Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2018/0207/З |
Дугаар | 221/МА2018/0508 |
Огноо | 2018-09-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0508
“Г г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0438 дугаар шийдвэртэй, “Г г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор, шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0438 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.2, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Г г ф” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн “Г г ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Г нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 8\5876 тоот мэдэгдлийг хүлээн авсан хэдий ч компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй юм. Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байна. Ч.Г нь компанийн эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд, компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй. “Г г ф” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь ганцхан гүйцэтгэх захирал Ч.С юм. Ч.Г нь шүүхэд гэрчээр асуугдахдаа “захирал Ч.С-тай холбогдох гэж оролдсон боловч холбогдож чадаагүй, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 8\5879 тоот албан бичгийг алга болгосон, гүйцэтгэх захирал Ч.С-т хүлээлгэн өгөөгүй” гэж мэдүүлдэг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн “Г г ф” ХХК-нд холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэгт заасан “Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа”-г зөрчсөн гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Г г ф” ХХК нь Улаанбаатар хотын банкаар дамжуулан төрийн сангийн 900000712 тоот дансаар нийт 2,718,500 төгрөгийг 2 дахь жилийн төлбөр гэж 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн байдаг. Ашигт малтмалын төлбөрийн алдангийг Ашигт малтмал, газрын тосны газраас ногдуулах бөгөөд шүүхээс илүү төлсөн мөнгийг алданги төлбөрт суутгаж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин илүү төлсөн 224,961 төгрөг нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөөс дээрх төлбөрийг урьдчилан төлсөн байсан гэж үзэхээр байна. Үүнээс дүгнэвэл шүүхээс хууль хэрэглэхдээ нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Г г ф” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн “Г г ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. Тодруулбал,
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6 “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7 “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана” гэж зааснаар нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын ХV-018801 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг түүнийг анх олгосон өдөр буюу жил бүрийн 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, энэхүү хугацааг алданги төлөх нөхцөлтэйгөөр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх боломжтой гэж ойлгох бөгөөд 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Түүнчлэн, тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/5879 дүгээр албан бичгийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан Ч.Ганцоож нь “Г г ф” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ганц хувьцаа эзэмшигч нь байх төдийгүй 2016 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланд захирал Ч.Г гарын үсэг зурсан, тус компанийн албан ёсны хаягаар мэдэгдэл хүргүүлсэн нөхцөл байдлыг дүгнэвэл нэхэмжлэгч компани дээрх мэдэгдлийг хүлээн авсан гэж үзэх үндэстэй.
Мөн нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг тодорхой хэмжээгээр илүү төлсөн үйл баримт нь хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал болж чадахгүй бөгөөд дээрх илүү төлбөр нь өмнөх жилийн төлбөрийн алданги байсан эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байсныг дурьдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс гаргасан “Ч.Г нь компанийн эрх бүхий албан тушаалтан биш, компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байхад нөхцөл байдлыг шүүх буруу тайлбарлан дүгнэсэн, тусгай зөвшөөрлийн төлбөрөөс урьдчилан төлсөн байсан” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН