Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 213/МА2022/00013

 

 Ж.Эрдэнэбатын хүсэлттэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 131/ШШ2022/00140 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч Ж.Эрдэнэбатын хүсэлттэй

Засгийн газрын нөөц сангаас хохирол 20.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг прокурор Э.Гантулгын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өлзийбаяр, прокурор Э.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Жамцын Эрдэнэбат Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт ажиллаж амьдардаг. Миний бие нь 2019 оны 6 сарын 14-ний' өдөр Баянхонгор аймгаас Баацагаан сум руу Пургон маркийн автомашинаар явж байхад машины баруун талын урд дугуй хагарч буудсаны улмаас машин замын хажуу руу орж унаснаас шалтгаалан осол болсон. Энэ шалтгаанаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах газраас тус хэргийг шалгаж, намайг Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.10.3-д заасан гэмт хэрэгт буруутган үндэслэлгүйгээр яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс надад холбогдох хэрэг нэг удаа буцаж, дахин шүүх рүү шилжиж, 2020 оны 8 дугаар сарын 20 ны өдрийн 277 дугаар цагаатгах тогтоолоор намайг гэм буруугүй гэж үзэн надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Баянхонгор аймгийн Прокурорын газраас эсэргүүцэл гаргаж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Харин Прокурорын газраас дахин тус хэрэгт эсэргүүцэл бичиж улмаар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.  Энэ хугацаанд миний бие нь сэтгэл санаан хувьд маш их хүнд байдалд орж, хүний амь эрсэдсэн учраас шүүхээр хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө хохирол төлбөрүүдийг бүрэн төлж барагдуулж байсан. Энэ цаг хугацаанд сэтгэл санааны хувьд хүнд байдалд орохын зэрэгцээ сумын хүмүүс намайг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэсэн гэж маш их шуугиж энэ цаг хугацаанд миний нэр хүнд ч гэсэн алдагдсан. Шүүхээс надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан ч түүнээс өмнө болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцоход надаас багагүй хэмжээний зардал гарч хохирол учирсан. Хэрэг шалгагдах явцад хохирогч талд 10.000.000 төгрөгний хохирол төлбөр төлж барагдуулсан, хууль зүйн туслалцааны зардалд 10100000 төгрөгний зардал гаргасан. Хууль зүйн туслалцааг гурван өмгөөлөгчөөс авсан ба тус өмгөөлөгч бүрт анхан болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд хууль зүйн туслалцаа авсаны хөлсөнд өмгөөлөгч Н.Энхжаргалд 3500000 төгрөг, П.Өлзийбаярт 3300000, өмгөөлөгч Р.Уранцэцэгт 3300000, түүнчлэн сууж явсан зорчигчдын эмчилгээнд 400000 төгрөгийн зардал гарсан тул үүнийгээ нэхэмжлэх болно. Баянхонгор аймгийн Прокурорын газраас хууль зүйн зөв үнэлэлт хийж хэргийг тухайн шатандаа хэрэгсэхгүй болгосон бол эсхүл намайг буруутган яллагдагчаар татаагүй бол би ийм хэмжээний хохирол гаргахгүй байсан. Гурван шатны шүүхийн шийдвэрээр надад холбогдуулан шалгасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Намайг гэмт хэрэгт холбогдон мөрдөн шалгагдсан, шийтгүүлсэн, цагдан хоригдсоноос надад эдийн болон эдийн бус, бие, эрүүл мэндийн дараах хохирол учирсныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолын дагуу нэхэмжилж байна. Би хохирол барагдуулах зорилгоор хохирогчийн төлөөлөгч Баянмөнхөд 10.000.000 төгрөгийн хохирол, зорчигчдын эмчилгээний зардалд 400000, Хууль зүйн туслалцааны төлбөрт 10100000 төгрөг, Нийт 20500000 төгрөгний зардал гаргасан.

Иймд төрийн байгууллага албан тушаалтны надад учруулсан хохирол 20 500 000 /хорин хоёр сая таван зуун мянган / төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү...гэжээ. 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өлзийбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Жамцын Эрдэнэбат нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн төвөөс Баацагаан сум руу явж байгаад фургон авто машины дугуй буудсаны улмаас хажуу тал руу унаж үүнээс үүдэлтэйгээр машинд зорчиж явсан нэг хүн нас барсан байдаг. Тухайн нөхцөл байдалд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Энэ хэргийг прокурорын газраас олон сарын хугацаагаар шалгасан байдаг. Энэ хугацаанд Ж.Эрдэнэбатын өмгөөлөгчийн зүгээс тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа өгч байсан боловч Баянхонгор аймгийн прокурорын газраас хүсэлтийг хүлээж авахгүйгээр гэм буруутай байна гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхэд шилжүүлэхэд гэмт хэрэг нь 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял эдлэхээр заасан гэмт хэрэг байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үед н.Энхжаргал өмгөөлөгчийг авч түүний дараа П.Өлзийбаяр миний бие мөн н.Уранцэцэг гэсэн өмгөөлөгчийг шүүх хуралдааны үе шатанд авч өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан. Энэ хугацаанд Ж.Эрдэнэбат нь нааш цааш ирж очиход их хэмжээний зардал гарсан. Тухайн үед машины дугуй буудсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлчлэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас үүссэн. Гэтэл хууль тогтоомж зөрчсөн үндэслэл нь тогтоогдохгүй байхад хууль бусаар яллагдагчаар татаж удаа дараа нааш цааш явуулснаас болж өмгөөлөгч нарын тоог нэмж авсан. Түүнчлэн хорих ялтай учир Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хохирлоо нөхөн төлсөн бол ял оногдуулахгүйгээр тэнсэх заалт байдаг тул үүний улмаас бусдад учирсан хохирол болох 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч төлж барагдуулан шүүх хуралд орсон. Нэхэмжлэгч Баацагаан сумаас Баянхонгор аймагт ирж очиход зарцуулагдсан шатахууны зардал болон осол гарах үед 4-5 зорчигчийн эмчилгээний зардал гэх мэт нэхэмжлэгчээс маш их мөнгө зарцуулагдсан. Прокурор төрийг төлөөлж яллах дүгнэлт үйлдэхдээ нотлох баримтад үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх ёстой. Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх байсан хэдий ч нэхэмжлэхгүйгээр бодит учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Цагаатгах тогтоол гарсан тул өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан байдаг тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 06 дугаар сард тухайн осол гарсан үеэс нэг жил зураан сарын хугацаанд энэ хэргийн араас явсан. Нэхэмжлэгчийн биеийн байцаалт иргэний үнэмлэхний хуулбар дээр Баацагаан сумын 7 дугаар багт оршин суух хаягтай гэж байдаг. Иймд Баянхонгор аймгаас Баацагаан сум 30-40 км-ийн зайтай байдаг тул Баацагаан сумаас Баянхонгор аймагт ирж очиход хэдэн төгрөгийн зардал гарах мөн сэтгэл санааны хохирол зэрэг нөхцөл байдал харагдаж байна. Өмгөөлөгч шүүх хуралд оролцохдоо мэдэгдэл өгч шүүх хуралд оролцдог тул тухайн үед шүүгчийн туслах хэргийн материалд хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Цагаатгах тогтоолд өмгөөлөгч Өлзийбаяр, Уранцэцэг, Энхжаргал нарын нэрс орсон байгаа тул энэ нь хөдлөшгүй нотлох баримт юм. Өмгөөллийн тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч үйлчлүүлэгч гэрээ байгуулсны үндсэн дээр харилцан тохиролцож тогтооно гэж заасан байдаг. Бид бүгд ямар ч хөлс авахгүйгээр 5 удаагийн шүүх хуралд оролцоно гэж байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Мөрдөгч, прокурор, шүүхээс шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй бөгөөд осол гарах үеийн нөхцөл байдал нь тоормос гишгэхээс өөрөөр зогсоох ямар ч арга байгаагүй. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр жолоочийг зогсоох арга хэмжээ аваагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хэн ч харсан шинжээч буруу дүгнэлт гаргасан байхад төрийг төлөөлж байгаа прокурор үүнийг таслан зогсоох ёстой байсан. Яллагдагчаар татсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг баримтална. Прокурорт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй эсхүл субьектив шинж байхгүй байгаа тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох эрх нь байсан. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал байгаа учир оршуулгын зардлын 10.000.000 төгрөгийг төлж шүүх хуралд оролцсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Э.Гантулгаас анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад хууль бусаар яллагдагчаар татсаны улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарч дотор нь сууж явсан зорчигч нас барсан. Осол гарсан шалтгаан нөхцөлийг нь тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулахад нэхэмжлэгч талаас зөвшөөрөөгүй тул дахин шинжээч томилсон байдаг. Тээврийн цагдаагийн газрын техникийн шинжээч Ж.Эрдэнэбатыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан заалтыг Ж.Эрдэнэбат зөрчсөн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Машины дугуй хагарах нь хөдөлгөөнд аюул саад бий болж байна гэж үзнэ гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн прокурорын газраас Ж.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүх шийдвэрлэхдээ Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ зааснаар шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийг хууль бусаар яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол учирсан гэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийн эрхэд халдаж, хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй. Хохирогч нарт 10.000.000 төгрөг төлсөн тул үүнийг нэхэмжилж байгаа юм байна. Тухайн үед осол гарахад сууж явсан зорчигч нас барсан тул үүнээс үүсэх үр дагаврыг яллагдагч хариуцах ёстой. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч прокуророос хохирлыг барагдуулах талаар шаардаагүй бөгөөд яллагдагч төлөхгүйгээр шүүх хуралд оролцох боломжтой байсан. Хохирлыг төлсөн нь яллагдагч талын сайн дурын асуудал байна. Өмнөх шүүх хуралд өмгөөллийн мэдэгдэлтэй танилцахаар хүсэлт гаргасан бөгөөд Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ гэрээ байгуулах ёстой байдаг. Мөн Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдэгдэл өгөхөөр зохицуулсан байдаг. Гэтэл хэрэгт өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ ч байхгүй өмгөөлөгчийн мэдэгдэл ч байхгүй байхад өмгөөлөгч нар шүүх хуралд орсон байсан бөгөөд өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээс тухай үедээ үйлчилгээний хөлс аваагүй байна. Хэрвээ хөлс авах байсан бол тухай бүрдээ үйлчилгээний хөлс авах ёстой байсан. Гэтэл энэ хэрэг гурван шатны шүүхээр орсны дараагаар өмгөөлөгч нарын хөлсийг төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан байна. Энэ нь хэргийг цагаатгах үед иргэний журмаар нэхэмжлэх зорилгоор нотлох баримт бүрдүүлсэн гэсэн хардлага үүсэж байна. Иймд яллагдагчийг хууль бусаар яллагдагчаар татаагүй шүүхээс яллагдагчид ашигтай байдлаар дүгнэж шийдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ж.Эрдэнэбатын

нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 20.500.000 төгрөг гаргуулж, Ж.Эрдэнэбатад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Эрдэнэбат нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хүсэлт гаргагч Ж.Эрдэнэбат нь иргэний анхан шатны шүүхэд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан ч түүнээс өмнө болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцоход надаас багагүй хэмжээний зардал гарч хохирол учирсан. Хэрэг шалгагдах явцад хохирогч талд 10 000 000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан, Н.Энхжаргалд 3500000 төгрөг нийт хууль зүйн туслалцааны зардалд 10100000 төгрөгийн зардал гаргасан. Хууль зүйн туслалцааг гурван өмгөөлөгчөөс авсан ба тус өмгөөлөгч бүрд анхан болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд өмгөөлөгч П.Өлзийбаярт 3300000, өмгөөлөгч Р.Уранцэцэгт 3300000, өмгөөлөгч түүнчлэн сууж явсан зорчигчдын эмчилгээнд 400000 төгрөгийн зардал гарсан байгаа тул үүнийгээ нэхэмжилж байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас хууль зүйн зөв үнэлэлт хийж хэргийг тухайн шатандаа хэрэгсэхгүй болгосон бол эсхүл намайг буруутган яллагдагчаар татаагүй бол би ийм хэмжээний хохирол гаргахгүй байсан. Гурван шатны шүүхийн шийдвэрээр надад холбогдуулан шалгасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Намайг гэмт хэрэгт холбогдон мөрдөн шалгагдсан, шийтгүүлсэн, цагдан хоригдсоноос надад эдийн болон эдийн бус, бие, эрүүл мэндийн дараах хохирол учирсныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, МУ- ын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30- ны өдрийн 45 дугаар тогтоолын дагуу нэхэмжилж байна. Би хохирол барагдуулах зорилгоор хохирогчийн төлөөлөгч Баянмөнхөд 10 000 000 төгрөгийн хохирол, зорчигчдын эмчилгээний зардалд 400000, Хууль зүйн туслалцааны төлбөрт 10100000 төгрөг, Нийт 20500000 төгрөгийн зардал гаргасан тул дээрх хохирлыг засгийн газрын тусгай сангаас гаргуулна уу гэсэн хүсэлтийг иргэний хэргийн анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30- ны өдрийн 45 дугаартай тогтоолд Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай Эрүугийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд ...бусад зардал гэдэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал орохгүй бөгөөд үүнд шүүгдэгчээс хохирогч болон бусад этгээдэд төлсөн зардлыг хамааруулна..гэжээ. Иймд дээрх төлбөр, зардал нь Ж.Эрдэнэбатаас эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал, хууль зүйн туслалцаа авахад хохирогч болон өмгөөлөгч нарт төлсөн хөлс, төлбөр болох нь тогтоогдсон байна гэж дүгнэн хүсэлтийг бүхэлд нь хангаж буюу 20500000 төгрөгийг засгийн газрын тусгай сангаас гаргуулж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч нарын гэрээ болон мэдэгдэл эрүүгийн хэрэгт байсан эсэхийг эрүүгийн хэргээс авхуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч эрүүгийн хэрэгт гэрээ болон мэдэгдэл байхгүй талаарх баримтыг Улсын Ерөнхий прокурорын газрын төв архиваас албан бичгээр ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдэгдэл өгөхөөр зохицуулсан байдаг. Гэтэл хэрэгт өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ ч байхгүй өмгөөлөгчийн мэдэгдэл ч байхгүй байхад өмгөөлөгч нар шүүх хуралд орсон байсан бөгөөд өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээс тухай үедээ үйлчилгээний хөлс аваагүй байна. Хэрвээ хөлс авах байсан бол тухай бүрдээ үйлчилгээний хөлс авах ёстой байсан. Гэтэл энэ хэрэг гурван шатны шүүхээр орж хамгийн сүүлийн буюу улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараагаар өмгөөлөгч нарын хөлсийг төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан байна. Энэ нь хэргийг цагаатгах үед иргэний журмаар нэхэмжлэл гаргах зорилгоор нотлох баримтыг сүүлд нь нөхөн бүрдүүлсэн гэсэн хардлага үүсэж байна.

Мөн иргэний хэргийн анхан шатны шүүхийн баримталж буй Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай тогтоол нь 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар тайлбарласан байх бөгөөд 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь 2015 онд хүчингүй болж 2015 оноос хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. 2015 оноос мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлтэй адилтган үзэх буюу өмнө үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байхад Улсын дээд шүүхийн дээрх тогтоолыг үндэслэл болгон хохирогч нарт төлсөн гэх 10.400.000 төгрөгийн хохирлыг засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн осол гарах үед тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигчийн амь нас хохирч, бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул үүнээс үүсэх үр дагаврыг яллагдагч хариуцах ёстой. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч болон прокуророос хохирлыг барагдуулах талаар шаардаагүй бөгөөд яллагдагч нь хохирлыг төлөхгүйгээр шүүх хуралд оролцох боломжтой байсан. Ж.Эрдэнэбат хохирогч нарт хохирлыг төлсөн нь яллагдагч талын сайн дурын асуудал уг төлсөн хохирлыг гэм хорын хохиролд тооцох боломжгүй бол но.

2. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг баримталсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.. гэх зохицуулалтыг мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д заасан Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.. гэх зохицуулалттай давхар баримтлах боломжгүй талаар Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 18- ны өдрийн №00411 дугаартай тогтоолд дурдсан байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасны дагуу шүүхийн Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 131/ШШ2022/00140 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргав гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичсэн гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв, хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу Прокурорын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар засах боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн 2020/ШЦ/277 дугаар цагаатгах тогтоолоор шүүгдэгч Ж.Эрдэнэбатад холбогдох Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 06 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Нарийний гүүрний орчимд байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 19-32 БНХ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуугийн далан руу онхолдон унаж улмаар зорчиж явсан Н.Амгалангийн амь насыг хохироож, 2 сартай хүүхэд Н.Жаргалбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Эрдэнэбатыг цагаатгаж шийдвэрлэжээ.

 Түүнчлэн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ДШМ/75 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ./ хэргийн 17-38 дугаар тал/

 Дээрх үйл баримттай холбоотойгоор хүсэлт гаргагч Ж.Эрдэнэбатын Баянмөнхөд 10.000.000 төгрөгийн хохирол, зорчигчдын эмчилгээний зардалд 400000, хууль зүйн туслалцааны төлбөрт 10 100 000 төгрөг, Нийт 20 500 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 131/ШШ2022/00140 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсэж Прокурор давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэхийг хүссэн хүсэлт гаргагч Д.Эрдэнэбатын хүсэлттэй хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдсэн болохынхоо хувьд хариуцагч этгээдгүй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасныг дагуу хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохдоо төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж заасныг дагаж мөрдөхөд хүсэлт гаргах тодорхой байгууллага байхгүй байна.

Энэ тохиолдолд хэргийн нэг тал болох хариуцагчгүй учраас төрийн байгууллагын хүсэлт үгүйсгэгдэж, харин эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан нь ямар нэг маргаангүйгээр хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт тул Прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээс Прокурорыг оролцуулах болсноо мэдэгдсэний үндсэн дээр Прокуророос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтээ шүүхэд ирүүлж улмаар Прокурорыг шүүх гуравдагч этгээдээр оролцуулж, хэргийг шийдвэрлэнэ.

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлд заасан журмыг баримтлалгүйгээр Прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байдлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул хэргийг бүхэлд нь хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар болон Прокурорын гаргасан гомдолд Давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 131/ШШ2022/00140 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурор нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

Т.ЖАРГАЛСАЙХАН