| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04120/И |
| Дугаар | 191/ШШ2025/06472 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/06472
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, сөүл, 10/1 барилга, 1301а тоотод байрлах, ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ар согоотын 1 гудамж, 93 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 18.584.085 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч А.******* манай ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу:
-Үндсэн зээл 20.000.000 төгрөгөөс 3.590.518 төгрөг төлж, үлдэгдэл 16.409.481 төгрөг,
-2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 525 хоногийн үндсэн хүү 9.216.661 төгрөгөөс 7.089.873 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.126.787 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүү 95.423 төгрөгөөс 47.607 төгрөгийг төлж, үлдэгдэл 47.816 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 18.584.085 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* ХХК-тай холбоо бариад зээлийн гэрээний үнийн дүн болох 18.584.085 төгрөгийг төлөх төлбөрийн чадвар байхгүй, барьцаанд байгаа машинаа хураалгая гэсэн боловч авахгүй, мөнгөн дүнг төл гэсэн. Лангуу түрээсэлдэг байсан дампуурсан, 850.000 төгрөгийн цалинтай ажилд орсон, ганц бие 2 хүүхэдтэй, хөгшин ээжтэйгээ амьдардаг. Үнэхээр төлөх боломж алга гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэжидмаа, хариуцагч А.******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 18.584.085 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөв. 18.584.085 төгрөгийг дараах графикаар төлөхөөр талууд тохиров. Үүнд:
-2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1.858.408 төгрөг,
-2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1.858.408 төгрөг,
-2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.858.408 төгрөг,
-2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1.858.408 төгрөг,
-2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.858.408 төгрөг,
-2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1.858.408 төгрөг,
-2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.858.408 төгрөг,
-2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1.858.408 төгрөг,
-2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1.858.408 төгрөг,
-2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.858.413 төгрөгөөр тус бүр төлнө гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18.584.085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 18.584.085 төгрөгийг 2025 оны 8 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сарын хооронд, сар бүрийн 10-ны өдрийн дотор 1.858.408 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.858.413 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 18.584.085 /арван найман сая таван зуун наян дөрвөн мянга наян таван/ төгрөгийг 2025 оны 8 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сарын хооронд, сар бүрийн 10-ны өдрийн дотор 1.858.408 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.858.413 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250.871 төгрөгийн тавин хувь болох 125.435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 125.435 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 125.435 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ