Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 17

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

                          Даргалагч шүүгч                               Б.Батзориг

                                                          Шүүгчид                                         Ц.Амаржаргал

                                                                                                                Д.Буянжаргал

  Оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч      Х.Жавхлан

Зөрчил гаргагч                              Б.Соёл-Эрдэнэ

Зөрчил гаргагчийн өмгөөлөгч      Д.Даваахүү

                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай “Захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн Монгол Ардын намаас нэр дэвшигч С.Бүрэнбатын менежер Х.Жавхлангийн давж заалдах гомдлоор Батболдын Соёл-Эрдэнэд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаас Улсын Их хурлын 27 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч С.Бүрэнбатын менежер Х.Жавхлангаас ирүүлсэн Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захиргааны байранд Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбатын зурагтай 2 ширхэг ухуулах хуудсыг байршуулсан, мөн тэр ухуулах хуудастай хамт ажилтан авах зар байршуулсан байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна гэх гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлүүлэхээр материалыг Сайхан сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлснийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 18 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзсан байна.       

 Монгол Ардын намаас нэр дэвшигч С.Бүрэнбатын менежер Х.Жавхлан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “…Улсын Их Хурлын 27 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Аймгийн Иргэдийн хуралд нэр дэвшигч А.Шоовдор болон түүний штабын нэр бүхий хүмүүсээс Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан тул шалгуулахаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу эдгээр үйл явдал нь зохих журмын дагуу шалгагдаж баримтаар нотлогдсон байхад шүүхээс зөрчил биш гэж үзэж захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хэргийг шийдвэрлэхдээ шүүх нэг талыг баримталсан.

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд “Цемент шохой” ХХК-ийн конторын бистебульд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Эрдэнэбатын зургийг тавьж дэргэд нь ажилтан элсүүлж авахаар зарлаж тавьсан нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэхүү үйлдлийг тус үйлдвэрээр  удаа дараа орж сурталчилгаа хийсэн нэр дэвшигч Д.Эрдэнэбат, байнгын орж гарч үйлдвэрлэлээ удирдаж байгаа А.Шоовдор нар хараагүй олон хоносон гэхэд хэн үнэмших юм бэ? А.Шоовдор нь сонгуульд нэр дэвшсэн, мөн Улсын Их Хуралд нэр дэвшигчийн ажлын хэсэгт ажилладаг хүн.

 Мөн хэн нэгэн хууль мэдэхгүй этгээд хуулийг ноцтой зөрчиж болно гэсэн үг байх уу? Тухайн үед Б.Соёл-Эрдэнэ нь ажилд ороод хоёр сар болж байсан. Уг зургийг мэдэхгүйгээс болоод наасан гэдэг, мэдэхгүй бол яагаад дур мэдээд зураг наасан юм бэ?, цаанаа даалгавартай гэж би үзэж байна.

Иймд дээрх ноцтой үйлдлийг анхааран үзэж, миний гомдол гаргасан хуулийн тодорхой заалтанд үндэслэн шүүхийн шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна гэв.     

 Зөрчил гаргагчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Соёл-Эрдэнэ нь сурталчилгаа хийх эрх бүхий менежер биш. Зөрчил гаргагчийн хувьд ардчилсан намын байраар ороод гарсан, тэгээд зураг ном тарааж өгөхөөр нь зураг хаях нь хаашаа юм гээд самбарт нь тавиад гарсан.

Түүнийг зураг тавихад уг самбар дээр ажилд авах зар байгаагүй. Энэ хэрэгт гэрчээр н.Баасанбат гэдэг хүнийг татаж асуухад “...Б.Соёл-Эрдэнэ тавиад өгөөч гэсний дагуу зургийг н.Баасанбат тавьсан...” тухайгаа мэдүүлсэн. Энэ тухай бичлэг хүртэл байгаа, зургийг яг самбар дээр Б.Соёл-Эрдэнэ байршуулаагүй гэв.   

Тодорхойлох  нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаас “Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захиргааны байранд Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбатын зурагтай 2 ширхэг ухуулах хуудсыг байршуулсан, мөн тэр ухуулах хуудастай хамт ажилтан авах зар байршуулсан байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна гэх” Монгол Ардын намаас нэр дэвшигч С.Бүрэнбатын менежер Х.Жавхлангаас ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлүүлэхээр материалыг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сайхан сум дахь Сум дундын  шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх зөрчлийн материалыг хүлээн авч танилцаад “…иргэн        Б.Соёл-Эрдэнэ нь сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд буюу сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагч биш гэдэг нь зөрчлийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн     70.5-д заасан сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд захиргааны шийтгэл оногдуулах хуульд заасан субъект биш” гэж дүгнээд захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай  шүүгчийн захирамж нь “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 Захиргааны зөрчлийн материал болон гомдол гаргагчийн гомдлын үндэслэлийн дагуу зөрчлийн материалыг судлан үзэхэд:

Улсын Их хурлын 27 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбатын зурагтай 2 ширхэг  ухуулах хуудсыг “Цемент шохой” ХХК-ийн захиргааны байранд ажилтан авах зарын хамт байршуулсан болох нь зөрчлийн материалын 4 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зураг, 12-14 дүгээр хуудсанд авагдсан В.Ичинхорлоо, Б.Соёл-Эрдэнэ, Э.Баасанбат нарын тайлбар зэргээр тогтоогдож байгаа хэдий боловч зөрчлийн материалын 28 дугаар хуудсанд авагдсан Сайхан сумын Ардчилсан намын хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай албан бичгээр зөрчил гаргагч Б.Соёл-Эрдэнэ нь сонгуулийн ажилд штабын ажилтан болон ажиглагч, шадар туслагч, ухуулагчаар ажиллаагүй болох нь тогтоогдож байна. 

Иймд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Б.Соёл-Эрдэнэд захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын       01-ний өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Х.Жавхлангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

 1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Х.Жавхлангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЗОРИГ

 

                                                  ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

 

                                                                                                               Д.БУЯНЖАРГАЛ