Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

 

 

 

 

2026            01           08                                                    2026/ДШМ/01    

 

Х.Б-д холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Уянга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны ....... дугаар сарын .....-ний өдрийн 2025/ШЦТ/........ дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Х.Бхолбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Х.Б, 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ......... аймгийн ........ суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, эгчийн хамт .......... аймгийн .......... сумын Хайрхан 2 дугаар баг "............" гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: .........

 

2. Шүүгдэгч Х.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ........ аймгийн .......... сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг .......... гэх газарт Улаанбаатар Дундговь чиглэлийн ........... дугаартай асфальтан замын 115 км шонгийн ойролцоо ........улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 3.5 б, г, 11.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж онхолдсоны улмаас Т.Бамь насыг хохироосон,

мөн жолооч Х.Б нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн прокурорын газраас Х.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зуйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, 1 /нэг/ cap 10 /арав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ cap 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Боногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ cap 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Боногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялын хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолж, нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснсаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.253.472,63 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Бгээс 49.624.080 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  олгож, амь хууль ёсны төлөөлөгч Б.С  7.464.000 төгрөг төлснийг дурдаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч Х.Бгийн эзэмшлийн ........улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн супер портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн ........ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн дэрний хэсэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Х.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2 жил, 1 cap, 10 хоногийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Учир нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр амь нас аврагдах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Талийгаач маань тухайн үедээ эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан бол нас барахгүй байх боломж бүрэн байсан. Шүүгдэгч Х.Б нь талийгаачийг осолд оруулж, бэртэл гэмтэл авсныг мэдсээр байж орхиж явсан. Шүүгдэгч Х.Б нь мэдүүлэхдээ архи бага хэмжээгээр уусан, согтолтын хувьд гайгүй байсан гэдэг, тийм учраас үйл явдалд дүгнэлт хийх амь насанд аюул учирсаныг мэдэх боломжтой байсан. Үүгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-д заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байна. Иймд зүйлчлэлийг буруу гэж үзэж байна. Талийгаач хүнд гэмтлийн улмаас нас барсан. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас талийгаачид хүнд гэмтэл учруулсан, харин орхиж зугтсанаас үхэлд хүргэсэн. Шууд ослын улмаас нас бараагүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Энэ бол хүнийг алах гэмт хэрэг мөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бгээс 57,088,080 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7,464,000 төгрөг төлсөн. Өнөөдрийн байдлаар хохирогчийн хохирлыг төлөх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Хүний амь нас хохироож, хэдэн өнчирч үлдсэн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй эхнэрийг нь харж хандах хүнгүй маш хэцүү байдалд үлдэж байгаад огт санаа зовохгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино", 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж тус тус хуульчилсан байдаг.

Иймд шүүгдэгч Х.Боногдуулсан эрүүгийн хариуцлага тохироогүй буюу хөнгөдсөн гэж үзэж байна. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, хор уршиг болон мөнгөн төлбөрийг барагдуулаагүй байгаа, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй хохироод үлдэж байгаа нь маш харамсалтай байна.

Талийгаачийн зээлийн үлдэгдэл 6,253,472.63 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ зээлийн ард хөгжлийн бэрхшээлтэй эхнэр болон хүүхдүүд үлдсэн байгаа. Харамсалтайгаар талийгаач нас барсан шүүгдэгч Х.Бгийн гэм буруутай шууд шалтгаант холбоотой тул зээлийн үлдэгдлийг ч шүүгдэгч төлөх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Бхөнгөн ял оногдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлөх боломжийг хязгаарлаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/474 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн шүүхийн шатанд хүртэл тогтоогдсон байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж байна. Гэвч уг гэмт хэргийн обьектив болон субьектив шинжүүд нь хангагдаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хэрэг нь зам тээврийн ослын улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Мөн хохиролтой холбоотой тайлбар хэлэхэд 6,000,000 гаруй төгрөгийн зээлийн асуудал нь талийгаач амьд ахуйдаа банкнаас авсан зээлтэй холбоотой. Уг зээлийн асуудал нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд шүүхээс албан ёсоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин 40,000,000 төгрөгийн хохирлын асуудлын хувьд миний үйлчлүүлэгч нөхөн төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг асуудал хяналтын шатанд яригдаж байгаа тул цаашид төлж барагдуулах, шүүхээр хэлэлцүүлэх боломж нээлттэй гэж үзэж байна...” гэв.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргаасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна, хохирлоо удахгүй төлнө...” гэв.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо хэргийн зүйлчлэл буруу хийгдсэн гэх агуулгыг дурдсан байна. Хэрэгт тогтоогдсоноор 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ........улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х.Б нь амь хохирогч ........той хамт жолоодон явж байсан үйл баримт тогтоогддог.  Улмаар тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсоны улмаас зам тээврийн осол гарч, уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ........ нь амь насаа алдсан. Мөн зам тээврийн осол гарснаас хойш даруй эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөгүй бөгөөд тээврийн хэрэгслээс бууж, зам тээврийн осол гарсан газрыг орхин явсан үйл баримт тогтоогдсон. Үүний улмаас цагдаагийн байгууллагаас 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр буюу нэг хоногийн дараа шүүгдэгч Х.Бг олж тогтоосон нөхцөл байдал тогтоогддог. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үед жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.Б нь осол гаргасан, уг ослын улмаас ........ амь насаа алдсан үйл баримт нь нотлох баримтын хэмжээнд хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн шинж байхгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч Х.Б нь зам тээврийн осол гаргасны дараа тээврийн хэрэгслээс бууж, осол гарсан газраа орхин зугтсан бөгөөд тухайн газартаа эргэн ирээгүй, улмаар өвөлжөөн дээрээ байхад нь олж тогтоосон нөхцөл байдал тогтоогддог. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зам тээврийн ослын газрыг орхин зугтсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Дээрх нөхцөл байдлууд нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна.

Хоёрдугаарт, хохирлын асуудлын тухайд амь хохирогч ........ нь амьд ахуйдаа “Хаан банк”-аас зээл авсан бөгөөд уг зээлийн үлдэгдэл 6,253,472.63 төгрөг байсан. Зээлийн гэрээ нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах бөгөөд тухайн зээл нь эрсдэлийн даатгалд хамрагдсан нөхцөлтэй тул уг үлдэгдэл мөнгийг шүүгдэгчээс гаргуулах нь гэмт хэргийн хор уршигт хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хохирогчийн эрх ашгийг зөрчөөгүй бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон, нэхэмжилсэн хохирлын мөнгөн дүнгүүдийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Х.Бгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох “Портер” маркийн тээврийн хэрэгслийг хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулахаар үнэлгээ хийж, захиран зарцуулах эрхийг хязгаарлан битүүмжлэх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад явуулж, шүүхийн шатанд хэлэлцсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай, болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг боловч шүүгдэгч Х.Б нь зам тээврийн ослын газрыг орхин зугтсан нөхцөл байдал нь санаатай гэж үзсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэний дараах хандлага зэргийг харгалзан үзэж, түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ослын газрыг орхин зугтсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил, 1 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Дээрх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нарын хамтран гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

         2. Шүүгдэгч Х.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр .... аймгийн ............ сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг ........... гэх газарт Улаанбаатар Дундговь чиглэлийн ...... дугаартай асфальтан замын 115 км шонгийн ойролцоо ........улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 3.5 б, г, 11.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж онхолдсоны улмаас Т.Бамь насыг хохироосон, мөн тэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........гийн: “...2025 оны 4 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед Төв аймгийн цагдаагийн газраас утсаар залгаад аав чинь осолд орсон гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэрийнхэн ирээд нас барсан гэж мэдсэн. Яг ямар байдлаар яаж осолд орсон талаар бол мэдэхгүй байна... Би гомдолтой байна. Оршуулгын зардал, тухайн автомашины үнэлгээгээр тогтоогдсон зардал, талийгаач малчны зээлтэй байсан, сэтгэл санааны хохирол тус тус нэхэмжилж байна...” /1хх-н 34-35/ гэх,

-гэрч Л.Э-н: “...Би Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Довын гуанз дээр 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед аймаг явах гээд ах Л.Б-оор хүргүүлэн ирээд "Баян айраг” дэлгүүрийн үүдэнд зогстол Занданбал, ........ хоёр цагаан өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй дэлгүүрт ирсэн. Бид гурав уулзаад зогсож байхад Т.Б-т цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд ..."Баян айраг" дэлгүүр рүү ороод ногоон экс нэртэй 0,75 граммын архи авчраад Т.Бтээврийн хэрэгсэл дотор сууж уусан. Би амсаад өгсөн. Тэгээд дэлгүүрийн гаднаас аймаг орох унаа таарахаар нь тэр гурвыг орхиод явсан. Намайг аймаг ороод удаагүй байхад Баян айраг дэлгүүрийн худалдагч Зандраасүрэн нь над руу залгаад Т.Баатарсүрэн аваарт орсон байна. Б нь цагдаа, түргэн дуудсан бололтой өөрөө алга болсон байна гэж хэлсэн...” /1хх-н 39/ гэх,

-гэрч Т.З-ын: “...Би 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 11-12 цагийн ............ дээр "Баян айраг" дэлгүүр дээр Б-ийн хамтаар дэлгүүр орж байгаад ........, ........ нартай таарсан. Тэгээд юм ярингаа ........ын машинд суусан, ........ 0.75 граммын архи аягалаад тойруулсан. Би архинаас амсаад өгөөд удалгүй дэлгүүр ороод тамхи аваад адууныхаа жипийг шалгаад гараад иртэл, ........, ........, ........ нар нь явсан байсан...” /1хх-н 41-42, 55-56/ гэх,

-гэрч В.Д-ийн: “...Би 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Довын гуанз гэх газарт охин Зандаасүрэнгийн дэлгүүрт ирсэн байсан. Тухайн өдөр хэдэн цагийг сайн санахгүй байна, эхлээд Төв аймаг явна гээд ........ ирсэн, дараа нь ........, ........ ирж явсан. ........ 1 шил архи авсан. Архиа ууж байхыг хараагүй. ...Занданбал өөрийнхөө машинтай ганцаараа явсан. Би ........г талийгаачийн машинд суугаад явахыг харсан...” /1хх-н 50-52/ гэх,

-гэрч Э.С-ийн: ".... Би 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд байх Өмнөговь аймаг руу гэр лүүгээ явж байх замд буюу “Ногоон дов" гэх газарт цагаан өнгөтэй приус-20 маркийн тээврийн хэрэгсэл осолд орж замын хажуу руу онхолдсон байдалтай байхаар нь .... аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тухайн үед осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй байна. ...Осолд орсон машин цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 2 хүн байсан. Жолооч нь суудал дээр жолоочийн эсрэг тал руу харсан жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан зорчигчийн суудал арагш бүтэн унасан зорчигчийн толгой нь хөл хэсэг рүүгээ доош харсан байдалтай хэвтэж байсан. ...Намайг жолооч нь хаалга онгойлгоод өг гэхээр нь хаалгыг онгойлгох гэтэл хаалга нь онгойхгүй цонхоороо жолооч нь гарч ирсэн. Жолооч нь машинаас гарч ирээд машинаа налаад зогсоод байсан. Дүр төрхийг нь санахгүй байна хөх дээлтэй байсан. ...Зорчигч нь улаан дээлтэй байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна...." /1хх-н 59-60/ гэх,

-гэрч Ц.Ц-ын: “...Би ........г танина. 2008 оноос хамтран амьдарч байгаад 2021-2022 онд салсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Анх ........тэй амьдарч байх үед миний мөнгөөр мал борлуулаад тухайн тээврийн хэрэгслийг авч байсан. 2022 онд салахдаа би уг тээврийн хэрэгслийг авсан. Тухайн үед мотор муудсан эвдэрсэн. Би салсныхаа дараа шинэ мотор тэнхлэг солиод унаж байгаад 2024 оны 4 дүгээр сарын үед ах Сүхбаатар гэх хүнд 5,000,000 төгрөгөөр зарсан. Одоо тухайн машин эвдэрсэн гэрийн гадаа байгаа...” /1хх-н 236-237/ гэх,

-шинжээч Б.Сэргэлэнгийн: “...Амь хохирогч Т.........од учирсан цээжний битүү гэмтлийг авсан дариуд цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж болон мэс засал эмчилгээг яаралтай түргэн хугацаанд хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” /1хх-н 196/ гэх мэдүүлгүүд,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ЕГ0325/3427 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "......... 29/эр" гэж хаягласан цус болон "Х.Б" гэж хаягласан цусны дээжүүдээс спиртийн агууламж илрээгүй...” /1хх-н 87-89/ гэх,

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 0625/083 дугаартай "...Амь хохирогч Т.Бцогцост өвчүү ясны хугарал, цээжний баруун 3-8, зүүн 2-8-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа /750 мл/, дух, зүүн сарвуунд хууларсан шарх, уруулд язарсан шарх, эрүүнд няцарсан шарх, зулгаралт хуйх, баруун өвдөгт цус хуралт, дух, зүүн шанаа, хацар, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хоёрдугаар бүлгийн цустай байна...Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогч Т......... нь цээжний битүү гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байна..."  /1хх-н 98-115/ гэх,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/3429 дугаартай “...Тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авсан жолооны хүрдний аваарын дэрнээс цус илэрсэн. Илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэж байна. Илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Х.Б, Т.З гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” /1хх-н 121-128/ гэх,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1626 дугаартай “...Хохирогч ........ овогтой ........ /НЮ06292500/-н сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” /1хх-н 146-147/ гэх,

-шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 52-88/217 дугаартай “...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэгтэй танилцахад тухайн осол гарсан гэх газар болон түүний ойр орчимд ямар нэгэн тэмдэг, тэмдэглэл байсан талаар тусгагдаагүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг, Нийтлэг үндэслэл 1.2.17. "зам тээврийн осол" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг" гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Prius маркийн ........улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтан хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" мөн дүрмийн 11.11 "Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius маркийн ........улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.11 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Toyota Prius маркийн ........улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх мэдээллийг шинжээчийн зүгээс шалгах боломжгүй. Уг зам тээврийн осол гарахад тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” /1хх-н 135-137/ гэх,

-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06/136 дугаартай "...........улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 7,464,000 төгрөг болно..." /1хх-н 199-210/ гэх,

-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 07/174 дугаартай "...........улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 4,110,000 төгрөг болно..." /1хх-н 242, 2хх-н 3/ гэх дүгнэлтүүд

-Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 172-173/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 223/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл "Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг”-ийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдаг ба энэ зүйлд заасан бусад шинжүүд хангагдсан тохиолдолд хүндрүүлж зүйлчилдэг.

         Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйл.”Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинж нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан санаатай үйлдэл байдаг.

         Хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч Х.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ........аймгийн .......... сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Довын гуанз гэх газарт Улаанбаатар Дундговь чиглэлийн ........ дугаартай асфальтан замын 115 км шонгийн ойролцоо ........улсын дугаартай Toyota Prius20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 3.5 б, г, 11.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж онхолдсоны улмаас Т.Бамь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн,  мөн дээрх гэмт хэрэг үйлдсэний дараа уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул Төв аймгийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бхолбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

4. Шүүгдэгч Х.Бхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын  зорилгыг хангасан, хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдолдоо ”...Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр амь нас аврагдах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Талийгаач маань тухайн үедээ эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан бол нас барахгүй байх боломж бүрэн байсан. Шүүгдэгч Х.Б нь талийгаачийг осолд оруулж, бэртэл гэмтэл авсныг мэдсээр байж орхиж явсан... энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-д заасан гэмт хэргийн шинжтэй... шүүгдэгч Х.Боногдуулсан эрүүгийн хариуцлага тохироогүй буюу хөнгөдсөн гэж үзэж байна. ...Түүнчлэн талийгаачийн зээлийн үлдэгдэл 6,253,472.63 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь шүүгдэгч Х.Бгийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул зээлийн үлдэгдлийг ч шүүгдэгч төлөх үндэслэлтэй. Иймд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

8. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзсан, түүнд оногдуулсан ял нь “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлно” гэсэн хууль ёсны зарчимд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмуудыг зөрчөөгүй, мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчид энэ хуулийн ерөнхий ангид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчмуудыг эрх зүйн удирдлага болгон түүний үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу хуулиар олгогдсон ял оногдуулах эрх хэмжээнийхээ хүрээнд  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл ”Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн үндсэн шинж нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байдаг онцлогтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Б нь  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар ямар нэг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс болж хүний амь нас хохирсон гэх үйл баримт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байна.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтоодог.

Анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........гийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоохдоо Монгол Улсын дээд шүүхийн нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг тогтоох аргачлал”-д заасны дагуу тухайн гэмт хэрэг гарсан 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 45.99 дахин нэмэгдүүлж нийт 36,424,080 төгрөгийг шүүгдэгч Х.Бгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, хуульд нийцээгүй байна.  

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж заасан.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад буруу бичсэн хуулийн зүйл заалтыг зөвтгөж Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бгээс /792,000х150=118,800,000/ 118,800,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  олгуулахаар магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

 

11. Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн амь хохирогч Т.Б2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/202454507519 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 6,253,472.63 төгрөгийг энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь амь хохирогч уг зээлийг банкнаас гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанаас өмнө авсан, банк иргэн хоёрын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны асуудал байх бөгөөд эрүүгийн хэргийн хохирол, хор уршигтай хамаарахгүй байна.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсний дагуу Төв аймгийн прокурорын газраас Х.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл, хэсгийг журамлалгүй орхигдуулсныг нэмж оруулах нь зүйтэй.

 

13. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилдэг.

Шүүгдэгч Х.Б 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Довын гуанз гэх газарт ........улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 3.5 б, г, 11.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж онхолдсоны улмаас Т.Бамь насыг хохироосон байхад 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор эрүүгийн ........ дугаартай хэрэгт амь хохирогч Т.Бэзэмшлийн ........улсын дугаартай Тоёота Приус20 маркийн тээврийн хэрэгслийг ........ аймгийн Жаргалант сумын нутагт битүүмжилсэн /хх-н 227/, анхан шатны шүүх Х.Бгийн ........улсын дугаартай Huyndai Porter маркийн тээврийн хэрэгслийг биш ........улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн супер портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх байтал шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлт оруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

14. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ................... сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ...... дугаар сарын ........-ний өдрийн 2025/ШЦТ/.......... дугаар шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад

“...Шүүгдэгч Ц.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг

“...Шүүгдэгч Ц.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж,

 

6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.253.472,63 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Бгээс 49.624.080 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  олгож, амь хууль ёсны төлөөлөгч Б.С  7.464.000 төгрөг төлснийг дурдсугай...” гэснийг

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,253,472.63 /зургаан сая хоёр зуун тавин гурван мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Бгээс оршуулгын зардал 13,200,000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг, сэтгэцэд учирсан хохирол 118,800,000 /нэг зуун арван найман сая найман зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  олгосугай...” гэж,

7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч Х.Бгийн эзэмшлийн ........улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн супер портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч Х.Бгийн эзэмшлийн ........улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн супер портер маркийн тээврийн хэрэгсэл, ........улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай...” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД

 

                            ШҮҮГЧИД                                       З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ