Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2026/00138

 

 

 

 

      2026            01           28     

                             302/ШШ2026/00138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн [****] сумын [**] дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Прокурорын газар

Хариуцагч: Б аймгийн Өлгий 1 дүгээр багт оршин суух, Ж**** хостай овогт С******* Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн [****] сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100021355401 дугаарын дансанд оруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е

Хариуцагч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн [****] сумын Засаг даргаас ирсэн албан бичиг, хавсаргасан баримтуудаар танилцахад С.Б нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр [****] сумын Сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээл авсан боловч  хариуцагч үүргээ биелүүлж, зээлийг эргэн төлөөгүйгээс төрд, түүнчлэн дараагийн зээл авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилтийг бүрдүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул хариуцагч С.Б зээлийн мөнгө 5,000,000 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100021355401 дугаарын дансанд оруулж өгнө үү гэв.

3.Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд:  Миний бие 63 настай өндөр настан, нөхрийн хамт амьдардаг. [****] сумын Засаг даргын тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарахад төлбөр тооцоогүй гэж явуулсан байсан. Гэтэл 8 жилийн дараа Сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээл авсан байсан гэсэн нэхэмжлэлийг прокурорын газраас гаргасан байна. Миний бие ажлаас чөлөөлөгдсөн үед тойрог хуудас зуруулсан тухайн үед [****] сумын Засаг даргаар ажиллаж байсан Б*********, [****] сумын Засаг даргын Т***** газрын дарга Ш.Б нар ямар ч төлбөр тооцоогүй гэж тушаалыг маань гаргаад гарт өгөөд явуулсан. Ө**** насны тэтгэвэрт гарахад улсаас олгосон тэтгэмжийн мөнгийг төрийн сангийн төлөөлөгч миний дансанд шилжүүлж өгсөн. Хэрэв би тийм өглөгтэй байсан бол тэр үед надад сануулах байсан. З*** авсан бол надтай гэрээ хийх ёстой, хэзээ хэдэн төгрөг орж байсныг мэдэхгүй.  М** их гомдолтой байна. Миний бие маань тааруу сахрын диабеттай, зүрхний хэм алдалттай ахмад настан, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь хариуцагч С.Б холбогдуулан [****] сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн мөнгө 4.833.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100021355401 дугаарын дансанд оруулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.

4.2.Б аймгийн [****] сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/323 дугаартай албан бичигт Б аймгийн [****] сумын Сум хөгжүүлэх сан /хоршоо хөгжүүлэх сан/-аас 2011 оноос 2016 он хүртэл зээл авсан 62 зээлдэгчид холбогдолтой 213,396,095 төгрөгийн зээл нь одоо болтол төлөгдөөгүй байна. 2011 оноос 2022 он хүртэл Сум хөгжүүлэх сан /хоршоо хөгжүүлэх сан/-г хариуцаж ажиллаж байсан мэргэжилтнүүд болон Засаг дарга нар солигдсон тул тухайн үед эдгээр зээлдэгчдэд зээлийн гэрээ хийсэн эсэх нь мэдэх боломжгүй байна. Иймд 2011 оноос 2016 оны хооронд [****] сумын сум хөгжүүлэх сангаас олгосон 213,396,095 төгрөгийн зээлийг төлүүлэхэд ач холбогдол үзүүлж төрийг хохиролгүй болгож өгөхийг Б аймгийн Прокурорын газраас хүссэн байна.

4.3.Б аймгийн Прокурорын газар нь Б аймгийн [****] сумын Засаг даргын хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж хариуцагч С.Б Б аймгийн [****] сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 5,000,000 төгрөгийн гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.4.Монгол Улсын З****** газрын 2011 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоол болон 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг тус тус баталсан ба тухайн журмаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах Сум хөгжүүлэх сан-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.

4.5.Энэхүү Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журамд зааснаар сумын Засаг дарга нь [****] сумын Засаг дарга нь иргэд, аж ахуйн нэгжээс санд ирүүлсэн төслүүдээс сумын иргэдийн Т************ Х****** гаргасан чиглэлд нийцсэн, төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гарган зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж ажиллах бүрэн эрхтэй ба тус сан нь Төрийн санд тусгай данстай байхаар, иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг журмын 1.1 хэсэгт заасан зорилгоор жилийн 3 хүртэл хувиар, 36 сарын хугацаатай олгох ёстой.

4.6.Гэтэл хариуцагч С.Б [****] сумын Сум хөгжүүлэх сангаас зээл олгохтой холбоотой гаргасан [****] сумын Засаг даргын захирамж, зээлдэгчийн анкет, зээл олгохыг хүссэн өргөдөл, төслийн баримт бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд байхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

4.7.Н************ хавтаст хэрэгт гаргаж өгсөн Шүүхийн шийдвэр гараагүй зээлдэгчдийн нэрсийн жагсаалтын 14-д зээлдэгч С.Б, РД:[********], зээл авсан огноо 4/30/2013, эцсийн үлдэгдэл 4,833800 төгрөг гэж бичигдсэн байх боловч ямар эх сурвалжийг үндэслэн энэхүү жагсаалтыг гаргасан тодорхой бус байна. 

4.8.Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч С.Б **** банкны [**********] дугаартай дансны 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны харилцах харилцагчийн дансны хуулгыг гаргуулахад С*** Б********** [**********] дугаартай дансанд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр АС:903301 Бө.Сум.Х**.С** /хуулганы агуулга/, 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн орлого орсон байна.

4.9.Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн [****] сумын Сум хөгжүүлэх сангийн данснаас 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагч С.Б хувийн харилцах 05-3300-[**********] дансанд шилжүүлсэн гэх зарлагын дэлгэрэнгүй тайлангаар хариуцагч С.Б дээрх дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт болон **** банкны Б салбарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар С*** Б********** [**********] дугаартай дансанд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хуулганы агуулгын нэрээр АС:903301 Бө.Сум.Х**.С** нь 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлэг хийгдсэн болох нь тус тус нотлогдож байна. 

4.10.Дээрх дансыг хариуцагч С.Б шүүх хуралдааны шатанд эзэмшигч буюу харилцагч мөн эсэхийг, мөн дээрх дансаар гүйлгээ хийдэг эсэхийг тодруулахад “**** банкны  [**********] дугаартай данс байгаа дансанд мөнгө орж, гарч байдаг, гэхдээ хэзээ хэдэн төгрөг орж гарсныг санахгүй байна гэснийг дурдах нь зүйтэй байна.

4.11.Хариуцагч С.Б нь [****] сумын Сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээл аваагүй, зээл авсан бол надтай гэрээ хийх ёстой, хэзээ хэдэн төгрөг орж байсныг мэдэхгүй. М** их гомдолтой байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж үгүйсгэж байгаа боловч хариуцагч холбогдох нотлох баримтаар нотолж чадаагүй.

4.12.Хариуцагч С.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

5.Иймд хариуцагч С.Б нь [****] сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээл авсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хангаж, хариуцагч С.Б [****] сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн мөнгө 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

6.Энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллага буюу Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 /таван сая/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 94,950 төгрөгийг хариуцагч С.Б гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

                1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б [****] сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн мөнгө 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулан Төрийн сангийн 100021355401 дугаарын дансанд оруулсугай.

                2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар энэхүү нэхэмжлэл нь Б аймгийн Прокурорын газар төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С.Б улсын тэмдэгтийн хураамжид 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

                3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

                4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 К.БҮЛДИРГЕН