| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2507 00571 0299 |
| Дугаар | 2026/ДШМ/181 |
| Огноо | 2026-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/181
2026 02 09 2026/ДШМ/181
Л.Ц холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сэлэнгэ,
хохирогч Б.М өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.М өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Ц холбогдох 2507 00571 0299 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Л Ц, 2001 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “..............” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн .. дугаар хороо, Бадралын .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:..............).
Шүүгдэгч Л.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Налайх дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” нэртэй баарны гадна хохирогч Б.Мтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Л.Цн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.Цг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цгаас нэхэмжилсэн хохирогч Б.М нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчид 3,380,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Б.М нь шүүгдэгчид холбогдуулан гаргасан 11,880,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.М өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт халдлагад өртсөн иргэн тухайн хэргийн талаар эргэн санахдаа маш их айдас түгшүүртэй байдаг тохиолдол цөөнгүй, гэмт хэргийн хохирогч хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсвэл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3523 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байгаа нь дүгнэлтээр тогтоогдсон.
Гэм хорын эрх зүй нь бусад эрх зүй зэргээс ялгаатай нэг онцлогтой ба гэм хорын эрх зүйд уг этгээдийг гэм буруутай болохыг хохирогч нотлох үүрэг хүлээдэггүй. Харин эсрэгээрээ буруутгагдаж буй этгээд гэм буруугүй болохоо нотлох үүрэг хүлээх ба хохирогч өөрт хохирол учирсан болохыг нотолж, хохирлын хэмжээгээ тодорхойлон, холбогдох баримтаа гарган шинжээчийн дүгнэлтийг үндэслэн мэтгэлцсэн боловч дүгнэлтийг үгүйсгэсэн няцаасан баримтгүй байхад хохирлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон атал хэрэгт авагдаагүй үндэслэл дурдан сэтгэцэд учирсан хохирлыг гаргалгүй шийдвэрлэсэн. Хохирогчийн хувьд сагсан бөмбөгийн багийн тамирчин, бусад ажил мэргэжлээс онцлогтой, амжилт гаргах нь сэтгэл зүйтэй шууд хамааралтай. Нэг улирлын тоглолтоос гэмтлийн улмаас чөлөөлөгдөж тэмцээнд оролцох боломжгүй болсон нь гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтооход шууд нөлөөлсөн ба ажилгүй байсан хугацааны цалинд 3 сартай тэнцэх хэмжээний төлбөр нэхэмжилсэн боловч шүүх нэг сарын цалин гаргаж шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор М.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн эмчилгээний зардалд 880.000 төгрөг, ажилгүй байсан нэг сарын цалин хөлс болох 2.500.000 төгрөг, нийт 3.380.000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн талаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирогчийн ажилгүй байсан хугацаа нь баримтаар тогтоогдохгүй, хохирогчоос холбогдох баримтыг гаргаж өгч чадаагүй учир шүүхээс тухайн цалинтай холбоотой нэхэмжлэлийг хүлээж авалгүйгээр хохирогч Б.М учирсан бодит хохирол төлөгдсөн гэж үзсэн. Энэ хэрэг гарах шалтгаан нөхцөлд хохирогч Б.М буруутай үйлдэл нөлөөлсөн, мөн тэрээр тухайн цаг хугацаанд бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байдаг. Хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохдоо зөвхөн хохирсон асуудал дээр дүгнэлт хийсэн байна гэж үзэж сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байдаг. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
1. Шүүгдэгч Л.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” нэртэй баарны гадна Б.Мтай маргалдаж байсан Б.Б өмөөрч, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.М нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь “духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.М “...“..............” нэртэй бааранд 23 цагт орж бүжиглэж, архи уусан. 3 цагийн үед нэрийг нь мэдэхгүй намхан залуутай ...бид хоёр баарнаас гараад маргалдаад зогсож байхад Б гэх залуу бид хоёр дээр ирсэн. Тэгээд Б бид хоёр мөн маргалдаж, хэрэлдэж байгаад би Б нь цохисон. Тэр хавьд байсан хүмүүс бид хоёрыг салгах үед Бтай хамт явсан найз нь гэх Ц миний дух хэсэгт хоёр удаа цохиж миний дух цөмөрсөн. ...” /хх 13-14, 16-17, 19-20/,
гэрч Б.О “...Гарч байхад М гэх залуу үүдний хэсэгт танихгүй залуутай маргалдаад зогсож байсан. ...М над руу дайрч машин руу шахсан. ...Б хойноос ирээд юу болоод байгаа юм ...гээд салгах гэсэн. ...Бтай барилцаж авсан. ...М Бийн нүүр хэсэгт 3-4 удаа цохисон. Удалгүй Ц үсрээд салгах гээд ороод ирсэн. Би Цг тэвэрч аваад холдуулаад өргөж босгоод суулгаад цагдаа дуудаж байхад Бийн нүүр амнаас цус гараад хөхөрсөн байсан. ...” /хх 23-25/,
гэрч А.Д “...М, О нарын хамт “..............” гэдэг баар руу ороод хоёр шил архи гурвуулаа хувааж уусан. М, О хоёр баарнаас түрүүлээд гараад явчихсан. Би араас нь гараад очтол М нэг танихгүй залууг нүүр рүү нь цохиод өшиглөөд дахиж нүүр рүү нь цохиж байхад нь би очиж салгаад манай дүү ирж машинтай биднийг аваад манайх руу явсан. Манай гэрт очсон хойно М толгой өвдөөд байна гээд хамраас нь цус гарсан байсан. Манайд хоноод өглөө нь босоод харахад М дух хэсэгт гараараа дарахад хонхойж байсан. М өөрөө хэлэхдээ баарнаас гараад нэг залуу мөрлөснөөс болж муудалцаад цохиулсан хүний хамт ажилладаг найз нь цохисон гэж хэлсэн. ...” /хх 35-36/,
гэрч П.Оын “...шөнө 01 цаг өнгөрч байхад эхлээд манай найз М гарчихаад эргэж орж ирэхгүй байхаар нь араас нь гарахад М танихгүй залуутай муудалцаад барьцалдаад авчихсан, тэр хоёрыг тойроод танихгүй залуучууд зогсож байсан. Би очиход тэр хоёр бие биеэ хаана гэдгийг нь мэдэхгүй цохилцож байхаар нь салгах гэж байхад нөгөө танихгүй залуугийн найз нь бололтой намхан залуу цаанаас нь гүйж ирээд яах ийхийн зуургүй М дух хэсэгт 2 удаа цохичхоод цаашаа яваад өгсөн. ...Тэр залуу яг дух хэсэгт нь цохиж байхыг би харсан. 1.60 см өндөртэй залуу байсан. ...” /хх 38-39/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай “...Б.М биед духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 49-50/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Л.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Л.Цн найзыгаа өмөөрч хохирогч Б.М биед халдаж нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.Цн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэмт хэрэг гарахад хохирогч Б.М согтуурсан үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж, бусдын биед халдсан зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Л.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.
2. Хохирогч Б.М өмгөөлөгч Г.Наранбаатар “...хэрэгт авагдаагүй үндэслэл дурдан сэтгэцэд учирсан хохирлыг гаргаагүй, ажилгүй байсан хугацааны цалинг 3 сараар шийдвэрлээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
2.1 Шинжээч хохирогч Б.М 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэс ажилбар хийгдсэн, мэс заслын дараах байдал зэргийн талаарх эмнэлгийн бичиг баримт болох өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл, оношилгоо, шинжилгээний баримтуудтай танилцан “хохирогч Б.М учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл” болох талаар дүгнэлтийг гаргажээ.
Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлттэй хохирогч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаанд танилцаад хэн аль нь маргаагүй, дүгнэлттэй холбогдуулан санал хүсэлт гаргаагүй байна.
Шинжээчийн дээрх дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх, хохирогч Б.М ажилгүй байсан нэг сарын хугацаагаар (гэмт хэрэг 2024.11.8-9-нд шилжих шөнө үйлдэгдсэн, үүнээс хойших нэг сарын цалин хөлс) 2,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болжээ.
Учир нь, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж заасан байна.
Тиймээс хохирогч Б.М нь гэмтлийн улмаас мэс ажилбарт орсон, гэмтлийн эдгэрэлтээс хамаарч нэг улирал сагсан бөмбөгийн багийн тамирчны гэрээт ажлаа хийгээгүй гэж тайлбарлаж, ажилгүй байсан үлдэх хоёр сарын цалин хөлс гаргуулах өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
2.2 Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг 1 дүгээр хавсралтаар баталсан бөгөөд энэхүү хавсралтад “Хөнгөн” гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь /4-8 хувь/ хоёрдугаар зэрэглэлд хамаарахаар заасан.
Түүнчлэн аргачлалын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэжээ.
Гэтэл энэ жишиг аргачлалд зааснаас өөрөөр Б.М сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон №ЕГ0825/3523 дугаартай “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзнэ.
Тодруулбал, хохирогч Б.М сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон нь Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-тай тохироогүй, уялдуулаагүй, хэдийгээр хүн бүрийн сэтгэл зүй, хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн үзүүлэх сөрөг үр дагавар харилцан адилгүй байх боломжтой боловч сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг дээрх аргачлалтай уялдуулах хууль зүйн үндэслэлтэй ба шинжээчийн дүгнэлтийг зөвхөн хохирогчтой хийсэн эмнэл зүйн ярилцлага, өгүүлэмжид суурилсан, гэмтлийн байдал, сэтгэцийн хямрал цочрол, өвчин, шаналал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзаагүй нь тухайн дүгнэлт бодитой эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна. Улмаар энэ байдал нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр шударга, үндэслэл бүхий байх, хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зарчим зөрчигдөхөд хүргэх юм.
Иймд холбогдох бусад нотлох баримтаа бүрдүүлэн хохирогчийн сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.М өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА