Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 481

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

хохирогч: Х.Өсөхөө,

шүүгдэгч: Э.Мөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Мөнхад холбогдох эрүүгийн 1805 0111 40378 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн  Ургамал суманд төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хүнсний технологи, политехникийн коллежийн цахилгааны 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсаныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 510 тоот магадлалаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтоолд өөрчлөлт оруулсан, Мөнх.

 

             Шүүгдэгч Э.Мөнх нь 2018 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кола Кебаб” нэртэй түргэн хоолны газрын орчим Х.Өсөхөөыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Мөнх мэдүүлэхдээ:

Би Х.Өсөхөөын биед шүүх эмнэлэгийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг   учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би түүний 2-3 удаа гараараа цохисон. Би хохиролд 90 000 төгрөг төлсөн. Хохирогч Х.Өсөхөөын эмчилгээний зардалд нэхэмжилж байгаа 281 250 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын сүүлээр цалингаа аваад төлнө. Би дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Х.Өсөхөө мэдүүлэхдээ:

2018 оны 02 дугаар сарын 12-ны орой 21 цагаас Өргөөгийн урд талын 47 дугаар сургууль дээр найзуудтайгаа 2 цаг заал аваад тоглосон. Тараад гадаа найзуудтайгаа хэсэг ярьж байгаад гэрлүүгээ харихаар ганцаараа Өргөөгөөс хорооллын эцэс рүү алхаж явтал энэ залуу намайг 2-3 удаа хамар руу цохиж, гэмтэл учруулсан. Одоо эмчилгээ хийлгэсэн 370 000 төгрөгөөс төлөгдөөгүй 281 250 төгрөгийг яаралтай төлүүлнэ гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Энх-Мандах мэдүүлэхдээ:

Надаас 4-5 насаар ах гэмээр надаас арай өндөр залуу хажуугаар өнгөрөхдөө бид 2 бие, биенийгээ мөрлөөд гарснаас болоод маргалдаж байтал Э.Мөнх нь намайг өмөөрөөд тэр залууг цохичихсон гэжээ.  ( хэргийн 19 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2552 тоот дүгнэлтэд:

 

1.Х.Өсөхөөын биед хамар хянга болон баруун хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэжээ. ( хэргийн 22 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсаныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 510 тоот магадлалаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтоолд өөрчлөлт оруулсан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17/257 тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Э.Мөнх нь 2018 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кола Кебаб” түргэн хоолны газрын орчим хохирогч Х.Өсөхөөыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хамар хянга болон баруун хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч болон, гэрч Т.Энх-Мандахын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2552 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Мөнхад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

Хохирогч Х.Өсөхөө нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой Натур эмнэлэгт толгойн комьютер томографийн оношлогоо хийлгэхэд 120 000 төгрөг, Шагшаа эмнэлэгт үзлэг, эмчилгээ хийлгэсэн талаар 225 000 төгрөг, Буяндэлгэмэл эмийн сангаас эм авсан зэрэгт нийт 371 250 төгрөгийн зардлын баримт гаргаж өгснөөс шүүгдэгч мөрдөн байцаалтад 90 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 281 250 төгрөгийг Э.Мөнх гаргуулах үндэслэлтэй байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 тоот шийтгэх тогтоолоор Э.Мөнхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, уг  хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсаныг шүүгдэгчийн давах гомдлоор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 510 тоот магадлалаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтоолд өөрчлөлт оруулсан ба уг торгуулийн ялыг эдэлсэн нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17/257 тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тэмдэглэлээр нотлогдож байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Мөнхыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Мөнхыг 400  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Э.Мөнх  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Мөнхаас 281 250 төгрөг гаргуулан хохирогч Х.Өсөхөөт олгосугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мөнхад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН