Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 106/2018/0621/Э

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ________ овогт Д-н Б-д холбогдох эрүүгийн _________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 13 дугаар сургуулийн хойд талын гудамжинд явж байх үедээ өөрийн тусдаа амьдарч буй эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох М.С-тэй тааралдаж, улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн гарыг нь мушгих, хөмсөгөн тус газар нь гараараа цохих, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийнхэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Б-гийн өгсөн:

            “...Миний бие М.С-тэй 2007 онд танилцаад 2008 онд гэр бүл болж нэг гэрт орсон юм. Бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. 2016 онд хэсэг найзуудтайгаа нийлж гадуур явснаас болж эхнэр маань намайг хардаж улмаар бид хоёр салж одоог хүртэл тусдаа амьдрах шалтгаан болсон юм. Бид одоогоор гэр бүлээ цуцлуулаагүй, зүгээр тусдаа амьдарцгааж байгаа юм. 2018 оны 03 дугаар сарын 02-ны үдээс хойш 17 цагийн орчим гэрлүүгээ очиж ойр зуурын хувцас хунараа авах гэж явж байгаад анх манай эхнэртэй найзалдаг байсан танил эмэгтэй болох Н-тэй Өргөөгийн арын Жүр-Үрийн тэнд тааралдсан юм. Ингээд Н- машинтай явж байсан учир намайг дөхүүлж буулгахаар болсон юм....Ингээд үргэлжлүүлээд цааш явах гэтэл машин нь дахиад унтарчихсан юм. Харин би машиныг нь асаах гээд байж байтал Н- хүүе эхнэр хүүхэд чинь явж байна гэхээр нь хартал М.С том охиноо дагуулаад алхаж явсан юм. Ингээд Н- угаасаа бид хоёрыг хардаад байдаг учир буу гээд яваад өгсөн. Ингээд С намайг Н-тэй уулздаггүй гээд байсан чинь хаана байна гээд дахин хардаж сэрдээд бид хоёр маргалдаад миний куртикнээс зуураад тавихгүй байсан учир би гараараа доош мушгин дарж гарыг нь тавиулсан. Ингээд бид хоёр хойшоо гудамж руу хэрүүл хийн алхаж байгаад Н-ийн аав ээжийнхрүү цуг оръё гээд сонин юм яриад байсан. Ингээд дахин маргаж миний ороолтноос зуураад байхаар нь татаж тавиулаад түүнийг ороолтоороо шавхуурдчихсан юм. Ингээд тухайн үед охин маань уйлаад байсан учир хүүхдээсээ санаа зовоод гүйгээд явчихсан юм...би шүүх эмнэлэгийн дүгнэлтийг өөрийн биеэр уншиж танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөн тухайн өдөр эхнэрийнхээ биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Мөн түүний эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-н 24, 47-48/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч М.Сийн өгсөн:

            “...Миний бие Д овогтой Бтай анх 2007 онд танилцсан юм. Ингээд 2008 онд нэг гэрт орж гэрлэлтээ батлуулсан юм. Ингээд 2016 оны хооронд бид хоёр нийт 3  хүүхэдтэй болсон. Бага охин 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрснөөс хойш 2 сарын дараагаас Б гэртээ ирж хонох нь багассаар 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ирж хамаг юмаа авч явснаас хойш гэртээ одоог хүртэл ирээгүй юм... Ингээд 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би 17 цагийн орчим БГД-ийн 10 дугаар хороонд байрлах 13-р дунд сургуулиас том охин Ө-ыг аваад сургуулийн арын гудмаар алхаж явтал, охин маань машин дотор одоо хамт амьдарч байгаа Н- гэдэг хүүхний бага охиныг тэвэрсэн сууж байгааг хараад шууд уйлсан юм. Харин би шууд цонхыг нь тогшоод гараад ир гээд хэлтэл тэр хүүхэн нь шууд хаалгануудаа цоожилсон. Тэгтэл Б шууд машинаас бууж ирээд надруу хандан “миний амьдралд битгий гай болоод бай” гэж хэлээд миний куртикний энгэрээс заамдаж аваад түлхтэл би өсгийтэй гуталтай байсан учир хойшоо саваад унасан юм. Ингээд босож ирээд түүний куртикнээс зууртал, миний хоёр гарыг өөрийн хоёр гараараа цохиж тавиулаад, зүүн гарыг маань мушгисан юм. Харин би баруун гараараа түүний баруун гарыг цохьтол шууд баруун гараараа миний зүүн хөмсөг орчим руу нэг удаа цохисон. Үүнээс болоод миний хөмсөг орчим шалбарч гэмтсэн. Ингээд охин Ө-ыг дагуулаад хойд зүг рүү гудамж руу алхаад явчихсан юм. Би араас нь гүйж очиж охиноо автал үерийн далан руу 2 удаа түлхэж унагаачихаад нөгөө хүүхэн нь машинтайгаа ирээд аваад явсан юм. Ийм л зүйл болж өнгөрсөн...одоогоор зүүн гарыг мушгиснаас болж эрхий хуруу маань хүнд юм өргөхөөр өвдөж зовиурлаад байгаа юм. Мөн тухайн хуруундаа 7 хоног чиг зүүсэн юм. Намайг гараараа нүүрлүү цохьсноос болж хөмсөг орчим шалбарч хөхөрч гэмтсэн... Эмчилгээний зардалд 100.000 төгрөг нэхэмжилж байна. Барагдуулаагүй байгаа. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 21, 45/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ____тоот: 

1. М.С-н биед зүүн хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт, /хх-н 15/,

 

Шүүгдэгч Д.Бгийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 25/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 13 дугаар сургуулийн хойд талын гудамжинд явж байх үедээ өөрийн тусдаа амьдарч буй эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох М.Стэй тааралдаж, улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн гарыг нь мушгих, хөмсөгөн тус газар нь гараараа цохих, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Бгийн “...Ингээд С намайг Н-тэй уулздаггүй гээд байсан чинь хаана байна гээд дахин хардаж сэрдээд бид хоёр маргалдаад миний куртикнээс зуураад тавихгүй байсан учир би гараараа доош мушгин дарж гарыг нь тавиулсан...Ингээд дахин маргаж миний ороолтноос зуураад байхаар нь татаж тавиулаад түүнийг ороолтоороо шавхуурдчихсан юм. Ингээд тухайн үед охин маань уйлаад байсан учир хүүхдээсээ санаа зовоод гүйгээд явчихсан юм...би шүүх эмнэлэгийн дүгнэлтийг өөрийн биеэр уншиж танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөн тухайн өдөр эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн түүний эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч М.Сийн “...Тэгтэл Б шууд машинаас бууж ирээд надруу хандан “миний амьдралд битгий гай болоод бай” гэж хэлээд миний куртикний энгэрээс заамдаж аваад түлхтэл би өсгийтэй гуталтай байсан учир хойшоо саваад унасан юм. Ингээд босож ирээд түүний куртикнээс зууртал, миний хоёр гарыг өөрийн хоёр гараараа цохиж тавиулаад, зүүн гарыг маань мушгисан юм. Харин би баруун гараараа түүний баруун гарыг цохьтол шууд баруун гараараа миний зүүн хөмсөг орчим руу нэг удаа цохисон. Үүнээс болоод миний хөмсөг орчим шалбарч гэмтсэн. Ингээд охин Ө-ыг дагуулаад хойд зүг рүү гудамж руу алхаад явчихсан юм. Би араас нь гүйж очиж охиноо автал үерийн далан руу 2 удаа түлхэж унагаачихаад нөгөө хүүхэн нь машинтайгаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 3179 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.С нь “...эмчилгээний зардалд 100.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг өгсөн /хх-н 44/ ба шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б нь эмчилгээний төлбөр 100.000 төгрөг шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __ овогт Д-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Бгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ