Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/167

 

 

 

 

 

 

      2026           02           04                                        2026/ДШМ/167

 

 

Ш.Э-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дг,

яллагдагч Ш.Эын өмгөөлөгч Г.Золжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЗ/17 дугаартай  захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Билгүүтэйн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр Ш.Эод холбогдох эрүүгийн 2503 01121 1171 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Ш. Э, 1974 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, .. дугаар баг, .. дугаар хэсгийн Шарын ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1011 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/1076 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн (РД:...................).

Яллагдагч Ш.Э нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...............” амралтын газрын хойд замд “Тоуоtа prius 41” маркийн ..... СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Анхбаярыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ш.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан “шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авхуулах тухай” хүсэлтийг прокурор шийдвэрлээгүй байна. Өмгөөлөгчийн хүсэлтийг хангах, хангахгүй байх нь прокурорын эрх хэмжээнд хамаарах боловч хэрхэн шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцсэн байх ёстой юм. Гэтэл прокурор “шүүхээр хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхтэй” гэж өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хүсэлтээ хууль ёсны дагуу шийдвэрлүүлэхээр хандсан оролцогчийн эрхийг хязгаарласан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өмгөөлөгчөөс дээрх тогтоолд гомдол гаргасан боловч мөн “...гомдлоо шүүхийн шатанд гаргаж хэлэлцүүлэх боломжтой” гэж гомдлыг нь шийдвэрлээгүй байна. /2хх 33-34/ Оролцогчийн прокурорт гаргасан хүсэлт, гомдлыг прокурор, шүүхэд гаргасан хүсэлт, гомдлыг шүүх шат шатандаа шийдвэрлэхээр байхад прокурорт гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэлгүй шүүхэд гаргаж шийдвэрлүүл гэсэн нь хуульд нийцээгүй байна.

Оролцогчийн прокурорт гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан “...мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг ...хууль бусаар хязгаарласан” үндэслэлд хамаарч байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр яллагдагч Ш.Эод холбогдох эрүүгийн 2503 01121 1171 дугаартай хэргийг Тээврийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ш.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор М.Билгүүтэй бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хуульд заасны дагуу явагдах учиртай.

Өмгөөлөгч Г.Золжаргалаас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлт гаргасныг хүлээн авч 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлтэд хариу өгсөн, мөн Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорт 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасныг хүлээн авч 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус үндэслэл бүхий хариу өгч, гомдол хүсэлтийг шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс “...Оролцогчийн прокурорт гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан “мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг ...хууль бусаар хязгаарласан” үндэслэлд хамаарч байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, оролцогчийн эрхийг хязгаарлаагүй, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц юм. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЗ/17 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дг “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагч Ш.Эын өмгөөлөгч Г.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс өгсөн тайлбартай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгчийн хувьд миний бие дахин болон нэмэлт шинжээч томилуулах, мөн тухайн хэргийг нүдээр харсан, осол гаргасан жолоочийн хажууд сууж явсан зорчигч, түүнчлэн хэргийн бодит байдлыг мэдэх боломжтой байсан бусад гэрч нарыг асуух талаар удаа дараа хүсэлт гаргасан. Гэвч н.Билгүүтэй прокурорын зүгээс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай байгаа тул одоогоор шийдэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнийг эс зөвшөөрч Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргахад мөн л яллах дүгнэлт үйлдсэн учир таны гаргасан хүсэлтийг шийдэх боломжгүй гэсэн агуулгаар хариу өгсөн. Миний зүгээс анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр гаргасан. Анхан шатны шүүхээс оролцогчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Өөрөөр хэлбэл, энэ нь прокурорын бүрэн эрхийн хүрээнд гарсан асуудал бөгөөд гаргасан хүсэлтүүдийг татгалзсан уу, зөвшөөрсөн үү гэдэг нь тодорхой бус, ямар нэгэн шийдэл гаргаагүй байдалтай байна. Энэ нь хуульд заасан шийдвэр гэж үзэх боломжгүй. Яллах дүгнэлт үйлдсэн бол шүүхэд шилжүүлдэг гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ миний гаргасан хүсэлтүүд нь яллах дүгнэлт үйлдэхээс өмнө нь гаргасан хүсэлтүүд байгаа. Иймд эдгээр хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гэрч асуух асуудлын хувьд, осол гаргасан жолоочийн яг хажууд сууж явсан, ослыг нүдээр харсан зорчигчийг огт асуугаагүй. Харин “...........” амралтын газарт байсан, уг ослыг хараагүй хүмүүсээс мэдүүлэг авсан байдаг. Тэдгээр хүмүүс нь “амарч байсан, архи уусан, хот руу явсан” гэх ерөнхий агуулгатай тайлбар мэдүүлэг өгснөөс өөрөөр ослын бодит нөхцөлийг тогтоох ач холбогдолгүй байна. Шинжээчийн дүгнэлт ирсэн нь ойлгомжтой. Гэвч шинжээчийн дүгнэлт дээр үндэслэн мөрдөгчийн магадалгаа хийж, миний үйлчлүүлэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Тухайлбал, зогсоох арга хэмжээ аваагүй гэж 12.4-т зааснаар буруутгасан. Гэтэл Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтэд осол гарахаас 0.07 секундийн өмнө тоормос гишгэсэн гэж тодорхой тусгагдсан байдаг. Мөн явган зорчигчийн зүгээс гаргасан зарим буруутай үйлдлийг тогтоогоогүй, орхигдуулсан байна. Иймд дахин шинжээч томилуулах шаардлагатай гэсэн гомдол, хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан. Миний гаргасан гомдол, хүсэлтийн агуулга нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, яллах болон хөнгөрүүлэх бүх нөхцөл байдлыг адил тэнцүүгээр шалгаж тогтоолгох хүсэлт байсан. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ш.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Прокуророос яллагдагч Ш.Эыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан “...мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг ...хууль бусаар хязгаарласан” үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Тодруулбал, хэргийг прокурорт буцаасан үндэслэлдээ: яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан ...мөрдөгчийн магадалгаанд явган зорчигч Замын хөдөлгөөний зарим заалт зөрчсөн эсэх шинжилгээ хийлгэх, ослын талаар тээврийн хэрэгсэлд сууж явсан Ш.Э, “Grown” маркийн ..... ДАВ улсын дугаартай автомашины жолоочийг гэрчээр асуулгах хүсэлтийг прокурор хангахаас татгалзсан тогтоолдоо “шүүхээр хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дурдаж, шинжилгээ хийлгэх, гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүй байна” гэж дүгнэжээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх тухай прокурор эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны журмаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэрэгт зайлшгүй хийх, дахин шалгуулах нөхцөл байдал гэж үзэхээргүй ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ш.Эод холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд шаардлагатай бол прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой хохирогч, гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой юм.

Түүнчлэн яллагдагч, түүний өмгөөлөгч нараас дээрх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй бөгөөд шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоож яллагдагчийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой ба, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Тиймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, оролцогчдыг оролцуулан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ш.Эын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Ш.Эод холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЗ/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор М.Билгүүтэйгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Яллагдагч Ш.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,                                     

                        ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                                Т.АЛТАНТУЯА