Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 905

 

                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эт холбогдох эрүүгийн 1806050521141 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Т.Э нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороо Цэргийн 300 айл 51 в -31 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Пүрэвсүрэнг цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                      

                     /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806050521141 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 12:30 цагийн үед гэртээ нөхөр Т.Эт Оросын холбооны улс Улаан Үүд орно гэж хэлтэл намайг хардаад хэрүүл маргаан үүсгэж хэл амаар доромжилоод байхаар нь би уурандаа алгадсан чинь эргүүлээд миний нүдийг гараараа цохиж гэмтэл учруулсан. Би цагдаад дуудлага өгөх гэтэл миний утсыг булааж аваад зугтсан гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 03-ны өдрийн  7077 дугаартай:

Б.Пүрэвсүрэнгийн зүүн нүдний алим, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох  журмын  2.4.1-д  зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9/

 

Шүүгдэгч Т.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Б.Пүрэвсүрэнтэй 18 жил амьдарч байна. Дундаасаа 7-14 насны 4 хүүхэдтэй. Эхнэр Пүрэвсүрэн ОХУ-ын Улаан үүд хотруу яваад 2018 оны 06 сарын 03-ны өдөр гэртээ ирсэн. Би 2018 оны 06 сарын 02-ны өдөр эхнэр Улаан үүдэд байхад хэрүүл хийгээд тэр өдрөө гэрээс гараад найзындаа хоночихсон. 03-ны өдөр хүүхдүүдтэйгээ утсаар ярихад ээж ирчихсэн таниас сална гэж байна гэж хэлэхээр нь би гэртээ ирэх замаараа 3 шил пиво уугаад гэртээ ирсэн. Гэрт орж ирэхэд эхнэр пиво уугаад сууж байхаар нь ууж байсан пивог нь асгахад хадам ээж надаас уг пивог булаацалдахаар нь би та одоо болиоч та охиноо ингэж өмөөрөөд охин чинь архичин боллоо гэж хэлсэн. Тэгтэл эхнэр надтай хэрүүл хийгээд маргалдахад эхнэр цагдаа дуудна гээд утсаа авахаар нь би утсыг нь булааж аваад би өөрийнхөө утасруу залгаад сууж байхад эхнэр Пүрэвсүрэн миний нүдрүү цохихоор нь би зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. Тэгтэл эхнэр орцонд гараад энэ намайг аллаа гээд орилсон. Гэрт орж ирээд хаалга түгжчихээд гаргахгүй байсан. Тэгээд 12 цагийн үед цагдаа ирээд намайг авч явсан. Тухайн үед миний эхнэрийн зүүн нүдний доор нь хөх туяа татчихсан харагдаж байсан. Би урд нь 10 гаруй жилийн өмнө эхнэртэй 1-2 удаа гар хүрч байсан, эхнэр өөрөө байж байгаад л хэрүүл үүсгээд л эрүүлжүүлэх байранд барьж өгөөд байгаа юм. Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцлаа, эхнэр Б.Пүрэвсүрэнгийн биед учирсан гэмтлийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-3/

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4/

 

-Т.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13-14/

-хохирогч Б.Пүрэвсүрэнгийн болон шүүгдэгч Т.Эын хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 15, 23/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Э нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэрийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаараа мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Т.Эын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр болох Б.Пүрэвсүрэнгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                                              

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ