| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2025/0523/Э |
| Дугаар | 2026/ДШМ/12 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/12
2026 02 11 2026/ДШМ/12
Д.Жид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч Д.Ж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Жийн давж заалдах гомдлыг үндэслэн Д.Жид холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Д-н Ж, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Д.Ж нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М дэлгүүрийн гадаа “танай ээж хөөлөө” гэсэн шалтгаанаар хохирогч О.А-н араас чулуу шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 23 цагийн орчимд аймгийн сумын багийн тоотод согтуурсан үедээ “урьд нь дээрэлхэж байсан” гэсэн шалтгаанаар хохирогч М.У-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зүүн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Д.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Д-н Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Жийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, 3 сарын хугацаагаар хорих ялаар дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих - 437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.У-н нэхэмжлэлийн шаардлагаас 3,936,645 төгрөгийг, хохирогч О.А-н нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг тус тус нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.У, О.А нар нь эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй хутга нэг ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтын шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ж давж заалдах гомдолдоо:
“... Надад оногдуулсан хорих ялыг боломжтой хэмжээгээр багасгаж өгөхийг хүсье. Надад хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Ж тайлбартаа: “... Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Гэмшиж байна ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: “... Давж заалдах гомдлыг дэмжиж байна ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Жийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянаж үзэв.
Шүүгдэгч Д.Ж нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М дэлгүүрийн гадаа “танай ээж намайг хөөлөө” гэсэн шалтгаанаар хохирогч О.А-н араас чулуу шидэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 23 цагийн орчимд аймгийн сумын багийн тоотод согтуурсан үедээ “урьд нь дээрэлхэж байсан” гэсэн шалтгаанаар хохирогч М.У-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зүүн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Жийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн”, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн шинжийг тус тус агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Хохирогч М.У-н эрүүл мэндэд “... зүүн гуянд шарх, шархыг нээж гэмтсэн бүтцийг сэргээж цус алдалтыг тогтоож гуурс тавих мэс заслын дараах байдал, хурц цус алдалт, цус алдалтын шок гэмтэл ... ” бүхий хүнд гэмтэл учирсан,
хохирогч О.А-н эрүүл мэндэд “... дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт ...” бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлтүүдээр нотлогдож тогтоогдсон ба дээрх хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгч Д.Жийн гэм буруутай санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, зөрчсөн, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ж нь “... Надад хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа баримталдаг бөгөөд шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлагад нийцсэн байх шаардлагатай.
Анхан шатны шүүх “Шүүгдэгч Д.Ж нь ... гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Жийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ял /5 - 12 жил/-ын доод хэмжээ буюу 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Мөн анхан шатны шүүх хохирогч М.У-н нэхэмжлэлийн шаардлага 3.936.645 төгрөг, хохирогч О.А-н нэхэмжлэлийн шаардлага 1.000.000 төгрөгийг тус тус нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Жийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Жийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
З.ХОСБАЯР