| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2016/0571/З |
| Дугаар | 914 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 914
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалагсайхан, гэрч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энх-Амар нарыг оролцуулан хийж,
Нэхэмжлэгч Л.Гэрэлсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан Дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 9 дүгээр гудамжны баруун үзүүрт халуун усны барилга 0.025 га гэснийг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн иргэн Т.Ганбаатарт тус дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 9 дүгээр гудамжны баруун үзүүрийн 1-1 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар “халуун усны барилга, 0.035 га” гэсэн хэсгийг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүйд тооцуулж, газар чөлөөлүүлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Гэрэлсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 9 дүгээр гудамж, 65 тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 580 м.кв газрыг Г-2206008267 тоот гэрчилгээгээр иргэн Л.Гэрэлсүх хууль ёсоор өмчилдөг. Иргэн Л.Гэрэлсүхийн өмчилсөн газар ... хашаагаа тэлж Монгол Улсын Газрын тухай хуульд заасан 0.7 га газартаа хүргэхээр сунгах хүсэлтийг дүүргийн газрын харилцааны албаны 12 дугаар хороог хариуцсан газрын байцаагч Д.Ган-Эрдэнэд удаа дараа хүсэлтээ гаргаж байсан ч хашааг тэлэх боломжгүй гэдэг хариуг бидэнд өгдөг байсан. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны А/144 тоот захирамж гарган иргэн Т.Ганбаатарт Сонгины 9 дүгээр гудамжны үзүүрт 1-1 тоот гэсэн хаяг байршлаар 350 м.кв газрыг халуун усны зориулалтаар олгосон байна. Уг захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Л.Отгонбаатар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Г-000604573 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Т.Ганбаатарт гаргасан байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтэс Газар зохион байгуулагч Т.Болорын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн хариуд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичгийг үндэслэн Био-комбинат, Туул шувуун фабрик орчмыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор батлуулан мөрдөн ажиллаж байгаа бөгөөд тус байршилд барилга байгууламж барих зөвшөөрөл олгогдоогүй байна гэсэн байгаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 9/1526 тоот хяналт шалгалт хийсэн тухай ирүүлсэн тоотод иргэн Т.Ганбаатарт хууль зөрчин халуун усны зориулалтаар газар олгохоор шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ хийсэн байна гэжээ. Иргэн Т.Ганбаатарт олгосон газар нь хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд бүртгэгдсэнээр авто замын өргөтгөлийн трассад орсон, үерийн даланд хамрагдсан, холбооны шугам сүлжээ бүхий газарт орсон, газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтад ороогүй олгогдсон, Л.Гэрэлсүхийн хашааны орц газрыг хаасан хуулийн зөрчилтэй байна.
2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн газар олгох дуудлага худалдаа, төсөл шалгаруулах заалтыг зөрчиж гаргасан А/144 тоот илт хууль бус захирамж болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 9 дүгээр гудамжны баруун үзүүрт халуун усны барилга гэж тусгасан 15 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Л.Гэрэлсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Гэрэлсүхийн хашааны орц, гарц нь Т.Ганбаатарын хашаа хатгасан газарт байрлаж байсан. Уг газраар олон жил худаг, дэлгүүр, үйлчилгээний газраар орж гардаг байсан. Гэтэл нэг л өдөр орц гарцыг нь хаачихсан. Хэрвээ уг газарт халуун усны барилга байшин барих гэж байгаа бол хуульд нийцсэн байх ёстой. Уг барилгын газар дээр газрын хэмжээг илүүгээр олгохоор байсан бол Газрын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах байсан. Мөн халуун усны газрыг барьснаар Л.Гэрэлсүхийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж үзэж байна.
Уг халуун усны газар нь стандартын шаардлага хангахгүй, авто зогсоолгүй, бохирын ус нь олон улсын стандартад нийцээгүй, халуун усны газрын үйл ажиллагааг явуулахдаа хуульд заасны дагуу шаардах бичиг баримтыг бүрдүүлэлгүйгээр шүүхээр шийдүүлэх гэж байгаа тохиолдолд халуун усны газраа барихгүй байх, энэ асуудлыг шийдсэний дараа шийдэх шаардлагыг барилга эхэлж байх үед нь уг шаардлагыг тавьж байсан боловч барилгаа бариад дуусгасан байсан. Энэ нь Л.Гэрэлсүх түүний гэр бүлийн аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа юм.
Л.Гэрэлсүх түүний гэр бүлийн хүсэлтийг шийдвэрлээгүй мөртлөө Т.Ганбаатарт олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн эрх тэгш байх, ялгаварлан гадуурхахгүй байх, хуулийг дээдлэх үндсэн зарчмаасаа хазайгаад Хан-Уул дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлээд олгосон захиргааны акт байна гэж үзээд эрхээ хамгаалуулахаар гаргаж байгаа нэхэмжлэл юм. Дураараа байшин барьж буй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж буй бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болж буй юм. Газар олгосон захирамж нь анхнаасаа хууль зөрчиж, сөрөг үр дагаврыг үүсгэсэн байна” гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу иргэн Б.Ганбаатар нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу хүсэлт гарган дүүргийн Засаг даргын 2016 оны А/144 дүгээр захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо Сонгино 9 дүгээр гудамж үзүүр 1-1 тоот хаягтай 350 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжаар эзэмшүүлсэн газар нь иргэн Л.Гэрэлсүхийн эзэмшил газрын орц, гарцыг хааж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй хууль, журамд заасны дагуу шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн Хурлын даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг 09/1722 тоот албан бичгээр ирүүлсэн болно. Уг албан бичгийн дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцээд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасны дагуу шийдвэрээ гаргасан. Ийнхүү дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан болно.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалагсайхан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэл гаргасан үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, хууль бус шаардлага гаргасан байна гэж үзэж байна. Бид тухайн орчны оршин суугч иргэдийн хүсэлт, хэрэгцээ их байгааг үндэслэн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгино 9 дүгээр гудамж үзүүр 1-1 тоотод байрлалтай хаягт халуун усны үйлчилгээний газар барихаар газар эзэмших хүсэлтээ Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргаж 350 м.кв талбай бүхий газрын зөвшөөрлийг авч, 2016 оны 5 дугаар сарын 12-ноос эхлэн газрыг өөрсдийн хүч, хөдөлмөр, хөрөнгөөр тэгшлэн засч 2 давхар халуун усны байр барьж эхэлсэн ба 2016 оны 7 дугаар сарын 25-ны ашиглалтад бэлэн болгосон болно. 2016 оны 7 дугаар сарын 25-ны гэхэд халуун усны барилгаа барьж дууссан ба ийнхүү бараг дуусч байх үед иргэн Л.Гэрэлсүх нь хашаандаа байсан хүнээр дамжуулан “би та нарыг шүүхэд өгнө, материалаараа хохиров оо” гэсэн. Нэхэмжлэлд бичигдсэн орц гарц хаагдсан гэх нь үндэслэлгүй, учир нь Л.Гэрэлсүхийн хашааны том хаалга нийтийн талбай руу харж байрласан бөгөөд бусад зөрчил гэсний тухай бид холбогдох байгууллагаас дахин баталгаажуулж лавлагаа авахад таны асуудал хуулийн дагуу явагдаж байна гэсэн хариуг өгсөн. Иймд Л.Гэрэлсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Гэрэлсүхээс “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “12 дугаар хороо, Сонгино 9 дүгээр гудамжны баруун үзүүрт халуун усны барилгын зориулалтаар 0.025 га газар” гэснийг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/144 тоот захирамжийн иргэн Т.Ганбаатарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.035 га газрыг эзэмшүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, тус газрыг чөлөөлүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор тус дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан ба үүнд, дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгино 9 дүгээр гудамжны баруун үзүүрт Халуун усны барилга зориулалтаар 0.025 га газрыг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болохоор төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасанчлан Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 09/1722 тоот албан бичгээр “2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл”-ийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлснийг тус Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит XIII хуралдаанаар хэлэлцэн, 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа “Сонгины 9 дүгээр гудамжны баруун үзүүрт Халуун усны барилга зориулалтаар 0.025 га газрыг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болохоор төлөвлөсөн” нь дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Л.Гэрэлсүх нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр иргэн Б.Сумъяагаас Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 9-65 тоот 521 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авч, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/279 тоот захирамжаар тухайн газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй болж улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/124 дүгээр захирамжаар түүнд өмчлүүлжээ.
Тэрээр уг өмчилж авсан газрын хэмжээгээ хуульд заасан 0.07 га-д хүргэх зорилгоор нэмж хашааныхаа урдах хэсэг газрыг авахаар дүүргийн Засаг даргад удаа дараа хандаж байсан боловч шийдэгдэхгүй өдийг хүрсэн атлаа тус газрыг Т.Ганбаатарт олгосон нь хууль бус төдийгүй манай орц, гарцыг хаасан, халуун усны үйл ажиллагаа стандарт шаардлагыг хангаагүй гэж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/144 тоот захирамжийн иргэн Т.Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн Б.Ганбаатар нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших хүсэлтийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт хандан гаргасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр А/144 дүгээр захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 9 дүгээр гудамжны баруун үзүүрийн 1-1 тоот 350 м.кв газрыг түүнд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Учир нь, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийнхээ хүрээнд гүйцэтгэсэн “нотлох баримтыг цуглуулах” ажиллагааны явцад:
- Л.Гэрэлсүхэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэгж талбарын 18626302058222 дугаартай 580 м.кв газрыг өмчлүүлсэн боловч нэхэмжлэгч бодит байдалд 702 м.кв газрыг хашаалан, өмчилж байгаа болох нь;
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан “Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сонгины 9 дүгээр гудамж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хот байгуулалтын мэдээллийн менежментийн системээс үзэхэд 18626302058222 дугаартай нэгж талбар буюу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 9 дүгээр гудамжны 65 тоот хашааны орц, гарцыг хорооллын доторх замруу төлөвлөн, нэхэмжлэгч хашааны орц, гарцаа дээрх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хорооллын доторх замруу гаргасан болох нь шүүхээс хийсэн үзлэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 09/203 тоот албан бичиг болон Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 13/1647 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/144 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Т.Ганбаатарт маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн газрын орц, гарцыг хаагаагүй, түүний “хуульд заасан 0,07 га хүртэлх газрыг өмчлөх” эрхийг хязгаарлаагүй байх тул захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч Л.Гэрэлсүх газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргаж байсан талаарх баримт, бүртгэл байхгүй, харин аман байдлаар хүсэлтээ тавьж байсныг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүйн улмаас газар олголт хийгдээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны газар зохион байгуулагч Д.Ган-Эрдэнийн мэдүүлгээр нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар “энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгөх” бөгөөд энэхүү бүртгэлийн анхлах огнооны дарааллаар, тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж, тухайн байршилд газар олголтыг хийх журамтай.
Тухайн тохиолдолд, маргаан бүхий газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болохоор төлөвлөгдсөн 2016 онд нэхэмжлэгч Л.Гэрэлсүх газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаагүй, харин гуравдагч этгээд Т.Ганбаатар 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүсэлтээ гаргаж, анхлан бүртгэгдсэн бүртгэлийн дарааллаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын үйл ажиллагааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд, нэхэмжлэгч Л.Гэрэлсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан Дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 9 дүгээр гудамжны баруун үзүүрт халуун усны барилга 0.025 га гэснийг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн иргэн Т.Ганбаатарт тус дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 9 дүгээр гудамжны баруун үзүүрийн 1-1 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар “халуун усны барилга, 0.035 га” гэсэн хэсгийг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүйд тооцуулж, газар чөлөөлүүлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэгч Л.Гэрэлсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА