Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00245

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, шүүгч Д.Элбэгзаяа, С.Ёндонс*******уу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******н аймаг, Б******* сум, ** дугаар баг, Д.Д*******ын ** дүгээр гудамж, ***-** тоотод оршин суух Б******* овогт *******-Э*******ий *******баярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******** аймаг, Б******** сум, **дугаар багт оршин суух З******* овогт Э*******ы Т*******өд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт 18,208,000 төгрөг, шууд хохирол 4,072,148 төгрөг, нийт 22,280,148 /хорин хоёр сая хоёр зуун наян мянга нэг зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00040/И иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******баяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А,

Хариуцагч Э.Т*******,

Иргэдийн төлөөлөгч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******баяр нь хариуцагч Э.Т*******өд холбогдуулан сэтгэл санааны хохирол, эмчилгээний шууд зардалд нийт 22,280,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжилж байна.

2.Нэхэмжлэгч Б.*******баяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний охин Б.Цийг Т*******ийн Б нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын Ж ** дугаар багийн нутагт байрлах "Хөгжимт жүжгийн театр"-ын хөгжмийн бэлтгэлийн өрөөнд дартс шидэж байгаад зүүн нүдийг онож, эрүүл мэндэд нь "... зүүн нүдний салстын улайлт, склерийн задрал, эвэрлэг бүрхүүл урагдтал, эвэрлэгийн десцемент давхаргын хуулрал, арын капсулын урагдтал, солонгон бүрхүүл хавчуулагдах, болор задрал, мултрал, шилэнцэрт цус хуралт, торлогийн цоорол, ховхрол, харааны мэдрэлийн хөхлөгийн хараагүйдэл гэмтэл, анхдагч цэгцлэлт хийх, парсплана виктеэзтоми, шилэнцэрт унасан болрын масс авах, цус авах, торлог шалгах лазер хийх, газ хийх, дурангийн аргаар зүүн нүдний өмнөд камерын цус угаах, шилэнцэрт авастин тарих, парсплановитректоми, хүнд шингэн хийх, эндолазер, шингэн тос хийх мэс засал улмаас түүнд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан.

Энэхүү хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй" гэх үндэслэлээр өсвөр насны Т.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү гэмт хэргийн улмаас миний охин хүнд гэмтэл авсан үүний улмаас өмнө нь эрүүл байсан шигээ цовоо сэргэлэн байхаа больж, өөрийн сонирхдог спортоо үлдсэн нүднийхээ харааг хамгаалахын тулд хичээллэхээ больсон. Мөн хагалгаанд удаа дараа орсон үедээ хичээлдээ явахгүй 2025 оны 02 дугаар сараас хичээл тарах хүртэлх хугацаанд хичээлдээ яваагүй. Мөн миний энхрий хөөрхөн охиныг минь ийм хүнд байдалтай, нүдийг нь эргэж хараа орохгүйгээр болгосон атлаа Т.Бгийн аав, ээж уучлалт гуйгаагүй, яаж байна ийж байна ч гэж асуухгүй байгаад үнэн голоосоо гомдож байна.

Хэрвээ миний оронд, миний охины оронд өөрийгөө тавиад үзвэл ямар хүнд хэцүү байгааг ойлгох байх. Гэтэл цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ энэ бол гэмт хэрэг биш золгүй явдал гэх агуулгаар мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Хариуцагч Э.Т******* нь боловсролын байгууллагыг удирдаж байгаа хүн байж хүүхдийн асуудалд ингэж хандаж байгаад гайхаж байна.

Бид тухайн үед эмчилгээтэй холбоотой зардал, сэтгэцэд учирсан хор уршигт хариуцагчаас төлбөр гаргуулаагүй ба энэ хэргийн улмаас үүссэн хор уршиг одоог хүртэл арилаагүй биеийн байдлын хувьд зовиур шаналгаа байсаар байна. 2025 оны 02 дугаар сараас удаа дараа хагалгаанд орсон ба дараах зардлууд гарсан. Үүнд:

-Улаанбаатар хотод 2025 оны 02 сарын 22-ны өдрөөс 2025 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэл эмчлүүлсэнтэй холбоотой гарсан зардал,

-2025 оны 02 сарын 22-ны өдрөөс 2025 оны 03 сарын 19-ний өдрүүдийн хооронд Улаанбаатар хотод эх нялхаст бүрэн унтуулгатай хагалгаанд орсон.

-2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Сондра нүдний эмнэлэгт үзүүлж, бүтэн унтуулгатай хагалгаанд орсон зардал.

-2025 оны 04 сарын 08, 29-ний өдрүүдэд давтан үзлэгт орж, гам хийж Улаанбаатар хотод байхад гарсан зардал,

-2025 оны 05 сарын 02, 2025 оны 05 сарын 27, 2025 оны 07 сарын 03-ны өдрүүдэд тус эмнэлэгт давтан очиж үзүүлж, хараа орох боломжтой эсэхийг үзүүлсэн зардлууд

-2025 оны 07 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотуу сэтгэл санааны хохирол тогтоолгохоор явсан зардлууд зэргийг нэхэмжилж байгаа ба шууд хохирол буюу эмчилгээтэй холбоотой зардал 2515000990192 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдснаар 4,072,148 төгрөгийн зардал болсон. Энэ зардлаа нэхэмжилж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хариуцагчаас сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 хувиар дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол буюу 18,208,080 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь охин маань 12-хан настайдаа хорвоог харах нүдээ бусдын буруутай үйлдлээс алдсан, орон зайн баримжаа алдагдсан, зүүн нүд нь хатгуулж өвддөг, холын зүйлийг харж чаддагүй, зүүн нүд нь огт харахгүй, цаашид хараа орох боломжгүй болсон талаар сонсоод сэтгэл зүйн хувьд хямарч, маш хэцүү байгаа. Хажуунаас харж байгаа гэр бүлийнхэнд тийм их хэцүү байхад охинд минь ямар байгаа бол үргэлж сэтгэл минь өвдөж шаналж нэг жилийг үдэж байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж зааснаар Т.Бгийн аав Э.Т*******ийг хариуцагчаар татсан болно.

Иймд хариуцагч Э.Т*******өөс сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт 18,208,000 төгрөгийг, шууд хохирол 4,072,148, нийт 22,280,148 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч Э.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуны өмнө Б.Ц охинд гэмтэл учирсан явдалд бидний зүгээс чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт хүсч байна. Хүүхдийн эрүүл мэндийн байдалд үнэхээр санаа зовниж, тухайн үеэс эхлэн ар гэртэй нь холбогдон биеийн байдлыг нь асууж, эмчилгээний явцад анхаарал хандуулж байсан болно. Уг явдал нь санаатай үйлдлээс үүдэлтэй бус, Хүүхдүүдийн харилцан болгоомжгүй, санамсаргүй нөхцөл байдалд болсон хэрэг бөгөөд ямар нэгэн байдлаар хохирол учруулах зорилго агуулаагүй болно.

Гэсэн хэдий ч хүүхдийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан явдалд бид маш их харамсаж байна. Бидний зүгээс Б.Ц охины эрүүл мэндийн байдалд санаа зовнин, ар гэртэй нь холбоотой байж ирсэн бөгөөд цаашид ч хуулийн хүрээнд, боломжит хэмжээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлье.

Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан бөгөөд 16.14-д "Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;", Монгол улсын Эрүүгийн хуулийн 1.4-р зүйлийн 1-дэх хэсэгт "Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж тус тус хуульчилсан байна.

Хэргийн нөхцөл байдал: Үйл явдал 2025 оны 02 дугаар сарын 22-ны хагас сайн өдөр Булган аймгийн Булган сумын нутагт байрлах "Хөгжимт жүжгийн театр"-ын хөгжмийн бэлтгэлийн өрөөнд 12 настай хүүхдүүд дартсаар харилцан тоглож байх үед гарсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Ц охины зүүн нүдэнд дартсны сум онож "Хүнд" гэмтэл учирсан нь тогтоогдсон. Прокурорын байгууллагаас "Болгоомжгүй гэмт хэрэг" байж болзошгүй гэж дүгнэн, насанд хүрээгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Прокурор бол мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх рүү шилжүүлэх эсэхийг шийддэг байгууллага тул хүнийг "Гэмт хэрэгтэн" гэж эцэслэн тогтоодог байгууллага биш юм. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хүнийг "Гэмт хэрэг үйлдсэн" гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэг бүртгэлийн материалд авагдсан баримтаас үзэхэд хүүхдүүдийн харилцан тоглоомын үед үүссэн, санаатай бус, гэнэтийн хөдөлгөөний нөхцөл, давхцалаас шалтгаалсан санамсар, болгоомжгүй ослын шинжтэй үйлдэл байж болзошгүй байна.

Хэрэг бүртгэлийн материал, мэдүүлгүүдэд:

Насанд хүрээгүй хохирогч Б.Ц "... Т.Б намайг оноог маань хараад өг гэж хэлсэн. Тэгээд би оноог нь харж өгөх гээд ширээн дээр сууж байгаад босоод очсон чинь дардасны байны доор нэг сум газар унасан байхаар нь тухайн сумыг газраас авах гэж тонгойгоод сумаа аваад эргэж харангаа боссон чинь Т.Б бай руу сум шидэж таараад миний зүүн нүдийг маань оночихсон...", мөн "... Тухайн үед Т.Б бид хоёр дартс шидэж тоглож байхдаа хоорондоо муудалцаж, хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй...", "Урд өмнө би дартс тоглож үзээгүй, бид 4 тухайн өдөр сонирхоод дартс тоглож үзэж байсан юм. Надад дартс шидэж тоглохыг тухайн үед Т.Б зааж өгч байсан" гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч Э.С "... Б.Ц дардасны доороос нэг юм аваад босох гэж байсан чинь Т.Б дартсны бай луу дардасны сум шидэж таараад нүдийг нь оносон", мен "Хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй." гэх мэдүүлэг.

Насанд хүрээгүй гэрч А.Б ... бид хэд дартс ээлжлээд тоглож байгаад би дартс тоглохоо болиод гар утсаараа тоглож байтал Б.Ц гэнэт уйлахаар нь би очоод харсан чинь нүд рүү нь дартсны сум орсон байсан. Яаг хэн шидсэн, яаж шидсэн, Б.Ц хаана байсныг би хараагүй гар утсаараа тоглож байсан болохоор..." гэх мэдүүлэг авагдснаас гадна тухайн асуудал болсон 2025.02.22-ны өдөр А.Бий 6А ангийнхаа хүүхдүүд байдаг фэйсбүүк групп чатанд "Б санаандгүй дардас шидсэн. Харин бэ ц урдуур нь яваад тэгээл оносон" гэх тайлбар бичигдсэн байна.

Насанд хүрээгүй Т.Б "... бид 4 дартс тоглоод ээлжилж сум шидэж байсан юм. Тэгээд миний сум шидэх ээлж болоод би бай руугаа сум шидсэн чинь манай найз Б.Ц гэнэт урдуур орж нүд рүүгээ оногдсон..., манай найз Б.Ц намайг сум шидэж байхад урд шалан дээр юм хийгээд байх шиг харагдсан. Намайг бай руу сум шидэж байгаа гэдгийг манай найз Б.Цийг би мэдэж байгаа гэж бодсон...", "... Б. Ц бид хоёр дартс шидэж тоглож байгаад хоорондоо муудалцаж хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй...". "... Намайг дартс шидэх үед Б.Ц дардасны урд байгаагүй..., Би Б.Ц болон тэнд байсан хүүхдүүдэд дартс шидэхийг зааж өгөөгүй. Би тухайн өдөр анх удаа дартс шидэж үзсэн. Урд өмнө би дартс тоглож үзээгүй. Бид 4 тухайн өдөр сонирхоод дартс тоглож үзэж байсан юм."

Хохирогч Б.Ций аав болох Т.Баярбат "Манай охин Б.Ц нь надад ангийнхаа Т.Б гэх охинтой муудалцаж хэрүүл маргаан хийсэн гэж хэлээгүй. Дартс тоглож байгаад болгоомжгүй байдлаар сум шидээд нүдийг нь онож гэмтээсэн гэж хэлсэн." гэх мэдүүлгүүд тус тус авагдсан байна.

Эндээс үзэхэд тус өдөр дартс тоглосон 12 настай 6-р ангийн 4 хүүхэд харилцан зөвшилцсний үндсэн дээр анх удаагаа дартс тоглоомыг ээлжлэн шидэж тоглож байсан нь тогтоогдсон, санамсаргүй болгоомжгүй байдлаар Т.Б дартсны бай руу сум шидэх явцад ангийн найз Б.Ций байны ойролцоо буюу эрсдэлтэй бүсэд газраас сум авч өгөх гэсэн үйлдэл, хөдөлгөөнтэй гэнэтийн давхцал үүссэн нь бусдыг гэмтээх санаа зорилго агуулаагүй, бай руу чиглүүлэн тоглоомын хүрээнд сум шидсэн, бусдыг онилсон, довтлох шинжтэй байгаагүй, хүүхдүүдийн хооронд муудалцсан асуудал байгаагүй болох нь мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Үр дагавар гарч Б.Ц охин "Хүнд" гэмтэл авсан нь бодитой боловч тухайн үйл явдал өсвөр насны хүүхдүүдийн тоглоомын үеийн гэнэтийн хөдөлгөөн, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөлөөс шалтгаалсан санамсаргүй осол байж болзошгүй байна. Дан ганц үр дагаварт чиглэсэн обьектив яллах ажиллагааг хууль ёсны зарчимд хориглосон байдаг.

Нэхэмжлэгч талын Б.Ц охинд гэмтэл учирсан явдалд манай гэр бүлийн зүгээс маш их харамсаж байгаагаа дахин илэрхийлж байна. Тухайн нөхцөл байдал нь санаатай үйлдлээс үүдсэн бус, хүүхдүүдийн харилцан болгоомжгүй, санамсаргүй үйлдэл, анхаарал болгоомж дутснаас үүдэн гарсан гэж үзэж байна. Бидний зүгээс уг явдал гарсан цагаас эхлэн хохирогч хүүхдийн эрүүл мэндийн байдалд санаа зовнин, эцэг эхтэй нь холбоотой байж, эмчилгээний явцтай холбоотой мэдээллийг авч, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх үүднээс хамтран ажиллаж ирсэн.

Хохирогч Б.Ций аав болох Т.Баярбат "... эхнэр бид хоер охиноо аваад яаралтайгаар аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд охиныг маань нүдэндээ хүнд гэмтэл авсан байна гэж үзэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай очиж үзүүлэхийг зөвлөсөн. Тэгээд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлэхэд Улаанбаатар хот руу явж Эх нялхаст үзүүлж яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэж хэлсэн Тухайн үед манай охины нүд рүү дартсны сум шидсэн Т.Б гэх охины аав нь болох Э.Т******* нь хамт явсан..." гэх мэдүүлэг авагдсан байна. Эндээс бид эхнээсээ хамт байж, охины эрүүл мэндэд чин сэтгэлээсээ санаа тавьж байсан гэдгээ илэрхийлэхийг хүсч байна.

Мөн Б.Ц охины гэмтэлд чин сэтгэлээсээ санаа зовж, 2025.03.15-ны өдөр Улаанбаатар хотод Эх нялхасын эрүүл мэндийн төвд гэр бүлийн хүн болох Г.Нандин очиж эргэсэн, 2025.06.20-оор гэр бүлийн хүн Г.Нандин, охин Т.Бгийн хамт Б. Ц охины гэрт очиж эргэн охин эрүүл мэндийн байдлын талаар уулзаж ярилцаж байсан байна.

Бид Б.Ц охины эмчилгээний зардалд тодорхой хэмжээнд шууд дэмжлэг үзүүлж байсан ба энэ нь хүн ёс, хариуцлагын үүднээс, хохирлыг нөхөн арилгах зорилготой байсан. Тухайлбал 2025.02.26-ны өдөр охины ээж Б.*******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 500.000 төгрөг, 2025.03.09-нд охины аав Т.Баярбатын Хаан банкны 5031305137 тоот дансанд 1.000.000 төгрөг, 2025.04.02-ны өдөр охины ээж Б.*******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 2.000.000 төгрөг, 2025.04.28-ны өдөр охины ээж Б. *******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 100.000 төгрөг, 2025.05.26-ны өдөр охины ээж Б.*******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 100.000 төгрөг, 2025.07.02-ны өдөр охины ээж Б.*******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 100.000 төгрөг, 2025.08.27-ны өдөр охины ээж Б.*******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 400.000 төгрөг нийт 4.200.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Уг хэрэг нь гэм хорын маргааны хүрээнд хэлэлцэгдэж буй тул үйл явдлын шалтгаант нөхцөл, талуудын анхаарал болгоомж, хүүхдүүдийн үйлдлийн шинж байдал, учирсан хохирлын бодит хэмжээ болон хариуцлагын хүрээ зэрэг асуудлыг шүүх нотлох баримтад тулгуурлан нягтлан үзэж шийдвэрлэх боломжтой байна.

Бидний зүгээс уг үйлдэл нь санаатай бус, санамсаргүй нөхцөлд гарсан, талуудын анхаарал болгоомж, нөхцөл байдлын онцлогийг харгалзан үзэж гэм хорын маргааны хүрээнд нэхэмжилж буй хохирлын хэмжээ, үндэслэлийг нотлох баримтаар бодитой тогтоох, цаашид манай гэр бүлийн зүгээс шүүхийн шийдвэр, хуульд заасан журмын хүрээнд Б.Ц охины ээж, аавтай байнга хамтран ажиллах бөгөөд маргааныг шударга, бодит нөхцөлд тулгуурлан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч талын Б.Ц охинд учирсан гэм хорын хүрээнд эрүүл мэндийн шууд хохирлын зардал 4.072.148 төгрөг, сэтгэл санааны хохирол 18.208.000 төгрөг нэхэмжилж буйг бид хүлээн авч танилцсан. Манай гэр бүлийн зүгээс уг явдалд маш их харамсаж, хохирогч хүүхдийн эрүүл мэндийн байдалд санаа зовнин, эмчилгээний явцад эцэг, эхтэй нь холбоотой байж, эмчилгээтэй холбоотой зарим зардалд нийт 4.200.000 төгрөгийн бодит дэмжлэг үзүүлж, 561.883 төгрөгийн шууд бус зардал гаргаж байсан байна.

Энэхүү дэмжлэг нь хохирлыг бодитоор бууруулах, нөхөн арилгахад чиглэсэн бөгөөд тухайн нөхцөл байдалд өөрсдийн боломжит хэмжээнд хамтран ажиллах хүсэл, эрмэлзэлтэй байсны илэрхийлэл гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй хохирлын нөхөн төлбөрийг шийдвэрлэхдээ өмнө нь төлөгдсөн дээрх зардлыг сэтгэл санааны хохирлын хэмжээнд суутган тооцох байдлаар шийдвэрлэх боломжтой байна.

Мөн нэхэмжлэлд дурдсан эрүүл мэндийн шууд хохирлын 4.072.148 төгрөгийн зардлыг манай гэр бүлийн зүгээс шинээр нөхөн төлөх асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна.

Б.Ц охинд сэтгэл санааны хохирол үүссэн байж болохыг үгүйсгэхгүй, харин сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 18.208.000 төгрөгийн хувьд УДШ-ийн 2023 оны 25 дугаар тогтоолд заасан "Гуравдугаар" зэрэглэлийн хамгийн өндөр болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх дүнгээр тооцсон байна. Гэвч тухайн болсон үйл явдлын бодит нөхцөл байдал, санамсаргүй шинж, талуудын анхаарал болгоомж, хариуцагчийн зүгээс хохирлыг бууруулах чиглэлээр бодит дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, нөхөн төлбөрийг бодитоор шийдвэрлэх асуудлыг шүүхээс сайтар нягтлан үзэхийг хүсэж байна.

Монгол улсын Иргэний хуулийн 514.1-д "Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.", 514.2-т "Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно." гэснийг тус тус үндэслэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, төлбөрийн хэмжээг бууруулах боломжтой байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалын 1-р хавсралтаар "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ыг, 2-р хавсралтаар "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ийг, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор "Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ыг тус тус баталжээ.

Шинжээч Б.Ц охины сэтгэцэд учирсан хохирлын зэрэг "Хүндэвтэр", сэтгэцэд учирсан хор уршгийн "Гуравдугаар" зэрэглэлд хамаарч байна гэж дүгнэсэн байна. Бидний зүгээс шинжээчийн дүгнэлтийг хүндэтгэнэ. Гэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг шүүх бодит нөхцөл байдалд уялдуулан тогтоох ёстой.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор "Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ын үйлчлэх хүрээ "Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг..." гэж хэрэглэгдэх хүрээгээ заасан байна. Иймд энэхүү аргачлалыг иргэний шүүхэд автоматаар, заавал механикаар хэрэглэхгүйгээр, бодит нөхцөл байдалд нийцүүлэн шүүх тусад нь үнэлж, тогтоох боломжтой байна.

Учир нь тухайн хэрэг явдал нь 12 настай хүүхдүүд харилцан тоглож байх явцад санамсар болгоомжгүй байдлаас болж гарсан. Прокурорын шатанд хүүхэд насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг Хэрэгсэхгүй болгосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр "Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай" нь тогтоогдоогүй байна.

Гэхдээ тус жишиг аргачлалыг шүүх жишиг болгон хэрэглэх тохиолдолд аргачлалын 1.2-д "Гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэлзүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү, эсвэл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана", 3.8-д "Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо журмаар баталсан сэтгэл зүйд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндэрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, .... хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруутай байдал, төлбөрийн чадвар, ..., хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, .... нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ." гэж заасныг нотлох баримтын түвшинд бодитоор үнэлж, шудрага ёсонд нийцэх дүнгээр тогтоож өгөхийг хүсч байна.

Нэхэмжлэлд дурдсан эрүүл мэндийн шууд хохирлын 4,072,148 төгрөгийн шаардлагын хувьд бодит баримтаар нотлогдсон хэмжээгээр хуулийн хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.

Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 18,208,000 төгрөг нь тухайн хэрэг явдлын нөхцөл байдал, санамсаргүй шинж, талуудын болгоомжлол, өмнө нь бодит дэмжлэг үзүүлж байсан нөхцөл зэргийг харгалзан бууруулан тогтоох боломжтой гэж үзэж байна.

Сэтгэл санааны хохирлыг бодит нөхцөлд нийцүүлэн 5,000,000 төгрөгөөр тогтоох саналтай байна.

Хариуцагч талаас өмнө нь эрүүл мэндийн үзлэгт гаргасан 4,200,000 төгрөгийн бодит төлбөрийг нийт нөхөн төлбөрийн дүнгээс суутгуулахгүй байхыг хүсч байна гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А хууль зүйн дүгнэлтдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дүгээр зүйлд заасны дагуу насанд хүрээгүй хүүхдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар түүний ээж *******баяр нэхэмжлэл гаргасан. Үйл баримтын хувьд Б дартс тоглож байгаад Ц охины нүд рүү онож хүнд гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Манай зүгээс гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа. Хариуцагчийн зүгээс энэ бол болгоомжгүй гэмт хэрэг байсан юм. Болгоомжгүй учраас хор уршиг төлөхгүй. Санаатай байвал төлнө гэсэн нөхцөл байдлыг ярьж байна. Нэгэнт тогтоогдсон үйл баримтын хувьд иргэний шүүх тогтоохгүй. Хууль зүйн агуулгын хувьд буруу ойлгож тайлбарлаж байна. Таны тайлбарыг зөвтгөж тайлбарлая гэж бодож байна. Ц охины хувьд 4 удаа унтуулгатай хагалгаанд орсон байдаг. 12 настай хүүхдийн хувьд маш хүнд нөхцөл байдал байдаг. Сэтгэл санаанд учирсан хор уршгийн хувьд хүндэвтэр хариу урвал үзүүлж байна. Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэг маань тухайн гэмтлийн улмаас мэдэрч байгаа өвдөлт, шаналал байгаа. Ц охины өвдөлт шаналал одоо хүртэл дуусаагүй явж байна. Доошоо хараад 2 сар гам барина гэдэг нь маш хэцүү зүйл. Цэнгүүн охины хувьд воллейбол, гандболлоор хичээллэдэг байсан. Сургуульдаа сурлагын чанарын хувь өндөр. Оролцсон тэмцээн уралдаандаа шагнал авдаг байж. Түүний хяналтын эмч хүүхдийн одоогийн биеийн байдлын талаар дүгнэсэн байсан. Цаашид анхаарах зүйл дээр спортоор хичээллэхгүй мөн мэргэжил сонгохдоо анхааруулах баримтыг өгсөн байдаг. Охины хувьд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан. Энэ хүүхэд цаашид хэрхэн амьдрах юм. Гэтэл хариуцагчийн зүгээс 5,000,000 төгрөгийг өгье гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад тохирохгүй байна. Охины хувьд шилжилтийн насан дээр байгаа. Эмэгтэй хүний гоо зүйг илэрхийлдэг нас. Энэ гэмтлээс болж өөртөө гутрах, итгэлгүй болж байгаа. Яагаад үүнийг харгалзаж үзэхгүй байгаа юм бэ. Нэхэмжлэгч *******баярын зүгээс шууд хохирол 4,072,000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ зайлшгүй гарч байгаа зардал. Хэрвээ энэ гэмтэл гараагүй бол энэ хүмүүсээс хохирол гарах байсан уу гэдгийг бодох хэрэгтэй. Хариуцагчийн зүгээс 4,200,000 төгрөг өгсөн юм гэж тайлбарлаж байна. Хэрвээ та 4,200,000 төгрөг өгсөн бол сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах боломжтой байсан. Гэтэл та сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасуулах боломжгүй байна. Иймээс Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана гэсэн заалт байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор, Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар зайлшгүй гарсан зардлыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон. 3 дугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 хувьд нэмэгдүүлснээр гаргуулъя гэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хамгийн өндөр дүнгээр нэхэмжилж байгаа. Яагаад гэвэл хүүхэд насан туршдаа хараагаа алдсан. Дэлхий нийтэд хүртэл 1 нүдний хараа алдсан бол дахин мэс заслын аргаар хараа оруулах боломжгүй байгаа. Нэхэмжилж байгаа хувь хэмжээгээр гаргуулж өгөөч. Хариуцагч Э*******эбулган гэдэг хүн хариуцах байсан юм биш үү гэж яриад байна. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т 7 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасан байгаа. Театрт оруулснаараа Э*******эбулган хариуцна гэсэн зүйл байхгүй. Эцэг эх болон сурган хүмүүжүүлэгч хариуцна гэж заасан байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

5.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2025 оны 02 сарын 22-ны өдөр хүүхдүүд гар бөмбөгийн секцэнд хамт яваад тарсны дараа хөгжимт жүжгийн театрт очин монгол хэл бичгийн даалгавар рийл бэлтгэхээр очоод нэг охины аавын өрөөнд дардас тоглоом байсан байна. Охидууд дардас тоглоом тоглож эхэлсэн. Тэгээд Б Цийг оноо хараад өгөөч гэж хэлэхэд Ц ширээн дээрээс босож оноог хараад газар нэг сум унасан байсныг аваад өндийгөөд бостол Б сум шидэж таараад Ций нүдэнд зоогдсон тэгээд ар гэр рүүгээ яриад эмнэлэгт хандсан. Тэгээд Булган нэгдсэн эмнэлэг Орхон аймгийн эмнэлэг рүү явуулж үзлэгт оруулж хагалгаанд орсон. Мөн Сонгдо эмнэлэгт хагалгаанд орсон. Хохирогч 4 удаа хагалгаанд орсон иргэдийн төлөөлөгчийн хувьд Ц охиныг өөрийн биедээ хүнд гэмтэл авсан учир нь тогтоогдсон. Насан туршдаа харах эрхтэнээрээ хохирсон тийм учраас нэхэмжлэгчээс гарч байгаа зардал мөнгөн дүнг төлөх нь зүйтэй л гэж бодож байна. Хариуцагч тал нэгэнт санамсаргүй үйлдэл ч гэсэн хүний биед хохирол учруулсан нь тогтоогдсон учир хариуцах нь санагдаж байна гэв.

6.Нэхэмжлэгчээс:

-Б.Ций төрсний гэрчилгээний хуулбар,

-Хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай 2025 оноы 06 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоол,

-Иргэний хариуцагчаар татах тухай 2025 оны 10 дугаар сарын мөрдөгчийн тогтоол,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 21-ны ЕГ0825/2436 дугаартай Шинжээчийн дүгнэлт,

-Булган аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол,

-Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол,

-эмнэлэг, эмийн сан, дэлгүүр зэрэг худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэн худалдаа үйлчилгээ авсан тухай и-баримтууд,

-ЭХЭМҮТ НМЗТ-ын эмч Б.Болортуяагийн Нүдний эмчийн тэмдэглэл эх хувь

-Б.Ций спорт, сурлагын уралдаан тэмцээн болон олимпиадад оролцож шагнагдсан өргөмжлөл, батламжийн нотариатаар баталгаажсан хуулбаруудыг ирүүлсэн байна.

7.Хариуцагчаас:

-Насанд хүрээгүй гэрч Т.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэл,

-Насанд хүрээгүй хохирогч Б.Цээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

-Насанд хүрээгүй гэрч Э.Сгаас мэдүүлэг авсан тэмдэглэл,

-Насанд хүрээгүй гэрч А.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

-Гэрч П.Э*******эбулганаас мэдүүлэг авсан тэмдэглэл,

-Гэрч Э.Т*******өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хэсэг,

-Гэрч Т.Баярбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл,

-Т.Б, Б.Ц нарын ангийн хүүхдүүдийн группт бичсэн харилцсан ярианы зураг,

-ХААН банкны мөнгөн гүйлгээний хуулгууд,

-99968252 дугаартай утсанд харилцсан мессежийн зураг,

-Б.*******баяр гэх нэр бүхий фэйсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харилцсан харилцан яриаг баримтжуулсан зураг,

-Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан Журам, хүснэгт батлах тухай 2023 оны 07 сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаал,

-Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал зэргийн хуулбарыг ирүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Аын хүсэлтээр Булган аймгийн Прокурорын газраас 2515000990192 дугаартай хэргийг эх хувиар нь нотлох баримтаар шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт тулаадын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******баярын хариуцагч Э.Т*******өд холбогдуулан сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт 18,208,000 төгрөг, шууд хохирол 4,072,148 төгрөг, нийт 22,280,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- Миний охин Б.Цийг Т*******ийн Б нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын Ж 5 дугаар багийн нутагт байрлах "Хөгжимт жүжгийн театр"-ын хөгжмийн бэлтгэлийн өрөөнд дартс шидэж байгаад зүүн нүдийг онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан.

Энэхүү хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй" гэх үндэслэлээр өсвөр насны Т.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Миний охин хүнд гэмтэл авсны улмаас өмнө нь эрүүл байсан шигээ цовоо сэргэлэн байхаа больж, үлдсэн нүднийхээ харааг хамгаалахын тулд өөрийн сонирхдог спортоо орхиж, 2025 оны 02 дугаар сараас 07 сар хүртэлх хугацаанд 5 удаа Улаанбаатар хот орж 4 удаа унтуулгатай хагалгаа хийлгэж, эмчийн хяналт, 2 сарын гам барих дэглэм барьсны улмаас хичээлдээ яваагүй.

Бид тухайн үед эмчилгээтэй холбоотой зардал, сэтгэцэд учирсан хор уршигт хариуцагчаас төлбөр гаргуулаагүй ба энэ хэргийн улмаас үүссэн хор уршиг одоог хүртэл арилаагүй биеийн байдлын хувьд зовиур шаналгаа байсаар байна.

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн ...тогтоогдсон гэмтэл нь нийлээд хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонгид алдагдуулах тул хохиролын хүнд зэрэг тогтоогдлоо., Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний ...улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. гэсэн дүгнэлтүүд тус тус гарсан.

Иймд эмчилгээ хийлгэхтэй холбоотой шууд зардал 4,072,148 төгрөг, сэтгэл санааны хор уршгийн нөхөн төлбөрт 18,208,080 төгрөг, нийт 22,280,148 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

3.Хариуцагч тал доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Үүнд:

- Уг явдал нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны хагас сайн өдөр Булган аймгийн Булган сумын нутагт байрлах "Хөгжимт жүжгийн театр"-ын хөгжмийн бэлтгэлийн өрөөнд 12 настай хүүхдүүд дартсаар харилцан тоглож байх үед гарсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Ц охины зүүн нүдэнд дартсны сум онож "Хүнд" гэмтэл учирсан нь тогтоогдсон. Прокурорын байгууллагаас "Болгоомжгүй гэмт хэрэг" байж болзошгүй гэж дүгнэн, насанд хүрээгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Энэ үйл явдал нь санаатай үйлдлээс үүдэлтэй бус, 6 дугаар ангийн 12 настай хүүхдүүдийн болгоомжгүй, санамсаргүй нөхцөл байдалд болсон хэрэг бөгөөд ямар нэгэн байдлаар хохирол учруулах зорилго агуулаагүй болно.

Гэсэн хэдий ч хүүхдийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан явдалд бид маш их харамсаж байна. Бидний зүгээс Б.Ц охины эрүүл мэндийн байдалд санаа зовнин, ар гэртэй нь холбоотой байж ирсэн бөгөөд цаашид ч хуулийн хүрээнд, боломжит хэмжээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлье.

Б.Ц охин "Хүнд" гэмтэл авсан нь бодитой боловч тухайн үйл явдал өсвөр насны хүүхдүүдийн тоглоомын үеийн гэнэтийн хөдөлгөөн, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөлөөс шалтгаалсан санамсаргүй осол байж болзошгүй тул дан ганц үр дагаварт чиглэсэн обьектив яллах ажиллагааг хууль ёсны зарчимд хориглосон байдаг.

Нэхэмжлэгч талын Б.Ц охинд учирсан гэм хорын хүрээнд эрүүл мэндийн шууд хохирлын зардал 4.072.148 төгрөг, сэтгэл санааны хохирол 18.208.000 төгрөг нэхэмжилж буйг бид хүлээн авч танилцсан.

Бид Б.Ц охины эмчилгээний зардалд тодорхой хэмжээнд шууд дэмжлэг үзүүлж байсан ба энэ нь хүн ёс, хариуцлагын үүднээс, хохирлыг нөхөн арилгах зорилготой байсан. Тухайлбал 2025.02.26-ны өдөр охины ээж Б.*******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 500.000 төгрөг, 2025.03.09-нд охины аав Т.Баярбатын Хаан банкны 5031305137 тоот дансанд 1.000.000 төгрөг, 2025.04.02-ны өдөр охины ээж Б.*******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 2.000.000 төгрөг, 2025.04.28-ны өдөр охины ээж Б. *******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 100.000 төгрөг, 2025.05.26-ны өдөр охины ээж Б.*******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 100.000 төгрөг, 2025.07.02-ны өдөр охины ээж Б.*******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 100.000 төгрөг, 2025.08.27-ны өдөр охины ээж Б.*******баярын Хаан банкны 5286030340 тоот дансанд 400.000 төгрөг нийт 4.200.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Энэхүү дэмжлэг нь хохирлыг бодитоор бууруулах, нөхөн арилгахад чиглэсэн бөгөөд тухайн нөхцөл байдалд өөрсдийн боломжит хэмжээнд хамтран ажиллах хүсэл, эрмэлзэлтэй байсны илэрхийлэл гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй хохирлын нөхөн төлбөрийг шийдвэрлэхдээ өмнө нь төлөгдсөн дээрх зардлыг сэтгэл санааны хохирлын хэмжээнд суутган тооцох байдлаар шийдвэрлэх боломжтой байна.

Мөн нэхэмжлэлд дурдсан эрүүл мэндийн шууд хохирлын 4.072.148 төгрөгийн зардлыг манай гэр бүлийн зүгээс шинээр нөхөн төлөх асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна.

Б.Ц охинд сэтгэл санааны хохирлыг үгүйсгэхгүй, харин сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 18.208.000 төгрөгийн хувьд УДШ-ийн 2023 оны 25 дугаар тогтоолд заасан "Гуравдугаар" зэрэглэлийн хамгийн өндөр болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх дүнгээр тооцсон байна. Гэвч тухайн болсон үйл явдлын бодит нөхцөл байдал, санамсаргүй шинж, талуудын анхаарал болгоомж, хариуцагчийн зүгээс хохирлыг бууруулах чиглэлээр бодит дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, нөхөн төлбөрийг бодитоор шийдвэрлэх асуудлыг шүүхээс сайтар нягтлан үзэхийг хүсэж байна.

Монгол улсын Иргэний хуулийн 514.1-д "Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.", 514.2-т "Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно." гэснийг тус тус үндэслэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, төлбөрийн хэмжээг бууруулах боломжтой байна.

Шинжээч Б.Ц охины сэтгэцэд учирсан хохирлын зэрэг "Хүндэвтэр", сэтгэцэд учирсан хор уршгийн "Гуравдугаар" зэрэглэлд хамаарч байна гэж дүгнэсэн байна. Бидний зүгээс шинжээчийн дүгнэлтийг хүндэтгэнэ. Гэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг шүүх бодит нөхцөл байдалд уялдуулан тогтоох ёстой.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор "Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ын үйлчлэх хүрээ "Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг..." гэж хэрэглэгдэх хүрээгээ заасан байна. Иймд энэхүү аргачлалыг иргэний шүүхэд автоматаар, заавал механикаар хэрэглэхгүйгээр, бодит нөхцөл байдалд нийцүүлэн шүүх тусад нь үнэлж, тогтоох боломжтой байна.

Учир нь тухайн хэрэг явдал нь 12 настай хүүхдүүд харилцан тоглож байх явцад санамсар болгоомжгүй байдлаас болж гарсан. Прокурорын шатанд хүүхэд насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг Хэрэгсэхгүй болгосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр "Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай" нь тогтоогдоогүй байна.

Гэхдээ тус жишиг аргачлалыг шүүх жишиг болгон хэрэглэх тохиолдолд аргачлалын 1.2-д "Гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэлзүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү, эсвэл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана", 3.8-д "Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо журмаар баталсан сэтгэл зүйд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндэрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, .... хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруутай байдал, төлбөрийн чадвар, ..., хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, .... нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ." гэж заасныг нотлох баримтын түвшинд бодитоор үнэлж, шудрага ёсонд нийцэх дүнгээр тогтоож өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэлд дурдсан эрүүл мэндийн шууд хохирлын 4,072,148 төгрөгийн шаардлагын хувьд бодит баримтаар нотлогдсон хэмжээгээр хуулийн хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.

Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 18,208,000 төгрөг нь тухайн хэрэг явдлын нөхцөл байдал, санамсаргүй шинж, талуудын болгоомжлол, өмнө нь бодит дэмжлэг үзүүлж байсан нөхцөл зэргийг харгалзан бууруулан тогтоох боломжтой гэж үзэж байна.

Сэтгэл санааны хохирлыг бодит нөхцөлд нийцүүлэн 5,000,000 төгрөгөөр тогтоох саналтай байна.

Хариуцагч талаас өмнө нь эрүүл мэндийн үзлэгт гаргасан 4,200,000 төгрөгийн бодит төлбөрийг нийт нөхөн төлбөрийн дүнгээс суутгуулахгүй байхыг хүсэж байна гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэг бүртгэлтийн 2515000990192 дугаартай хэрэг 2 хавтас/эх хувь/, Хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоол/хх 5х/, Иргэний хариуцагчаар татах тухай 2025 оны 10 дугаар сарын мөрдөгчийн тогтоол /хх-н 6х/, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт/хх-н 7-19х/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 21-ны ЕГ0825/2436 дугаартай Шинжээчийн дүгнэлт/хх-н 20-22х/, Булган аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол/хх 23-28х/, Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол/хх 29х/, эмнэлэг, эмийн сан, дэлгүүр зэрэг худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэн худалдаа үйлчилгээ авсан тухай и-баримтууд/хх 30-65х/, ЭХЭМҮТ НМЗТ-ын эмч Б.Болортуяагийн Нүдний эмчийн тэмдэглэл эх хувь, Б.Ций урлаг, спорт, сурлагын уралдаан тэмцээн болон олимпиадад оролцож шагнагдсан өргөмжлөл, батламжийн нотариатаар баталгаажсан хуулбарууд, ХААН банкны мөнгөн гүйлгээний хуулгууд, 99968252 дугаартай утсанд харилцсан мессежийн зураг, Б.*******баяр гэх нэр бүхий фэйсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харилцсан харилцан яриаг баримтжуулсан зураг зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Т*******ийн Б нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын хөгжмийн бэлтгэлийн өрөөнд ангийн хүүхдүүдийн хамт бие даалт хийх зорилгоор очиж, улмаар тухайн өрөөнд хананд байрлуулсан байсан дартс тоглоомоор ээлжлэн дартсын сум шидэн тоглож байх үед нь Б.Ц нь дардасны байн доор газарт унасан сумыг тонгойж аван босох үйлдэл хийж байхад нь дахин сум шидсэн нь түүний зүүн нүдийг онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан./хх 7-19х/.

4.2.Б.Ций нүдэнд учирсан гэмтлийн улмаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Орхон аймаг дахь Бүсийн эмчилгээ оношлогооны төвд, Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд яаралтай үзүүлж 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ны өдрийн хооронд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний мэс заслын тасагт 3 удаа мэс засалд орсон/эх хувиар шинжлэн судалсан хэрэг бүртгэлтийн хэргийн 26-66х/, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны хооронд Сондра нүдний эмнэлэгт үзүүлж торлогын хагалгаанд орсон /эх хувиар шинжлэн судалсан хэрэг бүртгэлтийн хэргийн 70-127х/, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод эмчилгээ, эмнэлгийн хяналттай байсан, 05 дугаар сарын 02, 27, 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд эмнэлгийн давтан үзлэгт очиж орсон, 07 дугаар сарын 20-ны өдөр сэтгэл санааны хохирол тогтоолгохоор Улаанбаатар хотруу дахин явсан гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, замын зардлын баримтаар тогтоогдсон/хх 48-65х/.

4.3.Шүүх хуралд эх хувиар шинжлэн судлагдсан хэрэг бүртгэлтийн хэргийн 21, 22 дугаар хуудсанд авагдсан хэсгийн төлөөлөгчийн нас тоолсон тэмдэглэлээр Т*******ийн Б нь 12 нас 1 сар 11 хоногтой, Баярбатын Ц нь 12 нас 1 нас 12 хоногтой гэж тэмдэглэгдсэн нь тэднийг өсвөр насны насанд хүрээгүй, өөрсдийн үйлдлийн учир холбогдол, аюултай байдалд дүгнэлт хийх чадваргүй, тоглож байгаа спорт тоглоомны галын аюулгүйн дүрмийг мэдэхгүй тул учирч болох аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх чадваргүй болох нь Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан Иргэний эрх зүйн зарим чадамжтай иргэнд хамаарч байна. Иймд хохирогч Б.Ций хууль ёсны төлөөлөгчөөр ээж Б.*******баярыг тогтоосон Хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, болгоомжгүй бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан Т.Бгийн аав Э.Т*******ийг иргэний хариуцагчаар тогтоосон Иргэний хариуцагчаар татах тухай 2025 оны 10 дугаар сарын мөрдөгчийн тогтоол хэрэгт авагджээ.

4.4.Б.Ций эрүүл мэндэд учирсан хохиролыг Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн БУЛ 25/165 дугаартай Хүний биед хийсэн шүүх шинжилгээ-ний дүгнэлтээр 1.Б.Ций биед "... зүүн нүдний салстын улайлт, склерийн задрал, эвэрлэг бүрхүүл урагдтал, эвэрлэгийн десцемент давхаргын хуулрал, арын капсулын урагдтал, солонгон бүрхүүл хавчуулагдах, болор задрал, мултрал, шилэнцэрт цус хуралт, торлогийн цоорол, ховхрол, харааны мэдрэлийн хөхлөгийн хараагүйдэл гэмтэл, анхдагч цэгцлэлт хийх, парсплана виктеэзтоми, шилэнцэрт унасан болрын масс авах, цус авах, торлог шалгах лазер хийх, газ хийх, дурангийн аргаар зүүн нүдний өмнөд камерын цус угаах, шилэнцэрт авастин тарих, парсплановитректоми, хүнд шингэн хийх, эндолазер, шингэн тос хийх мэс засал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хатгах, цохих мехнизмаар үүссэн шинэ гэмтэл байна. 3.Тогтоогдсон гэмтэл нь нийлээд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.21.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо.4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 65 хувь алдагдуулна.5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.ЭХЭМҮТ, Сондра эмнэлэгүүдэд дээрх гэмтлийг засуулах мэс засалдл 4 удаа орсон байна гэж дүгнэсэн.

4.5.Б.Ций сэтгэл санаанд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн ЕГ0825/2436 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ-ээр ...1.Баярбатын Ц/РД:ГЮ13210925/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. 2.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. гэжээ.

5.Нэхэмжлэгч Б.*******баяр нь эмчилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах, хяналтын үзлэгт орохтой холбоотой гарсан шууд хохирол 4,072,148 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт 18,208,000 төгрөг, нийт 22,280,148 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авсан баримтыг хэрэгт өгсөн хэдий ч гаргуулахгүй, эмчилгээ хийлгэх үеийн зарим баримтыг нэхэмжлэлт багтаагаагүй гэж тайлбарлаж байна.

6.Хариуцагч Э.Т******* нь Б.Ций эрүүл мэндэд хохирол учирсанд бид нэгэн адил харамсаж байгаа, бүх л цаг хугацаанд хохирогчийн гэр бүлтэй хамт байсан, байхыг хичээсэн. Анх Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд Орхон аймаг, улмаар Улаанбаатар явахад нь хамт явж байсан. Уучлалт гуйж байгаагаа илэрхийлж байна. Эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдтэй маргаагүй. Бид эмчилгээ хийлгэх, давтан үзлэгт орохоор Улаанбаатар явах үеүдэд тодорхой хэмжээгээр дэмждэг байсан. Нийтдээ 4,200,000 төгрөг шилжүүлсэн байсан. Үүнийг нэхэмжлэхгүй. Цаашид ч дэмжихээ илэрхийлье. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой шууд зардал гэх 4,072,148 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хэрэг болох үеийн нөхцөл байдал, хүүхдүүдийн үйлдлээ ухамсарлах чадвар, санамсар болгоомжгүйгээр хохирол учруулсан, хохирогчийн болгоомжгүй байдал зэргийг харгалзан бууруулж өгнө үү. Гэмт хэрэгт холбогдуулан шалгаж охидын хэн аль нь сэтгэл санаа нь хямарч цочирдсон. Иймд сэтгэл санааны хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг бууруулж өгнө үү гэж маргасан.

7.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчийн хяналтын үзлэг хийлгэх, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох зэрэгт гарсан шууд хохирол 4,072,148 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

7.1.Хариуцагч Э.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шууд хохирлыг хуулийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

7.2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана., 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж хуульчилсан байх тул хариуцагчийн тайлбар хуульд нийцэж байна.

8. Б.Цд учирсан сэтгэл санааны хор уршгийн нөхөн төлбөрт 18,208,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

8.1.Хариуцагч нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ...хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлттэй маргаагүй боловч эрх зүйн зарим чадамжтай иргэдийн болгоомжгүй үйлдлийн улмаас бий болсон хор уршиг тул хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 5,000,000 төгрөг болгож бууруулна гэж маргаж байна.

8.2.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2 дах хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана. 230.3 дах хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана., 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана.гэжээ.

8.3.2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлстийн шинжээч эмчийн дүгнэлтээр Б.Ций эрүүл мэндэд Хүнд гэмтэл тогтоогдсон бөгөөд Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан жишиг аргачлалын 4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмтэл нь сэтгэцийн эмгэгийн 4, 5 дугаар зэрэглэлд хамаарахаар байтал Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэл санааны хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарна гэжээ. Өөрөөр хэлбэл бий болсон нөхцөл байдал, хохирогч, холбогдогчийн насны онцлог, өөрсдийн үйлдлийн учир холбодол, аюултай байдалд дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн бууруулж тогтоосон байна.

Иймд хариуцагчийн гаргаж буй хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн тул нөхөн төлбөрийн хэмжээг бууруулж тогтоолгох татгалзал үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8.4.Харин нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо нэхэмжлэл гаргасан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан тооцож 18,208,000 төгрөг гэж нэхэмжилж байгааг үйл явдал болсон үед буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 12 дугаартай тогтоолоор 660,000 төгрөгөөр тогтоосон.

Иймд бусдын эрүүл мэндэд хохирол учруулсын үйл явдал болсон цаг хугацаа, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, өвдөлт, шаналал, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтын хувь хэмжээ, эрүүл мэндийн нөхөн сэргээгдэх боломжгүй зэрэг байдлыг харгалзан гуравдугаар зэрэглэлийн дээд хэмжээ буюу 22,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэхээр шүүх дүгнэв.

8.5.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал-ын гуравдугаар зэрэглэлд харгалзуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 660,000*22,99=15.173.400 төгрөг байхаар тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаас 3,034,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэдийн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан ...Б.Ц охин биедээ хүнд гэмтэл авсан, насан туршдаа харах эрхтнээрээ хохирсон учраас нэхэмжлэгчээс гаргаж байгаа зардал, мөнгөн дүнг төлөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүх шийдвэрийн үндэслэлд тусгасан болно.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 19,245,548 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 3,034,600 ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

12.Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно. Мөн эх хувиар нь шинжлэн судалсан хэрэг бүртгэлтийн 2515000990192 дугаар хавтаст хэргийн 26-66х, 70-127х-ыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан хуулбарлаж хавсаргах нь зүйтэй.

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3, 503 дугаар зүйлийн 503.1 заасныг баримтлан хариуцагч Э.Т*******өөс 19,245,548/арван есөн сая хоёр зуун дөчин таван мянга таван зуун дөчин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******баярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,034,600/гурван сая гучин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т*******өөс 254,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******баярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА

ШҮҮГЧИД Д.ЭЛБЭГЗАЯА

С.ЁНДОНСАМБУУ