Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 913

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Г.Мөнхжаргал, 

 Г.Наст, 

 Д.Дэлгэр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Гэрлээгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/471 дүгээр захирамжийн Э.Сүхбаатар, Б.Баярхишиг нарт холбогдох, А/497 дугаар захирамжийн Ө.Одгэрэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамжны 84, 85, 86 тоот хаяг бүхий газрыг Д.Дэлгэр, Г.Мөнхжаргал, Г.Наст нарт эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр, Д.Адьяа гуравдагч этгээд Э.Сүхбаатар, Б.Баярхишиг, Ө.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энх-Амар нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал, Г.Наст, Д.Дэлгэр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Гэрлээгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...Иргэн Д.Дэлгэр, Г.Мөнхжаргал, Г.Наст бид Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамжны 84, 85, 86 тоот дугаартай хашааны газарт 2013 онд хорооны Засаг даргад хандан зөвшөөрөл авч бууснаас хойш хашаа барин амьдарч байна. Энэ хугацаанд хэсгийн байцаагчаас дээрх гудамж, хашааны хаягийн дугаарыг бидэнд өгсөн бөгөөд тухайн газраа эзэмших, өмчлөхөөр хүсэлтэй болохоо хорооны Засаг даргад илэрхийлэн хандахад “Нийслэлийн хэмжээнд газар олголтыг түр зогсоосон, өргөдөл хүлээн авч эхлэхээр материалаа өгөөд газраа авч болно” гэдэг байсан. Үүний дагуу бид 2013 онд өөрсдийн газрынхаа кадастрын зургийг хийлгэж байсан.

Улмаар бид өргөдөл хүлээн авахыг хүлээж байгаад өргөдөл авч эхэлсэн гэж

сонсмогцоо 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших өргөдлөө өгсөн. Гэтэл

тухайн 3 айлын газрыг Ө.Одгэрэл, түүний нөхөрт олгосон тул та нарт эзэмшүүлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн бөгөөд Засаг даргын албан ёсны захирамж,

шийдвэрийг бидэнд үзүүлээгүй болно. Биднийг 2013 оны 4 дүгээр сард тухай газарт буухад тухайн газар нь хүмүүс суурьшаагүй, хэн нэгний эзэмшил үүсээгүй, хоосон газар байсан бөгөөд бид хорооны Засаг даргаас зөвшөөрөл авч буусан газраа эзэмшиж, өмчлөхөөр эрх бүхий этгээдэд хандаж байсан. Төрийн байгууллагаас ч үүнийг хүлээн зөвшөөрч байсан нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооноос Г.Настыг 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шилжин ирсэн тухай бүртгэл, олгосон тодорхойлолт, 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудсанд 86 тоот дугаартай хашааны газрыг эзэмших хэлбэрээр Г.Мөнхжаргалын нэр дээр бүртгэсэн зэргээр нотлогдоно. Түүнчлэн тухайн газрын ойролцоо амьдардаг иргэд болон хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч гэх зэрэг хүмүүс бидний 2013 оноос амьдарч байсныг гэрчилнэ. Гэтэл тухайн газарт хашаа барьж амьдарч байгаагүй гэнэт гарч ирсэн этгээдэд газар эзэмшүүлсэн нь 2013 оноос хойш уг газрыг эзэмшихийг хүсч, тухайн газартаа амьдарч, хамгаалж байсан, захиргааны байгууллага албан тушаалтны үгэнд итгэж явсан бидний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэнтэй нийцэхгүй байна. Мөн дээрх шийдвэрийн улмаас газар эзэмших эрхтэй болсон гэх Ө.Одгэрэл түүний нөхөр нь “газраа чөлөөл” гэж бидний хашааг нурааж, элдэв байдлаар доромжлон, танхайрч дарамтлаж, тайван амьдрах боломжгүй болгож байна. Тухайн асуудлаар бид дүүргийн Засаг даргад 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, 3 дугаар сарын 01-ний өдөр тус тус хандсан боловч “мэдээллийн сан ажиллахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн агуулгатай хариу өгсөн.

Нийслэлийн Засаг даргад 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хандсан боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3/3294 дугаартай албан бичгээр Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанд шийдвэрлүүлэхээр хариу өгсөн болно.

Иймд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамжны 84, 85, 86 дугаартай бидний хашааны газрыг Ө.Одгэрэл, түүний нөхөрт эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамжны 84, 85, 86 тоот хаяг бүхий газрыг Д.Дэлгэр, Г.Мөнхжаргал, Г.Наст нарт эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, бидний эрхийг хамгаалж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэлийн өмгөөлөгч Б.Анхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал, Г.Наст, Д.Дэлгэр нарын нэхэмжлэл нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн  А/497 дугаар захирамжийн Ө.Одгэрэлд холбогдох хэсэг, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн  А/471 дүгээр захирамжийн Э.Сүхбаатар, Б.Баярхишиг нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тухайн газрыг Г.Мөнхжаргал, Г.Наст, Д.Дэлгэр нарт эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдүүд нь газар эзэмших хүсэлтээ нэг өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргаж өгсөн байдаг. Гэтэл хариуцагч талаас нэг өдөр газар эзэмших хүсэлтээ гаргасан байгаа этгээдүүд байхад гуравдагч этгээдүүдэд давуу эрх олгож газрыг олгосон. Чөлөөлөгдөхөөр болсон өмнөх газарт нь уг гуравдагч этгээд нар байсан бөгөөд ерөнхийд нь олон хүмүүсийн дунд газар олгохдоо газрыг эзэмшүүлсэн бололтой. Мөн хариуцагчийн өмнөх хурал дээр хэлж байсан тайлбараас үзэхэд гуравдагч этгээдүүд нь тухайн уулын аманд байрлахдаа газар эзэмших эрх нь байгаагүй гэж ойлгогдсон. Нэг өдөр хүсэлтээ гаргасан, нэхэмжлэгч талууд нь 2013 оноос хойш тус газраа байсан, газрыг тэмдэглэлжүүлээд, эрх бүхий байгууллагад нь газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан байхад гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.  

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар иргэн газар ззэмших хүсэлтээ холбогдох шатны засаг даргад хуульд заасан журмаар холбогдох баримтыг бүрдүүлэн бичгээр гаргах ёстой. Нэхэмжлэгч нараас иргэн Ө.Одгэрэлд эзэмшүүлсэн газарт газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаарх баримт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газар болон Өмч, газрын харилцааны албаны бичиг хэргийн бүртгэлд байхгүй байна. Нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, тухайн газрыг

түүнд эзэмшүүлэх тухай захирамж гарч байгаагүй тул түүнд газар эзэмших эрх үүсээгүй. Иймд иргэн Ө.Одгэрэлд газар эзэмшүүлэх тухай Чингэлтэй дүүргийн Засаг

даргын 2015 оны А/497 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шаардах

эрхгүй байна.

Мөн түүнчлэн иргэн Г.Мөнхжаргал, Е.Гэрлээ нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд

байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8, 109.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэл нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, гуравдагч этгээдүүдэд газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах гэж байгаа боловч тухайн үед ажиллаж байсан газар зохион байгуулагч Ю.Одгэрэл нь дээрх нэхэмжлэгч этгээдүүдэд энэ маргаан бүхий газрын яг эсрэг талд газар олгох тухай саналыг дэвшүүлсэн байдаг юм. Тэгсэн байхад нэхэмжлэгч тал уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй, заавал гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна.  

Дээрх гуравдагч этгээдүүд нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаад дүүргийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

Гуравдагч этгээд Ю.Одгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хойд цанын баазаас цуг нүүж ирсэн айлуудын дунд энэ нэхэмжлэгчдийн бичиг баримт явсан нь үнэн. Тухайн үед Ю.Одгэрэл байцаагч дээрх нэхэмжлэгч  нарт, хойд баазаас оруулж ирсэн  айлуудыг нэгдсэн журмаар уг газарт буулгаж байгаа бөгөөд эдгээр хүмүүст газрыг нь шийдэж өг гэсэн үүрэг Засаг даргаас ирсэн тул хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй талаар хэлж байсан. Цанын бааз дээр амьдарч байсан бүх хүмүүсийг гэр, гэрийнх нь гадаа зогсоож байгаад фото зургаар баримтжуулж бичиг баримтыг нь тулгаад газар олголтыг хийсэн учир энэ тал дээр маргаад байх шаардлага байхгүй. Нэхэмжлэгч нарыг газар хүсэж байгаа бол баримтаа бүрэн болгож байж хандаасай гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Б.Баярхишиг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Батбаяр овогтой Баярхишиг нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны  Согоотын 59а -109 тоотод охин Ачитмаагийн хамт амьдардаг. 2012 оноос Хайлаастад, одоо цанын бааз барих гэж байгаа газарт амьдарч байсан. 2015 онд тэнд байсан 20 гаруй айлыг газрын албанаас нүүлгэн шилжүүлж, шинэ газар нэгдсэн журмаар олгогдсон. Гэтэл өөр хүмүүс минийх байсан гээд маргаан гаргаад байгаа. Манайхыг тэр газар дээр очиж буухад ямар ч хашаа хороо хүний өмч гэх зүйл байгаагүй, хоосон газар бууж хашаагаа татсан. Албан журмаар газраа аваад хашаагаа барьсан, өөр газар руу шилжих боломжгүй. Би охинтойгоо хамт амьдардаг, цэцэрлэгийн багш хийдэг. Тийм учир энэ нэхэмжлэгчид өөрсдөө өөр газар авах боломжтой бол тэр газар дээрээ авчихаасай гэж хэлмээр байна” гэв.  

Гуравдагч этгээд Э.Сүхбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2010 оноос Ганц модны аманд амьдарч эхэлсэн бөгөөд тухайн үед газрын албанд газар эзэмшиж авах хүсэлттэй байгаагаа хэлэхэд тухайн үеийн газрын байцаагч нь тухайн газар дээрээ 3 ба түүнээс дээш жил амьдарсан байх хэрэгтэй гэж байсан. Ингээд 2010-2015 оны хооронд тухайн газар дээрээ амьдарсаны эцэст өмч газрын харилцаанд хүсэлт гаргахад таны амьдарч байгаа ганц модны аманд цанын бааз барих төлөвлөлт гарсан нэгдсэн журмаар нүүлгэж урд талын аманд төлөвлөлтийн дагуу буулга гэж хариу өгсөн. Ингээд ганц модны аманд байсан айлууд нүүж урд талын аманд төлөвлөлтийн дагуу бууж суурьшсан. Миний бие нэгдсэн төлөвлөлтийн дагуу бууж Согоотын 59а, 110 тоот газрыг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/471 тоот шийдвэрийн дагуу иргэн Энх-Амгалан овогтой Сүхбаатар миний бие эзэмших болсон. Иймд миний эзэмшиж буй газрыг хуулийн дагуу хамгаалж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал, Г.Наст, Д.Дэлгэр нараас анх “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/471 дүгээр захирамжийн Э.Сүхбаатар, Б.Баярхишиг нарт холбогдох, А/497 дугаар захирамжийн Ө.Одгэрэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамжны 84, 85, 86 тоот хаяг бүхий газрыг Д.Дэлгэр, Г.Мөнхжаргал, Г.Наст нарт эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Гэрлээ  “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/471 дүгээр захирамжийн Э.Сүхбаатар, Б.Баярхишиг нарт холбогдох хэсгийг болон А/497 дугаар захирамжийн Ө.Одгэрэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А гудамжны 84, 85, 86 тоот хаяг бүхий газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн болно.

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Дүүргийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын хэрэгжилтийг дүгнэж, 2015 оны зорилт батлах тухай” 5 дугаар тогтоолоор тус дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын аманд Өвлийн спортын цогцолбор, цанын бааз байгуулахаар төлөвлөсний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Дүүргийн газрын албанд “тухайн орчимд оршин сууж байгаа иргэдийг 16 дугаар хорооны Согоотын ам нэртэй газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллах” чиглэлийг өгсөн байна. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд Хайлаастын аманд амьдарч байсан гуравдагч этгээд Э.Сүхбаатар, Б.Баярхишиг нарыг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а гудамжинд нүүлгэн шилжүүлсэн байх бөгөөд улмаар Дүүргийн Засаг даргын 2015 оны А/471 дүгээр захирамжаар Б.Баярхишигт 59а-109 тоот хашааны 500 м.кв газрыг, Э.Сүхбаатарт 59а-110 тоот хашааны 500 м.кв газрыг, 2015 оны А/497 дугаар захирамжаар Ө.Одгэрэлд 59а-111 тоот хашааны 500 м.кв газрыг тус тус ахуйн /гэр бүлийн хамтын/ хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ. 

Үүнийг нэхэмжлэгч Д.Дэлгэр, Г.Мөнхжаргал, Г.Наст нар эс зөвшөөрч “бид уг газар дээр 2013 оны хавар хашаа хатгаж, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нараар хаягийн бүртгэл хийлгэн, 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Wild horse” ХХК-иар кадастрын зураг хийлгэн эзэмших хүсэлттэй байсан боловч иргэдэд газар олгох ажлыг түр зогсоосон байсан тул өргөдлөө  өгөлгүй хүлээж байсан” гэж маргаж, хариуцагч “Газрын тухай хуульд зааснаар иргэн газар эзэмших хүсэлтээ холбогдох баримтын хамт тухайн шатны Засаг даргад хуульд заасан журмын дагуу гаргаж өгч шийдвэрлүүлэх эрхтэй. Нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй тул түрүүлж хүсэлт гаргасан иргэдэд Газрын тухай хуульд заасан журмын дагуу олгосон” гэж тайлбарлаж байна. 

 

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийнхээ хүрээнд гүйцэтгэсэн “нотлох баримтыг цуглуулах” ажиллагааны явцад:

1. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 2/1254 тоот лавлагаагаар нэхэмжлэгч Г.Мөнхжаргал, Г.Наст, Д.Дэлгэр нарын мэдээлэл Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй бөгөөд 

- нэхэмжлэгч Г.Мөнхжаргалын эзэмшиж буй гэх 700 м.кв талбайтай газар нь нэгж талбарын 18639317324168 дугаар бүхий 500 м.кв талбайтай гуравдагч этгээд Ө.Одгэрэлийн нэр бүртгэлтэй газартай 312 м.кв талбайгаар,  

- нэхэмжлэгч Г.Настын эзэмшиж буй гэх 700 м.кв талбайтай газар нь нэгж талбарын 18639317324168 дугаар бүхий 500 м.кв талбайтай гуравдагч этгээд Ө.Одгэрэлийн нэр бүртгэлтэй газартай 118 м.кв талбайгаар, нэгж талбарын 18639317348175 дугаар бүхий 500 м.кв талбайтай гуравдагч этгээд Э.Сүхбаатарын нэр бүртгэлтэй газартай 277 м.кв талбайгаар, 

- нэхэмжлэгч Д.Дэлгэрийн эзэмшиж буй гэх 700 м.кв талбайтай газар нь нэгж талбарын 18639317348175 дугаар бүхий 500 м.кв талбайтай гуравдагч этгээд Э.Сүхбаатарын нэр бүртгэлтэй газартай 223 м.кв талбайгаар, нэгж талбарын 18699317372181 дугаар бүхий 500 м.кв талбайтай гуравдагч этгээд Б.Баярхишигийн нэр бүртгэлтэй газартай 198 м.кв талбайгаар тус тус давхцалтай байх бөгөөд, 

 

2. Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал /86 тоот/, Г.Наст /84 тоот/, Д.Дэлгэр /85 тоот/ нарын эзэмшлийн гэх Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 59а гудамж дахь 84,85,86 тоот хаягийг 2013 онд хэсгийн ахлагчийн гар картыг үндэслэн олгосон бөгөөд сүүлд албан ёсоор хаягжуулалт хийгдсэнтэй холбоотойгоор эдгээр байршил бүхий газар нь Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 59а гудамж 109, 110, 111 тоот болж өөрчлөгдсөн  болох нь гэрч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга асан Ш.Жаргалсайханы мэдүүлэг, гэрч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 7 дугаар хэсгийн ахлагч С.Ганчимэгийн мэдүүлэг болон 16 дугаар хорооны Засаг даргын  тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх бөгөөд энэхүү өөрчлөлтийн дүнд нэхэмжлэгч нарын маргаж буй газрын байршил нь Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 59а гудамж дахь 84,85,86 тоот биш Согоотын 59а гудамж 109, 110, 111 тоот болох нь тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч нар 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Wild horse” ХХК-иар Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 59а гудамжинд хашаалсан газрынхаа кадастрын зургийг тус бүр 700 м.кв-аар үйлдүүлж, 16 дугаар хорооны хэсгийн ахлагчийн гар картаар хаягийн бүртгэл хийлгэж байсан гэх боловч тухайн газрыг эзэмших хүсэлтээ анх 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан болох нь нэхэмжлэгчийн “... 2015 оны 6 дугаар сарын 17-нд газар эзэмших өргөдлөө өгсөн” гэх тайлбар, гэрч Ш.Амартайвангийн “... Е.Гэрлээ гуай надад газраа үзүүлж байсан, ... хүсэлт гаргаагүй учир бичгээр хариу өгөөгүй, ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Жаргалсайханы “...хаяг бол анх ирэхэд нь бүртгэж өгсөн таны иргэний үнэмлэх дээр байгаа л асуудал. Энэ нь газрын асуудлаас өөр гэж бодож байна ... Хэсгийн ахлагчийн гар карт гэж байдаг бөгөөд энэ нь албан ёсны биш ч гэсэн энэ картаар өгсөн хаягийг газрын албанаас зөвшөөрч, шийдвэр гаргавал хаягийг өгнө” гэсэн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивын 2013, 2014, 2015 оны баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн... газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй байх тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарт тухайн газрыг эзэмших эрх түрүүлж үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүхээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын архив, Өмч, газрын харилцааны албаны архивын 2013, 2014, 2015 оны баримтад үзлэг хийсэн ба тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан иргэдийн өргөдөл, түүний бүртгэлээр үзэхэд  нэхэмжлэгч Г.Наст газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаарх баримт, бүртгэл байхгүй, харин нэхэмжлэгч Д.Дэлгэр, Г.Мөнхжаргал нарын өргөдөл 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1161, 1162 дугаарт бүртгэсэн,  гуравдагч этгээд Э.Сүхбаатар, Ө.Одгэрэл, Б.Баярхишиг нарын өргөдлийг мөн өдрийн 1148, 1149, 1150 дугаарт бүртгэжээ.

 

Иймд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгөх” гэж заасан ба тухайн тохиолдолд, хариуцагч иргэдийн өргөдлийг ирсэн дарааллаар нь шийдвэрлэж гуравдагч этгээд нарт тухайн газрыг эзэмшүүлснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “2013 оноос хойш тус газарт байж, газраа тэмдэгжүүлж байсан нэхэмжлэгч нарт газрыг олгох ёстой байсан” гэх боловч шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг, гэрч Ш.Жаргалсайхан,  С.Ганчимэгийн мэдүүлгээр нэхэмжлэгч нар тухайн газар дээр байнга оршин сууж байгаагүй, нэхэмжлэгч Г.Настын гэх ногоон амбаар нь тэмдэгжүүлсэн гэх газрын гадна байрлаж байсан зэрэг нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон болно. 

Мөн хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч нар хүсэлт гаргавал Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а гудамжинд маргаж буй газраас өөр байршилд газар эзэмшүүлэх боломжтой” гэснийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/471 дүгээр захирамжийн Э.Сүхбаатар, Б.Баярхишиг нарт холбогдох хэсэг, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн Ө.Одгэрэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тус газрыг Д.Дэлгэр, Г.Мөнхжаргал, Г.Наст нарт эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий иргэн Г.Мөнхжаргал, Г.Наст, Д.Дэлгэр нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХТУЛГА