Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0658/з |
Дугаар | 241 |
Огноо | 2020-06-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 241
“Х...”
нийгэмд үйлчилдэг ТББ-ын нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Засгийн газар,
Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Сангийн яаманд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0017 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагч Сангийн яамын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулж,
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ны гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0017 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х...” ТББ-ын тэргүүн Б.Баярмаагийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яаманд холбогдуулан гаргасан “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 2012 оны Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ уг заалт хуулийн хүчин төгөлдөр байх үед буюу 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбулган, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэгч “Х...” ТББ-ын тэргүүн Б.Бнь “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5.2, 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0017 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 2012 оны Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үүргээ уг заалт хуулийн хүчин төгөлдөр байх үед буюу 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосугай” гэжээ. Дээрх шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад “... хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...” гэсэн үндэслэлээр няцааж байна. Үүнд:
5. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх “Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэсэн заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал:
6. 106.3.4 дэх заалтын “Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр...” гэх тухайд: Монгол Улсын Засгийн газраас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гаргаагүй.
7. 106.3.4 дэх заалтын “...эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус...” гэх тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэжээ.
8. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж заасан журмыг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулах үүрэг бухий субъект болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хуулийг хэрэгжүүлэх үүднээс дараах арга хэмжээг авч ажилласан байдаг. Үүнд:
9. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх үүднээс Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.32-д “ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг, 3.1.33-д “ус бохирдуулсны нөхөн төлбөр” гэж хаягдал усны стандартаас хэтэрсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг“ гэж заасны дагуу дараах 2 стандарт, холбогдох журмуудыг боловсруулж, батлуулсан:
10. 2015 онд Хаягдал ус, Ерөнхий шаардлага МNS 4943:2015, 2015 онд Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага МNS 6561:2015, 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт батлах тухай” А-294 тоот тушаал, 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр), Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Журам, аргачлал батлах тухай” А-299/204 тоот хамтарсан тушаал.
11. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан “Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох” тухай тогтоолын хавсралт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг заасан журам”-ын төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын (хуучин нэрээр) сайдын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/3146 дугаар албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн (албан тоотын хуулбар хэрэгт авагдсан). Улмаар Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсны дагуу хуралдаанаар хэлэлцэж тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдэд эдийн засгийн дарамт үүсгэх эрсдэлтэй гэж үзэн холбогдох өөрчлөлтийг оруулах чиглэл өгч буцаасан (Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэлийн хуулбар хэрэгт авагдсан).
12. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Ахуйн хэрэглээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам”-ыг хасч “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах” тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлапын яамны 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/677 тоот албан бичгээр ирүүлсэн (2016 оны 01/677 тоот албан бичгийн хуулбар хэрэгт авагдсан). Энэхүү албан бичгээр хөндсөн асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгаж, хөтөлбөрийн 4.1.1-т “Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, үр ашигтай, дэвшилтэт технологи нэвтрүүлж, нөөцийг хэмнэх, эргүүлэн ашиглах, хаягдлыг дахин боловсруулан ашиглах ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ”, 4.1.6-т “Хот, суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлнэ”, 4.2.3-т “Усны нөөцийг хамгаалж, хомсдлоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, хаягдал бохир усыг цэвэрлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжинэ”, 4.2.8-т “Байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг сайжруулна” гэж тус тус тусгасан.
13. Монгол Улсын Засгийн газраас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын 2017 оны “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 11 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн 3.33 дахь хэсэгт Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2017 онд өргөн мэдүүлэхээр заалт оруулж батлуулсан. Улмаар Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 54 дүгээр тэмдэглэлээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж тогтсон (Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 54 дүгээр тэмдэглэл хэрэгт авагдсан). Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хаягдал усыг дахин ашиглаж байгаа ус бохирдуулагчийг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлөх зохицуулалтыг илүү тодорхой болгох, хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа бол тодорхой хугацаагаар төлбөрөөс чөлөөлөх, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг шатлан бууруулах механизмыг бий болгох, бохирдлын хэмжээг стандарт руу ойртуулах бүрт нөхөн төлбөрийн хэмжээ дагаад буурах зарчмыг суулгаж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлсэн. Мөн аж ахуйн нэгж, байгууллагад татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчин, усны нөөцийг хамгаалах бодлого, эдийн засгийн хөшүүрэгтэй уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, зөвхөн аюултай бохирдуулах бодисын доод хэмжээг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн.
14. Монгол Улсын Засгийн газраас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэхийг тус тус дэмжсэн. УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар батлагдсан (Төрийн мэдээлэл, 2019 он, №1074 хэрэгт авагдсан).
15. Эдгээрээс үзэхэд Монгол Улсын Засгийн газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас (хуучин нэрээр) 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан журмын төслийг ирүүлээгүй байх бөгөөд дээрх хугацаанд Засгийн газар “...гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус...“ гэх хууль зүйн үндэслэлгүй байна.
16. Харин хариуцсан яамнаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан журмын төслийг ирүүлснээс хойш Монгол Улсын Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх
үүднээс боломжтой бүх арга хэмжээг авсны үр дүнд 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын төсөвт Ус бохирдуулсны төлбөрийн орлого 7 орчим сая төгрөг тевлөрсөн байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан тус хуулийн 5 дугаар эүйлийн 5.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан журмуудыг баталснаар зөвхөн хэрэгжүүлэх боломжгүй. Өнөөдөр хууль хэрэгжих эрх зүйн орчныг дараах тогтоол, шийдвэр, журмууд бүрдүүлж байгаа болно. Үүнд:
17. Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам” батлах тухай 316 дугаар тогтоол, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Хаягдал ус хаях зайлуулах зөвшөөрлийн бичгийн загвар батлах тухай" А/719/189 дугаар хамтарсан тушаал - Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4639 дугаартай, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтоох тухай” А/816/218 дугаар хамтарсан тушаал - Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлийн 4640 дугаартай, БОАЖ-ын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт шинэчлэн батлах тухай” А-543 дугаар тушаал - Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4637 дугаартай, БОАЖ-ын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам батлах тухай” А/635 дугаар тушаал - Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4636 дугаартай, БОАЖ-ын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй байгуулах ус бохирдуулсны төлбөрийн гэрээний загвар батлах тухай" А/634 дүгээр тушаал -Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4638 дугаартай.
18. 106.3.4 дэх заалтын “...түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол...” гэх тухайд: нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, шүүх энэ тухай дүгнэлт гаргаагүй, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд Монгол Улсын Засгийн газарт Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх тухай асуудлаар ямар нэгэн санал, гомдол гаргаж байгаагүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна” гээд 18.3.1 дэх заалтад “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх” гэсэн шаардлагыг хангахгүй байна. “Х...” ТББ-ын дүрмийн зорилгод Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар дурдаагүй бөгөөд шүүх энэ талаар дүгнээгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
20. Эдгээрээс дүгнэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг үндэслэн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад заасан “... хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...” заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
21. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “... 106.3.4, 106.3.13...” гэснийг “106.3.14” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан ”Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн “120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг” гэснийг “121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг...” гэж, тогтоох хэсгийн 1 дэх зааптын “... гомдлыг хангахгүй орхисугай” гэснийг “... гомдлыг хангасугай” гэж өөрчлөн, 127.2.4 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
22. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
23. “Х...” ТББ-аас 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг хүчингүй болгосон, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар тогтоолоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг үндэслэн, “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”, “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам”-ыг тус тус баталсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
24. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “төлбөрийн хэмжээг хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд үндэслэн дараах хязгаарт багтаан Засгийн газар тогтооно”, 7.2-т “төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” (энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон) гэж тус тус заасан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар тогтоолоор “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”, “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам”-ыг баталснаар Засгийн газар хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.
25. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “хэм хэмжээний акт гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газраас “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”, “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам”-ыг баталснаар хангагдаж, хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлсэн, ингэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг хамгаалагдсан буюу шүүхийн шийдвэрээр зайлшгүй хамгаалагдах бодит шаардлага үгүй болсон байхад шүүхээс “эс үйлдэхүй”-г тогтоож шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн шүүхийн шийдвэр гарах үед Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт нь хүчингүй болсон байхад шүүх нэхэмжлэлийн “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн ... 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газар .../-ын/ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.
26. Түүнчлэн, анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө өөрчилж шийдэлдээ нийцүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил ба уг алдааг давж заалдах шатны шүүх засаагүй нь буруу болжээ.
27. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон /анхан шатны шүүх хуралдаанд өөр байдлаар тодорхойлоогүй/ байхад шүүх “өнгөрсөн цаг хугацаанд хэм хэмжээний актыг гаргаагүй эс үйлдэхүй хууль бус байсан” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд тооцогдоно, учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд” хэргийг шийдвэрлэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачлагаар өөрчлөн шийдвэрлэх эрх хэмжээг шүүхэд олгоогүй байна.
28. Түүнээс гадна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” боломжийг хуульчилсан, харин “хэм хэмжээний акт батлан гаргаагүй эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэр гаргах боломжийг шүүхэд олгоогүй байна.
29. Эдгээр үндэслэлээр, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбулганы хяналтын журмаар гаргасан “... Засгийн газраас ... /холбогдох/ журмуудыг баталсан байтал ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг үндэслэж, ... 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ... нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0017 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х...” ТББ-аас гаргасан “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА