Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00381

 

Л.Уламбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 182/ШШ2016/01038 дугаар шийдвэр,

           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 225 дугаар магадлалтай,

 

Л.Уламбаярын нэхэмжлэлтэй,

Үндэсний Аудитын Газарт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.299.550 төгрөг, өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, нийт 11.299.550 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, өмгөөлөгч Ч.Нямцоож, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Уламбаяр нь 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ерөнхий аудитороор томилогдон ажиллаж байгаад 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 216 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5.214.849 төгрөгийг Монголын Үндэсний аудиторын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн тогтоолоор хэвээр баталсан. Дээрх шийдвэрийн дагуу Монгол Улсын ерөнхий аудитор 2013 оны 11 сарын 06-ны өдөр тушаал гарган Л.Уламбаярыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон боловч нөхөн олговор олгогдоогүй. Ийнхүү буцаж томилогдон 3 сар ажиллаж байтал Ерөнхий аудиторын 2014 оны 02 сарын 14-ний өдрийн 59 дүгээр тушаалаар халсан тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 23.162.774 төгрөгийг Үндэсний аудиторын газраас гаргаж олгохоор шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоол, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тоот гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Ажилгүй байх хугацаандаа ажилласан жилээ тасалдуулахгүй байх үүднээс сайн дурын даатгалд хамрагдан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа өөрөө төлж байсан. Удаа дараа үндэслэлгүй хууль бус тушаал гаргаснаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авч эд хөрөнгийн зардал гаргасан. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 12 сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 сарын 07-ны өдөр хүртэлх 5 сар 22 хоног ажилгүй байсан хугацааны олговор 8.299.550 төгрөг, зардал 3.000.000 төгрөг нийт 11.299.550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдыг томилдог. Энэ талаар Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тус тус заасан байдаг. Л.Уламбаярыг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж Монгол Улсын ерөнхий аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар томилсон. Мөн түүнд шүүхийн шийдвэрт заасан  23.161.536 төгрөгийг олгосон. Улсын эдийн засаг хямралтай, төсөв хөрөнгийн бүрдүүлэлт муу байгаагаас үүдэн ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч ойрын жилүүдэд шийдвэрлэж чадахгүй, хуульд заасан төлөвлөгөөт ажлуудаа ч бүрэн гүйцэд хийх боломжгүйд хүрч болзошгүй байна. Ийм байхад нэхэмжлэгч Л.Уламбаяр удаа дараа төрийн байгууллагаас ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж, татвар төлөгчдийн мөнгөнөөс өөрөө баялаг бүтээхгүй, ажил хийхгүй авч байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь тухайн иргэний эрх бөгөөд хуульд заавал өмгөөлөгчөөр дамжуулж шүүхэд хандах шаардлага зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 182/ШШ2016/01038 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Үндэсний Аудитын газраас урьд авч байсан дундаж тэнцэх олговорт 8.224.977 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Уламбаярт олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлээс 3.074.573 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1.257 төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Үндэсний аудитын газраас 146.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 225 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/01038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд энэхүү гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гаргаж байна.

1. Шүүх ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн тухайд: Тодруулбал, хэргийн материалын 21 дүгээр талд нэхэмжлэгч Л.Уламбаяраас Л.Жавзмаад олгосон итгэмжлэл нотлох баримтаар авагдсан байдаг бөгөөд уг итгэмжлэлд “...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд хэнд холбогдуулан /хариуцагчаар хэнийг тодорхойлох/, ямар шаардлага бүхий нэхэмжлэл гаргах...” талаар тодорхой заагаагүй, дурдаагүй байдаг. Түүнчлэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч Л.Уламбаяр бус түүний төлөөлөгч гэх Л.Жавзмаа гарын үсэг зурсан байдгаас үзвэл хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах хүсэл зориг Л.Уламбаярт байсан эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч гэх Л.Уламбаяр нь хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 101/ШШ2016/00166 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 412 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 001/ХТ2016/00536 дугаар тогтоолоор “...2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 23.161.536 төгрөг” олгож шийдвэрлэснийг байгууллагын зүгээс шийдвэрлэвэл дахин ажилгүй байсан хугацааны цалин, олговрын асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэдгээ илэрхийлж байсан. ИХШХШТХ-ийн 32 дугаар зүйлд Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох боломжтой талаар зохицуулсан боловч уг зүйлд заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд. түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэх агуулгаар ойлгох ойлголт гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч үзэж байна.

Хариуцагчийн зүгээс Л.Уламбаярын хүсэл зоригийг тодруулах, Л.Жавзмаа нь түүнийг төлөөлөх эрхтэй эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан болно. Иймд иргэний хуулийн дээрх зохицуулалт болон дээр дурдсан нөхцөл байдлаас үзвэл Л.Жавзмаа Л.Уламбаярыг төлөөлөн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад шүүх хуралдааныг хийсэн тухайд: Нэхэмжлэгч Л.Уламбаярыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолоор ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон боловч тухайн иргэний хэргийн материалд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хувь нотлох баримтаар авагдаагүй болно. Үүнийг нотлох баримтаар хэргийг материалд хавсаргуулах хүсэлтийг хариуцагчийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон шүүх хуралдааны явцад ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.91 дэх хэсгийн заалтыг үндэслэн гаргасныг шүүх хүлээж аваагүй. Түүнчлэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж буй талаар шүүгч захирамж гаргаагүй нь ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлд заасныг зөрчсөн үйлдэл болсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/01038 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 225 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.            

 

ХЯНАВАЛ

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Л.Уламбаяр нь хариуцагч Үндэсний аудитын газарт холбогдуулан буруу халсан үеийн олговорт 8.299.550 төгрөг, өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг нийт 11.299.550 төгрөг  нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 358 шийдвэрээр нэхэмжлэгч Л.Уламбаярыг Завхан аймгийн Аудитын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон, шийдвэр  хүчин төгөлдөр байна /хавтаст хэргийн 11-20 дугаар тал/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах учиртай.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч  2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.  

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний дунджаар тооцон нэхэмжлэлээс 8.224.977 төгрөгийн шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Л.Уламбаяр буюу төлөөлүүлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн төлөөлөгчид бүрэн эрх олгосны дагуу Л.Жавзмаа шүүхэд нэхэмжлэл гаргасан, итгэмжлэл хүчин төгөлдөр учир энэ тухай гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт нийцэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг гаргаж өгөөгүй явдалд шүүхийг буруутгах боломжгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 182/ШШ2016/01038 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 225 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзулын  гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.                

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ 

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ