Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 237

 

Д.А холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Д.Баттулга, хохирогч М.Н болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 691 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар магадлалтай, Д.А холбогдох 1810020100801 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Д.Баттулга нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 1, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 11 дүгээр байрны 118 тоотод оршин оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Дын А.

Д.А нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул трейд” ХХК-ийн байранд хамтран амьдрагч М.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.А холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Д.Баттулга нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Д.А холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д.Аыг Хан- Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул трейд” ХХК-ийн байранд ажлаа хийж байхад нь хамтран амьдрагч М.Н ирж түүний гар утсыг нь авч зугтаан, утсаа авах үйлдэл хийсэн Д.Аыг хэд хэд алгадаж, утсыг нь хагалж гэмтээсэн хууль бус үйлдэл хийсэн.

Гэтэл өнөөдөр буруутай этгээд болох М.Н нь хохирогч болчихсон, түүний гар утсыг авч зугтсан, алгадаж зодсон нь ямар ч хамаагүй болж, өөрийгөө гэмтээсэн хүн нь Д.Аыг хэмээн гүтгэн мэдүүлснээр эрүүгийн хэрэг үүсгүүлж улмаар шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчлөө.

Хавтаст хэргийн 16 дахь талд “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт тусгах тухай” мөрдөгчийн тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 24-нд гаргаж, 17-18 дахь талд “Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн талаар оруулсан ба хөндлөнгийн гэрчээр У.Мөнх-Ундрах, Г.Ууганжаргал нарыг байлцуулан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагаас эхлэн бичлэгийн тэмдэглэлд ... бичлэг 12 минут үргэлжилсэн ба М.Н зодуулсан, Д.Аын утсыг эвдэж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, оролцогч нараас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй гэжээ.

Шинжлэх ухаан технологи хөгжсөн өнөөгийн нөхцөлд хэргийн хамгийн гол баримт бол камерийн бичлэг байтал манай мөрдөгч, прокурор, шүүгч нар “нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн хуулийн заалтыг үл хэрэгсэн хуучин арга барил буюу зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үнэлж хэргийг шийддэг аргаасаа салаагүй, хохирогч гэгдэх М.Нын илтэд зөрүүтэй худал мэдүүлгийг голлон үнэлж, Д.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хавтаст хэргийн 30 дахь талд хохирогчоор М.Н мэдүүлэг өгөхдөө “... А намайг цохисон эсэхийг сайн мэдэхгүй байна, утсаа авах гээд ноцолдоод байсан, ноцолдох үедээ цамцны энгэрээс заамдаж авсан, ноцолдох үед хөл гар хөхөрсөн баих” гэж мэдүүлж байв. Харин дараа нь өмгөөлөгч авсны дараа мэдүүлгээ өөрчилж Д.А миний нүүр рүү тохойлдож цохиод миний урууланд цус хурсан, гарнаас барьж авч ноцолдсон, энгэрээс зулгаах үед цээжний гэмтэл үүссэн гэхчлэн илтэд зөрүүтэй мэдүүлэг өгсөөр атал шүүх мэдүүлгийн зөрүүг гаргах, камерийн бичлэгийн талаар огт асуусангүй, шийдвэр гаргалаа.

Магадгүй камерийн бичлэг байгаагүй бол эмэгтэй хүмүүс бусдыг ийнхүү гүтгэсэн мэдүүлэг өгч яллуулахад хэлэх үг олдохгүй яллах байсан нь ойлгомжтой, харин тодорхой камерийн бичлэг байж түүн дээр хохирогч гэгдэх М.Н 07.14, 07.21, 07.33 дахь секунд бүр дээр Д.Аыг 3 удаа алгадсан гэдгийг тодорхой бичээд зогсохгүй, М.Нямдулам зодуулсан үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй гээд бичсэн нотлох баримтыг үнэлэлгүйгээр хохирогчийн илтэд худал мэдүүлгээр хүнийг хилс хэрэгт яллалаа.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан “дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” заалтыг ноцтой зөрчсөн.

Камерийн бичлэг дээр Д.А нь хохирогч гэгдэх М.Ныг цохиж зодоогүй, тийм нөхцөл байдал тогтоогдоогүй гээд байхад шүүх энэ камерийн бичлэгийг гэрч М.Доржхайдав, Н.Сүнжидмаа, Б.Очирбаатар нарын мэдүүлгийг хэрхэн няцааж байгаагаа бичсэнгүй.

Зүй нь хохирогч гэгдэх этгээдийн мэдүүлгээс бусад бүх нотлох баримт Д.А нь М.Ныг цохиж зодоогүй, тийм нөхцөл байдал гогтоогдоогүй гээд байхад эсрэг байгаа ганцхан нотлох баримт болох М.Нын мэдүүлгээр хүнийг хилс хэрэгт яллана гэдэг хэрхэвч байж болшгүй.

Тухайлбал, гэрч М.Доржхайдав /хх-39/, Н.Сүнжидмаа /хх-40/, гэрч Б.Очирбаатар /хх-41/ нарын мэдүүлгээр ... хохирогч гэгдэх М.Н нь Д.Аыг 3-4 удаа алгадаж цохиод зогсохгүй, хувцсыг урсан /хх-24 дэх талд гэрэл зураг нь байна/ гар утсыг нь булааж аваад зугтсан гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлүүд гаргасаар атал тэдгээрийг огт шалгахгүй зөвхөн Д.Аыг буруутай хэмээн хэт нэг талыг барьсан шийдвэр щүүх гаргасан нь хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн хэрэг боллоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Д.Аын үйлдэл нь М.Ныг зодоогүй, хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдоогүй байхад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу байна. Энэ М.Н гэгч нь бүдүүлэг дээрэнгүй авиртай, бусдыг өдөөн хатгаж, хэрүүл зодоон үүсгэж өөртөө ашигтай байдал үүсгэх зорилгоор Д.Аын ажлын байран дээр ирсэн болох нь гэрч М.Доржхайдавын мэдүүлгээс ...тодорхой харагдах бөгөөд зөвхөн Д.Анхбаярыг ч бус ажлын хамт олныг нь илтэд үл хүндэтгэн танхайрсан үйлдлийг нь яагаад шалгахгүй байгаа юм бэ.

Гэр бүлийн харьцаатай байсан М.Н хэмээх эмэгтэйн ааш авирыг тэвчих боломжгүй, цааш хамт амьдрах бололцоогүй болсон учир өөрийн хүү А.Ег өөрийн асрамжинд авахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд М.Н түүнийг өдөөн хатгаж хэрүүл тарих, өөртөө ашигтай байдал бий болгохоор хэрүүл дэгдээсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрах зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримт, нөхцөл байдлаас харагдана.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг нь нотолж байгаа гэх он, сар нь тодорхойгүй, гэрийн хаяг бусад мэдээлэл огт бичээгүй “Аюулын зэргийн үнэлгээний маягт” /хх-27 тал/ гэдгийг үндэслэн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ” гэдэг хүндрүүлэх нөхцөл байдлыг зориуд нэмсэн нь М.Н гэгч этгээдийн иргэний шүүх дээр байгаа Д.Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийг өөртөө ашигтай эргүүлэх гэсэн бусармаг арга юм.

Хан-Уул дүүргийн шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 25-нд 15 тоот шүүгчийн

захирамжаар хэргийг прокурорт буцааж байсан. Үндэслэл нь 2018 оны 11 дүгээр сарын 23-нд мөрдөгчийн тогтоолоор яллагдагч Д.Ааас гаргаж өгсөн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргахаар тогтоосон /хх-19/ боловч уг сидинд тусгагдсан мэдээлэлд үзлэг хийж, тэмдэглэл үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бэхжүүлэх журмыг зөрчсөн байна гэж үзсэн. Гэтэл прокурор уг сидинд хэрэгт ач холбогдол бүхий зүйл тусгагдаагүй гэж нэг талыг барьсан тайлбар хийсээр түүнийг нь давж заалдах шатны шүүх хүлээн авснаар хэрэг шийдвэрлэснийг буруу гэж үзнэ.

Шүүх л хэргийн бүхий л нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргахаас бус яллагчийн энэ нь ач холбогдолгүй, тэр нь ач холбогдолтой гэсэн аман тайлбарт итгээд шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт“ ..нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцсэн бусад аргыг хэрэглэнэ” гэж заасныг илтэд зөрчсөн.

Энэ бүх нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Д.А нь М.Ныг зодоогүй, биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдоогүй байхад хилсээр гэм буруутай гэж үзсэн байх учир анхан болон давж заалдах шатны тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Д.Аыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

Хохирогчийн мэдүүлэг нь камерын бичлэгт авагдсан үйл баримтаас зөрүүтэй. М.Н нь 07 минут 14 секунд, 07 минут 21 секунд, 07 минут 33 дахь секунд бүр дээр Д.Аыг 3 удаа алгадсан үйлдэл харагдана. Мөн хэргийн газарт байсан гэрч М.Доржхайдав, Н.Сүнжидмаа, Б.Очирбаатар нарын мэдүүлгээр Д.А хохирогчид гар хүрээгүй, хохирогч гар утсыг нь авч зугтааж, гурван удаа алгадсан үйл баримт тогтоогддог. Үйл баримтыг харуулсан камерын бичлэг байсаар байтал шүүгдэгчийг зөвхөн хохирогчийн мэдүүлгээр яллаж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн хохирогч нь анхны мэдүүлэгтээ цохисон асуудал яриагүй боловч өмгөөлөгч авсны дараа өөр мэдүүлэг өгсөн. Хэрэг болохоос өмнө Д.А нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдээ өөрт авахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Д.Аыг гэм буруутайд тооцуулж, хүүхдээ авах гэсэн зорилготой байсан гэх хардлага байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх зарчим алдагдсан буюу хэргийн газарт байсан гурван гэрчийн мэдүүлэг, үйл баримт тодорхой туссан камерын бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй.

Хан-Уул дүүргийн шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 25-нд 15 тоот шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж байсан. Үндэслэл нь 2018 оны 11 дүгээр сарын 23-нд мөрдөгчийн тогтоолоор яллагдагч Д.Ааас гаргаж өгсөн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргахаар тогтоосон боловч уг сидинд тусгагдсан мэдээлэлд үзлэг хийж, тэмдэглэл үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бэхжүүлэх журмыг зөрчсөн байна гэж үзсэн. Иймд Д.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттулга хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Мөн Ц.Баасандорж өмгөөлөгчийн саналтай адил байр суурьтай байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдал нийцүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлсэн. Хэрэгт авагдсан камерын бичлэгийг Д.А гаргаж өгсөн бөгөөд цаг хугацаа минутгүй, түүвэрлэсэн бичлэг учир шүүх зөв дүгнэлт хийсэн. Мөн гэрчүүд тухайн цаг хугацаанд байгаагүй буюу хэсэгхэн хугацаанд харсан үйл явдлаа мэдүүлсэн.

Миний үйлчлүүлэгч хүүхдээ харахын тулд Д.Аын гар утсыг авч гарсан. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг 56 минутад шүүгдэгч, хохирогч нар цагдаагийн газарт очиж миний үйлчлүүлэгчид учирсан гэмтлүүдийг гэрэл зургаар бэхжүүлж авсан байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Д.А хүүхдээ авч явснаас маргаан үүсэх шалтгаан болсон. Гар утсыг авах гэж булаацалдах үед газарт унахдаа Д.А хохирогчийг тохойлдсон талаар хохирогч мэдүүлэх бөгөөд тус гэмтлүүд нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.Аын өмгөөлөгч Ц.Баасандорж, Д.Баттулга нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 1810020100801 дугаар бүхий эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлж, анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаас дүгнэхэд Д.А, М.Н нар нь 2015 оноос хойш хамтран амьдарч 1 хүүтэй болсон бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр М.Н хүүхэдтэй нь уулзуулсангүй гэсэн шалтгаанаар Д.Аын ажил дээр ирж, түүний гар утсыг авч зугтаан, утсаа авах үйлдэл хийхэд нь түүнийг алгадаж, утсыг нь хагалж, хоорондоо маргалдсан үйл баримт хэрэгт авагджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэхдээ уг гэмт хэргийн шинжийн зайлшгүй бүрдэл буюу Д.Аын зүгээс дээрх үйлдлийг хийхдээ гаргаж буй сэтгэл зүйн дотоод хандлага болох субъектив талын бодит байдлыг агуулгын хувьд буруу тайлбарлан, эрх зүйн буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.       

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллагааг хийх нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглогддог.

Харин гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж чанар бол гэм буруу бөгөөд гэм буруугүй бол гэмт хэрэг байхгүй гэж тооцогдоно. Энэ нь гэмт хэргийг, гэмт хэрэг биш үйлдлээс ялгах үндсэн шинж болдог. Гэм буруу нь сэдэл болон санаа зорилго гэсэн дотоод элементүүдээс бүрдэх тул эдгээрийг бодитой тогтоох шаардлагатай төдийгүй, ингэснээр тодорхой хүний үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ.

Хавтаст хэргийн материалыг бүхэлд нь дүгнэж үзэхэд, камерийн бичлэгт авагдсан үйл баримтууд болон Д.Аын “хохирогчийг цохиж, зодоогүй” талаарх удаа дараагийн тогтвортой мэдүүлэг, М.Нын “А намайг цохисон эсэхийг мэдэхгүй, утсаа авах гээд ноцолдох үед гар хөл хөхөрсөн байх” гэсэн мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу шүүх хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэхдээ хэргийн үйл баримтын талаар шууд гэрчлэх гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан баримт бүрийг үнэлэн дүгнэлт хийвэл зохих хууль ёсны шаардлагыг хангаагүй, мөн тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, эх сурвалжаа заасан байдал зэргийг зөв үнэлж чадаагүй байна.

Дээр дурдсан үндэслүүдэд тулгуурлан дүгнэлт хийвэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон хандлага, гэр бүл, хамтын амьдралын талаарх тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээний агуулгын хүрээнд Д.Аын үйлдлийн сэдэл, санаа зорилго нь агуулгын хувьд хүний биед санаатайгаар хүсч гэмтэл учруулах гэмт хэргийн субъектив талын шинж болох, гэмт сэдэл, санаа зорилгоос өөр байна.

Тодруулбал, М.Нын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг Д.Аын шууд санаатай, довтолсон үйлдлээр учруулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, харин хамтын амьдралын явцад тэдний хооронд үүсч, тодорхой цаг хугацааны туршид үйлчилж байсан таарамжгүй харилцаа, маргаантай асуудлыг эрх зүйн арга хэрэгслийн дагуу шийдвэрлэх ёстой байхад М.Н нь Д.Аын ажлын байран дээр өөрөө ирж, түүний гар утсыг булаан авч гарч явсан, улмаар гар утас авах гэсэн, өгөхгүй гэсэн хүсэл зоригийн хүрээнд харилцан барилцаж авсан, зууралдсан, давхралдаж газар унасан үйл явц өрнөсөн, тухайн цаг мөчид М.Н илүү довтолсон шинжтэй, харин Д.Аын хувьд түүнийг нь хориглосон шинжтэй үйлдэл гаргаж байсан талаар цөөнгүй нотлох баримт хэрэгт авагджээ. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтыг шинжлэн судалсан атлаа тэдгээрийн агуулгад нийцээгүй буюу Д.Аыг бусдыг зодсон гэх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, гэм буруугийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул түүнд холбогдох хэргийг, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмын шаардлагад нийцнэ гэж дүгнэлээ. 

Түүнчлэн шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тул нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг. Гэтэл хэргийн оролцогчийн зүгээс гаргаж өгсөн баримтыг мөрдөгч хүлээн авч хэрэгт хавсаргахаар тогтоол үйлдсэн атлаа тухайн баримтад хэсэгчилсэн байдлаар тэмдэглэл үйлдэж, уг хэрэгт хамааралтай бөгөөд хэрэг холбогдсон хүний үйлдлийг цагаатгахад ач холбогдол бүхий зарим баримтад тэмдэглэл үйлдэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, энэ талаар уг баримтанд хэрэгт ач холбогдол бүхий зүйл тусгагдаагүй байсан учир тэмдэглэл үйлдээгүй гэж прокурор тайлбарлаж буй зэргээс дүгнэхэд мөрдөгч, прокурорын зүгээс дээрх хууль ёсны зарчмыг хангаж ажиллаагүй, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа дан ганц яллах талын баримтыг бэхжүүлэхэд чиглэгдсэн байгааг харуулж байна.

Иймд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт Д.А гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүний үйлдэлд гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Д.Баттулга нарын хамтран гаргасан “...шүүхийн тогтоолд заасан дүгнэлтүүд хэргийн бодит байдалд нийцээгүй, ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 691 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Д.Аын өмгөөлөгч Ц.Баасандорж, Д.Баттулга нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН