүрэвт хөлсөөр ажиллаж байсан гэж дүгнэсэн нь буруу. Би хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, Хурд хүрээ ХХК-ийн л ажил хийж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолд тодорхой дурдсан байгаа. Би эрүүл мэндээрээ хохирсон. Гэтэл дээрээс нь дахиж мөнгөн төлбөрийн хохиролд орж байгаадаа харамсаж байна. Надад 12 сая гаран төгрөг төлнө гэдэг маш их санагдаж байна. Өнөөдрийн нөхцөл байдал маш хүнд байна. Заавал бүтэн мөнгийг надаас нэхэмжилж байгааг гайхаж байна. Тээврийн хэрэгсэл бүрэн бус байснаас болж осол гарсан. Хүн талаас нь харж бодолцож үзээч гэж хүсч байна. гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жолооч Баяр-Эрдэнэ нь миний машиныг жолоодож байх хугацаандаа надад ямар ч машины гэмтлийн талаар ярьж байгаагүй. Гэтэл осол гарсны дараа маш муу машин унаж байсан мэтээр хэлж байгааг нь гайхаж байна. Надаас мөнгө авч байж тэр машины сэлбэгийг солих ёстой. Анх цагдаад дуудагдаад Миний буруу. Би хохирол барагдуулна гэж хэлж байсан. Гэтэл утас нь холбогдохгүй болоод хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгээд мөнгөө нэхэмжилж чадахгүй яваад байсан юм. ... Үнэлгээний газраас ирүүлсэн үнийн дүн 12 555 000 төгрөгийг нэхэмжилж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гомдол бүхэлдээ үндэслэл муутай байна. Жолооч гэдэг хүн тухайн тээврийн хэрэгслийг хариуцаж, аюул осолгүй жолоодох үүргийг хүлээж байгаа этгээдийг хэлж байгаа шүү дээ. ...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Зөвхөн цалин хөлсийн талаар амаар ярьж тохиролцсон. Сар бүр 700 000 төгрөг өгч байхаар ярилцсан. Ажил үүрэг гүйцэтгэж байгаа бусад хүмүүсийн жишгээр ажилласан байдаг. ...Жолооч машин бариад явж байхад Оюунпүрэв жолоочийн үүргийг хүлээхгүй юм. Машин барьж байгаа жолооч өдөр бүр тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засах, засвар үйлчилгээ хийхийг Оюунпүрэвээс шаардах эрхтэй байдаг. Гэхдээ энэ талаар гомдол гаргаж засвар хийхийг шаардаж байгаагүй гэдгийг анхнаасаа хэлдэг. ...7 дугаар сарын 16-ны өдөр аймагт ирээд буцах үед нь машины эвдрэл гэмтэл байгаа эсэхийг тодруулахад арын гэрэл асахгүй байна солих хэрэгтэй гэж хэлээд 20 000 төгрөг авсан байсан. ...Зөрчлийн тухай хуульд ч тэр хохирол төлбөрийн асуудлыг зөрчил гаргагч өөрөө хариуцна гэж заасан байдаг. ...Анхан шатны шүүхэд ямар ч баримт гаргаж өгөөгүй. Нэг зүйлээ л ярьсаар ирсэн. Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагч Б.Баяр-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 12 555 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлчилгээнд явах зорилготой Хурд хүрээ ХХК-д түрээслэгдсэн, миний эзэмшлийн Toyata Land Cruiser 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байсан Баяр-Эрдэнэ нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажлаар Дорнод аймагт ирээд 7 дугаар сарын 16-ны өдөр буцаж явахдаа онхолдож миний өмчлөлийн тээврийн хэрэгслийн эд ангиуд эвдэрснийг 12 555 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд хариуцагч *******эс 12 555 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд зам тээврийн осол дээр тогтоосон акт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0033916 дугаартай шийтгэлийн хуудас, Вендо ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хурд хүрээ ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17/19 дугаартай мөн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг, машины эвдрэлийг харуулсан гэрэл зургууд, Дорнод аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаар албан бичиг, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, Хурд хүрээ ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ зэргийг гаргаж өгсөн ба түүний хүсэлтээр Н.Эрдэнэбаатар, Д.Болдбаатар, С.Батнаран, Д.Отгонхүү нарыг гэрчээр асуусан байна.

2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайд үйлчилгээ үзүүлдэг Хурд хүрээ ХХК-д 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл жолоочоор ажилласан. Намайг анх машиныг хүлээж авахад техникийн хувьд бүрэн бус байсан. Үүнийг компанийн менежер Ганбаатар болон Оюунпүрэв нарт хэлж байсан. Осол зөвхөн шаардлага хангахгүй машин хүлээлгэж өгснөөс болсон, надтай ямар нэгэн гэрээ хийгээгүй, би өөрийн эрүүл мэндээр хохирсон тул машины хохирлыг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь шүүхэд амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зургийн үзүүлэлт, Шинь шинь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр тушаал зэргийг гаргаж өгсөн бөгөөд түүний хүсэлтээр Ж.Бат-Эрдэнэ, Т.Отгонбаатар нарыг гэрчээр асуусан байна.

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн Хурд хүрээ ХХК-д түрээслүүлэн ажиллуулж байсан Toyata Land Cruiser  105 маркийн 22-72 УБА улсын дугаартай автомашиныг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр жолоодож явахдаа Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг, Мэнэнгийн отрядын хойд талын зам дээр осол гаргаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна. 

Мөн хариуцагчийн жолоодож явсан Toyata Land Cruiser  105 маркийн 22-72 УБА улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн машин бөгөөд хариуцагч ******* нь *******тэй амаар харилцан тохиролцож дээрх автомашиныг жолоодон 2018 оны 5-7 саруудад  тус бүр 700 000 төгрөгийн цалин хөлс авч байсан, мөн Хурд хүрээ ХХК нь *******тэй 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Түрээсийн гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулсан, гэрээний 2.2, 2.5, 2.8, 2.11, 2.12, 2.13-д тус тус зааснаар түрээслүүлэгч буюу ******* нь тогтсон хугацаанд холбогдох дүрэм журмын дагуу тухайн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж, тээврийн хэрэгслийн технологийн аюулгүй байдлыг хянаж ажиллах, жолоочийн шагнал урамшуулал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад зардлыг хариуцах, тээврийн хэрэгслийн өдөр тутмын засвар үйлчилгээ, тос масло, антиюриз солих гэх мэт үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хариуцах, тээврийн хэрэгсэл эвдэрсэн бол 2 хоногийн дотор засах, тээврийн хэрэгсэл засварлахад гарсан бүх зардлыг хариуцах үүргийг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 Түүнчлэн анхан шатны шүүх Хариуцагч ******* нь гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ шүүхэд баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно. Машин техникийн үнэлгээний тайлангаас үзэхэд дээрх автомашиныг засварлахад гарах зардлыг тооцон гаргасан байх бөгөөд хариуцагч ******* нь үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 12 555 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, 12 555 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

4. Хариуцагч ******* нь ...Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа осолд орсон тул энэ компани болон надад ажил олгогч нар хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Шүүхээс хамтран хариуцах этгээдийг тодорхойлж чадаагүй. ...Тээврийн хэрэгсэл бүрэн биш байсан гэдэг нь салоны болон рулийн дэр аль аль нь осол болоход дэлгэгдээгүй. ... Гэм бурууг шийдвэрлэхэд машины ослын дэр задраагүй үйл баримт байгааг шүүхээс анхаарч үзэх ёстой. ... Машины эд ангид учирсан хохирол 12 555 000 төгрөг гэж үнэлгээ тогтоогдсон. ... Ер нь энэ машины үндсэн үнэ нь хэд юм. 12 555 000 төлөх юм бол энэ мөнгөнөөс өмчлөгчийн олсон 8 500 000 төгрөгийг хасаж тооцох ёстой. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү. гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэж тус тус заасан.

Гэвч хэрэгт гэрчээр асуугдсан Д.Отгонхүү нь жолоочийг Хурд хүрээ ХХК нь хариуцан ажиллуулахгүй, харин түрээслүүлэгч нь хариуцан ажиллуулж цалин хөлсийг олгодог талаар мэдүүлснээс үзэхэд Хурд хүрээ ХХК нь нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хамтран хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгснөөс осол гарсан гэж тайлбарлаж дээрх байдлаа нотлохоор  Ж.Бат-Эрдэнийг гэрчээр асуулгаснаас өөрөөр нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж чадаагүй гэж үзнэ.

Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн тодорхойлолт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн 374112061 дугаартай хуудас зэргээс үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн байсан нь нотлогджээ.

Мөн хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр эвдэрсэн машиныг сэлбэгэнд худалдсан гэх 8 500 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Б.Баяр-Эрдэнийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэсэн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 215 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04ий өдрийн 138/ШШ2022/00240 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжхариуцагч Б.Баяр-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэнхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                О.БААТАРСҮХ

                                                 Ж.ДОЛГОРМАА