| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0240/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/248 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, Б.Мягмарсүрэн, Д.Доржханд,
ШүүгдэгчЛ.А, Ц.П, Ш.Э, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнЛ.А, Ц.П, Т.Б, Шаравпилийн Ш.Э нарт холбогдох эрүүгийн 1838000000284 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн нутаг “Бургуулын эх” гэх газраас Ц.О4 тооны үхрийг хулгайлж 4.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн нутаг “Бургуулын эх” гэх газраас Ц.О4 тооны үхрийг хулгайлж 4.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Л.Л.А, Ш.Э, Т.Б бид 4 миний Бекаф маркийн машинаар яваад 18:00 цагийн үед Бүрэнтогтох сумын Бургуулын гол гэх газарт очоод бэлчээрт явсан үхрийг тэнд байсан өвөлжөөний хашаанд хашиж 2 сувай үнээ, нэг шүдлэн, нэг хязаалан гуна зэрэг дөрвөн үхэр хутгаар нугасалж нядлаад гэдэс, гүзээ, толгой, шийрийг нь тэндээ хаяад үхэрнүүдээ бөгс, цээж хэсгээр нь 2 хувааж машиндаа ачаад буцаж 5-6 цагийн хооронд Мөрөнгийн төв рүү ороод 11-30-07 тоотод байх манай хашаанд амбаарт буулгасан.Тэгээд бид 4 амбаарт үхрийн арьсаа өвчөөд сууж байтал цагдаа нар ороод ирсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
ШүүгдэгчЛ.Аын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Ц.П, Т.Б, Ш.Э бид дөрөв Бүрэнтогтох сумын Хөвийн гол гэх газар очоод бэлчээрт байсан үхрийг тэнд нь байсан өвөлжөөний хашаанд хашиж 4 үхэр бугуйлдаж барьж аваад нугасалж алаад гэдэс, толгой, шийрийг нь тэнд нь үлдээгээд арьстай махыг нь 2 хэсэг болгон ачаад Мөрөнд оруулж ирээд Пүүжий ахын хашаанд байх амбаарт буулгачихаад хоол хийж идчихээд гараад арьсыг нь өвчиж байтал цагдаа нар ороод ирсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Ц.П,Л.А, Ш.Э бид нар Бүрэнтогтох сумын Хөвийн гол гэх газар очоод бэлчээрт байсан үхрийг тэнд нь байсан өвөлжөөний хашаанд хашиж 4 үхэр бугуйлдаж барьж аваад нугасалж алаад гэдэс, толгой, шийрийг нь тэнд нь үлдээгээд арьстай махыг нь 2 хэсэг болгон ачаад Мөрөнд оруулж ирээд Пүүжий ахын хашаанд байх амбаарт буулгачихаад хоол хийж идчихээд гараад арьсыг нь өвчиж байтал цагдаа нар ороод ирсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Ц.П, Т.Б, Ц.П бид дөрөв Хөвийн голд очоод бэлчээрт байсан үхрийг тэнд нь байсан өвөлжөөний хашаанд хашиж 4 үхэр бугуйлдаж барьж аваад нугасалж алаад гэдэс, толгой, шийрийг нь тэнд нь үлдээгээд арьстай махыг нь 2 хэсэг болгон ачаад Мөрөнд оруулж ирээд Пүүжий ахын хашаанд байх амбаарт буулгачихаад хоол хийж идчихээд гараад арьсыг нь өвчиж байтал цагдаа нар ороод ирсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 12-19 дүгээр хуудас/,
Эд хөрөнгөө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 20, 23-25 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 26 дугаар хуудас/,
Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн нутаг “Бургуулын эх” гэдэг газраас даарах тооны үхрээ алдсан: Цэнхэр зүсний монгол шар, нас гүйцсэн 7 настай, баруун чих он, зүүн чих цуурхай имтэй байсан, хар хүрэн монгол шар, нас гүйцсэн 7 настай, баруун чих он, зүүн чих урдаасаа ухам, хойноос чигчгий имтэй, Хар хүрэн зүсний хоёр жилийн нас гүйцсэн сувай монголын үнээ, баруун талын чих он, зүүн чих цуурхай имтэй, ягаан бөөр алаг зүсний 2 жилийн нас гүйцсэн бүдүүн сувай монголын үнээ, баруун чих он, зүүн чих цуурхай имтэй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-37 дугаар хуудас/,
Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр намайг зах дээр ажлаа хийгээд байж байхад Очирхуяг цагдаа залгаад Мөрөн сумын ... тоотод хулгайн мах муудах гээд байна ирээд авчихааж гэхээр нь Энхжаргалтай хамт очсон. Бид хоёрыг очиход айлын амбаарт арьстай нь хамт хоёр хэсэг хуваасан 4 тооны үхрийн махнууд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 49 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр намайг зах дээр ажлаа хийгээд байж байхад Очирхуяг цагдаа залгаад Мөрөн сумын ... тоотод хулгайн мах муудах гээд байна ирээд авчихаач гэхээр нь Сэргэлэн гэх хүний хамт очсон. Бид хоёрыг очиход айлын амбаарт 4 тооны үхрийн махнууд байсан бөгөөд арьснуудыг нь өвчөөгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-51 дүгээр хуудас/,
Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би Ц.Пг мал хулгайлсан талаар мэдээгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 12-ны өглөө манайд цагдаа нар ирэхээр нь мэдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/,
Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би Ц.Пд ... улсын дугаартай бекаф маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгслээ 2018 оны 07 дугаар сард 3.500.000 төгрөгөөр худалдсан. Мөнгийг нь Ц.П самар жимсэнд явж ирээд өгье гэсэн. Би энэ машиныг Батбаяр гэх хүнээс авсан. Бичиг баримт нь Батбаяр гэх хүний нэр дээр байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-59 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 62 дугаар хуудас/,
Хохирол төлбөр төлсөн тухай хэлцэл, эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 220, 223-227 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838000000284 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
ШүүгдэгчЛ.А, Ш.Э нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 134,182 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.П нь урьд 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилээр тэнссэн, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн суллагдсан, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 онд хуулийн тэгшитгэлээр суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 140-168 дугаар дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Т.Б нь урьд 2013 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар, 2014 онд Эрүүгийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар, 2015 онд Эрүүгийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 173-178 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
ШүүгдэгчЛ.А, Ш.Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Ц.П, Ц.Т.Б нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул тэдгээрт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838000000284 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14.5x10 см ажлын хэсэгтэй 35 см урттай модон иштэй сүх нэг ширхэг, ажлын хэсэг нь 14,5x2,5 см хэмжээтэй, бариулын хэсэг нь 11,5x2,5 см хэмжээтэй, бариул хэсэгтээ 3 ширхэг хадаастай хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 14,5x2.5 см хэмжээтэй бариул хэсэг нь 12x2,5 см хэмжээтэй бариулгүй төмөр хутга 1 ширхэг, ажлын хэсэг 12,3x2,5 см хэмжээтэй, бариул хэсэг нь 2,5x9,5 см хэмжээтэй модон иштэй, иш нь хоёр хадаастай хутга 1 ширхэг, ажлын хэсэг 14.5x2.9 см хэмжээтэй, бариул хэсэг нь 12x2.5 см хэмжээтэй, шаргал өнгийн иштэй, иш нь 2 ширхэг хадаастай махир хутга 1 ширхэг зэргийг устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ... улсын дугаартай ногоон өнгийн “Маzda proceed” маркийн машины хууль ёсны өмчлөгч нь К.Б. гэх хүн байх ба улсын дугаар нь тодорхойгүй улаан өнгийн ... дугаартай Пекон маркийн мотоциклийн хууль ёсны өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй байх тул прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас машины үнэ 1.300.000 төгрөг, мотоциклийн үнэ 200.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 375.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нарын тус бүр цагдан хоригдсон 30 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 240 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.П, Т.Б, Л.А, Ш.Э нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П, Т.Б,Л.А, Ш.Э нарыг тус бүр 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нарын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 240 /хоёр зуун дөч/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1838000000284 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14.5x10 см ажлын хэсэгтэй 35 см урттай модон иштэй сүх нэг ширхэг, ажлын хэсэг нь 14,5x2,5 см хэмжээтэй, бариулын хэсэг нь 11,5x2,5 см хэмжээтэй, бариул хэсэгтээ 3 ширхэг хадаастай хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 14,5x2.5 см хэмжээтэй бариул хэсэг нь 12x2,5 см хэмжээтэй бариулгүй төмөр хутга 1 ширхэг, ажлын хэсэг 12,3x2,5 см хэмжээтэй, бариул хэсэг нь 2,5x9,5 см хэмжээтэй модон иштэй, иш нь хоёр хадаастай хутга 1 ширхэг, ажлын хэсэг 14.5x2.9 см хэмжээтэй, бариул хэсэг нь 12x2.5 см хэмжээтэй, шаргал өнгийн иштэй, иш нь 2 ширхэг хадаастай махир хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ... улсын дугаартай ногоон өнгийн “Маzda proceed” маркийн ногоон өнгийн машин, улсын дугаар нь тодорхойгүй улаан өнгийн ... дугаартай Пекон маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нараас тус бүр 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П,Л.А, Ш.Э, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР