| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2021/00728/И |
| Дугаар | 213/МА2022/00011 |
| Огноо | 2022-04-05 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 213/МА2022/00011
О.*******т холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 131/ШШ2022/00032 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ын *******т холбогдох
Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн 14.650.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч Ө.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянхонгор аймгийн Нисэх буудлаас тэтгэвэртээ 2019 онд гарч улсаас авсан тэтгэмжийн мөнгөөрөө мал худалдаж аван хүү Хадхүүгийнд нэг жил байлгаж байгаад хүү маань Дорнод нүүхээр болж өөрийн амьжиргааны эх үүсвэр болсон эм ямаа 147, ишиг 80, хонь 65, адуу 8 нийт 300 тооны толгой малаа 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ө.******* түүний эхнэр нарт тоолж албан ёсоор хүлээлгэж гардуулан өгсөн. Хүү Хадхүүгээс дээрх малыг 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тоолж авахад *******, , Д.*******жигмэд болон нэр бүхий хүмүүс байсан. Намайг малаа тоолж хүлээлгэн өгөхөд манай малыг уг тоогоор ачиж ирсэн Богд сумын жолооч *******, гэх 2 жолооч байсан . Ө.******* бид хоёр ярилцаад Ө.*******т малыг хариулахдаа сарын 300.000 төгрөгийн цалин өгөхөөр мөн малын өвс тэжээл, Ө.*******ын аймгийн төв орж ирэх буцах үед нь машины бензин түлшийг би өгч байхаар харилцан тохиролцсон. Ө.******* манай малыг тоо ёсоор хариулж байх үүргийг хүлээсэн тул би хэлсэн өөрийн үүргээ хэрэгжүүлэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл явсан. Тухайн үед надад хүмүүс Ө.******* таны малыг зарж үрээд байна 2 адуутай байсан айл 20 гаруй адуутай болчихлоо малаа ирж үзээч гэж хэлсэн тул би цагаан сарын өмнө 2021 оны 2 дугаар сарын 8-нд малаа эргэхээр очсон. Намайг очиход миний хүлээлгэж өгсөн мал дутуу миний явуулсан өвс тэжээлийг манай малд өгөөгүй адууг маань өөрийн адуунаас ялгаад бут руу туусан байсан харин өөрийн адуугаа болохоор хашаан дотор тэжээгээд нэмнээд байлгаж байсан. Миний мал яагаад дутав яагаад явуулсан өвс тэжээлийг манай малд өгөхгүй өөрийн малаа тэжээгээд байгаа юм бэ би цалин хөлс өвс тэжээл бензин тосыг чинь өгч байхад гэхэд эхнэр Баяржаргал нь манай нөхөр Цагаан сар өнгөртөл малыг нь үхсэн гэж битгий хэлээрэй гэсэн тэгээд хэлээгүй юм гэж хэлсэн. Тэгвэл миний үхсэн мал хаана байна ээмэг, зүс үхсэн зэмийг нь харъя гэж хэлсэн гэтэл харуулаагүй нөхөр Ө.******* нь надад юм хэлэхгүй зугтаад уулзаагүй яваад өгсөн. Би тэр өвөл 20 ямаа л малнаасаа хүнсэнд авсан өөр мал аваагүй. Тэгээд би буцаж аймаг ороод гэрээ аваад тухайн үед ковид гараад оруулж гаргахгүй байсан тул аймгийн Онцгой байдлын газраас зөвшөөрөл авч аймгаас гэрээ ачиж тус сумын Уу булан бригадын Памбагын хаваржаа гэх газарт бууж малаа Ө.*******аас хүлээж авсан. Малаа хүлээж авахад 1 тооны адуу, 20 тооны хонь, 72 тооны борлон, 48 тооны эм ямаа нийт 141 тооны мал дутан үлдэгдэл 107 тооны мал хүлээж авсан. Мөн миний 120 тооны ямаа байсан бол нэг ямаанаас 300 грамм ноолуур гарах байсан гэж шинжээч үнэлсэн тул 120 тооны ямааны 36 кг ноолуур гарах байсан тул тухайн үеийн ханшаар 1кг 120 000 төгрөг байсан тул нийт 4.320.000 төгрөгийг олох ёстой байсан миний ашиг байсан. Миний хувьд Ө.*******т 2020 оны 5 дугаар сараас 2021 оны 3 сар хүртэлх цалин гэх 10 сарын мөнгө 3.000.000 төгрөг Ө.*******ын эхнэр ын данс болох дугаарын данс руу сар бүр шилжүүлсэн Малын өвс тэжээлд зориулан 3.000.000 төгрөгийн өвс тэжээлийг Ө.*******ыг аймгийн төвд ирэхэд дагуулж яван авч өгдөг байсан. Миний хувьд Ө.*******т гомдолтой байгаа миний малыг үхсэн гэж хэлээгүй хүн итгээд цалин мөнгийг нь өгөөд малаа хүлээлгэн өгч байхад миний итгэлийг урвуулан ашиглаж миний малыг зарж үрэн ашиг орлого олсон өнөөдрийг хүртэл Ө.******* намайг уулзая гэхээр зугатаад ирдэггүй. Миний хувьд Цагдаагийн байгууллагад хандах гэхээр О.*******ыг ял шийтгэл авах гэж бодоод үр хүүхдийг нь бодоод Цагдаад өгч чадаагүй. Иймд би өөрийн дутсан малаа Баянхонгор аймгийн Энх-нахиа ХХК-наар үнэлүүлэхэд 1 тооны адуу х 250 000= 250 000, 20 тооны хонь х 120 00= 2 400 000, 72 тооны борлон х 40 000= 2 880 000, 48 тооны эм ямаа х 100 000 = 4 800 000, 120 толгой ямааны ноолуурын үнэ 4 320 000 төгрөг нийт 14 650 000 төгрөгөөр Ц.******* миний мал, малаас олох байсан ноолуурыг үнэлсэн тул уг шинжээчийн үнэлгээг үндэслэн 141 тооны толгой малын шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн үнэ 10 330 000 төгрөг 120 ямааны ноолуурын үнэ миний олох ёстой байсан ашиг 4320000 төгрөг нийт 14650000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн эхнэрийн хамт Ө.*******ын гэрт очиж малаа харуулахаар ярилцсан. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдөр өөрийн малаа Ө.*******т хүлээлгэж өгсөн. Малаа хүлээлгэж өгөхдөө би удаахгүй цагаан сарын дараа буцааж авна, миний хоёр дүү малыг минь сайн хараад өгөөрэй, ах нь цалин болон аймагт ирж очих бензин тосыг болон малынхаа тэжээл, өвсийг өгнө гэж аман гэрээ байгуулсан байдаг. Үүнээс хойш ковидын халдвар гарсан учир аймаг орон нутагт хөл хорио тогтоож малаа очиж харж чадахгүй байсаар цагаан сарын өмнө Ө.*******ынд ирж малаа хартал манай адууг ялгаад бут руу туусан, харин өөрийн адуугаа хашаан дотор тэжээгээд нэмнээд байлгаж байсан. Яагаад миний адууг ийм байдалтай байлгаж байгаа юм бэ, би өвс тэжээлийг нь өгч байгаа гэж хэлэхэд тэрээр хэвтээд, үхэхээс нь өмнө тэжээдэг юм, хамаагүй гэж хэлсэн байдаг. Тэр үедээ миний бог малыг тэжээж байгаа байх гэж бодоод 100 ширхэг малын хошуувч Ө.*******ын эхнэрт хүлээлгэж өгөөд явсан. Цагаан сар өнгөрөөгөөд хурдхан малаа авахгүй бол болохгүй юм байна гэж бодсон боловч ковид ханиад давхацсан учир малаа хурдан авч чадаагүй юм. Ингээд цагаан сар өнгөрч өөрийн Ө.*******аар харуулсан малаа авахдаа хүний малыг ийм царай зүстэй болгож, ингэж харна гэж бодоогүй, би адуу, малаа хараад өөрийн эрхгүй уйлж байсан. Би Ө.*******т цалин мөнгийг нь өгч байгаа тул түүнийг малыг минь сайн харж өгнө гэдэгт их итгэл хүлээлгэж байсан боловч миний малаас олныг дутаасан байсан. Ө.******* нь надад танай малаас тэд үхлээ гэж хэлж байгаагүй бөгөөд юу ч хэлэхгүй өвс тэжээлээ аваад явдаг байсан. Ингээд би үхсэн малынхаа сэг, зэмийг харъя гээд тэр хавьд амьдардаг хүмүүсээс гуйгаад бэлчээрээр нь түүж хартал гадуур үхсэн мал 6 ямаа, 3 хонь байсан. Ө.*******аас бусад үхсэн малынх нь сэг зэм хаана байна бэ гэхэд надад ямар нэг зүйл үзүүлээгүй. Миний хувьд түүнд өөрийн малыг тэжээлгэхээр хангалттай өвс тэжээл өгсөн, цалин мөнгөө ч мөн ярьж тохирсон ёсоор өгч байсан.
Тэрээр миний малыг харж байхдаа нэг ямааг айлд өгсөн байсныг нь би өөрөө айлаас нь очиж авч байсан тухайн айл нь тэмдэг хийгээд ноолуурыг нь авсан байсан. Мөн тэрээр сонгуулийн ажлаар ирсэн хүмүүст манай малыг гаргаж хоол хийж өгсөн талаар хүнээс сонссон. Ө.******* надаар хуйхлуулахаар авч ирсэн толгой шийр дотор манай малын хоёр толгой байсан гээд энэ мэтчилэн зүйлүүд болж байсан тул малыг минь зарж үрээд байгааг нь мэдсэн. Нэг удаа эхнэртэйгээр Ө.*******ынд очиж хоол хүнсэндээ зарцуулахаар 20 тооны ямаа аваад малаа тоолж үзэхэд 10 тооны ямаа дутсан яагаад дутсан талаар асуухад хадан дотор байгаа гэж хэлсэн тухайн үед хадан дотроос эрээд олохын даваа дээр ковидоос болоод аймгийн Онцгой байдлын газраас өглөөний 6 цаг гэхэд орох, гарах хөдөлгөөнийг хаана гэсэн тул эхнэр, Ө.*******ын хамт аймагт яаралтай ирээд түүнийг гэрүүгээ явахад нь өвс авч өгөөд явуулж байсан удаатай. Ө.*******ын эхнэр надад хандан чаддаг юм бол хууль, шүүхээр яваад юм олж долоогоорой, чам шиг хөнхөрцөг явж чадахгүй харж байгаарай гэж хэлж басамжилсан. Миний амьжиргааны хэдэн малыг дуусгачхаад юу ч болоогүй мэт байгаа энэ хүмүүсийг хууль, шүүхийн байгууллага анхаарч үзээсэй гэж хүсэж өөрийн хохирлоо нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Миний хүнсэндээ хэрэглэсэн 20 ямаа, 3 хонь, үхэж үрэгдсэн 20 тооны ямаа, бэлчээрээр үрэгдсэн байсан нь 3 хонь, 6 ямаа, 1 адууг тооцоонд оруулаагүй. Ө.******* түүний эхнэр нь үхсэн малын сэгийг үзүүлж харуулж байгаагүй. Ноднин Ө.*******ын гэрийн ойролцоо мал идэх идэштэй байсан мөн би малд өгөх өвс тэжээлээ өгч байсан. Би өөрөө 107 тооны мал аваад 2 ямаа л үхүүлсэн байдаг. Үүнээс харахад миний бие өөрөө малаа малласан бол мал үхүүлэхгүй байсан юм байна гэж ойлгож байгаа
Ө.******* зуд болж байсан гэдгээр далимдуулж миний малыг ашигласан, түүний миний малыг тэжээж байсан гэдэг нь худлаа түүнд би малын 100 хошуувч өгсөн бөгөөд цагаан сарын дараа хошуувчаа асуухад тэрээр цагаан сар болох гээд шатаасан гэж хэлсэн мөн миний адууг яагаад тэжээхгүй байгаа талаар асуухад хэвтэрт ороод унахаар нь тэжээдэг гэж хэлсэн байдаг. Миний хувьд татгалзсаар байгаад 14.000.000 төгрөг рүү орж ирсэн. Гадуур үхсэн гэх малыг нэмээд байгаа юм. Би цагаан сараас хойш зун дуустал Ө.*******ын гэртэй ойролцоо байсан бөгөөд миний үхсэн малын сэг зэмийг үзүүлээд өгөөч гэж зөндөө хэлж ярьж очсон боловч өөрөө надаас зугтаадаг, эхнэр нь басамжилдаг байсан. Одоо хуулийн байгууллагын өмнө худлаа уучлалт гуйж байна ..Миний хувьд эвлэрэх боломжгүй гэжээ.
Хариуцагч Ө.******* анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Малын үнэ 10.330.000, ямааны ноолуурын үнэ 4.320.000 төгрөгийг өгөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй. Миний бие Хадхүүг Дорнод нүүх боллоо хоёр хөгшиний хэдэн малыг авч хоцроод таргалуулж онд оруулаад өгөөч гэж удаа дараа гуйсан тул зөвшөөрсөн бөгөөд мал өгөхөөр ирэх өдөр нь би айлд ямаа самнаж байсан. Гэтэл *******, Г.Ганаа нарын машинаар өмнө нь дурдсан тооны малыг ачиж ирээд манай гадаа буулгасан байсан. Тухайн үед би малыг нэг бүрчлэн тоолж аваагүй. Би орой айлаас ирэхэд танихгүй хүн малаа ачиж ирээд буулгалаа гээд явсан. Энэ өдөр 5 сарын 17-ны өдөр байсан. Үүнээс хойш 20 гаруй хоногийн дараа өмнө мал буулгалаа гэсэн хүн ирсэн нь ******* гэдэг хүн байсан. Би ******* гуайд танай малыг энэ хавийн хүмүүс хамуутай мал байна, энэ хавьд битгий буулга гээд байна гэж хэлсэн. Энэ малыг хамуутай гэдгийг надад байсан малчин *******банди, Энхбаяр одоо манайхтай саахалт байгаа хэд хоногийн дараа ******* гуай тариа авчирч өгснийг бид өөрсдөө малд нь хийсэн. Энэ малыг тарьж байсан болон ишиг нь өвчний улмаас үхэж байсныг мэдэх хүмүүс Ч.Ганболдынх Дорнод аймагт байгаа. Мал авсан үеэс эхлэн 2021 оны 02 сарын дуустал сар бүр 300.000 төгрөгийг манайх авч байсан нь үнэн. Энэ айлыг малыг 2020 оны 05 сараас 2021 оны 02 сарыг дуустал хавар, зун, намар өвөл малласан бөгөөд хавар зун, намар ямар ч тэжээл аваагүй. Харин өвөл нь нэг бүр нь 25 кг ийн 25 шуудай хивэг, 2 шуудай хорголжин, 100 орчим боодол өгснөөр нь малыг нь тэжээсэн. Би ******* гуайд мал чинь туранхай таргалахгүй байна яах вэ гэхэд тэжээгээд онд оруулчих гээд байсан. Өөрөө хувьдаа 25 адуу, 5 үхэр, 50 хонь, 190 ямаа 2020 оны 12 сард тоолуулж байсан тооллогын цоохор нь надад байгаа. Иймд би энэ айлыг зарж ашиг орлого олсон юм байхгүй. Харин Харин ******* гуай гүтгэж байна. Миний хувьд малаас 5 адуу, үхэр 2, хонь 12, ямаа 73 нь өвс тэжээлийн дутагдалд орж үхсэн..гэжээ.
Ц.*******гийн хүү нь 2017 онд манай нутагт ирээд буух газаргүй гэхэд миний бие намаржаа дээрээ буулгаж байсан. Миний хувьд Ц.*******гийн хүүтэй нь мэндийн зөрүүтэй явдаг хүмүүс юм. Ц.*******гийн хүү нь хоёр хөгшний хэдэн малыг харуулъя гэсэн байдаг. Тухайн үед малаа ачиж ирэх явцдаа 1 унагатай гүүгээ сонин болгоод тэр нь үхсэн. 2020 онд зуд болоод их хэцүү байсан бөгөөд миний бие 100 гаран тооны малтай байсан зуднаар алдаж 100 хүрэхгүй малтай үлдсэн байдаг. Ц.*******гийн авч өгсөн өвсийг өөрийнх нь малд тавьж өгдөг байсан гэдгийг гэрчлэх хүмүүс олон байгаа. Намайг чөдрийн хоёр адуутай байсан, Ц.*******гаас хулгай хийгээд 20 адуудтай болсон талаар ярьсан байдаг. Энэ зүйл нь худлаа миний 2019, 2020 оны малын тооны баримт байгаа. Миний бие Ц.*******гийн малыг зарж үрсэн зүйл байхгүй. Надаар харуулахаар өгсөн мал нь ерөнхийдөө туранхай мал байсан. Би үхсэн малын арьс, ширийг нь яах бэ гэхээр өвс тэжээл авчих гэдэг байсан. Үхсэн малыг аймгийн төв рүү 2-3 хүнтэй ачиж ирээд буулгаж байсан. Мөн одоо ******* ахын мал байгаа айлын хүүхэдтэй нь манай эхнэр цуг арьсыг нь хуулаад нэг арьсыг нь өгч байсан, ингэж арьс авсан 2-3 хүн байгаа. Тухайн үед нэг шөнөдөө 10 гаран мал үхдэг байсан. Манай тэнд тийм өвс юу ч байгаагүй, тэр хавийн 2, 3 айл малгүй болсон гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 14.650.000 төгрөгийг хариуцагч Ө.*******аас гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.*******гийн төлсөн 244.700 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.*******аас улсын тэмдэгтийн хураамж 244.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ө.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Баянхонгор аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 131/ШШ2022/0032 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар надаас 14.650.000 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 244.700 төгрөгийг гаргуулж Ц.*******д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг 2022 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Ц.*******гийн хүү Хадхүү Дорнод нүүх боллоо хоёр хөгшний хэдэн малыг авч хоцроод онд оруулаад өгөөч гэж удаа дараа гуйсан тул би зөвшөөрсөн юм. Ингээд 2020 оны 5 дугаар сард намайг айлд ямаа самнаж байхад *******, Г.Ганаа нарын машинаар гэрийн гадаа мал буулгасан байсан. Тэр үед нь би айлд ямаа самнаж байсан учраас яг хэдэн мал авчирч өгснийг мэдээгүй. Надад албан ёсоор тоолж хүлээлгэж өгөөгүй. Ц.*******гийн авчирч өгсөн малнууд маш их туранхай, өвөлдөө онд орохооргүй, хамуу өвчтэй байсан. Би энэ үед *******д танай малыг хамуу өвчтэй байна энэ орчинд ийм мал байлгахгүй гэж хүмүүс хэл ам хийгээд байна гэж хэлэхэд хэд хоноод тариа авч ирж өгснийг бид өөрсдөө малд нь хийсэн. Өвөл нь зуд болж ганц би биш олон айл малаа үхүүлсэн, огт малгүй болсон айл ч байсан. Тэр үед Баянхонгорын говийн сумдууд малын идэш байхгүй, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг руу отор хийж олон айл нүүж байсныг хэн бүхэн тодорхой мэднэ. 2020 онд зуд болж аймаг улсын хэмжээнд анхаарал татсан асуудал болсон. ******* манай байсан газрыг идэштэй байсан гэж худлаа бичсэн байна лээ. Өвөл болоход манай нутгаар идэш байхгүй манайх хувийнхаа малаас 5 адуу, 2 үхэр, 12 хонь, 73 ямаагаа өвс тэжээлгүйгээс хорогдуулсан. Энэ тухайгаа би *******д ярьж мал чинь үхээд байна, арга хэмжээ авахгүй бол болохгүй байна, малаа буцааж ав, үхсэн малын чинь арьсыг аваачиж өгөх үү гэхэд санаа зоволтгүй тэжээгээд байж бай гэдэг байсан.
Би *******гийн үхсэн малуудын арьсыг хуулж 2-3 хүнтэй хамт аймгийн төвд авчирч өгч байсан удаа ч бий. Одоо *******гийн малыг маллаж буй айлын хүүгээр үхсэн малыг хуулуулж хөлсөнд нь арьсыг нь өгч ч байсан. Энэ байдлаа шүүхэд үнэн зөвөөр нь хэлэхгүй намайг манай малыг санаатайгаар тэжээхгүй ялгаж туусан, малаас идэж ашигласан худалдсан гэх зэрэг ямар ч үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй монгол хүний санаанд оромгүй зүйлүүд ярьсанд маш их гомдож байна.
2020 оны өвөл аймгийн хэмжээнд зуд болж ихэнх айлууд малаа барж малгүй болж өвөлжилт хүндрэлтэй байснаас малын үхэл болсон цаг үеийн давагдашгүй нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шүүх нэг талыг баримтлан миний амаар өгсөн тайлбарыг судалж шинжлэлгүйгээр надаас олон сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.
*******гийн малыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй дүгнэлт гарсан байна. 2020 онд ямаа 30 .000 төгрөгөөр, ишиг 10.000 төгрөгөөр бүх сумдад адилхан дээд үнэ болон борлогдож байсан. Шинжээчийн дүгнэлтэд бичсэн шиг 100.000 төгрөгийн үнэтэй ямаа хаа ч байгаагүй. Түүнээс гадна шинжээчийн дүгнэлтэд үхсэн унагыг нас гүйцсэн адууны үнэлгээгээ 250,000 төгрөгөөр үнэлж гаргасныг хэн ч зөвшөөрөх боломжгүй юм.
*******гийн манайд тавьсан мал хамуутай байсан. Манайхантай айл саахалт байсан Энхбаяр гэдэг хүн хамуутай мал ойр байж болохгүй гэж Жинст сумын 1-р багийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Мөнхсанаад хэлж мэдэгдэж байсан. Тэдний малаас хамуу өвчнөөр нилээд хэдэн мал үхсэн зэргийг мөн *******гийн мал үхэж байсан болон үхсэн малынх нь арьсыг хуулж авч байсныг Чимэдцэрэнгийн Ганболд манайхтай айл байсны хувьд сайн мэдэж байгааг би шүүхэд хэлж тайлбарлаж байсан боловч шүүх хэрэгсээгүй. Эдгээр гэрчүүдийг би шүүхэд асуулгаж үнэн бодитой байдлыг тогтоолгож хэргийг шударгаар шийдвэрлүүлмээр байна.
Би *******гийн малаас үхсэн малын арьсыг өөрт нь өгөх гэж олон удаа хэлж байсан тэгэхэд чи наад арьсаа тушаагаад өвс тэжээл авчих гэж хэлж байсан.
Шүүх миний гомдолд бичсэн зүйлүүдийг харгалзан үзэлгүйгээр нэг талыг барьж шийдсэн бөгөөд надад иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэхэд гарах үр дагавар хариуцагчийн эрх үүрэг хариуцлагын талаар сайтар тайлбарлаж өгөөгүйгээс болж би гэрчээр асуулгах, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол дахин хүсэлт гаргах эрхтэйгээ ойлгосонгүй. Би өөрийн хайхрамжгүйгээс болж *******гийн малыг үхүүлээгүй, Баянхонгорын бүх нутгийг хамарсан зуд болж байгалийн гамшиг тохиолдсон аргагүй байдал бий болсон байсныг шүүх анхаарч үзсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч Ө.*******ын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:
Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******т холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүргийн 14.650.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 131/ШШ2022/00032 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ө.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлийн 147 ямаа, 80 ишиг, 65 хонь, 8 адуу, нийт 300 толгой малаа хариуцагч Ө.*******т 1 сарын 300.000 төгрөгийн хөлс өгч маллуулахаар талууд амаар харилцан тохиролцож дээрх малыг хүлээн авч, хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Ц.******* 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 107 толгой мал хариуцагч Ө.*******аас хүлээн авсан, энэ асуудлаар зохигчид маргаангүй байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь хөлсөөр маллуулахаар хүлээлгэн өгсөн 300 толгой малаас дутагдуулсан адуу-1, хонь-20, борлон-72, эм ямаа 48, нийт 141 тооны мал буюу 10 330 000 төгрөг, 120 толгой ямаанаас олох байсан ноолуурын үнийн 4 320 000 төгрөг, нийт 14 650 000 төгрөгийг хариуцагч Ө.*******аас гаргуулахаар нэхэмжилсэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хариуцагч Ө.******* надад Ц.*******гийн хүлээлгэж өгсөн мал нь хамуу өвчтэй байсан, малд нь тариа хийлгэсэн, ишигнүүд нь өвчнийхөө улмаас үхэж үрэгдсэн..., ... 2020 оны өвөл аймгийн хэмжээнд зуд болж ихэнх айлууд малаа барж малгүй болж өвөлжилт хүндрэлтэй байсан... гэх агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Ө.******* нь ...Шүүх надад иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэхэд гарах үр дагавар хариуцагчийн эрх үүрэг хариуцлагын талаар сайтар тайлбарлаж өгөөгүйгээс болж би гэрчээр асуулгах, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол дахин хүсэлт гаргах эрхтэйгээ ойлгосонгүй... гэж давж заалдах гомдолдоо бичсэн хэдий ч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон шүүх хуралдаанд энэ асуудлаар хүсэлт гаргах эрхээ эдлээгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд тэрээр анхан шатны шүүхэд эрх, үүргээ сайн ойлгосон, надад тайлбарласан гэж тайлбарлаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан болохыг зөв тодорхойлж, хөлсөөр ажиллах гэрээний үүргийн дутагдуулсан малын үнийн 10 330 000 төгрөг, 120 толгой ямаанаас олох байсан ноолуурын үнийн 4 320 000 төгрөг, нийт 14 650 000 төгрөгийг хариуцагч Ө.*******аас гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, зөв байна.
Харин хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа буюу 141 толгой малын үнийн 10 330 000 төгрөг, 120 толгой ямаанаас олох байсан ноолуурын үнийн 4 320 000 төгрөг, нийт 14 650 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа талаарх нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй татгалзлаа нотлоогүй байх тул түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.******* нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 13500 төгрөгийг илүү төлсөн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 131/ШШ2022/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад
... 244 700 төгрөг гэснийг 231200 төгрөг гэж... тус тус өөрчилж,
... нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 13500 төгрөгийг төвлөрсөн төсвийн сангаас буцаан гаргаж Ц.*******д олгосугай гэж нэмж тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231200 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Л.НЯМДОРЖ