Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 319/ШШ2026/00172

 

 

 

 

2026 оны 03 сарын 04 өдөр

       Дугаар 319/ШШ2026/00172

                         Ховд аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын, 4-р баг, Бугат ******* гудамж ******* тоотод оршин суух, Харчин овгийн ******* ******* хүсэлттэй

Хүсэлтийн шаардлага: “Садан төрлийн холбоо тогтоолгох” хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “....Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн иргэн ******* миний бие 1947 онд төрсөн. Миний ээж Балиг овогт Уртнасан нь 1924 онд төрсөн. Миний бие 1947 онд *******гийн ганц охин болон төрсөн. Ээж минь өөрийн төрүүлсэн ганц охин болох ******* намайг ******* гэх хүнд 1947 онд үрчлүүлсэн. ******* миний бие үрчлэгдсэн аав *******гээр овоглогдож явдаг. Миний төрүүлсэн ээж ******* Говь-Алтай аймгийн .... 1992 онд 69 настайдаа Говь-Алтай аймгаас Ховд аймаг руу шилжин ирж төрүүлсэн охин *******, хүргэн Г.Хүрлээ нарын асрамжинд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 3 дугаар гудамжны ******* тоотод нэг гэрт хамт амьдарч байгаад 2021 оны 09 дүгээр сарын 06-нд нас барсан. *******г ******* миний төрүүлсэн ээж болохыг надтай хамт ажиллаж байсан ажлын хамт олон, авга эгч , ээж *******г Говь-Алтай аймгаас Ховд аймагт нүүлгэж ирсэн машины жолоочийн эхнэр манай багийн Засаг даргаар олон жил ажиллаж байсан нар гэрчилнэ. Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 3 дугаар гудамж 31 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1800 м.кав. газар Уулын овогт Гавалын Хүрлээ, Харчин овогт ******* *******, Харчин овогт Балигийн Уртнасан /гурван хүний өмч/ бидний өмчлөлд байдаг. ******* миний бие өмчлөлийн газраа захиран зарцуулах явцад маргаан үүсч байгаа тул шүүхэд хандаж *******гийн төрсөн охин болохыг тогтоолгох шаардлага үүссэн. Миний шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн ******* намайг *******гийн төрсөн охин болохыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү...”гэжээ.

2. Хүсэлт гаргагч ******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:“... Миний ээж ******* 1924 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1992 онд Ховд аймагт шилжиж ирсэн. Аав маань нас бараад ганцаараа үлдсэн байсан тул Ховд аймаг руу шилжиж ирсэн. Тухайн үед манай нөхөр, ээж бид гуравт газар өмчлөлөөр гэрчилгээ олгосон. Одоо хашаа байшинг хөдөлгөх гэтэл миний ээжийг хамаатан саднаар тогтоолгох шаардлагатай болсон. Сэгчин гэдэг хүн нь манай ээжийн холын хамаатан байсан ба намайг өргүүлсэн. Иймд *******г миний ээж гэдгийг тогтоож өгнө үү...” гэв.

2. Хүсэлт гаргагч *******гээс: УТХ төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, ээж *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1 дүгээр маягтын лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, нас барсны бүртгэлин лавлагаа, Ховд аймгийн УБХ-ийн албан бичиг, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрч , нарын тодорхойлолт, ээжтэйгээ хамт авхуулсан гэрэл зурагнууд зэрэг бари өгөв.

3.Шүүхээс: Үндэсний төв архивын лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР маягтууд зэргийг баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Шүүх хуралдаанд тодруулсан хүсэлтийн шаардлагаар Харчин овогт Балигийн Уртнасангийн төрсөн охин нь Харчин овогт ******* ******* мөн болох нь  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

2.1.Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №03-07/1384 дугаартай 1989 оны ам бүлийн тооллогод өрхийн тэргүүлэгч Г.Хүрлээ, эхнэр *******, охин Х.Мөнхзаяа, хүү Х.Мөнхбат, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №03-07/1389 дугаартай    2000 оны ам бүлийн тооллого, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №03-07/1390 дугаартай *******гийн ам бүлийн тооллого,

2.2. 2026 он 02 дугаар сарын 27-ны өдрийн 27/147 албан бичгээр Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1/А/, ХААТР 21/А/ маягтууд

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

-Гэрч ийн шүүхэд өгсөн ...Би *******тэй садан төрлийн холбоо байхгүй, С.Долгосүрэн гуайн багийн даргаар ажиллаж байсан. 2000 оноос хойш Газар өмчлөлийн тухай хууль гарах үед өрх бүрт нэг газар өгч байсан. Тухайн үед өрхийн гишүүдийн тодорхойлолтыг багийн засаг даргын зүгээс гаргаж өгөөд газар эзэмшүүлэх гэрчилгээнд өрхийн нийт гишүүдийн нэр бичигддэг байсан...гэх мэдүүлэг,

-Гэрч ийн...*******тэй садан төрлийн холбоо байхгүй. *******, ******* нар ээж охин хоёр байгаа юм. Энэ хүмүүсийг 1990 оноос хойш таних болсон. 1990 онд манай гэрийн хүн авто замын компанид жолоочоор ажиллаж байхад цемент ачиж ирсэн. Тэгэхэд ******* гуайг гэрийн хамт ачиж ирж байсан...гэх хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай цаг хугацааны хувьд тохирч байх тул дээрх гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Харчин овогт ******* ******* нь  Харчин овогт Балигийн Уртнасангийн төрсөн охин мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1-д зааснаар Харчин овогт ******* ******* нь  Харчин овогт Балигийн Уртнасангийн төрсөн охин мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ГАНТӨГС