Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 584

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан,

шүүгдэгч: Б.Бат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батд холбогдох эрүүгийн 1805 0199 40613 тоот дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Бат.

             Шүүгдэгч Б.Бат нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүс таних иргэн Г.Тулгад “Самсунг эс-6” загварын гар утас хямд үнээр худалдана гэж итгүүлээд Г.Отгонтулгын “Самсунг жи-3” загварын гар утсыг залилж, 304 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Бат мэдүүлэхдээ:

Би хохирогчийн гар утсыг авахдаа надад Samsung Galaxy S6 edge загварын гар утас байна. Чи надад өөртөө байгаа J3 загварын гар утсаа өгөөд зөрүү мөнгө өгөөд авч болно гэж хэлсэн. Тухайн үед надад Samsung Galaxy S6 edge загварын гар утас байгаагүй. Би өөртөө байхгүй гар утсыг байгаа гэж итгүүлж хохирогчоос гар утсыг нь залилж авснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн гар утсыг ломбарданд 80 000 төгрөгийн барьцаанд тавиад ПС тоглоом тоглосон. Тэгээд Увс аймагт байгаа аав, ээждээ хэлж 100 000 төгрөг авч гар утсыг ломбардаас авч, буцааж өгч, хохирлыг барагдуулсан. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Тулга мэдүүлэхдээ:

Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн замын урд талын автобусны буудал дээр Увс аймгийн Улаангом сумын Политехникийн коллежийн гагнуурын ангийн дээд дамжаанд сурдаг байсан Баттэй таараад ойр зуурын юм ярьж байтал надад Самсунг галакси Эс-6 загварын гар утас байна. Чи худалдаж авах уу гэхээр нь надад мөнгө байхгүй, худалдаж авахгүй гэж хэлсэн. Тэгээд 7 буудал орох гээд явж байтал Бат нь фэйсбүүкийн “Бат нь байна” гэсэн хаягаас чи ямар утастай байгаа юм бэ гэхээр нь би саяхан шинээр Самсунг Жи-3 загварын гар утас авсан гэхэд тэгвэл өөрийнхөө утсан дээр зөрүү 40 000 төгрөг юм уу 30 000 төгрөг өгөөд авбал ав гэж хэлэхээр нь орой чатаар холбогдоод утсаа өгч авалцахаар болоод Саппарогийн замын хойд талын автобусны буудал дээр 21 цаг өнгөрч байхад уулзсан. Тэгээд Бат бид хоёр уулзаад чиний зарах гэж байгаа утас чинь хаана байгаа юм бэ гэж асуухад Өргөөгийн орчим ломбардад байгаа. Тийшээ очоод аваад өгье гэж хэлсэн. Тухайн үед Бат нь жижиг мэдрэгчтэй, муу байрын утас барьчихсан явж байсан. Тэр ахынх нь утас унтарчихлаа, чи гар утсаа өгч бай, би ломбардныхаа хүнтэй утсаар яриад өгье гэхээр нь өөрийнхөө  Самсунг Жи-3 загварын гар утаснаасаа сим картаа аваад өгсөн. Тэгээд Бат өөрийн сим картыг хийгээд “одоо очоод утсаа авч болох уу” гээд яриад байсан. Яг ярьсан эсэхийг нь мэдэхгүй. Тэгээд бид хоёр Саппаро дээрээс такси бариад Модны 2-ын дунд замаар яваад Өргөө кино театрын урд талын Фламейнго баарны урд талаар явсан замаар дээшээ өгсөөд Баянгол худалдааны төвийн хажуу талд “Good ломбард” гэсэн бичигтэй газарт очиж зогсоод Бат нь би ороод гар утсаа аваад ирье гэж хэлээд ойр хавьд байсан байрнуудын дундуур ороод алга болчихсон. Тэгээд би тэндээ 30-40 минут хүлээсэн боловч эргэж ирэхгүй байхаар нь цагдаад хандсан. Миний гар утас шар өнгийн Самсунг Жи-3 загварын гар утас байсан. Гар утсаа 2018 оны 2 сард Увс аймгийн Улаангом сумын Некст төвөөс лизингээр 495 000 төгрөгөөр худалдаж авсан. 1 сард 45 000 төгрөг төлдөг. Бат нь надаас авсан гар утсаа эргүүлж авчирч өгсөн.  Батгийн хийсэн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэмээр байна. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Бат нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

   

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Бат нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Тулгад “Самсунг Эс-6” загварын гар утас хямд үнээр худалдана гэж итгүүлээд түүний “Самсунг Жи-3” загварын гар утсыг өөртөө авч, залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Отгонтулгын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Батгийн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.   

 

Хохирогч Г.Тулга нь “би гар утсаа эргүүлж авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Бат цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа.

Энэ хэрэгт “Дамно” ХХК нь шинжээчээр томилогдон хохирлын үнэлгээ хийсний төлбөр гэж 18 000 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн тул Б.Батгээс 18 000 төгрөг гаргуулан олгох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Батг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Батг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.Бат нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

                                             

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Батгээс 18 000 төгрөг гаргуулан “Дамно” ХХК-д олгосугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН