| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2534002710394 |
| Дугаар | 2026/ДШМ/02 |
| Огноо | 2026-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/02
2026 01 08 2026/ДШМ/02
Ч.А холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Лувсанцэрэн
Шүүгдэгч Ч.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/483 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ч.А холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .........., 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..........-д тэсэлгээчин ажилтай, ам бүл 4, эцэг, эхийн хамт ....................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь .............. анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...........
2. Шүүгдэгч Ч.А нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа ...................... 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 4 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тоёота Приус-30 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
3. Төв аймгийн прокурорын газраас Ч.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: ............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтзаасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох." гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ cap хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дүгаао зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж,
Эрүүгийн .......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Ч.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............ миний бие нь эхнэр ..........тай 2019 оноос 2024 он хүртэл 2 хүүхдийн хамт амьдарч байгаад 2024 оны 3 дугаар сард салж хоёр талд амьдарч байгаад миний бие 2025 оны 4 дүгээр сард Эрдэнэтуяа гэдэг охинтой явж байгаад эхнэр болох ..........д баригдаж, эхнэр .......... нь цагдаа дуудаж шалгагдсан. Миний бие Дорноговь аймагт ............ ХХК-д тэсэлгээчнээр ажилладаг. 2025 онд эхнэр ..........тай уулзаж өөрийн буруугаа ойлгож, уучлалт гуйж, эргээд нийлж, эхнэр, хүүхдийн хамт амьдарч байгаа. Миний бие цагдан хоригдож байх хугацаандаа олон зүйлийг ойлгож, ухаарч ахиж алдаагаа давтахгүй, үнэхээр ойлгож, ухаарсан тул 6 сарын хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д "..шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.", мөн хуулийн 38.2 дахь хэсгийн 1-д "Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана..." гэж тус тус заасны дагуу Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202. оны .... дугаар сарын ........-ний өдрийн .......... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Ч.А нь 2025 оны 4 дүгээр сарын 02-03 шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж тоёота приүс 30 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон.
Дээрх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба миний үйлчлүүлэгч дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Харин Ч.А Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “..........” ХХК-нд тэсэлгээчний ажил хийдэг ба эхнэр У........... 2 хүүхдийн хамт амьдардаг.
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учраагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж, гэм буруугаа ухаарч ойлгож байгаа болон хувийн байдлыг нь харгалзан ............ дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг өөрчилж, дээрх зүйл хэсэгт заасан торгох ялаар шийтгэж, шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
7. Тус шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Лувсанцэрэн гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Аыг анхан шатны шүүхийн 202. оны .... дугаар сарын .......-ний өдрийн ........ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Тус зүйл анги нь сонгох санкцтай бөгөөд торгох ял, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалттай. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хорих ял сонгож оногдуулсан. Ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн бөгөөд шүүгдэгч нь өмнө нь нэг удаа ял шийтгэгдэж байсан, мөн Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, баривчлах шийтгэл авч байсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл шүүгдэгч нь дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож шалгагдсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорих ялыг сонгосон бөгөөд хуульд заасан хорих ялын доод хэмжээ буюу хамгийн бага хугацаагаар оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ............ дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ч.А нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа ................ 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 4 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тоёота Приус-30 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт нь
гэрч Б.Э-ийн: "............. бид хоёр ...авсан пивоо хувааж ууж байгаад 3-4 цагийн үед А-ын гэр рүү ...явж байтал араас ..........ын хуучин хамтран амьдрагч .......... өөрийнхөө ......... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй гарч ирээд баруун талаар шахаж урд гарч зогссон. ...Тэгээд .......... ...цагдаа дуудсан юм. Удалгүй цагдаа ирээд хэмжилт хийсэн..." /хх-н 13/ гэх,
гэрч У...........гийн: "...Би 2 найзтайгаа машинтайгаа явж байтал Зүүндэлгэрийн цаана байдаг цэргийн анги өнгөрөөд гэр рүүгээ явж байхад өөдөөс машин гуйваад яваад байсан. ...Тухайн машин нь хар өнгийн Приус-30 машин байсан. ........... гэсэн дугаартай байсан. Тэгээд би ардаас нь буцаж эргээд ардаас нь дагасан. Гүйцэж түрүүлээд урд нь гартал миний машины номерыг таниад хажуугаар зугтаад явсан. ...би урсгал сөрөөд эсрэг талд нь зогстол манай найз машинаасаа буухдаа миний машины хаалгыг хааз тооромсоо андуураад мөргөсөн. Тэгээд хэрүүл маргаан болсон. Тухайн үед .......... жолоодож явсан ба тухайн үед согтуу байсан. ...манай найз Оюунномин цагдаа дуудсан..." /хх-н 17/ гэх мэдүүлгүүд,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1690 дугаартай шийтгэвэр /хх-н 55-56/,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №311 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 59-63/,
2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай" эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-н 7/,
2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 7/,
драгер багажаар согтуурал шалгасан талаарх гэрэл зураг, баталгаажуулалтын хуудас /хх-н 9-10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн санаатай үйлдэл байх бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ч.А өмнө нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ......дугаар сарын ........ны өдрийн .......дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэлээ эдэлж байх үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Төв аймгийн прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Ч.А Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн...........дугаар шийтгэврээр зөрчлийн хэрэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болсон байх ба түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын зэрэгт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
7. Шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нар “...хорих ялыг хөнгөрүүлж торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
8. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзсан, түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд болон гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлно гэсэн хууль ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн хүн буюу шүүгдэгчид энэ хуулийн ерөнхий ангид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчмуудыг эрх зүйн удирдлага болгон түүний үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулах эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ч.А эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
9. Шүүгдэгч Ч.Аын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ........... дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ