| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2509000560166 |
| Дугаар | 2026/ДШМ/178 |
| Огноо | 2026-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2026/ДШМ/178
2026 02 05 2026/ДШМ/178
О.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэбаяр,
шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Ж.Буджав,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2868 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2509000560166 дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн О-ы Н- /РД: О-/, ........., урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч О.Н- нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн О- хорооны нутаг дэвсгэрт байрлах, 07 дугаар гудамжны 42 тоотод хохирогч Д.Ц-ийн “Samsung S-23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Н-д шүүхээс оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт О.Н-ын цагдан хоригдсон 19/арван ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Н-аас 1,350,000/нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-ид олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч О.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие О.Н- нь хийсэн хэрэгтээ гэмшиж гэж буруугаа хүлээн зөвшөөрч дахин гэмт хэрэгт холбогдохгүй болохоо илэрхийлж байна. Хохирол төлбөрөө барагдуулж хохирогчийг гомдолгүй болгосон. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Иймд уг ялыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгүүлэхээр болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Ж.Буджав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн материалтай танилцахад шүүгдэгч О.Н- нь урьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд саад хариуцлага хүлээгээгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байх ба холбогдсон хэргийн гэм буруугаа учруулаагүй байдаг. Түүнчлэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 1,350,000 төгрөгийн хохирлыг анхан шатны шүүхийн дансанд байршуулсан байна. “Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмын нэг илрэл боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг хэрэглэх үндэслэл, шалгуурыг хангасан тохиолдолд тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоож болдог нь эрүүгийн хариуцлага бодит байдалд нийцсэн, тохирсон байх агуулгыг илэрхийлдэг...” Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Н-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргаж, түүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн нь “шударга ёсны зарчим”-д нийцсэн гэж үзэж байгаа бөгөөд шүүгдэгч О.Н- нь холбогдсон хэргийнхээ нийгмийн хор аюулыг сайтар ухамсарлаж ойлгосон, учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.Иймд давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2868 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Н-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар хөнгөрүүлэн өөрчилж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад О.Н- нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байсан нөхцөл байдал тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон 1.350.000 төгрөгийг харьяалах шүүхийн дансанд байршуулсан баримттай өнөөдөр танилцсан. Түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар солиулах талаар түүний өмгөөлөгч гомдол гаргасан. Ялын төрлийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялаар солих боломжтой гэж үзэж байна. Учир нь хохирол төлөгдсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Эд хөрөнгийн хохирол учруулсан, эрүүл мэндийн хохирол учруулаагүй. Үнэлгээгээр тогтоосон мөнгийг байршуулсан. Үүнээс хохирогчийн хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой. Нийтэд тустай ажил хийлгэх цагийн тухайд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэм буруугийн хэлбэр, санаатай гэмт хэрэгт холбогдсон хувийн байдалд нь тохирно гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Үүний улмаас хэрэг түдгэлзсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах эрх давж заалдах шатны шүүхэд байгаа учраас түүнд оногдуулах ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өнөөдөр хүртэл цагдан хоригдсон хоногийг оруулж, тоолж, эдлэх ялаас хасаж, тооцох боломжтой. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч В.Н- нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн О- хорооны нутаг дэвсгэрт байрлах, 07 дугаар гудамжны 42 тоотод хамт архи ууж байсан хохирогч Д.Ц-ийн эзэмшлийн “Samsung S-23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Ц-ийн өгсөн “... Би тухайн өдөр хамаатан болох Д- гэх хүний гэрт очсон. Тэгээд тухайн гэрт Д- бид хоёр нэг шил архи хуваагаад ууж сууж байсан. Тэгээд гаднаас нэг эмэгтэй дуугарахаар, манай Д- гараад “...таньдаг хүн юм байна...” гээд миний танихгүй нэг эмэгтэй хүнийг гэрт оруулаад ирсэн. Тэгээд 3 лаа Д- бид хоёр ууж байсан архийг хувааж уусан. Тэгээд би тухайн архи дууссаны дараа унтаад өгсөн. Тухайн үед би гар утсаа сандал дээр тавьсан байсан. Миний гар утсыг тухайн гаднаас орж ирсэн эмэгтэй хүн хулгайлаад аваад гарсан байсан... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан... Миний гар утас “Самсунг эс-23” загварын гар утас байсан. Би 2022 онд Солонгос улсаас 1,500,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-12 хуудас/,
Онцгой үнэлгээ ХХК-ний 2025 оны 01-р сарын 29-ний өдрийн “....Samsung s-23 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг 1,350,000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээ/хх-ийн 20-25 хуудас/,
“...хохирогч Д.Ц- О.Н-ыг зургаар таньж олов...” гэсэн мэдээлэлтэй таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 28-аас 30/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч О.Н-ын 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн О- хорооны 07 дугаар гудамжны 42 тоотод байхдаа хамт архи ууж байсан хохирогч Д.Ц-ийн “Samsung S-23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч “...хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджав “...шүүгдэгч О.Н-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар хөнгөрүүлэн өөрчилж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг.
Ийнхүү шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг оноохдоо тухайн хэргийн хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн засрах боломж, хохирол, хор уршиг арилсан эсэхийг болон нотлох баримтаар тогтоогдож буй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч О.Н- нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол 1,350,000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь /100900005406/ тоот барьцааны дансанд байршуулсан баримтыг ирүүлснээс гадна урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2868 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...560 /таван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчлөн, хорих ялтай холбоотой заалтуудыг хүчингүй болгон, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарыг гаргасан гомдлуудыг хүлээж авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Н- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө 19 /арван ес/, шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл буюу 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 51 хоног, нийт энэ хэрэгт 70 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар цагдан хоригдсон 1/нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар/ 70х8=560/ тооцон уг ялыг эдэлсэнд тооцов.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь /100900005406/ тоот барьцааны дансанд байршуулсан 1,350,000 төгрөгийг /хх 109/ шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Ц-ид олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2868 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...560 /таван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарыг гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч О.Н-ын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийн 1/нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцон уг ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч О.Н-ыг нэн даруй сулласугай.
3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 100900005406 тоот барьцааны дансанд байршуулсан 1,350,000/нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ц-ид олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5 Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА