Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/213

 

    

           

 

 

     2026          02            13                                         2026/ДШМ/213

 

Э.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одхүү,

шүүгдэгч Э.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Монгол,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Б холбогдох эрүүгийн 2408026201443 дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Э овгийн Э Б /РД: ............/, 1997 оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “............” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, ... байр, .. тоотод оршин суух,

Урьд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Ш.Э “Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, .. байрны .. тоотод орших өөрийн гэртээ байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн “Хас” банкны ............. дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 6,370,000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хас” банкны ............. дугаарын дансаар 1 удаагийн гүйлгээгээр 1,630,000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хас” банкны ............. дугаарын дансаар 1 удаагийн гүйлгээгээр 150,000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хас” банкны ............. дугаарын дансаар 1 удаагийн гүйлгээгээр 100,100 төгрөгийг, нийт 8,250,100 /найман сая хоёр зуун тавин мянга нэг зуун/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Х “Худаг гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, .. байрны .. тоотод орших өөрийн гэртээ байхдаа 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн “Хас” банкны ............. дугаарын дансаар 1 удаагийн гүйлгээгээр 850,000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хас” банкны ............. дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөгийг, нийт 3,350,000 /гурван сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 11,600,100 /арван нэгэн сая зургаан зуун мянга нэг зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бээс нийт 7,311,100 /долоон сая гурван зуун арван нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Э 3,961,100 /гурван сая есөн зуун жаран нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг, хохирогч Б.Х 3,350,000 /гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Б урьд авсан “хувийн баталгаа гарах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Б би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа хохирогч Ш.Э 3,961,100 төгрөг, Б.Х 3,350,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Би маш их гэмшиж байгаа ба цаашид бусдад хүндэтгэлтэй хандаж ямар нэг хэрэг зөрчил үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Монгол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа ба шийтгэх тогтоол гарсны дараа 7,311,100 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчид гомдолгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, 1.2 дугаар заалтад заасан ялыг хөнгөрүүлэх, өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...Шүүгдэгч гэр бүлтэй, бага насны буюу 1 настай хүүхэдтэй, цаашид засарч хүмүүжих боломжтой гэж үзэж байна. Мөнгөний асуудал гарч, буруу арга хэрэглэснийг нь түүний эцэг, эх мэдээгүй байсан бөгөөд энэ талаар мэдэж арга хэмжээ авсан. Шүүгдэгчийн эцэг худаг гаргах ажил хийдэг, зүрхний өвчтэй учраас сүүлийн жил гарангын хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Шүүгдэгч Э.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа учраас нэг удаа боломж олгож, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Одхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, “хохирогч Б.Хийг залилаагүй, энэ нь залилах гэмт хэрэг биш” гэж маргаж оролцсон. Мөн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх үед гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байсан. Өөрөөр хэлбэл, хохирогч Ш.Э учруулсан хохирлоос тодорхой хэмжээнд төлж барагдуулж, хохирогч Б.Х учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байсан. Шүүгдэгч урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж, нэг удаад нь “залилах” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан. Залилах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт 11,600,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдалд хамаарч байна. Анхан шатны шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүхийн оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулж, “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж байна. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал боловч прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, 1 дүгээр хороолол, .. байрны .. тоотод орших өөрийн гэртээ байхдаа хохирогч Ш.Эг “...түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж өгнө...” гэж хуурч 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “Хас” банкин дахь өөрийн эзэмшлийн ............. дугаарын дансанд 8,250,100/найман сая хоёр зуун тавин мянга нэг зуун/ төгрөг, мөн хохирогч Б.Хийг “...худаг гаргаж өгнө...” гэж хуурч 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд  өөрийн эзэмшлийн “Хас” банкны ............. дугаарын дансаар 3,350,000/гурван сая гурван зуун тавин мянган/ төгрөг тус тус шилжүүлүүлэн авч, бусдад нийт 11,600,100/арван нэгэн сая зургаан зуун мянга нэг зуун/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.Э “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны орой  Т.М утсаар ярьж байгаад “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор байранд орох боломж байна, энэ нь 8,000,000 төгрөгөөр бүтэх юм байна, надад таньдаг хүн байна...” гэж хэлээд нөгөө хүнийх нь утасны дугаарыг надад өгсөн. Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө Т.М эгчийн өгсөн дугаар руу залгахад эрэгтэй хүн утас авсан. Тухайн эрэгтэйтэй Т.М эгчийн хэлсэн зүйлийн талаар ярилцсан. Би “...хууль бус биш биз дээ...” гэж асуухад “...хууль бус биш, хамгийн гол нь дараалал хүлээж хугацаа алдаад байдаг асуудлыг шийдэж өгнө...” гэж хэлхээр нь би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12:58 цагт Ш.Э буюу төрсөн эгчийн ......... дугаартай данснаас Э Б гэх хүний “Хас” банкны ............. дугаартай данс руу 3,000,000 төгрөгийг “Ш.Эрдэнэбулган” гэж бичээд шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ..:56 цагт .................дугаартай данснаас Э Б гэх хүний “Хас” банкны ............. дугаартай данс руу 3,370,000 төгрөгийг “Ш.Эрдэнэбилэг” гэсэн утга бичиж шилжүүлсэн. Тухайн өдөр би завгүй байсан болохоор миний иргэний үнэмлэхийн хуулбар, өөрийн болон эгчийн дансны хуулга зэрэг мэдээллийг эгч Ш.Эрдэнэбилэг аваад Э.Б гэх залуутай уулзсан. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09:40 цагт ..............дугаартай данснаас Э Б гэх хүний “Хас” банкны ............. дугаартай данс руу 1,630,000 төгрөгийг “Ш.Эрдэнэбулган” гэсэн утга бичиж шилжүүлсэн. Э.Б нь надаас 8,000,000 төгрөг авсан. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр миний ажлыг бүтээж өгөх байсан боловч хугацаа нь тодорхойгүй байдлаар хойшлоод байсан. ...7 орчим өдрийн дараа Э.Б нь над руу залгаад “...Төрсөн эгч Ш.Эрдэнэбилэг нь чамайг батлан даана гэсэн утгатай өргөдөл гараар нь бичүүлээд авч ирэх хэрэгтэй байна...” гэж ярьсан. Би эгч Ш.Эрдэнэбилэгт энэ тухай хэлээд зээл авахад батлан даана гэсэн утга бүхий өргөдөл бичүүлж аваад өгсөн... Би НОСК-ын лавлах утас руу залгасан чинь “...минийх ямар ч бүртгэлгүй байна...” гэж хэлсэн. Тэгээд Т.М эгч НОСК дээр очоод Э.Б гэж хүн ажилладаг эсэхийг асуухад “...огт тийм хүн байдаггүй...” гэж хэлсэн гэсэн. Би өөрөө цалингаа хадгалах зорилгоор төрсөн эгч Ш.Эрдэнэбилэгийн дансанд хуримтлуулдаг байсан. Мөнгөө хуримтлуулж байгаад байранд орно гэсэн бодолтой байсан. Тэгээд байранд орох боломж олдлоо гээд би эгчийнхээ данснаас мөнгөө Э.Б рүү шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-22/,

Гэрч Т.Мийн “...2023 оны 11 сарын хавьцаа Э.Б над руу холбогдоод “...Цэнгэлтэй хотхон ашиглалтад орох болсон, түрээслээд өмчлөх орон сууц байна. Танд энэ орон сууцанд оруулах таньж мэдэх хүн байна уу...” гэхэд нь “...түрээслэх хүн асууя...” гээд хэсэг байж байгаад Э.Б нь над руу залгаад “...орон сууц түрээслэх хүнээ олсон уу...” гэхээр нь танил дүү Ш.Э “...түрээслээд өмчлөх орон сууц байна, Цэнгэлтэй хотхонд найдвартай орон сууц байна гээд байна. Чи сонирхож байвал Э.Бтэй холбогдоод үз...” гээд .............. дугаарыг өгөөд “...наад хүнээсээ сайн тодруулж асуугаарай...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 101/,

Хохирогч Э Э.Бийн эзэмшлийн “Хас” банкны ............. тоот данс руу мөнгө шилжүүлсэн мэдээллийг тусгасан мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний 24-н өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 82-99/,

Хохирогч Б.Хийн “...Э.Бийг худаг гаргадаг машинтай юм байна гэж бодоод, ярилцаад худаг гаргуулахаар болсон. 2024 оны 04 сард Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Баянголын ам орчимд байх өөрийнхөө зуслангийн газарт худаг гарах эсэхийг Э.Б нь аав н.Э хамт очиж үзсэн. Манай хашаан дотроос худаг гарах юм байна гэж оношлоод “...80 метр ухаж байж ус гарах юм байна. 1 метрийг нь 100,000 төгрөгөөр хийж өгье...” гэж хэлсэн. Ажлаа 2024 оны 07 сард наадмын дараа эхэлье гэж тохирсон. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Э.Б утсаар яриад “...танай худгийг гаргах хоолой, мотор гэх зүйлс авах шаардлагатай, 850,000 төгрөг хэрэгтэй байна...” гэж хэлсэн. Би нөхрийнхөө “ХААН” банкны ................ дугаарын данснаас 850,000 төгрөгийг “Хас” банкны ............. дугаартай данс руу шилжүүлээд “...2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажлаа эхэлнэ...” гэж тохирсон. 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Э.Б рүү утсаар ярихад “...машин Багануурт эвдэрчихсэн байна, машинаа засаж дуусаад хөдөлнө...” гэж хэлсэн. 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “...танайх руу явах түлшний мөнгө хэрэгтэй байна. Та 2,500,000 төгрөг шилжүүлчих...” гэж хэлсэн. Би өөрийн “Хас” банкны 5000659487 дугаартай данснаас 1,500,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг 2 удаагийн шилжүүлгээр Э.Бийн өөрийнх нь данс руу шилжүүлсэн боловч Э.Б огт ирээгүй асуухаар “....машин эвдрээд болохгүй байна...” гэдэг зүйл яриад байхаар нь аав н.Э рүү нь залгахад “...чамайг худаг хийлгэнэ гэж би мэдээгүй, чи манай хүүтэй ярьсан юм бол хүүтэй ярьж учраа ол, надад хамаагүй...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 140/,

Хохирогч Хээс Э.Бийн эзэмшлийн “Хас” банкны ............. тоот данс руу мөнгө шилжүүлсэн мэдээллийг тусгасан мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн ..0-аас ..3/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг.

Шүүгдэгчийн бодит байдал дээр биелэх боломжгүй “...түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө...”  гэх байдлаар хохирогч Ш.Эрдэнэбулган, “...худаг гаргаж өгнө...” гэх байдлаар хохирогч Б.Х нарыг тэдний орон сууцанд орох, зуслангийн хашаандаа худаг гаргуулах зэрэг хэрэгцээ шаардлагаар нь далимдуулан төөрөгдөлд оруулан хууран мэхэлж нийт 11,600,100 /арван нэгэн сая зургаан зуун мянга нэг зуун/ төгрөгийн хохирол учруулсан нь “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Б “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол “...Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, 1.2 дугаар заалтад заасан ялыг хөнгөрүүлэх, өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг.

Ийнхүү шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг оноохдоо тухайн хэргийн хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн засрах боломж, хохирол, хор уршиг арилсан эсэхийг болон нотлох баримтаар тогтоогдож буй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх учиртай.

Хохирогч Ш.Э 4,000,000 төгрөг, хохирогч Б.Х 3,350,000 төгрөгийн хохирол төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогч нарын бичгээр гаргасан “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх агуулгатай хүсэлтүүдэд үндэслэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болгон өөрчилж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлсэнтэй холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Б оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд 1 марга/нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй .

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний цаг хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.Бийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсоныг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцож, шүүгдэгчийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Иймд, дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 6/зургаа/ сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгон, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Э.Бийг нэн даруй сулласугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42/дөчин хоёр/ хоногийн 1/нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1/нэг/ хоногоор тооцон түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Э.Б нь хохирогч Ш.Э 4,000,000 төгрөг, хохирогч Б.Х 3,350,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА