Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

шинжээч: Б.Баттулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Чимэг, түүний өмгөөлөгч Д.Ганбат (0216),

гэрч: Г.Од, Ч.Манд,

иргэний хариуцагч: Б.Өсөх,

шүүгдэгч: Г.Хүрэл,  тэдгээрийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ (2128) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Хүрэлод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00001 0061 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Хүрэл.

 

Шүүгдэгч Г.Хүрэл нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “BSB” дэлгүүрийн урд замд “Ниссан Блюүбирд” маркийн, 05-91 УБН улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч С.Баярг мөргөж, амь насыг нь хохироогоод, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.  (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Хүрэл мэдүүлэхдээ:

Би 2016 онд жолооч болсон. Түүнээс хойш найзынхаа машиныг хааяа барьдаг байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз Өсөх дээр очоод “таксинд явъя” гээд 04 цагийн үед 05-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Өсөхын хамт явж байсан. Тэр өдөр цас хаялах гээд тэнгэр муухайрч байсан ба хөдөлгөөний ачаалал бага, сийрэг байсан. Тэгээд 3 дугаар хорооллын БСБ дэлгүүрийн урд замд зүүнээс баруун зүг рүү 50-60 км\цагийн  хурдтай явж байтал гэнэт урд явган зорчигч гарч ирсэн. Би түүнийг 20 метр буюу 20 орчим алхамын зайнаас харахад явган зорчигч зогсож байсан боловч гэнэт урдуур гүйсэн. Би шууд тоормос гишгэхэд хурд саарсан боловч явсаар байгаад тэр хүнийг мөргөсөн. Би айж сандраад зогсолгүй шууд цаашаа зугтаасан. Тэгээд би “одоо яанаа” гэж бодож, цочирдсон. Нэг мэдэхэд гэрийн гадна ирсэн байсан. Би даатгалаас 5 000 000 төгрөг өгснийг хохирогчид өгсөн. Үлдсэн хохирлыг төлнө. Хохирогчийн ар гэрт 2 хүүхэд нь үлдсэн гэдгийг мэдэж байна. Гэвч хоёр хүүхдийг нь тэжээн тэтгэх боломж надад байхгүй. Оршуулгын зардлаас үлдсэн 6 373 502 төгрөгийг ойрын хугацаанд төлнө. Хохирогчийн ар гэртэй холбогдож уучлалт гуйхаар утсаар залгасан боловч нэг ах “та нар яах гээд байгаа юм бэ, цагдаа шүүхээр шийдүүлнэ” гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөрийг төлнө. Намайг нэг удаа харж үзэж, тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Б.Чимэг мэдүүлэхдээ:

Би 2006 онд нөхөртэйгээ гэр бүл болж, 9 болон 4 настай 2 хүүхэдтэй болсон. Миний хань цахилгааны инженер хүн байсан. Тэрээр амьдралаа, бид 3-ыг авч явж  байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг өнгөрч байхад нөхрөө нас барсан талаар утсаар мэдсэн. Би гомдолтой байна. Талийгаачийн  оршуулгын зардалд 11 375 502  төгрөг гарснаас 5 000 000  төгрөг авсан ба 6 373 502 төгрөгийг гаргуулна.   Би 2 хүүхэдтэй, ажилгүй, дээр нь орон сууцны 8 хувийн зээлтэй үлдэж байна. Манайх зээлээр байранд ороод 2 жил болж байна. Талийгаач маань сард 500 000 төгрөгийн цалин авч, нийгмийн даатгал төлдөг байсан. Одоо хоёр хүүхэд маань тэжээгчээ алдсаны тэтгэмжинд 280 000 төгрөгийг халамжаас авч байгаа. Иймд  нас барсан нөхрийнхөө авч байсан цалин,  2 хүүхдэд тогтоогдсон тэтгэмжийн зөрүүг хүүхдүүдийг 18 нас хүртэл хугацаанд шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулахыг хүсэж байна. Би үнэхээр гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Өсөх-мэдүүлэхдээ:

05-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх биш, Х.Бадарч гэх хүний эзэмшилд байсан боловч тэр өдөр Хүрэл манай гэрт ирээд бид хоёр ярилцаж байгаад мөнгө олохоор таксинд явах болсон. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг Хүрэлод би өгсөн. Тэгээд хэрэг болох үед би Хүрэлтой хамт явж байсан юм. Осол болох үед үүрийн 04 цаг болж байсан учраас би зүүрмэглээд Хүрэлын хажууд сууж байсан. Гэтэл Хүрэл надад хүн мөргөчихсөн гэж хэлсэн. Хохирол төлөх эсэх талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Осол болох үед би айж сандарсан байсан. Хүрэлод тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг өгөөгүй бол осол болохгүй байсан. Цаашид найздаа туслаж хохирол төлбөрийг төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Баттулга -мэдүүлэхдээ:

Жолооч зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн бол ямар ч тохиолдолд тоормосны мөр гарна. Гэтэл тухайн осол болсон газар бүрэлдэхүүн очиж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийхэд ямар ч тоормосны мөр байгаагүй бөгөөд замын гадаргуу, хэрэгт авагдсан зургаас харахад гөлөөнтэй байсан байна. 50-60 км\цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч тоормос гишгэхэд хурд саарна. Хурд саарсан тохиолдолд талийгаачийн биед ийм хэмжээний гэмт үүсэхгүй. Гэхдээ ослын улмаас машинд болон амь хохирогчид үүссэн гэмтэл хэдэн км\цагийн хурдтай явахад үүсэх боломжтойг тодорхойлох боломжгүй. Жолооч хот дотор замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг 60 км\цагаас хэтрүүлэхгүй сонгож явах ёстой байдаг. Энэ зохицуулалт нь замын нөхцөл байдлаас шалтгаалан заавал 60 км\цагийн хурдтай явна гэсэн ойлголт биш. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт осол болох үед цас хаялаж байсан гэж хэллээ. Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч ... цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасан байдаг. Энэ нь жолооч аюулгүй байдлаа хангахын тулд 20 км\цагийн хурдтай явж болно гэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Улаанбаатар хот 12 дугаар сард утаатай байдаг бөгөөд 04-06 цагийн үед маш их утаатай байдаг. Учир нь гэр хорооллын айлууд энэ цагаар гал түлдэг, утаа ихтэй байдаг тул үзэгдэх орчин хязгаарлагддаг. Автотээврийн үндэсний төвийн дүгнэлтэд уг тээврийн хэрэгслийг “...гэрэл бүдгэрсэн нь үзэгдэх орчинг хязгаарлаж зам тээврийн осол гарахад нөлөөлөх үндэслэлтэй” гэж үзсэн байгаа.  Тээврийн хэрэгслийн хол ойрын гэрэл асаж байгаа боловч гэрлийн тохиргоо алдагдаж гаднах байдал бүдгэрсэн гэж дүгнэлтэд бичигдсэн нь бүрэн бус тээврийн хэрэгсэлд орно. Уг осол болоход жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь АБ тооромсын системтэй байсан бөгөөд АБ системтэй тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ авах буюу тоормос гишгэхэд зам дээр дугуйны мөр үлдэх ёстой. Тийм болохоор цаг агаарын нөхцөл байдалд хурдыг тохируулж яваагүй гэж үзсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 нь хурдтай холбоотой заалт байдаг. Би дүгнэлтдээ Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 гэж бичээгүй. Цаг агаарын нөхцөл байдалд хурдыг тохируулж явна, орчноо харж хурдыг тохируулна гэж тодотгож хэлсэн. Гэхдээ жолоочийн тухайн үеийн хурдыг тодорхойлох боломжгүй. Учир нь тоормосны мөр байгаагүй. Энэ осол гарахад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а, б, в заалтуудыг зөрчсөн нь нөлөөлсөн. Мөн гэрэл цайрсан, утаатай байсан зэрэг нөлөөлнө. Жолооч тоормос гишгэсэн бол тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжтой. Гэтэл огт тоормос гишгээгүй байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Ч.Манд мэдүүлэхдээ:

Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3-4 ширхэг пиво уугаад 04 цагийн үед баарнаас гараад хорооллын эцсийн замаар урдаас хойшоо чиглэлтэй гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. Тухайн үед гарцыг сайн анзаараагүй бөгөөд Од талийгаачаас илүү согтолттой байсан тул би түүнийг сугадаад явж байсан. Тухайн үед талийгаач нь Од бид хоёроос 3-4 алхам зайтай, бидний урд явж байсан. Тэгтэл цаанаас хурдтай машин гарч ирээд хохирогчийг мөргөсөн. Тэр үед хохирогчийг мөргөсөн тээврийн хэрэгсэл нилээн зайтай ирж байсан бөгөөд  хохирогчийг харах боломжтой байсан. Тэгээд хохирогчийг алхаж байхад нь мөргөсний дараа хурдаа сааруулаад, шууд цаашаа зугтаасан. Тухайн үед зам дээр бараг машин байгаагүй, замын гэрэлтүүлэг сайн байсан. Хохирогч мөргүүлээд хэд эргээд ойролцоогоор 10 метр зайд шидэгдсэн. Би мөргөсөн машины улсын дугаарыг харж чадаагүй боловч цаана зогсож байсан таксины жолооч машины дугаарыг бидэнд хэлсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Г.Од-мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 21-нд бид нар хороололд уулзан, Мандын төрсөн өдрийг тэмдэглээд 21 цагийн үед караоке орсон. Би зам тээврийн осол гарсныг харсан, болсон үйл явдлыг сайн санаж байна. Би тэр үед өөрийгөө хянах чадвартай байсан. Манд, амь хохирогч бид нар хорооллын эцэст байдаг баарнаас 04 цаг өнгөрч байхад гараад гэр ойрхон учраас алхъя гээд алхсан. Тухайн үед Манд бид хоёр хамт, талийгаач бидний урд явж байсан. Зам хөндлөн гарч байхдаа гарцаар гарч байгаа эсэхээ анзаараагүй бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл ойролцоогоор 80-90 км\цагийн, түүнээс ч хурдтай байж магадгүй, хурдтай ирээд талийгаачийг мөргөсөн. Тоормос гишгээгүй. Талийгаачийг мөргөсөн машин их хурдтай явж байсан бөгөөд талийгаач 10 метр орчим газар шидэгдсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэл зугтаасан гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Отгонхишиг мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 04 цаг 05 минут өнгөрч байхад Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах Импайре пабаас гарч хамт ажилладаг эгч Мөнхцэцэгтэй хамт хорооллын “Шөлөндөө” хоолны газарт очиж хоол идээд суусан. Хоолоо идэж дуусаад 04 цаг 45 минутын орчимд хоолны газрын урд зам дээрээс Мөнхцэцэг эгчийг таксинд суулгаж өгөөд дараа нь би өөрөө цайвар саарал өнгийн машинд суугаад гэмтлийн эмнэлгийн хажууд байдаг гэр рүүгээ явж байсан. Таксины жолоочид “яасан хурдан явдаг юм бэ, жаахан аяархан явж болдоггүй юм уу” гэж хэлээд утсаар яриад явж байтал жолоочийн хажууд сууж байсан залуу “хөөе” гээд орилох шиг болсон чинь жолооч нь “хүн дайрчихлаа” гээд хурдаа нэмээд яваад өгсөн. Тэгээд хорооллын эцэс Емарт дэлгүүрийн хажууд явж байхад нь “би буумаар байна, намайг буулгаач” гэхэд “чи бууж болохгүй” гээд хурдаа нэмээд хорооллын хойд замаар яваад бичил хорооллын автобусны буудал өнгөрөөд зүүн гар тийш эргээд цэнхэр байрны хажууд байдаг гаражнуудын хооронд орж зогссон. Тэнд хэдэн минут зогссоныг сайн мэдэхгүй байна. Би одоо буумаар байна гэхэд “чи юу ч хараагүй шүү, хэнд ч хэлэхгүй биз дээ” гээд надаас асуугаад байсан. Тэр үед би их айсан болохоор “за” гэж хэлээд машинаас нь буугаад автобусны буудал дээр очиж, найз залуу Мөнхбаяр руу утсаар залгаад “миний сууж явсан машин хүн мөргөөд, зугтаагаад, бичил хорооллын байрны дунд намайг буулгаад явчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн манай найз залуу 102 дугаарт залгаад цагдаад хэл гэхэд би цагдаад дуудлага өгчихөөд гэр рүүгээ ороод, утасныхаа цагаа харахад 5 цаг 40 минут болж байсан. Ойролцоогоор 90 км/ц хурдтай явж байсан байх. Их л хурдтай явж байх шиг санагдсан. Би айсан болохоор машинаас буухдаа улсын дугаар, маркийг нь харж чадаагүй. Зам тээврийн осол болох үед уг тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ авч тооромзолсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан жолоочийн эсрэг талын урд шил хагарсан байсан гэжээ. гэжээ. (хэргийн  110-111 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ганхуяг мэдүүлэхдээ:

“Ниссан Блюүбирд” маркийн, 05-91 УБН улсын дугаартай автомашиныг Эрдэнэбилэг гэдэг хүнээс 2017 оны 5 дугаар сард 1 700 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би 2017 оны 6 дугаар сарын 12-ны өглөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод, Чингэлтэй дүүргийн нутагт байрлах 70 давхарын урд талын замаар явж байгаад цагдаад баригдаад, 2017 оны 6 дугаар сарын 14-нд 6 сараар эрхээ хасуулсан. Тэр өдөр цагдаа нар миний унаж явсан машиныг журмын хашаа руу ачигчаар ачуулсан. Би арга хэмжээ авахуулах гэхээр торгуулийн мөнгө байхгүй болохоор машинаа авч чадахгүй байсан. Тэгээд манай хадам ээж Батсуурь дэмий ингэж журмын хашаанд байлгаж байхаар би мөнгийг нь төлж аваад Өсөхт өгье гээд 480 000 төгрөг болон журмын хашааны 100 000 төгрөгөөр аваад хашаандаа авч ирж тавьсан. Амьдарч байгаа хашаандаа тавьсан байж байтал манай эхнэрийн эгчийн хүүхэд болох Өсөх нь манай найзад хэлээд өөрийнхөө хашаанд тавьсан. Хадам ээжид өгснөөс хойш хэн унаж явдагийг мэдэхгүй байна. Өсөх унаж явдгийг мэдэхгүй. Жолооны үнэмлэх байхгүй. Одоо жолоонд сурч байгаа. Өглөө нь манай хадам ээж Өсөхын гэр рүү явсан. Тэгээд удалгүй 30 минутын дараа ирээд Өсөх нөгөө машиныг унаж яваад хүн мөргөсөн байна гэж хэлсэн. Тэгээд яасан гэсэн чинь хэргийн газраас зугтаасан байна гэж хэлсэн. Тэгээд манай хадам аав цагдаад мэдэгдэхгүй бол болохгүй гээд Өсөхыг дагуулаад хамт явж байсан хүүхдийг нь аваад цагдаа руу очиж уулзах гээд гарсан. Тэгж л осол болсон талаар мэдсэн гэжээ. (хэргийн 119 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Отгон мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байгаад шөнө 01 цагт ирсэн. Тэгэхэд гэрт манай хүү Өсөх байхгүй байсан. Манай гэрт нөхөр, охин хоёр унтаж байсан . Тэгээд утас руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь унтсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад манай хүү орж ирсэн. Гэрлээ асаагаад хаагуур явж байгаад ирэв гэж хэлтэл “ээж машинаараа хүн дайрчихсан” гэж хэлэхээр нь би “битгий худлаа хэл, хүн дайрсан хүнийг цагдаа нар зүгээр явуулчихсан уу” гэж хэлээд, зодсон. Тэгсэн манай хүү уйлаад байсан. Тэгэхээр нь би “үнэнээ хэл” гэж хэлтэл “манай найз бид хоёр явж байгаад зам дээр явж байсан хүнийг мөргөсөн. Тэр үед манай найз жолоо барьж байсан” гээд уйлаад байсан. “Машин хаана байна” гэж асуутал “найзынхаа гаражид тавьсан байгаа” гэхээр нь эмээг би утсаар дуудаад удалгүй эмээ ирээд болсон явдлыг хэлтэл эмээ нь “ингэж болохгүй, одоо цагдаагийн байгууллагад очих ёстой” гэж хэлээд аваад явсан. Гэрээс гараад найзынд нь очих гээд явж байтал цагдаагийн газраас залгаад Замын цагдаагийн газар ирж уулз гэж хэлсэн гэжээ. (хэргийн 123 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 99 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины зулайн орой хэсгийн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, суурийн хэсгийн дух, үнэрлэхүйн мэдрүүлийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорхи цус харвалт, бага тархины баруун зүүн мөчрийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун зүүн хажуугийн ховдлуудын цус нэвчилт, гавлын орой болон суурь яснуудын шугаман болон цөмөрсөн хугарал, зулай, дагзны хуйх, гавлын оройн шар хальс, баруун чамархайн булчинд цус хуралт, баруун дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн уушигны угт цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун хацар, баруун бугалга, тохой, сарвуу, бугуй, өвдөгт зулгаралт, зүүн мөр, цээж, баруун даланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн мөргөгдөх, унах, доргих, олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи тархины гэмтлүүд нь учрах үедээ  амь насанд аюултай.

3. Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь тархины битүү гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь нас бараад 2-3 цаг болсон байжээ.

6. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд 3.6, шээсэнд 3.5 промилл спиртийн агууламж илэрсэн байна гэжээ. (хэргийн 132-133 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 585 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь харьцуулах загварт ирүүлсэн 05-91 УБН улсын дугаартай, саарал өнгийн “Ниссан Блүбирд” маркийн автомашины зүүн урд хэсгийн эх гэрэл, далбаа, бамбааны хэсгүүд мөн байна гэжээ. (хэргийн 147 дугаар хуудас)

 

Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтэд:

1. “Ниссан Блюүбирд” маркийн, 05-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ганболд овогтой Хүрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтыг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”. 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Явган зорчигч Саран овогтой Баяр нь 3.4 “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 167-168 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Хүрэл ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 178 дугаар хуудас)

 

                                                                                       ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Хүрэл нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “BSB” дэлгүүрийн урд замд “Ниссан Блюүбирд” маркийн, 05-91 УБН улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”

9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч, хохирогч С.Баярг мөргөж, талийгаачийн биед тархины зулайн орой хэсгийн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, суурийн хэсгийн дух, үнэрлэхүйн мэдрүүлийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорхи цус харвалт, бага тархины баруун, зүүн мөчрийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдлуудын цус нэвчилт, гавлын орой болон суурь яснуудын шугаман болон цөмөрсөн хугарал, зулай, дагзны хуйх, гавлын оройн шар хальс, баруун чамархайн булчинд цус хуралт, баруун дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн уушигны угт цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун хацар, баруун бугалга, тохой, сарвуу, бугуй, өвдөгт зулгаралт, зүүн мөр, цээж, баруун даланд цус хуралт бүхий гэмтэл учруулж, дээрх хавсарсан гэмтлийн улмаас амь нас нь хохирсон,

улмаар дээрх гэмт хэргийг үйлдсэн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 2.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтыг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чимэг, гэрч Г.Од, Ч.Манд, Д.Отгонхишиг, иргэний хариуцагч Б.Өсөх, шинжээч Б.Баттулга нарын мэдүүлгүүд, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 99 тоот дүгнэлт, Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

 

Тээврийн прокурорын газраас Г.Хүрэлын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 11 373 502  төгрөгөөс 5 000 000 төгрөгийг төлж, үлдсэн 6 373 502 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, осол хэрэг гарахад хохирогчийн явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явсан хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Г.Хүрэл нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардалд нэхэмжилж байгаа 6 373 502 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна.

“Ниссан Блюүбирд” маркийн, 05-91 УБН улсын дугаартай автомашин Х.Бадарчийн эзэмшилд улсын бүртгэлд бүртгэлтэй байсан боловч эзэмшигч нь   2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр уг автомашиныг  Б.Өсөхын эзэмшилд бүртгэсэн тул Б.Өсөхыг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Иймд 6 373 502 төгрөгийг шүүгдэгч Г.Хүрэл,  иргэний хариуцагч  Б.Өсөх нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгчээс 3 186 751 төгрөг, иргэний хариуцагчаас 3 186 751 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чимэгт олгож шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чимэг нь нас барсан нөхрийнхөө авч байсан цалин болон 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Халиунаа, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Хүслэн нарт  тогтоогдсон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас  нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн  508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заажээ.

 

“Файрсанни мүүн” ХХК-ийн тус компанийн ерөнхий инженер  С.Баярн сарын үндсэн цалин 800 000 төгрөг болно гэсэн тодорхойлолт хэрэгт байх боловч хохирогч нь 2016-2017 онд 500 000 төгрөгийн цалинтай байсан, уг цалингаас  нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь 1364990 тоот нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар нотлогдож байх тул түүний сарын цалинг 500 000 гэж үзсэн болно. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Халиунаа, Б.Хүслэн нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг сард 251 000 төгрөгөөр тогтоожээ.  

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасны дагуу талийгаачийн цалин болон 2 хүүхдэд тогтоогдсон тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зөрүү гарахгүй байх тул хохирогчийн 2 хүүхдэд тогтоогдсон тэтгэмжийн зөрүүг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулах боломжгүй байна. (500 000 : 4 = 125 000 төгрөг,     үүнээс нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай эхнэрт нь оногдох хэсгийг хасахад охин Б.Халиунаа, хүү Б.Хүслэн нарт 250 000 төгрөг оногдож байна)

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ниссан Блюүбирд” маркийн, 05-91 УБН улсын дугаартай автомашины  эд зүйлийн хагархай хэсгүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид 1 жил 10 сарын хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хүрэлыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон,

авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Хүрэлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Хүрэлод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялтай дүйцүүлэн 60 хоногийн хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 08 сар хорих ялд  нэмж нэгтгэн, Г.Хүрэлын биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 10 сар хорих ялаар тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.Хүрэлод оногдуулсан 01 жил 10 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.Хүрэлын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж, 1124968 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Г.Хүрэлоос 3 186 751 төгрөг, иргэний хариуцагч Б.Өсөхаас 3 186 751 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чимэгт олгосугай.

 

8. Иргэний хариуцагч Б.Өсөх нь өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ниссан Блюүбирд” маркийн, 05-91 УБН улсын дугаартай автомашины эд зүйлийн хагархай хэсгүүдийг устгасугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол

 

Г.Хүрэлод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН