| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/05102/И |
| Дугаар | 191/ШШ2025/06470 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/06470
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ********тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******** тоотод оршин суух, ******* овогт *******ий ******* /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Ц.*******д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие Д.******* 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1111 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн 35-р хороо, ********** тоотод 0000146993 нэгж талбарын дугаартай 500 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшдэг билээ. Гэтэл хариуцагч этгээд Ц.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч миний эзэмшлийн газарт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлан хоёр гэр барьж амьдраад 2 сар шахам амьдарч байна. Миний бие тухайн газарт байшин барьж өмчлөх зорилготой бөгөөд одоогоор тухайн газартаа амьдардаггүй. Би хариуцагч Ц.*******тай биечлэн уулзаж, миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв хэл амаар доромжилж шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрлээ. Миний бие нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтайгаар Дүүргийн газрын алба, Засаг дарга болон холбогдох эрх бүхий этгээдүүдэд удаа дараа хандаж байсан. Газрын алба, улсын байцаагчийн зүгээс хариуцагч этгээд Ц.*******д газар чөлөөлөх тухай шаардах хуудас, акт удаа дараа хүргүүлж байсан ч үл тоон, биелүүлэхгүй миний эзэмшлийн газарт амьдарсаар байна. Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс төмөр хашаа барьж мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүрэн дуусгасан. Гэтэл тус хашааг хэд хэдэн удаа эвдлээд орчихсон байсан. 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хашаагаа эргээд очиход Ц.******* нь өөрийн талийгаач аавын оршуулгын ажил явдлыг манай хашаанд хийж талийгаачийг гаргасан. Энэ зун тухайн газартаа гэр бүлээрээ зусланд гарч зуслангийн байшин барихаар төлөвлөсөн бөгөөд өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж Баянзүрх дүүргийн 35-р хороо, , тоотод 0000146993 нэгж талбарын дугаартай 500 м.кв гэр, орон сууцны хашааны зориулалтай газрыг Ц.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй *******ын нэхэмжлэлтэй, *******ий ******* надад холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Баянзүрх дүүрэг, 35 дугаар хороо, , тоот 0000146993 нэгж талбарын дугаартай 500 мкв гэр, орон сууцны хашааны зориулалттай газар нь манай газрын зүүн талын хашаа юм. Учир нь миний бие талийгаач эцэг Сахъяагийн *******тэй цуг 2000 оноос хойш Баянзүрх дүүрэг, 35 дугаар хороо, тоот хаягт байрлах, 1332705734 дугаар бүхий 699 мкв, гэр орон сууцны хашаа шазрын зориулалтаар амьдарч байна. Ц.******* миний бие ажлын шугамаар өөр газарт гэр барин амьдарч байсан бөгөөд талийгаач аавынхаа ажил явдлыг хийх гээд газарт нь 2025 оны 5 дугаар сард очиход төмөр хашаа барьсан байхаар хаалгаар нь ороод гэрээ барин ажил явдлыг хийж дуусгасан. Харин Д.******* гэх хүмүүс нь ямар учраас манай газар дээр төмөр хашаа барьсан байсныг мэдэхгүй байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтэнг Баянзүрх дүүрэг, 35 дугаар хороо, тоот хаягт газартаа авч очин газрын цэгээ заалгаж авч, газрын цэгүүдээ зоолгож авсан. Д.******* өөрийн газрын цэгээ мөн адил газрын албаны мэргэжилтнээр заалгаж авсан бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж төмөр хашаа буулгаж авч өөрийн газрын цэгтээ хашаагаа барьсан. Ц.******* миний бие нэхэмжлэгч Д.*******ын Баянзүрх дүүрэг, 35 дугаар хороо, , тоотыг хууль бусаар эзэмшээгүй, өөрийн газар болох Баянзүрх дүүрэг, 35 дугаар хороо, тоот хаягтаа гэр барин амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Ц.*******д гаргасан гомдлыг Газрын албанаас бид 2-ын маргааныг шийдвэрлэж өгсөн тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Ц.*******д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ. Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.*******д холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Д.******* татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ