Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00344/И

 

Б.Баттогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШШ2016/00864 дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар магадлалтай,

Б.Баттогтохын нэхэмжлэлтэй,

“Биокомбинат” ТӨААТҮГ-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 46.428.837 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Баттогтохын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  Л.Бат-ололт, Б.Цолмон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Баттогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...бие “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын ажлыг хашиж байгаад 2013 оны 12 дугаар сарын 26-нд хууль бусаар ажлаасаа халагдсан. Ажлаас халагдсанаас хойш шүүхэд хандсан. Ингэж яваад 2014 оны 09 дүгээр сарын 29-нд анхан шатны шүүхийн шийдвэрээр намайг эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шийдвэр гаргасан. Иймд би анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах хүсэлтэй байна. Ажлаас халагдахаас өмнө би зохих нэмэгдэл аваад нийт 1.300.000 төгрөгийн цалин авдаг байсан. Намайг ажилд эгүүлэн томилсноос хойш миний албан тушаалын цалин 2 удаа өөрчлөгдсөн байна. Нэмэгдлүүдийн хамт 1.950.000 төгрөг, 2.430.000 төгрөг болж 3 өөр дүнгээр цалин өөрчлөгдсөн харагдаж байгаа учраас шүүхээс гурван цалингийн дунджаар бодож миний цалинг гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Өнөөдрийн өдрийг хүртэл хугацааны 3 сарын дунджаар цалинг тооцоолж үзэхэд 46.428.837 төгрөгийг шүүхээс гаргуулахыг хүсэж байна Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. 2013 онд ажлаас халагдах үед өөртөө тушаал гаргаж нэмэгдлийн хувийг нэмээгүй учраач 15 хувийн нэмэгдэлтэй явж байсан юм билээ. Намайг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсны дараа “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын цалин 1.500.000 төгрөг болж өөрчлөгдсөн. Контрактын гэрээ гэдэг бол зөвхөн н.Онолбаатар гэдэг хүнтэй байгуулсан гэрээ биш үр дүнгийн шагналаараа л өөр байдаг. Энэ гэрээ нь Биокомбинатын захиралтай байгуулж байгаа гэдгийг тодруулж байна. 1.500.000 төгрөгийг тодорхой хугацаанд авч байсан. Үүн дээр нэмэгдлүүдийг нэмэхээр 1.905.000 төгрөг болж байгаа. Мөн үүнээс хойш 2015 оны 8 сараас хойш захирлын цалин 1.800.000 төгрөг болж нэмэгдсэн, дээр нь миний докторын зэрэг болон удаан жилийн нэмэгдэл нэмэгдээд 2.430.000 төгрөг болж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 524 хоног ажилгүй байгаа учраас дээрх 3 цалинг нэмээд гуравт хуваагаад дундаж цалинг гаргахад 1.905.000 төгрөг болж байна. Үүнийг ажлын 21.5 өдөрт хуваахад 88.604 төгрөг миний нэг өдрийн цалин болж байгаа юм. Ингээд нийт 46.428.837 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-ийн захирал Б.Онолбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгчид тухайн үед захирал хийж байсан хугацааны цалинг олгоно. Харин одоогийн өөрчлөгдсөн хугацааны цалинг олгох боломжгүй гэдгийг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/222 дугаартай албан тоотоор тайлбар хүргүүлсэн байгаа. Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас 2013 онд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдаг. Тэр хугацаанаас давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалинг олгох боломжтой.Төрийн өмчийн хороо, үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь манай байгууллагын захирлыг томилох ажиллуулах асуудлыг шийддэг учраас н.Онолбаатар гэдэг хүн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн захирлаар ажиллаж эхэлсэн гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШШ2016/00864 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Биокомбинат" ТӨААТҮГ-аас 41.632.324 төгрөгийг /холбогдох суутгалыг хийх/  гаргуулж, нэхэмжлэгч Б.Баттогтоход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.796.513 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56,2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676.572 төгрөгийн 366.112 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 310.460 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Баттогтоход буцаан олгож, хариуцагчаас 366.112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00864 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...41.632.324 төгрөг...” гэснийг “...23.580.000 төгрөг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...366.112 төгрөг...” гэснийг “...275.8500 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.712 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Баттогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 165 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 864 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4139 дүгээр шийдвэрээр “эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон” ингэхдээ ажилгүй байсан хугацааны цалинг конрактын гэрээнд заасан 990 мянган төгрөгөөр тооцсон юм. Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс өнөөдрийг хүртэл ажилгүй, цалингүй хохирч байгаа юм.Иймд ажилгүй байсан хугацааныхаа цалинг дахин нэхэмжилсэн. Ингэхдээ ажилтай байсан үедээ авч байсан цалин, бусад нэмэгдлийг нийгмийн даатгалын дэвтэрт бичсэний дагуу нэхэмжилсэн.  Ажлаас үндэслэлгүй халсан асуудал нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, үүнийг дахин нотлох шаардлагагүй юм. Харин тухайн шийдвэрийг биелүүлээгүйгээс цалин хөлсөөрөө хохирсон, энэ тохиолдолд цалин хөлсөө нэхэмжлэхэд дээрх шийдвэрээр шийдвэрлэсэн сарын цалинг нэгэнт тогтоосон үйл баримт гэж үзэх боломжгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тогтоож зөв шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Баттогтох нь хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-т холбогдуулан буруу халсан үеийн олговорт 46.428.837 төгрөг нэхэмжлэхдээ дундаж цалинг 1.905.000 төгрөг гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Б.Баттогтохыг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 шийдвэр хүчин төгөлдөр байна /хавтаст хэргийн 16-36 дугаар тал/.

Шүүх, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо ажилгүй байсан хугацааны цалинг “Биокомбинат” ТӨААТҮГ-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул “...хариуцагч биш, цалин хөлс олгох үүрэггүй” талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд  томилоогүй болохыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч  ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх  олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа “...ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг 990.000 төгрөгөөр тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэл, шаардлагыг хянан шийдвэрлүүлэхэд өмнө гарсан шүүхийн шийдвэр саад болох учиргүй. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Баттогтохын ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй, харин шийдвэр гарснаас хойшхи хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговрын асуудлаар ажилтан шүүхэд дахин гомдол гаргах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан 3 сарын цалингийн дунджийг нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн хэмжээгээр тооцон нэхэмжлэлээс 41.632.324 төгрөгийн шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасантай нийцжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгч Б.Баттогтохын сарын дундаж цалинг 990.000 төгрөг гэж тодорхойлсон хэдий ч нийгмийн даатгалын дэвтрээр нэхэмжлэгч нь сард дунджаар 1.747.916 төгрөгийн цалин авч байсан нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх ажилтны сарын дундаж цалинг бодитой тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШШ2016/00864 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.212 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

        

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ