Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 494

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: М.Ган, түүний өмгөөлөгч А.Нацагдорж /0586/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганд холбогдох эрүүгийн 1705 0175 50186 тоот дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа гар утас зардаг, сард 1 500 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, Ган.

             Шүүгдэгч М.Ган нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үнэмлэхүй үнэн” ХХК-ийн “Үнэн” нэртэй ломбардын зээлийн мэргэжилтэн О.Нямд “барьцаанд тавьсан эд зүйлээ авъя, зээл болон хүү нийт 537 500 төгрөгийг дансаар шилжүүлнэ” гэж хуурч, өөрийн Хаан банк дахь 5026849039 дугаар данснаас тус компанийн 5014405961 дугаар дансанд 1000 төгрөг шилжүүлэн улмаар 537 500 төгрөгийг шилжүүлчихлээ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 536 500 төгрөгийг шилжүүлэлгүйгээр барьцааны эд зүйл болох монетон гинж, кулон, бөгж зэрэг эд зүйлээ шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Ган мэдүүлэхдээ:

Би тэр ломбардаар урьд нь үйлчлүүлж, интернет банкаар төлбөрөө шилжүүлдэг байсан. Надад мөнгө өгөх ёстой байсан хүн тэр өдөр мөнгөө шилжүүлнэ гэж хэлсэн тул миний дансанд мөнгө орсон гэж би бодоод ломбардаас барьцаанд тавьсан эд зүйлээ авахдаа дансаар нь мөнгө шилжүүлээд барьцааны эд зүйлээ авсан. Дараа нь надаас баримтын 100 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь 1 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Таны гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессежийг ломбардын хүнд харуулсан. Тэгээд ажил дээрээ очиход гар утасны цэнэг дууссан байсан. Гэтэл ломбардаас над руу утсаар төлбөр ороогүй байна гэхээр нь удахгүй шилжиж орох байх гэж хэлсэн. Тухайн үед Хаан банкны АТМ ажиллахгүй, сүлжээ гацаад байсан. Тийм болохоор хэсэг хугацааны дараа орчих байх гэж би бодсон юм. Тэгээд очиж уулзалгүй явсаар ийм байдалд орлоо. Тухайн үед миний дансанд 537 000 төгрөг байхгүй учраас барьцаат зээлийн газрын данс руу ороогүй байсан.  Харин 1 000 төгрөг шилжүүлэхэд тийм мессеж ирсэн юм билээ. Тэгээд би барьцаанд тавьсан эд зүйлээ авсан. Өөрийн буруутай үйлдлээ ойлгож байна. Ломбардад 537 000 төгрөг төлсөн гэв.  

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Ням мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14-15 цагийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Үнэмлэхүй үнэн” ломбардад ажилтай байж байхад Ган гэх эмэгтэй орж ирээд 2017 оны 12 дугаар сарын 08-нд 530 000 төгрөгөнд тавьсан монетон гинж, бөгж, кулоноо авах гэж орж ирээд “төлбөрөө интернет банкаар шилжүүлье, авсан мөнгөн дээрээ хүү болох 7 500 төгрөгийг хамт нийт 537 500 төгрөгийг шилжүүлье дансаа өгчих” гээд авсан ба хэдэн минутын дараа 537 500 төгрөгийг хийчихлээ, энэ мөн үү гээд манай компанийн дансыг харуулахаар нь мөн байна гээд барьцаанд байсан эд зүйлийг нь өгөөд данс шалгах гэсэн боловч гацаад байсан бөгөөд гарсных нь дараа шалгатал 1 000 төгрөг орсон байхаар нь 8808 6566 гэсэн дугаар руу залгаад 1 000 төгрөг орсон байна. Ороод ир гэхэд “өө тийм үү, 5 минутын дараа яваад оръё” гээд алга болсон. Ирэхгүй болохоор нь дахиж залгахад “цаг гаруй хугацааны дараа яваад очъё, банк дээр лавлагаа авч байна” гэсэн бөгөөд тэрнээс хойш утсаа авахгүй байхаар нь цагдаад өглөө шүү гээд мессеж бичихэд мобигийн 99637140 дугаараас залгаад “цагдаад битгий өгөөрэй, би яваад очъё” гэж хэлээд ирээгүй бөгөөд утсаа авахгүй байхаар нь цагдаад өргөдөл өгсөн. Ган надад учирсан хохирол мөнгийг бүрэн барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 14-16 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Ган нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

   

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Ган нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үнэмлэхүй үнэн” ХХК-ийн “Үнэн” нэртэй ломбардаас “барьцаанд тавьсан эд зүйлээ авъя, зээл болон хүү нийт 537 500 төгрөгийг дансаар шилжүүлнэ” гэж хуурч, өөрийн Хаан банк дахь 5026849039 дугаар данснаас тус компанийн 5014405961 дугаар дансанд 1 000 төгрөг шилжүүлж, 537 500 төгрөгийг шилжүүлчихлээ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 536 500 төгрөгийг шилжүүлэлгүйгээр барьцааны эд зүйл болох монетон гинж, кулон, бөгж зэрэг эд зүйлээ өөртөө авч, залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Нямийн мэдүүлэг, Хаан банкнаас ирүүлсэн М.Ган-Эрдэнийн 502684939 тоот дансны 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Үнэн” барьцаат зээлийн газрын 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Ган-Эрдэнийн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, торгох ялын доод хэмжээгээр торгох нь зүйтэй гэж үзэв.   

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Ган цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ган-Эрдэнийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ган-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 1 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Ган нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 537 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Ганд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ганд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН