Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 527

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Г.Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Одт холбогдох эрүүгийн 1705 0130 20578 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Од.

 

Шүүгдэгч Г.Од нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СЕ56 караокед Ц.Тунгааийг нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Од мэдүүлэхдээ:

Би өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгож байгаа 450 000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрнө гэв.  

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Тунгаа мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 17-ны орой найз Баярмаа намайг дуудахаар нь СЕ56 нэртэй караокед очсон. Тухайн үед Баярмаа танихгүй гурван залуугийн хамт сууж байсан. Цагийг нь сайн санахгүй байна. Би караокед хоёр шил пиво уучихаад 00-ийн өрөө орж бие засаад, гараад ирсэн чинь Баярмаагийн найзууд гэх хамт сууж байсан гурван залуу караокены өрөөнийхөө гадна талд 2-3 залуутай маргалдаад зогсож байхаар нь би гайхаад харж байснаа “та нар хэрүүлээ болиоч” гэж хэлсэн чинь нэг залуу ямар нэгэн үгийн зөрүүгүй миний нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэр залуу намайг цохичихоод шууд зугтаасан. Харин миний зүүн талын нүдний дээд талаас цус гараад байсан. Намайг цохисон залуутай хамт байсан хүмүүс бас зугтчихсан. Намайг цохисон залуу 28-30 орчим насны ойролцоогоор 175-180 см өндөртэй, махлагдуу бор царайтай, өтгөн хар хөмсөгтэй залуу байсан. Тухайн үед дээгүүрээ цайвар цэнхэр сорочик өмссөн, доогуураа хар хөх өнгийн жинсэн өмдтэй байсан.

...одоо эмчилгээнд гарсан зардал болох 500 000 төгрөгийг хүлээн авсан. Сайн дурын үндсэн дээр Одтай эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Хохирлын хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 19, 22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Золбоо мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим би найзууд Зоригтсайхан, Сэнгээ, Од бид дөрвүүлээ Зоригтсайханыг Солонгос явах гэж байгаа шалтгаанаар СЕ56 нэртэй караокед орж, пиво уусан. Од өрөөнөөс гарсан. Би хойноос нь 00-ийн өрөө орохоор гарсан чинь өрөөний үүд хэсэгт Од үл таних 2-3 залуучуудтай маргалдаад зогсож байхаар нь би маргалдаад байгаа залууг Одаас холдуулан учрыг нь олохоор караокены үүд хэсэг рүү явж маргаанаа болих талаар хэлсэн.Тухайн үед маргалдаж байсан залуу маш их согтуу байсан. Нөгөө согтуу залуу маргаанаа болихоор болсон. Би текэн дээр очин тооцоо хийчихээд тамхи татахаар караокеноос гаран үүд хэсэгт тамхи татаад зогсож байсан чинь нүүрнээс нь цус гарсан согтуу эмэгтэй ирээд “танай найз чинь намайг зодчихлоо” гээд миний цээж, мөр, нүүр хэсэг рүү цохиод байхаар нь би тайвшруулах гэж оролдсон боловч хашгираад байсан. Удалгүй цагдаа ирэн намайг авч явсан. Харин надтай хамт явсан залуучууд бүгд байхгүй байсан гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13197 тоот дүгнэлтэд:

1. Ц.Тунгааийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 27 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Од нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Од нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СЕ56 караокед хохирогч Ц.Тунгааийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Тунгаа, гэрч Б.Золбоо нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13197 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Одт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд Г.Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.

 

Хохирогч Ц.Тунгаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор Г.Одаас эмчилгээний зардалд 500 000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Одыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Од нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

           

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Од цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 500 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Одт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН