Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/83

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Хохирогч С.П

Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Г-т холбогдох 1716000930006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогтой Ш-ийн Г

Шүүгдэгч Ш.Г нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр Ф.Пассат загварын 00-00 ГАА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны нутаг дэвсгэрт засмал замд иргэн С.П-ийн жолоодож явсан улсын дугааргүй хар өнгийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч С.П-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Тухайн өдөр туслах замаас орж ирсэн нь үнэн. Намайг туслах замаас орж ирэхэд П мотоцикльтой 100 гаруй метрийн зайтай байсан учир амжина гэж тооцоолоод орсон. Урд дугуй зам руу бүрэн ороод хойд дугуй зам руу ороод эгнээгээ эзлэх гэтэл П мотоцикльтой ирээд миний машины арын бөгс рүү мөргөсөн. Тухайн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан. Мөн хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хурд хэтрүүлээгүй байсан бол энэ осол гарахгүй байсан.

Хохирогч С.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр үед Жаргалант руу явж байсан засмалаар явж байгаад өнцгөөр тойроод машин гараад ирсэн ойрхон ирж байсан учир зогсох байх гэж бодоод явахад зогсоогүй. Тэгээд би хаашаа дарахаа мэдэхгүй машины хойд дугуй руу мөргөсөн. 70-аад метрийн зайнаас хараад тормоз гишгэсэн боловч тормоз  гулгаад бариагүй. Тэгээд мөргөх гэхээр нь би мотоциклио баруун тийш нь дарсан. Хохиролд цувуулаад 500.000 төгрөг авсан .

2. Гэрч   Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн   "...Би   мотоциклийнх   нь   ард   суугаад  Жаргалантын хорооны нисэх рүү явдаг замаар баруун тийшээ явж байтал уг засмал замын хойноос урагш орсон туслах замаас хар хөх өнгийн жижиг суудлын  машин орж ирээд мөргөлдсөн. Тухайн машиныг мөргөөд гулсаад замаас гараад унасан. Тэр машин тухайн   газраа   зогсолгүй,   тойроод   бид   хоёрын   хажууд  хүрээд   ирсэн ... Тухайн автомашины хамар гүйцэд орчихсон, арын дугуй дөнгөж ороод эгнээ рүүгээ эргэх гэж байгаад мөргөлдсөн. Эгнээ байраа бол эзлээгүй байсан... Ерөөсөө шороон замаар явсаар байгаад л орж ирээд мөргөлдөж таарсан. Ер нь бол туслах замаас орж ирээд эгнээ байраа эзэлж амжихааргүй байсан... Мотоцикль замын арын буюу явж байгаа чиглэлийн баруун гар талын эгнээгээр явж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

3. Шинжээч    В.Балжинням,    Д.Алтайбаатар,    Н.Энхболд,     Н.Шинэбаатар, Ш.Батмөнх нарын 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 639 дугаартай дүгнэлтээс "...1. Осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийнүзүүлэлтүүдэд авагдсан материал, шингэний ул мөр, мотоциклийн ослын дараах байрлал,   тээврийн   хэрэгслийн   эвдрэлүүд,   жолооч,   гэрчийн   мэдүүлэг   зэргийг үндэслэхэд  Ф.Пассат  маркын  00-00  ГАА улсын дугаартай  тээврийн  хэрэгслийг жолоодож явсан Ш.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалт "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Фото зургийн үзүүлэлт, жолооч, гэрчүүдийн мэдүүлгээс харахад гэр хорооллын гарцаас асфальт хучилттай замын огтлолцол гэх хэсэгт осол хэрэг гарсан байх ба хөдөлгөөн огтлолцсон тээврийн хэрэгслүүд замын энэ хэсгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан хөдөлгөөний дэс дарааллаар, мөн дүрмийн 1.4 дэх хэсэгт заасан "Давуу эрх" /бусад хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх үйлдэл/ болон  "Зам тавьж өгөх" /замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон    чигийг    өөрчлөхөд    нөлөөлөхгүйн    тулд    хөдөлгөөнөө    эхлэхгүй    буюу үргэлжлүүлэхгүй  байх үйлдэл/ тодорхойлолтод дурьдсаны  дагуу  нэвтрэн  гарах ёстой..." гэх дүгнэлт/хх-ийн 99-101-р хуудас/,

4. Говь-Алтай   аймгийн    Шүүхийн   шинжилгээний   албаны    шинжээч   эмч Д.Даваахүүгийн   2017   оны   10   сарын   16-ны   өдрийн   310  дугаартай   дүгнэлтээс "...1.Иргэн П-ийн биед зүүн шилбэ ясны хугарал, зүүн хацар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар, зүүн баруун шанаа, эрүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

З.Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

5.Тээврийн   хэрэгсэлд  үзлэг  хийсэн    "...уг  ослоос  болж  уг автомашины зүүн хойд талын дугуйны крило, гуперийн зах ирмэг хэсэг сэвтэж, крило хэсгийн зах    ирмэг нь бэхэлгээнээс салсан, крило дугуйн дээд хэсгээр хонхойж чихэгдэн будаг халцарчээ..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-10,19-22-р хуудас/,

6.Зам, тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/ХХ-2/,

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/ХХ-3/

8. Драгер үлээлгэсэн тэмдэглэл/ХХ-28/

9. 2017.11.06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт/ХХ-45/,

10. 2017.11.16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт/ХХ-61/,

11. Шинжээч Балжиннямын мэдүүлэг/ХХ-123/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжийг хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглосон байхад Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг хэрхэн ойлгож хэрэглэх, уг осолд хэн буруутай болохыг нь тогтоолгохоор шинжээч томилон удаа дараа дүгнэлт гаргуулсан байх тул хавтаст хэрэгт бэхжигдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан 2017.11.06-ны өдрийн, 2017.11.16-ны өдрийн, 2017.12.11 өдрийн 639 тоот шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч Балжиннямын мэдүүлэгийг нотлох баримтаар шүүх үнэлээгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд үнэлж болохуйц баримтуудын хүрээнд хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл шүүгдэгч Ш.Г-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг.

Хэдийгээр хохирогч С.П-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч шүүгдэгч Ш.Г нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлох хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас  уг зам, тээврийн ослыг гаргаагүй байна. Үүнд:

1.Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ш.Г-ийг “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Пассат” загварын 00-00 ГАА улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч унадаг дугуйнд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны нутаг дэвсгэрт засмал замд иргэн П-ийн жолоодож явсан хар өнгийн мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч П-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан...” гэм буруутай гэж яллаж байгаа бөгөөд “...Тухайн хэрэг гарсан гарц нь ойролцоо Жаргалантын хороолол руу орж байгаа. Тухайн хорооллоос буцаад замтай нийлж байгаа. Огтлолцсон бэлчир гэдэг нь хэнч замын хөдөлгөөний дүрмийг хараад ойлгохоор байгаа. Шүүгдэгч Ш.Г-ийн зам руу орж байгаа хэсэг нь гарц мөн юм...” гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Гэтэл Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд  "Гарц"  гэж ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчирийг ойлгохоор тайлбарласан. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Г-ийн зорчиж явсан зам нь Жаргалантын хороолол руу орох, гарахад зориулагдсан гарц гэдгийг тогтоосон нотлох баримт хэлэлцэгдээгүй өөрөөр хэлвэл шүүгдэгчийн явж байсан зам нь гарц гэдгийг заасан тэмдэг, тэмдэглэгээ зам дээр тавигдаагүй, замыг тодорхойлохуйц нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул гарцаар зам руу нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч унадаг дугуйнд зам тавьж өгөх үүргээ шүүгдэгч Ш.Г биелүүлээгүй байна гэж шүүх таамаглалд үндэслэн зам, тээврийн осолд түүнийг буруутгах үндэслэлгүй байна.  Ш.Г-ийн хөдөлгөөнд оролцож байсан зам нь гэр хорооллоос гарч ирсэн байгаа боловч тэндээс гарч ирсэн бүх замыг “гарц” гэж хийсвэр байдлаар тодорхойлох боломжгүй юм.

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ112-113/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /ХХ-3/, гэрч   Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ш.Г болон хохирогч С.П нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэвтрэх дараалал тогтоосон тэмдэг, тэмдэглэгээ байхгүй замын уулзвар буюу замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир хэсэг дээр тухайн зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдлоо.

Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт “Гол зам” –уулзарт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг бүхий зам” гэж тайлбарласан үүнийг замын хучилтаас үл хамааран дээрх тэмдэг бүхий замыг “гол зам” гэж ойлгохоор байна. Үүнээс дүгнэхэд хохирогч С.П-ийн зорчиж байсан зам дээр дээрхи тэмдэг тавигдаагүй байх тул түүнийг бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх давуу эрхтэй байсан гэж үзэх боломжгүй байна.

Замын хөдөлгөөний дүрмийн  12 дугаар зүйлийн 12-ын 12 дахь хэсэгт  “Хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байхгүй үед жолооч өөрийгөө туслах замаар яваад тооцно” гэж зохицуулжээ. Уг тохиолдолд шүүгдэгч, хохирогч нар өөрсдийгөө туслах зам дээр явж байна гэж тооцон уг дүрмийн 12 дугаар зүйлийн 12-ын 8 дахь хэсэгт заасан Адил замын уулзварт” жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дарааллын дагуу уулзварт нэвтрэх байжээ.

3. Хохирогч С.П-ийн явж байсан зам нь улсын чанартай зам байсан гэж улсын яллагч тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй мөн улсын чанартай зам дээр хөдөлгөөнд оролцогч давуу эрх эдэлнэ гэсэн замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалт байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

4. Хэдийгээр хохирогч өөрийгөө гол зам дээр яваа давуу эрхтэй хэмээн андуурсан байж болох боловч энэ нь зөвхөн бусад оролцогчдоос хөдөлгөөнөө урьтан хийх агууллагаар тайлбарлагдах бөгөөд зам дээр нэгэнт аюул саад бий болсон тохиолдолд тээврийн хэрэгслээ зогсоох, хурдаа хасах, урьдчилан сэргийлэх үүргээс жолоочийг чөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч Ш.Гийг цагаатгаж  шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 00-00 ГАА улсын дугаартай хар хөх өнгийн Ф Пассат/Passat/ маркын автомашиныг шүүгдэгч Ш.Г-т, улсын дугааргүй хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хохирогч С.П-д,  хэрэгт ирсэн №00000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн түр зөвшөөрөл зэргийг шүүгдэгч Ш.Гт нарт тус тус буцаан олгож,  энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 36.9, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Ш-ийн Г-т холбогдох 1716000930006 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ш.Г-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Ш.Г нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг болохыг тайлбарласугай. 

4.  Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 00-00 ГАА улсын дугаартай хар хөх өнгийн Ф Пассат/Passat/ маркын автомашиныг шүүгдэгч Ш.Г-т, улсын дугааргүй хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хохирогч С.П нарт тус тус буцаан олгосугай.

5. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц №0000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн түр зөвшөөрөл зэргийг шүүгдэгч Ш.Г-т буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш хохирогч 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХТУЛГА