Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/168

 

 

 

 

 

 

      2026           02           04                                        2026/ДШМ/168

 

 

Х.М, Ш.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Батзаяа,

шүүгдэгч Х.М өмгөөлөгч Д.Цэрэнханд, Н.Батцэнгэл,

шүүгдэгч Ш.Хийн хууль ёсны төлөөлөгч Б.Ичинхорлоо,

шүүгдэгч Ш.Хийн өмгөөлөгч Г.Нямхүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2497 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.М өмгөөлөгч Д.Цэрэнханд, Н.Батцэнгэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Х.М, Ш.Х нарт холбогдох эрүүгийн 2405 02063 0062 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. И овгийн Х. М, 2007 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн ерөнхий боловсролын .. дүгээр дунд сургуулийн ..дугаар ангид суралцаж байсан, одоо ШУТИС-д суралцдаг гэх, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ..дугаар хороо, Эмээлт халгайтын ..дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:.............).

2. Т овгийн Ш Х, 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн ерөнхий боловсролын .. дүгээр дунд сургуулийн .. дугаар ангид суралцаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн 3 дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:.............).

Шүүгдэгч Х.М, Ш.Х нар нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын .. дүгээр дунд сургуулийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.М, Ш.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.М, Ш.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.М, Ш.Х нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газар, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх нарт нь даалгаж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн ............... дугаар зүйлийн 503.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас 18,706,416 төгрөг, шүүгдэгч Ш.Х болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс 4,005,000 төгрөг тус тус гаргуулж, хохирлыг харилцан тооцож шүүгдэгч Х.М болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас нийт 14,701,416 төгрөг гаргуулж Ш.Хэд олгуулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ш.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.М өмгөөлөгч Д.Цэрэнханд, Н.Батцэнгэл нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: 1.Хэргийн тухайд харилцан хохирогч, шүүгдэгч бөгөөд хэрэг болсон цаг хугацааны хувьд аль аль нь насанд хүрээгүй, нэг ангийн 11 дүгээр ангийн сурагч хүүхдүүд байсан. Шүүхээр хэрэг хэлэлцэх үе буюу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Х.М нь 18 насанд хүрсэн ч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэсэн байдаг.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар  хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан. Шүүгдэгч нар хэрэгт холбогдох үедээ насанд хүрээгүй байсан тул тэдэнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараах ял оногдуулна гээд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэж зааснаар буюу нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгон оногдуулахаар байна. Өөрөөр хэлбэл тусгай ангид торгох ялын хэмжээг заасан боловч өсвөр насны хүнд торгох ялыг оногдуулах боломжгүйгээр хуульчилсан. Мөн шүүгдэгч нар нь насанд хүрсэн боловч тэдэнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд Х.М нь оюутан, түүний оршин суугаа газар, сурдаг сургууль, ...байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд зааснаар тэдэнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв. Хянан хүмүүжүүлсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газар, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх нарт нь даалгав.” гэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан байхад уг зүйл хэсэгт ялын санкц нь хорих ял байхгүй, хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрх хязгаарлах ялын дээд хэмжээ 3 сар байхад 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Ш.Хийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Тухайлбал, хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамар дайвар хөндийн тодосгогчгүй КТ гэсэн баримтад хамар яс хуучин хугаралтай гэж бичигдсэнээс харахад Ш.Хийн гэмтлийн зэрэг болоод сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь бодит байдалд нийцээгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна.

Тиймээс дахин дүгнэлт гаргуулахаар санал гаргасан ч шүүх хүлээж авалгүй “...дүгнэлтийг мэргэжлийн эмч гаргасан, мөн гэмт хэргийн нөхцөл байдлыг хохирогч нар харилцан адилгүй хүлээн авч сэтгэцийн эмгэг үүсэх боломжтой, шүүгдэгч Ш.Хийн хувьд тус хэргийн улмаас дасан зохицохын эмгэгтэй болсон талаар шинжээч тодорхойлсон бол хууль ёсны төлөөлөгч нь тус хэргийн улмаас унаж татдаг болсон, хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон гэснийг үндэслэн зэрэглэл тогтоосон дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтэд хохирогч Ш.Хийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 4 дүгээр зэрэглэлд хамааруулахаар тодорхойлсон байх ба Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жИиг аргачлалд дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор гэж ...хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 25 дахин нэмэгдүүлснээр тооцон 16,500,000 төгрөгөөр тогтоож, Х.М шийдвэрлэв” гэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан байна гэж үзэхээр байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг 1-5 дугаар зэрэглэлээр ангилаад тус бүр шалгуур үзүүлэлт болон хамаарах зүйлчлэлийг бичсэн байх 4 дүгээр зэрэглэлийн шалгуур үзүүлэлт, зүйлчлэлд 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл байхгүй байна. Мөн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар хамтарсан тушаалын хавсралтад Ш.Хийн өвчний онош F43 орсон ч хөдөлмөрийн чадвар алдалт хувь хэмжээ байхгүй байгаа нь дээрх эргэлзээг нотолж байгаа юм.

Мөн Ш.Хийн биед гэмтлийн зэрэг тогтоосон нь хамар хугарсан асуудлаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа, энэхүү хамрын гэмтэл нь хуучин гэмтэл бол ямар ч гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байх бодит нөхцөл байдал тогтоогдож үүнтэй холбоотойгоор сэтгэцэд учирсан гэм хорын асуудал яригдахгүйгээр барахгүй зэрэглэлийн асуудал бол бүр ч байхгүй болох юм. Анагаахын шинжлэх ухаанд Ш.Хийн F43.2 буюу дасан зохицох эмгэг гэдэг нь хүн амьдралд гэнэт гарсан хэцүү өөрчлөлт, стрессийг дааж дийлэхгүй, сэтгэл санаа, зан авир нь алдагдах байдлыг хэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл амьдралын нэг асуудалд сэтгэлзүйн нь түр хугацаанд дасан зохицож чадахгүй байх байдлыг хэлдэг. Дасан зохицох эмгэгийг заримдаа шинж тэмдгүүдийн улмаас сэтгэлийн хямралтай андуурдаг боловч тархи, мэдрэлийн тогтолцооны эмгэгээс үүдэлтэй бИ, харин амьдралын үйл явдлуудад мэдрэмтгий байдлын байгалийн шинж тэмдэг гэсэн байдаг. Дасан зохицолтын хямрал нь 1. цочмог /1 сараас илүүгүй/, 2. ужиг /2 жилээс илүүгүй/ явцтай байдаг юм. Дээрх  байдлаас харахад Ш.Х нь зөвхөн Х.Мд цохиулснаас болж ийм эмгэгтэй болсон уу гэдэг нь эргэлзээтэй байна. Бодит байдал дээр Ш.Х нь өөрөө эхэлж хүнийг үг хэлээр доромжилж, өөрөө зодолдъё гэсэн санаачилгыг гаргасан, өөрөө өмдний тэлээгээрээ ороолгож шавхуурдаж, Х.М салаад явах гэхээр нь явуулахгүй дуудаж цохиж байсан зэрэг нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлгээс маш тодорхой харагддаг.

Эрүүгийн эрх зүйн онол, зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2, 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо байх нь хууль зүйн хувьд нэгэнт тогтсон ойлголт юм.

Монгол Улсын Дээд шүүх энэ талаар “...Аливаа юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог бөгөөд уг ойлголт нь гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох болон Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ч ач холбогдолтой юм. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно. Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гаднын ямар нэгэн нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.” гэж тайлбарласан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Х.М өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2497 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдол гаргасан гол шалтгаан нь уг шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзсэнтэй холбоотой. Энэ хэрэг нь харилцан хохирогч, харилцан шүүгдэгчтэй хэрэг бөгөөд хэрэг гарсан цаг хугацаанд аль аль нь насанд хүрээгүй, нэг ангийн 11 дүгээр ангийн сурагч хүүхдүүд байсан. Харин шүүхээр хэрэг хэлэлцсэн буюу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр аль аль нь 18 насанд хүрсэн байсан. Гэсэн хэдий ч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн боловч 21 нас хүрээгүй хүнд шүүхээс эхлээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах боломжтой байхаар хуульчилсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой байхаар хуульчилсан байна. Гэтэл шүүх хорих ял оногдуулахгүй энэ зүйл, хэсэгт хорих ял байхгүй байхад зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Хоёрдугаарт, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт авагдсан Хийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх уг нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулж, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн. Тухайлбал, хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн “хамар, дайвар хөндийн тодосгогчгүй компьютер томограф” гэсэн баримтад “хамрын яс хуучин хугаралтай” гэж бичигдсэн байгаагаас харахад Хийн гэмтлийн зэрэг, сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь бодит байдалтай нийцээгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй. Шинжээчийн дүгнэлтэд хохирогч Х нь дасан зохицох эмгэгтэй болсон, үүнийг хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон дүгнэлттэй холбон тайлбарласан боловч энэ нь үндэслэл муутай гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлд нөхөн төлбөр тогтоох шалгуурыг тодорхойлсон. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 268/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан хүснэгтээс харахад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 4 дүгээр зэрэглэлд хамаарахгүй, харин 2 дугаар зэрэглэлд хамаарахаар байна. Мөн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан хөдөлмөрийн чадвар алдалтын жагсаалтад Х оношлогдсон F43 буюу дасан зохицох эмгэгт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоохгүй байхаар заасан нь дээрх эргэлзээг нотолж байна. Хийн биед учирсан хамрын гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт ч хамаарахгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул үүнтэй холбоотой сэтгэцэд учирсан гэм хорын асуудал яригдах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 95 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд хэвлийн хананы няцрал гэсэн онош дурдагдсан нь хамрын гэмтэлтэй холбоогүй болохыг харуулж байна. Дасан зохицох эмгэг нь хүний амьдралд тохиолдсон олон хүчин зүйлээс үүсэх боломжтой бөгөөд энэ нь заавал Мүйлдлээс шалтгаалсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй байна. Харин хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгүүдээс харахад Х өөрөө үг хэлээр доромжилж, зодолдъё гэсэн санаачилга гаргасан, өмдний бүсээрээ ороолгон шавхуурдсан, Мсалаад явахад нь явуулахгүй байсан нөхцөл байдал тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт үйлдэл, хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд энэ талаар Улсын Дээд шүүхийн тайлбарууд ч байдаг. Иймд дээрх бүх нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.8 дугаар зүйлүүдэд заасан “хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “хууль зөрчсөн” нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Тиймээс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2497 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Мөн нэмж дурдахад, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хурал болсон боловч өнөөдрийг хүртэл өмгөөлөгчийн зүгээс хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй байна. Давж заалдах гомдол гаргасны дараа хуралдааны тэмдэглэл анхан шатны шүүхэд бэлэн бус, шүүхийн туслах байхгүй гэх шалтгаанаар танилцах боломж олдоогүй бөгөөд бодит байдал дээр тэмдэглэл бэлэн болоогүй байсан. 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хуралдааны тэмдэглэл гарч, хэрэг давж заалдах шатны шүүхэд ирж, өнөөдөр хэлэлцэгдэж байна. Иймд уг нөхцөл байдлыг хуралдааны тэмдэглэлд тусгаж өгнө үү гэж хүсэж байна. Хуульд зааснаар хуралдааны тэмдэглэлтэй танилцах, үүнтэй холбоотойгоор гомдол, санал гаргах тодорхой хугацаа байдаг бөгөөд энэ эрх бодитоор хэрэгжих боломж хязгаарлагдсан нөхцөл байдал үүссэн. Мөн энэ хэргийг нэг талыг барьж, яллах чиглэлд хэт анхаарч шалгасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэдийгээр уг хэрэгт холбогдсон хоёр хүүхэд хоёулаа архи хэрэглэсэн, харилцан хохирогч, харилцан холбогдогчийн шинжтэй боловч хуульд зааснаар улсын яллагч, шүүх нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой, эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Гэтэл бодит нөхцөл байдал дээр нотлох баримтын шаардлага хангахуйц баримтууд бүрэн цугларч, шүүхэд гаргаж өгөгдөөгүй байна. Үүнтэй холбоотойгоор давж заалдах гомдол хуульд заасан хугацаанд гаргагдсан байхад Баянгол дүүргийн прокурорын газраас, энд оролцож буй прокурор Батзаяа нь итгэмжлэл авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Мхариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан үйл баримт байна. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн гэж үзсэн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг 3,712,321 төгрөгөөр нэхэмжилж, уг нэхэмжлэлийг Мд гардуулсан, хариуцагч талаас хариу тайлбар өгсөн зэрэг үйл явдал цаг хугацааны хувьд давж заалдах шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай давхцан явагдсан байна. Энэ бүхнийг дурдсан шалтгаан нь давж заалдах гомдол хуульд заасан хугацаанд гаргагдаж, шийдвэр эцэслэн гараагүй байхад холбогдогч этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар татан шүүх ажиллагаа эхлүүлсэн нь хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэх зарчимтай нийцэж байгаа эсэхэд эргэлзээ төрж байна.” гэв.

Шүүгдэгч Х.М өмгөөлөгч Н.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт тогтоогдсон гэмтлийн шинжийн талаар тодруулж хэлэхэд, хохирогч нь анхнаасаа хуучин хамрын хугаралтай байсан бөгөөд уг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэсэн байна. Энэ асуудлын хувьд эргэлзэх үндэслэл байхгүй бөгөөд уг дүгнэлт нь илтгэгч шүүгчийн асуултаар ч тодруулан яригдсан. Өөрөөр хэлбэл, хуучин хамрын хугаралтай гэдгээр нь хөнгөн гэмтэлд тооцсон болохоос бИ, өөр нэмэлт гэмтэл тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад хохирлын тооцоотой холбоотой асуудлыг маш нарийвчлан хэлэлцэж, гурван үндэслэлээр дүгнэлт хийсэн байдаг. Хохирлын тооцоог гаргахдаа хавсаргасан баримт бичгүүдийг нэг бүрчлэн шалгаж, бодит байдалтай тулган үзсэн. Үүний дүнд хохирлын тооцоонд голчлон Шүрэнцэцэг нэртэй этгээдийн хувийн хэрэглээтэй холбоотой зардлууд, тухайлбал хоол, унд, шатахуун, дэлгүүрийн худалдан авалтын баримтууд багтсан байснаас бус, Хтэй шууд холбоотой эмчилгээний зардал цөөн байсныг тогтоосон. Миний зүгээс Хтэй шууд хамааралтай эмчилгээний бодит зардлыг тооцож авсан бөгөөд үүнээс илүүг нэмж тооцох үндэслэл байгаагүй. Гэтэл Шүрэнцэцэг гэх этгээдийн хувийн хэрэглээний шинжтэй зардлууд хохирлын тооцоонд их хэмжээгээр орж, улмаар шүүхээс уг тооцоог тэр чигээр нь шийдвэрт тусгасан нь үндэслэлгүй гэж үзэж, үүнд гомдолтой байна. Хохирлын тооцоо гэдэг нь дурын баримтыг механикаар нэгтгэж тооцох асуудал бИ бөгөөд би уг баримтуудыг бодит үйл явдалтай нэг бүрчлэн тулгаж, бодит бус, хамааралгүй зардлуудыг ялган салгасан болно. Тухайлбал, шатахуун түгээх станцаас богино хугацааны дотор, ижил байршилд, минут, секундийн зөрүүтэйгээр олон удаа шатахуун авсан гэх баримтууд олон байгаа нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй бөгөөд ийм баримтуудыг хохирлын тооцоонд оруулах боломжгүй гэж үзсэн. Ийм төрлийн баримтуудыг шүүх шат шатандаа нягтлан шалгаж, бодит байдлаар үнэлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн хэргийн бодит нөхцөл байдлын тухайд, Х нь өөрөө хэл амаар доромжилж, бусдыг өдөөн хатгасан, улмаар тэлээгээ толгой дээгүүрээ эргүүлэн заналхийлж, өөрөө өөртөө гэмтэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогддог. Гэрчүүдийн мэдүүлгээр М нь зодоонд оролцоогүй, харин зөрчилдөөн гарсан үед салгах зорилгоор 3-4 удаа оролдсон нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч Х нь “цусыг чинь үзнэ” гэх мэт заналхийлэл хэлж, араас нь даган очиж зодсон нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Ийм нөхцөлд Мзодсон гэж үзэх бодит үндэслэл байхгүй бөгөөд хүн өөрийгөө хамгаалах, бусдыг холдуулах зорилгоор түлхэх үйлдэл хийсэн тохиолдлыг зодсон үйлдэлтэй адилтган үзэх боломжгүй. Ял шийтгэл оногдуулахдаа оролцогч бүрийн үйлдлийг ялгаж салган, бодит оролцоонд нь тохирсон ялгамжтай бодлого баримтлах ёстой гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс бидний гаргасан гомдлыг бодит баримтад тулгуурлан, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.” гэв.

Шүүгдэгч Ш.Хийн өмгөөлөгч Г.Нямхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэрэгт бодитой дүгнэлт хийсэн бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, шийдвэр гаргасан. Гэмтлийн зэргийн тухайд Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар 7 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол хуучин гэмтэлд тооцогддог тул хуучин гэмтэл гэж дүгнэгдсэн. Шинжээчийн дүгнэлтэд маргаангүй, шинжээчийн дүгнэлт тодорхой байсан. Манай зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мхөл гэмтсэн тул шарлага хийлгэх тухай яригдсаныг мэдэж байгаа бөгөөд гэмтлийн зэрэг тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч татгалзсан. Миний үйлчлүүлэгч Хийн хувьд яах аргагүй зодуулсан нь тархины зураг зэрэг баримтаар нотлогддог. Ажиллагааны явцад Х гэмтэлтэй гарсан бол Мхувьд ямарваа нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Харин сарын дараа Мд гэмтэл тогтоогдсон ба манай зүгээс гомдол санал гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х нь Мд зодуулсны улмаас сэтгэцийн эмгэгтэй болсон нь тодорхой харагддаг. Энэ нь эмчийн бичиг, эмчилгээний бичгээс тодорхой байдаг. Үүний улмаас Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гарсан бөгөөд үнэн зөв дүгнэсэн. Учир нь, сэтгэл санаагаар маш их унасан учраас айж түгшдэг, айж цочирдог болсон. Энэ агуулгаар анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Мөн хохирол төлбөрийн талаар бодитой баримтуудыг гаргаж өгсөн. Хийг гэнэт эмнэлэгт үзүүлэх болсон болоод бензин авсан гэх мэт тодорхой зардлууд гарч байсныг шүүх зөв дүгнэсэн. Тиймээс анхан шатны шүүхээс хохирол төлбөрийн талаар маргаан гаргаагүй. Харин байнгын асаргааны асуудал, олох ёстой орлого зэргийг нэхэмжлээгүй. Үүнийг хоёр хүүхдийн асуудал байсан гэж үзээд орхисон. Шүүхээс шүүгдэгч нарт тэнсэн харгалзах ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр бодитой бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн. Хийн хувьд одоогийн байдлаар эдгэрээгүй, ажил сургуульд явдаггүй, сэтгэцийн эмгэгтэй хүн болсон. Миний зүгээс анхан шатны шүүх хууль ёсны шийдвэр гаргасан тул хэвээр үлдээх саналтай.” гэв.

Шүүгдэгч Ш.Хийн хууль ёсны төлөөлөгч Б.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 104, 106 дугаар хуудас, шинжээчийн 5 дугаар сарын 07-ны өдөр гаргасан дүгнэлт, эмнэлгээс гарах үеийн хамар ясны шинэ хугаралтай, зөөлөн эдийн няцралттай, тархины доргилттой гэх бичиг авагдсан. 5 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хуучин хугарал гэх дүгнэлтийг шинжээчийн эмч Баянжаргалын тайлбараар “...7-21 хоногт гэмтэл бороолж эдгэнэ, эдгэж байгаа тохиолдолд хуучин гэмтэл гэж үзсэн...” тухай тайлбар бичгээр тайлбарласан. Хохирогчийн хувьд анх гэмтэл авсан үеэс эхлэн сэтгэцийн эрүүл мэндийн байдал тогтвортой бус болж, улмаар удаан хугацаанд эмчийн хяналтад эмчилгээ хийлгэсэн. Тухайлбал, 2025 оны 7 дугаар сард Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр F43.2 онош тогтоогдож, сэтгэцийн гэмтлийн улмаас 4 дүгээр зэргийн хохиролтой гэж дүгнэгдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад орж, тогтмол эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа. Дараагийн байдлаар, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагаар хохирогчид F41.2 буюу сэтгэл түгших эмгэг, мөн хэсэгчилсэн уналт таталт гэсэн онош тогтоогдож, мэдрэлийн эмчийн хяналтад авч, хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, өмнө тогтоогдсон сэтгэцийн гэмтлийн дүгнэлтийн үргэлжлэл байдлаар уг онош, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон юм. Хохирогч нь одоогийн байдлаар сэтгэл түгших эмгэг болон уналт таталтын оноштойгоор сэтгэцийн болон мэдрэлийн эмчийн байнгын хяналтад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд уг нөхцөл байдлыг тайлбартаа тусгасан. Дээрх эмгэг өөрчлөлт нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үед хохирогчийн бие болон сэтгэл зүйд учирсан хүчтэй стресс, цочролоос үүдэн бий болсон гэж үзэж байна. Энэхүү стрессийн нөлөө нь хохирогчийн биед цусны даралт огцом ихсэх, зүрхний хэм алдагдах, булчингийн чангарал үүсэх зэргээр илэрч, улмаар уналт таталтын шинж тэмдгүүд давтамжтай илэрч эхэлсэн болно. Бодит байдал дээр шүүх хуралдаануудын явцад хэргийн нөхцөл байдлын талаар ярих үед ч хохирогч уналт таталт өгөх, өвдөлтийн шинж тэмдэг илрэх тохиолдлууд олон удаа гарч байсан. Эдгээр уналт таталт, тархинд үүссэн доргилтын улмаас одоогийн байдлаар F42 оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгон, эмчилгээ, хяналтад байгаа.

Гомдолд хэн нь эхэлж үйлдэл сэдээсэн талаар тайлбар авагдсан. Шүүх хуралдааны явцад болон мөрдөн байцаах шатанд миний зүгээс уг гар утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Уг үзлэгийн дүн нь хавтаст хэргийн 224-227 дугаар хуудсанд тусгагдсан байгаа. Тодруулбал, 4 дүгээр сарын 17-ны өдөр манай хүүхэд тухайн сургуульд шилжин орсон бөгөөд 4 дүгээр сарын 22-ны өдөр М нь ариун цэврийн өрөөнд оруулж очоод байж байсан нөхцөл байдал уг баримтаар нотлогддог.

Төлбөр, зардлын асуудлын хувьд манай зүгээс зөвхөн НӨАТ-ын баримтаар нотлогдсон зардлуудыг шүүхэд гаргаж өгсөн. Эм болон эмчилгээний зардлын тухайд зарим баримтууд огт хэрэгт хавсаргагдаагүй бөгөөд ах, дүү, төрөл саднуудын зүгээс “эмчийн үзлэг, сэтгэл заслын эмчилгээний төлбөрийг нь бид төлчихье”, “эм, тарианы зардлыг нь бид даачихъя” гэсэн байдлаар дэмжиж төлсөн зардлууд багтсан. Ингээд манай зүгээс зөвхөн өөрсдөд байсан баримтуудаа шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн зүгээс эмнэлэгт хийгдсэн эмийн болон эмчилгээний үйлчилгээний зардлаас тодорхой нэр төрлийн үйлчилгээ, эмийг авч үзэн нийт 2,000,000 төгрөгийн зардлыг тооцож, бусад баримтаар нотлогдоогүй зардлуудыг хасч тооцсон байна. Түүнчлэн хамрын ясны хугарлын дараах нөхөн сэргээх эмчилгээ, цаашид шаардагдах зарим зардлууд, мөн асран хамгаалагч байнга хүүхдийг авч явж, асарч байгаа холбоотой гарах зардлуудыг манай зүгээс нэхэмжлэлд оруулаагүй болно. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзвэл, уг зардлын хүрээнд шүүхийн гаргасан шийдвэрийг манай зүгээс үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэж байгаа.” гэв.

Прокурор М.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М, Х нарт холбогдох хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, 2497 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрийг прокурорын зүгээс хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан гэж үзсэн тул эсэргүүцэл бичээгүй болно. Хариу тайлбарын агуулгад голчлон хоёр асуудлыг хөндөж байна. Нэгдүгээрт, шинжээчийн дүгнэлт болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлтэй холбоотой асуудлыг шүүх хуралдааны явцад шүүхээс тодруулан асуусан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл, мөн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалуудаар хүний биед, түүний дотор сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох журам тодорхой заагдсан байдаг. Уг хууль, журамд нийцүүлэн Шүүх шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтээр Хийн сэтгэцэд учирсан хор уршгийг 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон байна. Хоёрдугаарт, ял шийтгэлийн төрөл, хэмжээний тухайд торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ял, түүнчлэн албадлагын арга хэмжээг давхар хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын зүгээс шүүх ял хүндрүүлсэн гэж үзээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн холбогдох заалтууд, тухайлбал хуулийн 8.7 дугаар зүйлд өсвөр насны хүнд ял оногдуулахтай холбоотой зохицуулалт тодорхой заагдсан байдаг. Хорих ялын санкцгүй тохиолдолд ч хуулийн хүрээнд тэнсэх боломжтой талаар хуульд заасан бөгөөд шүүх уг зохицуулалтыг зөв хэрэглэсэн гэж дүгнэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс тусгайлан нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой саналыг гаргасан. Шүүх эдгээрийг үндэслэлтэйгээр дүгнэж, Х, М нарыг өсвөр насны шүүгдэгч болохыг харгалзан үзсэн байна. Шүүгдэгчдийн хувийн байдлын тухайд, Х нь уналт таталтын шинжтэй, эрүүл мэндийн тодорхой асуудалтай, харин М нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан бөгөөд хичээлдээ тогтмол суралцаж байгаа нөхцөл байдал тогтоогдсон байна. Эдгээр нөхцөл байдлыг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзсэн гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан гэж үзэж, шийтгэлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Х.М, Ш.Х нарыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.” гэж тус тус хуульчилсан.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Х.М, Ш.Х нар нь харилцан зодолдож, нэг нэгнийхээ биед гэмтэл учруулсан гэх үйл баримт байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Мүйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан Ш.Хийг хохирогчоор тогтоосон тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, захирамж хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл хохирогчоор тогтоосон шийдвэргүй байна.

Гэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчөөс Ш.Хийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх Э.Шүрэнцэцэг, нагац эгч Б.Ичинхорлоо /1хх 12, 214/ нарыг тогтоож, мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулж улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх, үүргийг танилцуулан насанд хүрээгүй Ш.Хээс хохирогчоор мэдүүлэг авч /1хх 15-17/, цаашлаад анхан шатны шүүх хуралдаанд Ш.Хийг хохирогчоор оролцуулж анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнд хохирол, төлбөр олгохоор шийдвэрлэсэн зэрэг эдгээр ажиллагаанууд нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус, хуулийн үндэслэлгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхээр байна.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2497 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Х.Мөмгөөлөгч Д.Цэрэнханд, Н.Батцэнгэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.М, Ш.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2497 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.М, Ш.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                      Л.ГАЛБАДАР

 

ШҮҮГЧ                                                      Т.АЛТАНТУЯА