Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00970

 

 

 

 

 

 

 

 

2022 05 20 210/МА2022/00970

 

 

 

........, ......... нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00705 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ........, ......... нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ........, ...... нарт холбогдох худалдах, худалдах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ........ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Цэен-Ойдов, хариуцагч ........ийн өмгөөлөгч Л.Ононбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

........ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ........тэй харилцан тохиролцож Lexus RX-350 маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож бэлнээр 2,000,000 төгрөг өгч, өөрийн эзэмшлийн Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийг 21,000,000 төгрөгт тооцож шилжүүлэн өгсөн. Мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг өгч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг хүссэн боловч ........ээс авсан Lexus RX-350 маркийн автомашин Нобел лизинг ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд хурааж авсан. Иймд хариуцагч ........ээс 35,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ........ийн татгалзал, тайлбарын агуулга:

........аас авсан автомашины төлбөр 35,000,000 төгрөгөөс 29,000,000 төгрөгийг ......, 60,000,000 төгрөгийг миний бие төлөхөөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Хариуцагч ......ийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани ........тэй бартерийн журмаар хөөс нийлүүлэх гэрээний дагуу 29,000,000 төгрөгийн тооцоо байгаа. Гэхдээ үүнийг бартерийн журмаар орон сууц өгөхөөр ........тэй тохиролцсон боловч барилгын ажил Ковид-19 цар тахалын улмаас зогссон байсан. Одоо барилгын ажил эхэлж байгаа. ........ бид хоёрын хооронд өглөг, авлагын асуудал байгаа ч нэхэмжлэгчээс мөнгө аваагүй тул төлбөр тооцоо байхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ........ээс 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........., ........ нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ........., ........ нар нь хариуцагч ......т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........ээс улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........., ........ нарт олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ........ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Төлбөр төлөх гэрээний 6,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, 29,000,000 төгрөгийг .......... төлнө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч ........ийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ........, .... нар хариуцагч ........, ...... нарт холбогдуулан Lexus RX автомашины төлбөрт 35,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад ......т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

1.б. ........ болон ........ нар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Автомашин солилцох, зөрүү тохиролцсон хэлэлцээр гэсэн нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ........ нь ........т .........ын өмчлөлийн 35-34 УБС улсын дугаартай Lexus LX 470 маркийн автомашиныг 21,000,000 төгрөгт тооцож, ........ нь ........ад 74-41 УБЦ дугаартай Lexus RX 350 маркийн автомашиныг 45,000,000 төгрөгт тооцож өгч авахаар, ........ нь зөрүү төлбөрт 24,000,000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч ........ нь автомашин солилцох, зөрүү тохиролцсон гэрээний дагуу 35-34 УБС улсын дугаартай Lexus LX 470 маркийн автомашиныг 21,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн, мөн зөрүү төлбөрт 14,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь автомашин солилцох, зөрүү тохиролцох гэрээний дагуу хариуцагчид 35-34 УБС улсын дугаартай Lexus LX 470 маркийн автомашиныг 21,000,000 төгрөг тооцож шилжүүлэн өгч, мөн зөрүү төлбөрт 14,000,000 төгрөг төлсөн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус зааснаар ........ийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

1.в. Нэхэмжлэгч ........ад шилжүүлэн өгөх хариуцагч ........ийн 74-41 УБЦ дугаартай Lexus RX 350 маркийн автомашин нь Нобел лизинг ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт хураагдсан тул автомашин солилцох, зөрүү тохиролцох гэрээний үүрэгт төлсөн 35,000,000 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй, харин уг төлбөрийн зарим хэсгийг хариуцахгүй гэж маргасан байна.

 

Хариуцагч ........ нь автомашин солилцох, зөрүү тохиролцох гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч ........ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч ........ нь нэхэмжлэгч ........, ......... нарт 35,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

 

1.д. ........ болон ...... нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдаж, энэ гэрээнд ........... нь ........ад 35,000,000 төгрөг төлөхөөс 29,000,000 төгрөгийг ........ийн өмнөөс ...... 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулах бөгөөд үлдэгдэл 6,000,000 төгрөгийг ........ төлнө... гэж тусгасан байна. (хх-ийн 22) Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж боловч ...... нь дээрх төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүй байна.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна гэж заасан тул хариуцагч ........ нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ........, ......... нарт төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд хариуцагч ........ийн өмгөөлөгчийн ... төлбөр барагдуулах гэрээний дагуу ...... 29,000,000 төгрөгийг төлнө... гэх гомдлыг хангахгүй үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00705 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ........ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ........ийн төлсөн 302,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ