Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/08 

 

 

 

 

 

      2026         01          29                                                   2026/ДШМ/08                                 

 

З.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ                

Шүүгдэгч З.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Оргил /цахим/, Б.Баасандорж, Ш.Амарбаяр

            Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Ц.Оргил, Б.Баасандорж, Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч З.Эд холбогдох эрүүгийн 2502003000232 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 2006 оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй,

 

2.З.Э нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай марихуаны төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр иргэн А.А-аас 50,000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан, улмаар дээрх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай марихуаны төрлийн ургамлыг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 00 цаг 28 минут хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр .......дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар байрны ..... тоот орон байр, өөрийн бие болон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "UB Grand" зочид буудлын ..... тоот өрөөнд тус тус хууль бусаар хадгалсан,

Мөн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цаг 40 минутын үед "Чингис Хаан" Олон улсын агаарын замын боомтоор Бүгд Найрамдах Турк улсаас Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 дугаартай аяллын онгоцоор зорчин Монгол Улсын хилээр орох чиглэлд нэвтрэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц"-ын II жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, нийт цэвэр жин нь 0.2 грамм хэмжээтэй "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, марихуаны төрлийн ургамлыг өөрийн ачаанд багтаан, худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, энэ гэмт хэргийг Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3.Нийслэлийн Прокурорын газраас З.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч З.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эийн урьдчилан цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №13 дугаартай прокурорын тогтоол, 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №1060 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, эрүүгийн 2502003000232 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх сэтгэцэд нөлөөт Дельта-9 Тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ бодисын агууламжтай гялгар уут бүхий цэвэр жин нь 43.2 грамм хэмжээтэй ногоон өнгийн марихуаны төрлийн ургамал мэт зүйл, шилэн сав бүхий цэвэр жин нь 24.0 грамм хэмжээтэй ногоон өнгийн марихуаны төрлийн ургамал, Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа гэх цагаан өнгийн цаасанд боосон цэвэр жин нь 0.2 грамм хэмжээтэй хар өнгийн марихуаны төрлийн ургамал мэт зүйл зэргийг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт тус тус даалгаж, “нууц” дардастай 1 хавтас, 3 хуудас баримт болон хяналтын камерын дүрс бичлэг, “Хаан банк”-ны дансны хуулга бүхий цагаан өнгийн 2 ширхэг “CD”, шүүгдэгч З.Эийн эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт 3 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хавсаргаж,

Эрүүгийн 2502003000232 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцуулан гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хот, ....... дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч З.Эийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, ухаарч байна. Харин тухайн үед хэрэгт холбогдсоны дараа миний сэтгэл зүйн байдал маш хүнд байсан тул айдсаасаа холдох зорилгоор Бүгд Найрамдах Турк улс руу зорчсон. Надад энэ үед оргон зайлах, зугтаах гэсэн бодол огт байгаагүй. Үүний дараа 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр миний бие Монгол Улсдаа эргэн ирэхэд миний үүрч явсан үүргэвчтэй цүнхний /хар өнгийн/ халааснаас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  хэрэглэсэн бодисын үлдэгдэл буюу 0.2 грамм бодис илэрсэн нь намайг уг гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаа нар хэргийн газар болон цагдаагийн хэлтэст очсон үед миний цүнхэнд үзлэг хийгээгүй. Надад тухайн бодисыг ахин хэрэглэх, зарж борлуулах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх ямар ч санаа зорилго байгаагүй. Тэрхүү бодисыг миний цүнхэнд байгаа гэдгийг мэдээгүй. Миний энэхүү үйлдэл нь “хэлбэрийн төдий” гэх хуулийн заалтад хамаарах эсэхэд дүгнэлт хийж, зүйлчлэлийг минь өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

6.Шүүгдэгч З.Эийн өмгөөлөгч Ц.Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Тогтоолын дүгнэлт хэсэгт Улсын яллагчаас 0.2 грамм хэмжээтэй "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, марихуаны төрлийн ургамлыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдээгүй, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн нь мансууруулах бодисын хэмжээ, нэгж хэрэглээний тун хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд хүндрүүлэх нөхцөлтэйгөөр Улсын хилээр нэвтрүүлсэн нь 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасныг баримталсан байх бөгөөд 3.З.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 3.З.Э нь Улсын хилээр хориглосон мансууруулах бодис нэвтрүүлж байгаагаа мэдээгүй, нэвтрүүлсэн 0.2 грамм жинтэй мансууруулах бодис нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "UB grand" зочид буудалд хэрэглэсэн мансууруулах бодисын үлдэгдлийг хог болгож цаасанд боогоод цүнхний халаасанд хийсэн байсныг мартаж Улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй байна. Энэ үйлдлийг нарийвчлан шалгаж тогтоох нь зүйтэй байгаа талаар хүсэлтүүд гаргаж байсан боловч 3.З.Э нь хэрхэн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийхгүйгээр шууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т хамааруулан Улсын хилээр нэвтрүүлсэн бол төгссөн гэмт хэрэг гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн гол шинж өөрийн үйлдлийг сайтар мэдэж байгаад оршино. Харин гэмт хэрэгт холбогдуулах зорилгоор зорчигчийн цүнхэнд нууцаар хийх, эсхүл бусад тохиолдлоор зорчигч мэдээгүй байхад түүний цүнхэнд орсон зэрэг тохиолдлыг бодитой эсэх талаар заавал мөрдөн шалгах ажиллагаа явуулж бодит байдлыг тогтоох шаардлагатай. Энэ тохиолдолд зорчигч мансууруулах бодисыг Улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэхээргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан шинж байгаа эсэхийг заавал шалгаж тогтоох шаардлагатай юм.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, нийгэмд тогтоосон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн ял оногдуулсан гэх бөгөөд харин энэ үйлдлүүд нэг зүйл ангиар зүйлчлэгдэж болох эсэх, Улсын хилээр нэвтрүүлсэн мансууруулах бодис нь 0.2 грамм буюу 1 грамм ч хүрэхгүй өчүүхэн зүйл бөгөөд хохирол хор уршиг үгүй тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байж болох эсэх талаар зүйлчлэл дээр маргаж мэтгэлцсэн. Үүнийг ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, гэм буруугийн талаар маргасан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/558 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг өөрчлөн, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

7.Шүүгдэгч З.Эийн өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...3.З.Э нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай марихуаны төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр бусдаас 50,000 төгрөгөөр худалдан авч хууль бусаар олж авсан, улмаар дээрх хориглосон ургамлыг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ...... дүүргийн ..... дугаар хороо, ..... дүгээр байрны ...... тоот орон байр, өөрийн бие болон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "UB grand" зочид буудлын ..... тоот өрөөнд тус тус хууль бусаар хадгалсан, мөн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингис хаан Олон Улсын агаарын замын боомтоор Бүгд Найрамдах Турк Улсаас Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-236 дугаартай аяллын онгоцоор зорчин Монгол Улсын хилээр орох чиглэлд нэвтрэхдээ мөн Сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай 0.2 грамм хэмжээтэй өвс гэх хэрэглээний нэршилтэй марихуаны төрлийн ургамлыг өөрийн ачаанд багтаан худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, энэ гэмт хэргийг Улсын хилээр нэвтрүүлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдож шалгагдсан ба энэ асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүхийн шийтгэх тогтоолоор 3.З.Эийг дээрх хэрэгт гэм буруутайд тооцон, 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. 3.З.Э нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэтгэцэд нөлөөлөх бодис /өвс/ марихуаны төрлийн ургамлыг "UB grand" зочид буудлын .... тоот өрөөнд хэрэглээд үлдэгдэл тамхины ишийг цаасанд боогоод өөрийн авч явсан хар цүнхний халаасанд хийсэн байсан. Тухайн өдөр цагдаагийн байгууллагаас тус буудлын өрөөнд ирж үзлэг нэгжлэг хийсэн ба хар цүнхэнд байсан 24.0 грамм өвсийг хураан авч бэхжүүлсэн бөгөөд цүнхний халаас болон бусад хэсэгт бүрэн дүүрэн үзлэг хийгээгүй орхигдуулж цүнхний халаасанд байсан 0.2 грамм цаасанд боодолтой марихуаныг илрүүлээгүй нь 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улсын хилээр нэвтрэх үед илэрсэн нь гэмт хэрэг гарах нөхцөл болж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Улмаар 3.З.Э нь Бүгд Найрамдах Турк улс руу яваад буцаж 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед түүний авч явсан хар цүнхний халааснаас 0.2 грамм марихуаны төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис илэрч, Улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзсэн. Дээрх 0.2 грамм сэтгэцэд нөлөөлөх бодис гээд байгаа цаасанд боодолтой зүйл нь 3.З.Эийн урьд нь буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өвсийг хэрэглээд цаасанд боож хар цүнхнийхээ халаасанд хийж үлдээсэн үлдэгдэл нь байсан./шинжилгээгээр 2025 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр хураалгасан 0.2 грамм бодис нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хураалгасан бодистой нэг төрлийн гэдгийг тогтоосон байдаг/ Түүнчлэн 3.З.Э нь тагнуулын байгууллагад шалгагдаж анх байцаалт өгөхдөө өвсийг "UB grand" зочид буудлын .... тоот өрөөнд хэрэглээд цаасанд боогоод хар цүнхний халаасанд хийгээд мартсан, Улсын хилээр нэвтрүүлэх санаа зорилго байгаагүй талаараа өнөөдрийг болтол үнэн зөв мэдүүлдэг. Хэрэв 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллага хар цүнхэнд байсан марихуаны төрлийн өвсийг хураахдаа цүнхэнд нь бүрэн үзлэг хийсэн бол ийм асуудал яригдахгүй байсан.

2. 3.З.Э нь Улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг санаатай, зориуд нэвтрүүлсэн үйлдэл байгаагүй. Тухайн цүнхний халаасанд байсан цаасанд боодолтой тамхины иш нь хэрэглэх зориулалтаар биедээ санаатай авч явсан, зориуд бэлдсэн бодис биш, хэрэглэсний дараа үлдсэн хаягдал иш байсан юм. Өөрөөр хэлбэл хар тамхийг Улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэхийн тулд уг этгээд тухайн бодисыг санаатайгаар зориуд хил нэвтрүүлэх үйлдэл хийх шаардлагатай, ийм нөхцөл байдал бүрдээгүй. Түүнчлэн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 3.З.Эийн шээс болон цуснаас дахин шинжилгээ авахад сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй буюу хар тамхи хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон.

3. Улсын хил дээр хураалгасан бодис нь хар зах зээл дээрх үнэлгээ нь 10 грамм нь 50,000-100,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 1 грамм нь 5,000-10,000 төгрөгийн үнэтэй байгаа бол харин 3.З.Эийн цүнхнээс илэрсэн 0.2 грамм өвс нь 1000-2000 төгрөгийн үнэлгээтэй байна. Бодисын хэмжээ, хэлбэр нь тамхины иш/ худалдаалах, бусдад түгээх, нууж тээвэрлэх, хэрэглэх шинжгүй бөгөөд тухайн бодисыг авч явах субьектив санаа зорилго байгаагүй нь илэрхий харагдаж байна.

4. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ гэж хуульчилсан байна. 3.З.Эийн цүнхний халааснаас илэрсэн сэтгэцэд нөлөөлөх бодис нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зочид буудалд хэрэглээд үлдсэн хаягдал тамхины ишийг цаасанд боогоод цүнхний халаасандаа хийгээд мартсан үйлдэл нь ямар нэгэн санаа зорилгогүй, санамсар, болгоомжгүй үйлдэл юм. 3.З.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй, хор уршиг учирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн, өөрөөр хэлбэл тухайн үйлдэлдээ хайхрамжгүй хандсаныг илтгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 зүйлийн 1-д "Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 2-т "Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно" гэж заасан. Гэтэл 3. З.Эийн гэмт үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог тул тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлтэй байна.

5. 3.З.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд харин тус зүйл ангийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан "Улсын хилээр нэвтрүүлэх..." -ээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит үйл баримтад нийцээгүй тул гэм буруутай эсэх дээр маргасан. Гэтэл шүүх гэм буруу дээр маргасан гэж үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль зөрчсөн Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/558 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

8.Шүүгдэгч З.Эийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...3.З.Эийн хувьд яллагдагчаар татсан мэдүүлэгтээ тухайн мансууруулах төрлийн ургамлыг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан шууд зочид буудалд авчирсан талаар мэдүүлдэг.

Прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулахгүйгээр дээрх баримтад үндэслэж цаг хугацаа, гэмт хэрэг гарсан газрыг тогтоосон нь үндэслэлгүй байна. Гэмт хэрэг гарсан гэх ...... дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотын талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "UB Grand" зочид буудалд .... тоот өрөөнд хадгалсан гэх боловч тухайн буудалд зөвхөн татаж хэрэглэсэн үйлдэл тогтоогдсон. Гэтэл дээрх үйлдлийг хадгалсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эд зүйлийг хураан авсан тэмдэглэл байх ба “UB grand” нэртэй буудлын .... тоот өрөөнд хэргийн газрын үзлэг хийж шилэн саванд хийсэн ногоон өнгийн өвс мэт зүйл 16.2 грамм хэмжээтэй, мөн гялгар уутанд хийсэн өвс мэт ногоон өнгөтэй зүйл 29 грамм хэмжээтэйг хураан авав. Битүүмжилсэн байдал: хар өнгийн гялгар уутанд хийж криминалистикийн шинжээч ахлах дэслэгч Ө.Энх-Онон битүүмжлэн хаяглаж хураан авав, хураан авсан мөрдөгч цагдаагийн дэслэгч О.Анхбаяр гэжээ.

1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд дээрх ажиллагааг прокурорын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон байна.

Гэтэл 2025 оны 3 дугаар сарын 11-ны өдөр тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Анхбаяр нь илтгэх хуудсаар хэргийн газраас өвс мэт зүйл хурааж авсан бөгөөд үзлэгээр авах үед граммлаж хэмжээг тогтоогоогүй, харин Шүүх шинжилгээний ерөнхий газар руу шинжээч томилохдоо граммлаж шинжээч томилох тогтоолдоо бичсэн, өвс мэт зүйлийг шилэн савнаас гаргаж граммлахад 16.2 грамм, гялгар ууттай өвс мэт зүйлийг граммлахад 29 грамм байсан. Эд зүйлсийн граммласан жин хэмжих багажийн зургийг хавсаргав гэсэн.

Дээрх баримтуудаас үзэхэд эд зүйл хураан авсан тэмдэглэлд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тухайн эд зүйлсийг граммласан ба мөрдөн байцаагчийн илтгэх хуудсаас зөрүүтэй байна.

2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон ба дээрх цэвэр жин 16.2 грамм гэж, дээрх эд мөрийн баримтад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх талаар тодруулсан байна.

Гэтэл Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/1689 дүгнэлтээр эд мөрийн баримтаар хураан авсан 16.2 грамм ургамал 24.0 грамм болж өөрчлөгдсөн нь эргэлзээтэй, ойлгомжгүй.

Мөн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шинжээч томилох тогтоолоор цэвэр жин 29 грамм эд мөрийн баримтад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх талаар тодруулсан байна.

Гэтэл 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0325/1690 дугаар шинжээчийн дүгнэлтээр 29 грамм цэвэр жинтэй ургамал 43.2 болсон нь ойлгомжгүй, эргэлзээтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 шүүх, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

Оролцогчийн хүсэлтээр хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах талаар хүсэлт гаргасны дагуу тэдгээрийг хаана хадгалахыг шүүх, прокурор шийддэг. Гэтэл 16.2 грамм, 29 грамм ургамлыг хэний шийдвэрээр хаана хадгалах талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнийг шүүх Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх дүгнэлт хийсэн нь өрөөсгөл болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1-т хэргийг өөр мөрдөгчид болон шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ" гэж заасны дагуу эд мөрийн баримтыг шүүхэд хүргүүлээгүй, хэргийн оролцогчийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд нотлох баримтыг авчрах талаар тодорхой хүсэлтүүд яригдсан боловч эд мөрийн баримт шүүхэд ирээгүй учраас шинжлэн судлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгчийн зүгээс мансууруулах төрлийн ургамлыг хаанаас, хэзээ, хэдэн төгрөгөөр авсан, хэн захиалж авхуулсан талаар тодорхой мэдүүлдэг, гэтэл дээрх мэдүүлгээр ялласан боловч мэдүүлэгт заагдсан гэрч бүхий этгээд болох гадаад Улсын иргэнийг Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, гэмт хэрэгт хамааралтай эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, 2 дугаар хавтас хэргийн 85-89 дугаар талд гэрч А.А-ын мэдүүлэгт "дээд лигийхэн хотод ирчихсэн байгаа, би тэд нарт олж өгөх гээд" гэж тодорхой ярьдаг. Энэ нь миний үйлчлүүлэгчийн мэдүүлгээр нотлогддог.

Хавтаст хэрэгт холбогдогчийн ээж Э.З 3 удаа мэдүүлэг авсан. Ингэхдээ гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн.

Хавтаст хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч О.Анхбаяр, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч цагдаагийн дэд хурандаа 3.Наранбаатар, Тагнуулын Ерөнхий газрын мөрдөгч, ахлах дэслэгч Э.Балдорж нар нь эрх бүхий ямар албан тушаалтны шийдвэрээр дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн нь тодорхойгүй хууль бус байна.

2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг өглөө 07 цаг 40 минутын үед “Чингис Хаан" Олон Улсын агаарын замын боомтоор Бүгд Найрамдах Турк улсаас Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 дугаартай аяллын онгоцоор зорчин Монгол Улсын хилээр орох чиглэлд нэвтрэхдээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт Дельта-9 Тетрагидроканнабинол бодисын агууламжтай, нийт цэвэр жин 0.2 грамм хэмжээтэй өвс гэх хэрэглээний нэршилтэй марихуаны төрлийн ургамлыг өөрийн ачаанд багтаан, худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, энэ гэмт хэргийг Улсын хилээр нэвтрүүлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэргийн тухайд:

3.З.Эийн хувьд гэмт хэрэгт холбогдох үедээ дөнгөж насанд хүрч байсан сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй өсвөр насны сэтгэхүйтэй байсан гэдэг нь дээрх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас харагддаг. 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “UB Grand” зочид буудалд хэрэглэсэн тамхины ишийг үүргэвч цүнхнийхээ хажуу талд хийсэн.

Ингээд Монгол Улсын хилээр нэвтэрсэн ба өөрөө бол мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй, үүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж хэрэглэх зарах санаа бодол байгаагүй, зөвхөн хог гэж тооцож гэмт санаа бодол агуулаагүй,

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл нийгмийн хор аюулын хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэх шинжтэй бүрэн нийцэж байна гэж дүгнэхээр байна.

Иймд 2025 оны 12 дугаар сарын 10 өдрийн 2025/ШЦТ/558 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул хүчингүй болгож өгнө үү...” гэв.

9.Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтийн агуулга: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд уг үйлдэл нь санаатай бус байсан гэх агуулга дурдагдаж байна. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. З.Эийн “цүнхэндээ мартаад авч явсан” гэх тайлбар нь зөвхөн З.Эийн өөрийн мэдүүлэг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Анхбаяр хэргийн газрын үзлэг хийх үед цүнхний хажуу талд бодис байсан гэх баримт хэрэгт тусгагдаагүй. Үзлэгийн явцад ил байсан, тавигдсан бодисуудыг хураан авсан бөгөөд З.Эийн дурдсан үүргэвч, цүнхний талаар гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлд тусгагдаагүй. Харин хэрэглэсний дараах шатсан иш, цаас нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гэрэл зургийн үзүүлэлтээр тодорхой тусгагдсан. Үүнээс хойш буюу 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улсын хилээр орж ирэх үед илэрсэн бодисыг өмнөх эх сурвалжтай ижил төрлийн бодис байж болох ч нэг эх сурвалжтай гэдгийг баталсан нотлох баримт байхгүй. Зарж борлуулах санаа зорилго байгаагүй гэх асуудлын хувьд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд худалдах, борлуулах зорилгоор гэсэн агуулга огт тусгагдаагүй. Энэ нь өмгөөлөгч нарын гомдолдоо нэмж дэвшүүлсэн, нотолгоонд тулгуурлаагүй асуудал. Үзлэгийг дутуу хийсэн гэх асуудлын тухайд дуудлага анх буудлын өрөөнд гадаад Улсын иргэнтэй маргалдаж, цүнхэнд нь ургамал хийх гэж байна гэсэн мэдээллээр ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн очиж, хэргийн газрын үзлэгийг хуульд заасан журмын дагуу явуулсан. Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд шилэн сав, гялгар уутанд хийсэн бодис, задгай нунтаг хэлбэртэй ургамал зэргийг тус тус тэмдэглэсэн. Тухайн үед бодисыг жинлээгүй нь Монгол Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан, нарийвчлалтай жин зөвхөн Шүүх шинжилгээний ерөнхий газар болон хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад байдагтай холбоотой. Мөрдөгчид стандартын бус жингээр жинлэх боломжгүй. Харин Шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан шинжээчийн дүгнэлтүүдэд заасан цэвэр жинг бодит жин гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Э нь шинжээч томилох тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан боловч өмгөөлөгчтэйгөө хамт шинжилгээний дүгнэлтүүдтэй танилцах үед ямар нэгэн санал, гомдол гаргаагүй. Эд мөрийн баримтыг шинжлэн судлуулах асуудлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан журмаар зохицуулагддаг. Энэ журмын дагуу эд мөрийн баримтыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, мөрдөх байгууллагад хадгалах боломжтой. Энэхүү журам нь сэтгэцэд нөлөөт бодисыг онцгой нөхцөлд хадгалах шаардлагатай холбоотой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн үйл баримт, нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эд холбогдох эрүүгийн 2502003000232 дугаартай хэргийг шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Ц.Оргил, Б.Баасандорж, Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

1.Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болсон гэж үзэх үндэслэл болно.

2.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, шүүгдэгч З.Э нь “2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, марихуаны төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Дархан-Уул аймагт оршин суух иргэн А.А-аас худалдан авахаар 50,000 төгрөг шилжүүлсэн.

Мөн хууль бусаар олж авсан марихуаны төрлийн ургамлыг өөрийн биед буюу үүргэвчдээ хадгалан авч явж байгаад цахимаар танилцсан гадаад Улсын иргэн T -тэй уулзахаар тохирч 2025 оны 02 дугаар сарын 06-ны шөнийн 00 цаг 28 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг УБ Гранд (UB Grand) зочид буудлын ..... тоот өрөөнд очин улмаар уг "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, марихуаны төрлийн ургамлыг цаасанд ороон татаж хэрэглэсэн. Дуудлагаар очсон цагдаа тухайн буудлын өрөөнөөс нийт цэвэр жин нь 67.2 грамм (тус бүр нь 43.2 грамм, 24.0 грамм) хэмжээтэй, Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй марихуаны төрлийн ургамлыг хураан авсан.

Түүнчлэн шүүгдэгч З.Эийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цаг 40 минутын үед "Чингис Хаан" Олон Улсын агаарын замын боомтоор, Бүгд Найрамдах Турк Улсаас Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 дугаартай аяллын онгоцоор зорчин Монгол Улсын хилээр орох чиглэлд нэвтрэхэд нь хилийн тагнуулын албанаас саатуулан шалгахад 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй 0.2 грамм марихуаны төрлийн ургамал /... иш болгож ороосон, дутуу шатсан цаасыг давхар цагаан цаасанд боосон.../-ыг тээш болох үүргэвчнээс илэрсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудад тусгагдсан байдаг.

 

3.Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч З.Эийн үйлдлийг “...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай марихуаны төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр иргэн А.А-аас 50,000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан, улмаар дээрх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай марихуаны төрлийн ургамлыг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 00 цаг 28 минут хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ...... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны .... тоот орон байр, өөрийн бие болон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "UB Grand" зочид буудлын .... тоот өрөөнд тус тус хууль бусаар хадгалсан,

Мөн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цаг 40 минутын үед "Чингис Хаан" Олон Улсын агаарын замын боомтоор Бүгд Найрамдах Турк улсаас Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 дугаартай аяллын онгоцоор зорчин Монгол Улсын Хилээр орох чиглэлд нэвтрэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц"-ын II жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, нийт цэвэр жин нь 0.2 грамм хэмжээтэй "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, марихуаны төрлийн ургамлыг өөрийн ачаанд багтаан, худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, энэ гэмт хэргийг Улсын хилээр нэвтрүүлсэн...” гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 271 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч З.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

4.Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

 

Шүүх яллах дүгнэлтэд заасан З.Эд холбогдох үйлдлээс "...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц"-ын II жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, марихуаны төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан...” гэх үйлдлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа гэм буруугийн талаар “...шүүгдэгч З.Эийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй...” гэх дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч З.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж заасан нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3–т заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журам зөрчигдсөн байна.

 

5.Түүнчлэн шүүх шүүгдэгч З.Эд холбогдох гэмт хэргээс буюу 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цаг 40 минутын үед "Чингис Хаан" Олон Улсын агаарын замын боомтоор Бүгд Найрамдах Турк улсаас Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 дугаартай аяллын онгоцоор зорчин Монгол Улсын Хилээр орох чиглэлд нэвтрэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц"-ын II жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, нийт цэвэр жин нь 0.2 грамм хэмжээтэй марихуаны төрлийн ургамлыг өөрийн ачаанд багтаан, худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт үйлдлийн “...худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэх үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр, эсхүл тусдаа сэдэл, санаа зорилготойгоор, хүндрүүлэх нөхцөлтэй үйлдсэн эсэх, энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй атлаа яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэснийг хууль зүйн бодит байдалд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

 

6.Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч З.Э мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрхэн нөлөө үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Ц.Оргил, Б.Баасандорж, Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

7.Үүнээс гадна 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд дугааргүй, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй зэрэг зөрчил байгааг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/558 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч З.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ЦЭРЭНХАНД

                                                           

                                      ШҮҮГЧИД                                           Д.МӨНХБҮРЭН

 

                                                                                             З.ТҮВШИНТӨГС