| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2503008981086 |
| Дугаар | 2026/ДШМ/179 |
| Огноо | 2026-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2026/ДШМ/179
2026 02 05 2026/ДШМ/179
Б.Г-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-,
шүүгдэгч Б.Г- /цахимаар/, түүний өмгөөлөгч Я.Батханд,
нарийн бичгийн дарга О.А- нарыг оролцуулан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2838 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2503008981086 дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн Б-ын Г- /РД: Б-/, .........,
Урьд, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дугаар заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан.
Тээврийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508, 511, 513 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г-оос 56,935,173 /тавин зургаан сая есөн зуун гучин таван мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- /РД: Э-/-д, 4,093,000 /дөрвөн сая ерэн гурван мянга/ төгрөг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын сангийн 100900020080 дугаар дансанд тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Г-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол төлбөрийг бүрэн төлөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надтай үл тоомсорлон харьцаж, хүүхдийг чинь би санаатай алаагүй шүү гэсэн байр сууринаас хандаж ирсэн зэргээс хувийн байдалд нь тохироогүй хэт хөнгөн ял оноосон гэж үзэн маш их гомдолтой байна. Учир нь:
Шүүгдэгч Б.Г- нь Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Оргил-Од” худалдааны төвийн зүүн талд 2025 оны 07 дугаар сарын 11-ний 14 цаг 34 минутын үед наадмын талбай орохоор гэр бүлийнхээ хүмүүстэй хамт явж байсан бага насны хүүхэд болох миний хүү Б.Э-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн олон заалтуудыг зөрчин хурд хэтрүүлэн давхиж ирээд гарцаар гарч явсан хүүхдийг маань мөргөж амь насыг хохироосон. Хэрэг гарсан үеэс шүүх хурал болох хүртэлх 5 сарын хугацаанд биднээс уучлалт огт гуйгаагүй бөгөөд утсаа авахгүй тасалж, мессеж бичихэд харуй өгөхгүй байсан учраас өмгөөлөгчөөр нь дамжуулан эхний удаад 49 хоног хүртэл нэг нэг сая төгрөг өгч байгаад, 49 хоногийн дараа, олон удаа нэхүүлж байж 300,000-500,000 төгрөг цувуулан шилжүүлж нийт 4,600,000 төгрөг өгсөн. Б.Г- нь барилга дээр ажиллаж сард 5,000,000-6,000,000 төгрөгийн орлого багадаа олдог байсныг талийгаачийн эцэг, миний нөхөр Б- ойр ажиллаж байсны хувьд мэдэж байсан. Гэтэл манай гэр бүл сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орж, байнгын гашуудал зовлонтойгоор одоо хоногийг өнгөрөөж байхад учирсан хохирлыг ч барагдуулахгүй үл тоомсорлон хандаж ирсэн. Мөн шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч хохирлоо барагдуулна гэж хэлж байгаа ч гэсэн харамссан ямар ч байдалгүй үл тоомсорлосон байдал нь. Мөн Б.Г-ын өмгөөлөгч нь хүртэл эд нар хохирлоо төлөхгүй ш дээ гэж хэлээд гарсан. Иймэрхүү байдалтайгаар хандаж байгаа тул иймд харгалзан үзнэ. Шүүх хурлын дараа хохирлыг чинь төлөхгүй гэж хэлээд гарсанд маш их гомдолтой байна. Үнэхээр бухимдаж байна. Сэтгэл санааны хохирлыг Монгол Улсын Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлж өгнө үү. Иймд Б.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл нь тохироогүй, хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж гомдолтой байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү... Шүүгдэгч Б.Г- нь маш хурдтай орж ирсэн. Явган зорчигч гарцаар гарч байхад хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө гэдгийг мэдэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож, яагаад замын хөдөлгөөнд оролцдог юм бэ, би маш их гомдолтой байна. Би Б.Г-ыг санаатай дайрсан гэж бодож байгаа. Ямар ч үүрэг хариуцлага байхгүй гарцаар гарч буй хүнийг дайрч, амь насыг хохироосон. Би хайран сайхан хүүгээ алдчихаад, сэтгэл санааны гүн хямралд ороод удаж байна. Шүүгдэгчийн зүгээс эгч нь ирж уулздаг. Эцэг, эх хамаатан садан ямар ч холбоо байдаггүй. Биднийг уй гашуу зовлонд унагаачхаад юу ч болоогүй мэт байж байгаад үнэхээр бухимдалтай байна. Манай гэр бүлийг амьдын тамд унагаачхаад ийм хөнгөн ял авч байгаад гомдолтой байна. Хүнийг амь насыг яагаад 30.000.000 төгрөгөөр үнэлдэг юм бэ, 9 сар тээж, хийсвэрээр төрүүлж, өсгөсөн хүүгээ алдчихаад хохирол, төлбөр аваад үлдэхийг хүсэхгүй байна. Шүүгдэгч ял шийтгэлээ эдэлж дуусчхаад, би хохирлоо төлөхгүй гэвэл манай гэр бүл яах юм бэ, бид хаана хандах юм бэ, би өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчийн ар гэрээс албадан гаргуулж авмаар байна. Би хүүгийнхээ араас буян хийх гэхээр санхүүгийн дэмжлэг, туслалцаа байдаггүй. Би хүүгийнхээ араас буян хийж, хүүхдүүд баярлуулмаар байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Шүүгдэгч Б.Г-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайгаа анхнаасаа маргадаггүй. Хурдын хувьд 62 км цагийн хурдтай явж байсан. Анхан шатны шүүх хуралдаан хүртэл миний үйлчлүүлэгчийн зүгээс 7 удаагийн гүйлгээгээр 4,300,000 төгрөгийн хохирол төлсөн. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ ар гэрийн байдлыг судалж үзсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой тайлбар хэлж оролцсон. Хэдий ам бүл долуулаа гэж байгаа боловч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт нийтийн байранд амьдардаг. Өнөө маргаашийн амьдралаа зохицуулж явдаг залуу юм билээ. Шүүгдэгчийн эгчтэй холбогдож ярилцаж үзсэн. Эцэг эхийг нь асуусан боловч бидэнд хамаагүй гэдэг байдлаар хандсан. Энэ нөхцөл байдлыг тухайн үед шүүх хуралдаан дээр хэлж, тайлбарласан. Давж заалдах гомдолтой холбоотойгоор хохирол бүрэн төлөгдөөгүй байхад хөнгөн ял оногдуулсан гэж байна. Шүүгдэгчийн хувьд хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Мөн өмгөөлөгч эдгээр хүмүүс хохирол төлөхгүй гэдэг асуудлыг ярьсан гэдгийн тухайд, анхан шатны шүүх хуралдааны явцад хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүссэн, шүүгдэгчийн хувьд залуу хүн ажил, хөдөлмөр эрхэлж хохирол, төлбөр төлөх боломжтой, эрүүгийн хариуцлагын гол зорилго хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог тул шүүгдэгч өөрөө ажил хийж байж, хохирол төлбөрийг төлөхгүй бол ар гэрээс нь төлөх хүн байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарласныг хохирогч буруугаар ойлгосон байна. Сэтгэл санааны хохирлыг 4 дүгээр зэргийн хамгийн дээд хэмжээгээр буюу 40,99-г 792,000 үржээд, 36,424,080 төгрөгөөр бодож тооцсон. Улмаар шүүгдэгч Б.Г-оос 56,935,173 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, өөрийнхөө хэмжээнд хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа учир түүнд оногдуулсан ял үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Хохирол төлбөрийг өөрийн биеэр ажил хийж, төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөр хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүх шинжилгээний ерөнхий газраас сэтгэл санааны хохирлыг 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон. Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг 4 дүгээр зэрэглэлийн хамгийн дээд хэмжээгээр тооцсон. Ял шийтгэлийн хувьд прокурорын зүгээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулж, шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г-од холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Г- нь Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо “Оргил-Од” худалдааны төвийн зүүн замд 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 34 минутын үед “Toyota Prius” маркийн Б- УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч Б.Э-ыг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /Б- УЕН хүүхэд мөргөсөн /1хх-ийн 4/,
“...зам тээврийн осол нь явган хүний гарцан дээр болсон...” гэх агуулгатай мэдээлэл бүхий хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-15/,
“...зам тээврийн осол явган хүний зохицуулдаггүй гарц дээр болсон нөхцөл байдлыг дүрсэлсэн...” мөрдөгчийн хийсэн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1хх-ийн 6/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 10/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын ... Тухайн өдөр 2025 оны 07 дугаар сарын 11-ний баяр наадмын өдөр байсан тул цэнгэлдэх хүрээлэн орохоор гэрээсээ нөхөр Б-, том хүү Б.Э- талийгаач хүү Э-, бага охин Б.С- нарын хамт нөхрийн ах Б- /У-/ түүний эхнэр Н- хүүхдүүд болох Б-, П- нартай нь хамт явцгааж байгаад замын гарцтай хэсэг дээр ирээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш гарцаар гарахаар явж байхад бид нарын урд талд Б- ах өөрийнхөө хүү П-, манай талийгаач хүү Э- нарын хамт арай түрүүлж гараад хоёр урсгалын дунд хоёр тийшээ машин хараад зогсож харагдсан. Б- ахын ард хойшоо явдаг урсгалын дунд гарцан дээр манай нөхөр том хүү Э-ын хамт удаан явж байсан би арай гарц хүрээгүй наана Б-ын эхнэр Н- түүний хүү Б- манай бага охин С- бид 4 явж байсан. Тэгсэн гэнэт Н- орилоод явчихаар нь гайхаад харсан чинь ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байсан урсгал дээр хүүгийн маань нэг машин маш хурдтай явж ирээд мөргөөд газар унагааж байсан манай нөхөр хүү дээрээ гүйж очоод би араас нь очоод эмнэлэг дуудаж дараа нь цагдаад мэдэгдсэн. Яаралтай түргэн тусламжийн эмч ирээд хүүгийн маань авч явахад нь нөхөр хамт явсан би хэргийн газар дээр үлдээд цагдаа нар ирэхэд нь болсон явдлыг хэлээд цагдаа нар хэмжилт хийгээд явсан. Би нөхөр хүү хоёрынхоо араас ГССҮТ эмнэлэг дээр очсон. Хүү маань яаралтай шинжилгээ хийлгээд тэр шөнөдөө тархины хагалгаанд орсон. 2025 оны 07 сарын 13-ны орой нас барсан..." гэх мэдүүлэг /1-р хх-22-23/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.М-ын: “...Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Осол гарсныг цагдаагийн байгууллагаас машин нь миний нэр дээр байдаг учраас залгахад нь мэдсэн. Энэ машиныг анх худалдаж авахдаа ББСБ- н нэр дээр зээлээ авсан юм. Энэ машиныг ББСБ-н үлдэгдэл төлбөрийг нь төлөөд аваарай гэж хэлээд Г-од өгсөн юм. Г- ББСБ-н сар бүрийн төлөлтийг нь хийгээд явж байгаа...Г-оос ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28, 32/,
Гэрч Ц.Б-ын: “... Би тухайн өдрийн 10 цаг өнгөрч байхад эхнэр хүүхдээ аваад дүү Б-ынд очсон тэндээ бүгдээрээ байж байгаад явах бэлтгэлээ хангаад Б-ын эхнэр А- мөн гурван хүүхдийн хамт манайх би эхнэр хоёр хүүхдийн хамт нийт 9-үүлээ Б-ынхаас гараад ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байгаад би тэд нараас арай түрүүлээд бага хүү П-ийг тэврээд зам хөндлөн гарахаар явсан ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам түгжрээтэй байсан би явган хүний гарцаар наад талын урсгалыг хөндлөн гараад замын дунд хэсэгт зогссон тэгээд хоёр тийшээ харахад машин байгаагүй хойшоо хараад “...хүүхдүүдээ бариарай...” гэж хэлээд эргэж харахад миний зүүн талаар талийгаач дүү маань дөнгөж цухуйгаад ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байсан машинд мөргүүлээд урагш шидэгдэж зам дээр унасан... Намайг зам хөндлөн гарч байхад урдаасаа хойшоо чиглэлтэй зуслан явдаг зам нь түгжрээтэй байсан зуслангаас хот руу явдаг тал нь түгжрээгүй байсан. Би тэр машиныг хараагүй гэнэт маш хурдтай орж ирсэн... гэх мэдүүлэг /1хх-ийн 36/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №926 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius маркийн Б- УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Air bag sensor”-т мэдээлэл бичигдсэн сүүлийн ослын мэдээлэлд 62км/цагийн хурдтай явж байсан байх боломжтой байна... гэх дүгнэлт /1хх-ийн 51-74/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №9356 дугаартай “...Б.Э-ын биед тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн төвийн бөөмийг хамарсан эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун 10,11,12-р хавирганы зөрүүтэй хугарал, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, баруун умдаг ясны доод салаа, суудал ясны зөрүүтэй нийлмэл, баруун дунд чөмөгт ясны зөрүүтэй хугарал, зүүн зулай, духны хуйх, аарцагт зөөлөн эдийн няцрал, хамар, цээж, хэвлий, зүүн хацар, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.4, 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 44-46/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №2332 дугаартай:“...Амь хохирогч Б.Э-ын цогцост хийсэн шинжилгээгээр дух, зулай, дагз, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт. зулайн оройн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархи, хоёр тал бөмбөлөг, бага тархинд аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, дарагдал, цээжний баруун 10-12-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт /100 мл/, баруун умдаг яс, баруун дунд чөмөг, зүүн дунд чөмгөний толгой хүзүүний далд хугарал, дух, баруун хөмсөг, баруун доод зовхи, хамар, нуруу, хэвлий, зүүн сарвуу, зулгаралт, баруун хацар, шуу, сарвуу, баруун гуя, шилбэ, зүүн мөр, эгэм, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дух, зулай, дагз, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зулайн оройн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархи, хоёр тал бөмбөлөг, бага тархинд аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, дарагдал, цээжний баруун 10-12-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт /100 мл/ гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.4, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдоно. Баруун умдаг яс, баруун дунд чөмөг, зүүн дунд чөмгөний толгой хүзүүний далд хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Дух, баруун хөмсөг, баруун доод зовхи, хамар, нуруу, хэвлий, зүүн сарвуу, зулгаралт, баруун хацар, шуу, сарвуу, баруун гуя, шилбэ, зүүн мөр, эгэм, зүүн шуу, сарвуунд цус хуралт хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдоно. Амь хохирогч нь тархи, цээж, аарцаг доод мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1хх-ийн 87-104/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №2941 дугаартай “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын сэтгэцэд тухайн хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна... гэх дүгнэлт /1хх-ийн 109-110/,
Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1337 дугаартай магадалгаа /1хх-ийн 116/,
“...Амь хохирогч Б. Э- нь зам тээврийн осол болсон өдөр 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 8 нас 7 сар 14 хоногтой байсан байна...” мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /2хх 25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх зам тээврийн осол гарахад шүүгдэгч Б.Г- нь замын хөдөлгөөнтэй холбоотой нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.4-т заасан “...суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэснийг, 16 дугаар зүйлийн 16.1-т заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хурд хэтрүүлэн, явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Э-ыг мөргөж амь насыг нь хохироосон буруутай бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жилээс дээш 8/найм/ жил хүртэл хугацаагаар хасаж 1/нэг/ жилээс 5/тав/ жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1/нэг/ жилээс 5/тав/ жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-од ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн гэсэн үндэслүүдийг дурдан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих болон эрх хасах нэмэгдэл ялуудаас хорих болон эрх хасах ялын төрлийг сонгон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр... шүүхээс тогтооно...” гэсэн зохицуулалтыг буруу хэрэглэж шүүгдэгчээс гаргуулах сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 4 дүгээр зэрэглэлээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 45,99 дахин нэмэгдүүлж 36,424,080 төгрөгөөр тогтоосон алдааг гаргажээ.
Иргэний хуулийн уг зохицуулалтын зорилго нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргээс үл шалтгаалан амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах агуулгатай бөгөөд зөвхөн амь хохирогчийн ар гэрт нь олгож буй нэг удаагийн шинжтэй нөхөн төлбөр юм.
Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г-оос гаргуулах сэтгэцэд учирсан гэм хорын хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж 118,800,000 төгрөгөөр тооцон, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын “...сэтгэл санааны хохирлыг нэмэгдүүлж өгнө үү. ...” гэсэн агуулгатай хэсгийг нь хүлээн авч бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Г-од шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2838 дугаар шийтгэх тогтоолыг дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтын: “шүүгдэгч Б.Г-оос 56,935,173/тавин зургаан сая есөн зуун гучин таван мянга зуун далан гурав/ төгрөгийг гаргуулан...” гэснийг “...шүүгдэгч Б.Г-оос 139,311,093 /нэг зуун гучин есөн сая гурван зуун арван нэгэн мянга ерэн гурав/ төгрөгийг гаргуулан...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА