Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 587

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л. Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

   улсын яллагч: С.Оюунжаргал,

   хохирогч: Г.Нар,

            шүүгдэгч: Д.Баасан, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн /2190/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Баасанд холбогдох эрүүгийн 1803 0043 60230 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, вагоны үйлчлэгч мэргэжилтэй, Баасан.

 

             Шүүгдэгч Д.Баасан нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн амбулаторын 4 дүгээр давхар, Нөхөн үржихүйн 2 дугаар кабинет, 402 дугаартай өрөөнд эмч Г.Нартай маргалдан, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Баасан  мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 08-ний өдөр шинжилгээний хариу авахаар Төмөр замын төв эмнэлгийн цахим дээр очиход 2 шинжилгээний хариу гарсан, 3 шинжилгээний хариуг лабораториос аваарай гэж хэлсэн. Би дээшээ 4 давхарт гарахад тэнд хөл муутай эмээ, нуруу нь татсан бололтой залуу, бас жирэмсэн хүүхэн зогсож байсан. Тэнд “10 орчим минут хүлээлээ, хаалгаа онгойлгохгүй байна, юу хийдэг юм бол, чирэгдэл болгоод нааш цаашаа явууллаа” гээд нэг эмээ нь үглээд зогсож байсан. Би 5-6 минут орчим хүлээсэн. Нар эмч надаас 6 минутын дараа ирээд мөн 2 минут орчим хаалгыг нь нүдсэн. Нөгөө эмээ мөн л үглээд байсан. Тэгтэл Нар эмч “та нар дуугай хүлээж бай, наад хүмүүс чинь аппарат дээр сууж байгаа” гэж хэлж байсан. Энэ үед би нөхөртэйгээ утсаар ярьж байсан ба миний бие өвдөөд дээрээс нь стресстэй байсан. Манай нөхөр “шинжилгээнийхээ хариуг авсан уу” гэхээр нь “хэдэн эргүүтсэн юмнууд нь хаалгаа тайлахгүй байна, шинжилгээний хариугаа аваагүй байна” гэж хэлэхэд Нар эмч “хүн доромжлох хуультай байдаг юм, чи дуугай бай” гэж хэлсэн. Би Нар эмчид хандаж тэр үгийг хэлээгүй болохоор “чи яагаад хүний дуу хориод байгаа юм бэ” гэж хэлсэн. Удалгүй лаборатори хаалгаа онгойлгож, бид шинжилгээний хариугаа авсан. Би шинжилгээний хариугаа аваад гарч явахдаа маргалдсан эмчийн нэрийг нь асууя, дараа нь уучлалт гуйя гэж бодоод нэрийг нь асуухаар өрөөнд нь орсон. Би өрөөнд нь ороод нэрийг нь асуухад “чи юу гэж хүн доромжлоод байгаа юм бэ, чи түрүүнээс хойш хүн доромжлоод байсан” гээд эмч утасны камераараа бичлэг хийгээд эхэлсэн. Би шинжилгээний цаасаар бичиж байгаа бичлэгийг болиулах, камерыг нь хаах гэж 2-3 удаа цаасаараа савчсан. Тэгээд бичлэг хийхээ болихгүй байхаар нь гараараа бичлэгийг нь болиулах гэтэл тэр эмч өөрөө хойшоо ухраад урт сандлын хөлд тээглээд суусан. Би даргад нь хэлнэ гэж түүнд хэлээгүй. Би зөвхөн “та ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн бэ” гэж асуусан. Би цаасаар савчсан болохоос хохирогчийг түлхэж унагаах үйлдэл хийгээгүй. Өөрөө утсаа өгөхгүй гээд хойшоо ухарч байгаад сандал дээр унасан. Хохирогч надаас 423 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч, энэ 7 дугаар сардаа багтааж төлнө. Би хохирогчтой 2-3 удаа утсаар ярьж, уучлалт гуйя, улзъя гэхэд “шүүх дээр уулзана” гээд надтай уулзаагүй. Би өөрийн бурууг ойлгож, хохирогчоос дахин уучлалт гуйж байна. Дахиж ийм ёс зүйгүй байдал гаргахгүй. Би тухайн үедээ түргэн зан гаргасан байсан. Би ажлаасаа чөлөө авсан, 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орох тул хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг 7 дугаар сард багтаан төлөх боломжтой. Харин хохирогчийн цаашид нэхэмжлэх төлбөр нь нотлох баримтаар нотлогдвол төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Нар мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би Нэргүй гэх үйлчлүүлэгчийн шинжилгээний хариуг авахаар лаборатори рүү очиход үүдэнд нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан ба хүүхдийн сувилагч хаалгыг нүдэж байсан. Би хаалга руу дөхөж очоод сувилагчтай мэндлээд хаалгыг тогшоод “хүн гарч ирэхгүй байна уу” гээд яриад байж байсан. Хажууд хөл нь өвдөж байгаа бололтой ахимаг насны эмэгтэй хүн байсан. Тэгтэл хажууд нэг эмэгтэй хүн “энэ эргүү юмнууд яасан их чирэгдэлтэй юм бэ” гээд бухимдаж байгаа нь сонсогдсон. Би лабораторийн хаалгыг нүдсэн чигээрээ “шээс,  цусны шинжилгээ харж байгаа хүмүүс босоод ирэх боломжгүй байгаа байх, хэдүүлээ хүлээж байя, удахгүй онгойлгох байх” гэж хэлсэн. Тэгтэл “чи юу гээд солиороод байгаа юм бэ” гэхээр нь би цочоод эргэж харахад Баасан гэх эмэгтэй зогсож байсан. Тэгээд “чи харваас эмнэлгийн хувцастай, хүнд сурталтай юм байна” гэхээр нь “эгчээ хүн доромжлох хуультай байдаг шүү, та ингэж болохгүй дуугай байгаарай, энэ асуудал надтай хамааралтай биш” гэж хэлчихээд сувилагчтайгаа ойр зуурын юм ярьж байтал дахиад намайг хараагаад цухалдаад л байсан. Тэгэхээр нь би эргэж хараад “эгч ээ, та дуугай бай, боль, ингэж болдоггүй юм” гэж хэлсэн. Би түүнийг эсэргүүцэж, хараалын үг хэлээгүй. Тэгж байтал лабораторийн хаалга онгойход би үйлчлүүлэгчийнхээ шинжилгээний хариуг дотогш орж авчихаад явсан. Баасан шинжилгээний хариу авахаар үлдсэн. Би өрөө рүүгээ явж байснаа бага эмчийнхээ өрөөнд орж эмч нарын зөвлөгөөнд оруулах хүнээ танилцуулсан. Тэгээд Тогтох, Наранцэцэг эмч нарт “ямар хэцүү юм бэ, аймаар хүнтэй тааралдлаа, арай ч цохиулчихсангүй” гэж хэлэхэд тэд “бид нар ч хэцүү нөхцөлд ажиллах юм, та бичлэг хийгээд авчихгүй яасан юм бэ, хааяа ч гэсэн доромжлуулсан талаараа зохих байгууллагад нь хэлэх ёстой, ямар хүн байсан юм бол” гэж ярилцаад өнгөрсөн. Тэгээд би 402 тоот өрөөндөө ороод ажлаа хийж байтал хаалга хүчтэй саваад “хаана байна, чамайг хэн гэдэг юм бэ” гээд Баасан ороод ирсэн. Би сувилагчдаа “түрүүний лабораторийн үүдэнд таарсан хүн байна” гэхэд тэр “чамайг хэн гэдэг вэ, чамайг даргад чинь хэлнэ” гэхээр нь “тэгье эгчээ, намайг Нар гэдэг, таныг хэн гэдэг вэ” гэхэд “чи намайг танихгүй, би чамайг мэднэ, яаж оролдохыг хараарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд “та түрүүнээс хойш намайг зөндөө доромжиллоо, би бичлэг хийж баримтжуулж авна” гээд бичлэг хийж эхэлсэн. Би “эгчээ таныг хэн гэдэг юм бэ, хоёулаа хамт дарга руу оръё” гэхэд “чи юу гээд үг зохиогоод байгаа юм бэ” гээд барьж явсан цаасаараа миний зүүн тал руу шавхраад байхаар нь би арагшаа холдсон. Тэгтэл зүүн гараараа миний баруун гараас бариад намайг түрж явсан. Баасан өөрөө том биетэй учраас над руу нэг алхахад би арагшаа гишгэж зугтсаар байгаад вестибюлийн гол хэсэгт байдаг сандлын голд очсон. Тэнд Нэргүй гэдэг хүн болсон асуудлыг хараад зогсож байсан. Баасан миний гарыг самардахаар нь “ёо, ёо та болиоч” гэж хэлсэн. Тухайн үед миний гар улайсан байсныг цагдаа нар харсан. Тэгээд Баасан миний гарыг тавьж, гар утсыг авч шидэхэд утас сандал дээр буусан. Би гар утсаа авах гээд доошоо тонгойход тэр гар утсыг маань аваад шалан дээр шидэхэд миний гар утас Нэргүйгийн урд унасан. Тэгээд намайг гар утсаа авах гээд тонгойход баруун гараараа түлхэхэд нь би эрчиндээ толгойн арын дагз хэсгээрээ хана мөргөөд сандалд хөл тулсан. Тэгтэл сувилагч “хүүш ээ та болиоч, яасан зэрлэг юм бэ” гэж хэлсэн. Тэнд байсан Нэргүй гэх манай үйлчлүүлэгч “та болиоч, цагдаа дуудлаа шүү” гэхэд Баасан тэр чигээрээ гараад явсан. Би уйлаад үлдэхэд Нэргүй гэх хүн намайг сувилагчийн өрөөнд оруулаад “эмчээ та одоо тайвшир, би маргааш ирж үзүүлье, ийм зэрлэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ” гээд явсан. Би ажил ихтэй байсан болохоор 30 минут тайвшираад ажлаа хийж байсан. Тухайн үед би сувилагчдаа “миний баруун талын дагз хэсэг өвдөөд байна” гэж хэлээд 4 цаг 10 минут хүртэл ажлаа хийсэн. Тэгж байтал хамгийн сүүлийн үйлчлүүлэгч маань “эмч ээ та зүгээр үү, толгой чинь өвдөхгүй байна уу, таны нүд яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд миний нүд хачин анигдаад байсан. Би ажлаа тараад зогсоолоос машинаа авахаар явах гэтэл өөр хажуу тийшээ алхаад байсан. Тухайн өдөр Баасан нь Эрдэнэчимэг даргын өрөөнд намайг дуудуулж уулзаад, надаас уучлалт гуйсан боловч тэр үед нь би гомдолтой гэдгээ хэлсэн. Би Баасанг надаас уучлалт гуйгаад явсан учраас 17 цаг хүртэл гомдол гаргахгүй гэж бодож байсан боловч машин руугаа явах гэтэл өөр зүг баруун тийшээ яваад байсан. Тэгээд эмнэлэг рүү эргэж ороод 102 дугаарт дуудлага өгч, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэр шөнө миний толгой өвдөөд, унтаж чадаагүй. Маргааш нь ажилдаа явах гэтэл урагш алхаж чадахгүй, найгаад байсан. Би арай гэж ажилдаа орсон ба миний тэнцвэр алдагдаад байсан. Тэгээд даралтаа үзүүлж байхад нүүр, хоёр гар татаад, шүлс гоожоод байсан. Би 2017 оны 10 дугаар сард нүдний хагалгаанд орсон болохоор “нүд зүгээр байгаа” гэж бодоод эмчид үзүүлэхэд нүд гайгүй, бага зэргийн өөрчлөлт орсон байсан. Миний биеийн байдал муу байсан учир мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Эмчлүүлж байх хугацаанд олон жил ажиллаж байсан эмч нар миний талаар “мөнгө салгаж авахын тулд асуудал үүсгэсэн” гэх таагүй яриа үүсгэж, сэтгэл санааны дарамт учруулж байсан. Би эмнэлэгт хэвтэж байхдаа санаа зовоод өрөөнөөсөө гарч чадаагүй. Би эгц, тэгш явж чадахгүй байсан. Би маш их гомдолтой байна. Би эхний 2 удаагийн мэдүүлэгтээ гомдолтой гэдгээ хэлээгүй байсан. Учир нь би Баасанг миний биеийг асуучих болов уу гэж хүлээсэн. Гэтэл намайг нэр төрд халдсан гэж цагдаад мэдэгдсэн байсан. Тэгэхээр нь би гомдолтой гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Одоо ачаалалтай ажиллах үед толгой маш их өвдөж, чих шуугидаг, байнга толгойны эм ууж байна. Эмчийн надад бичиж өгсөн эм нь 80 000 төгрөгийн үнэтэй байдаг учраас авч хэрэглэж чадаагүй. Би магни В6 байнга ууж байгаа. Тухайн үед ЭМЖЖ эмнэлэгт тэнцвэрийн сорил өгөхөд 400 000 төгрөгийн зардал гарсан. Би 5 дугаар сард ажилдаа орсон боловч 6 дугаар сард 190 000 төгрөгийн цалин авсан. Би эмчилгээний зардал болох 423 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Болорцэцэг мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хийж байгаад Нар эмч хүний шинжилгээний хариу авахаар өрөөнөөсөө гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаад өрөөнд орж ирэхдээ “сая нэг өндөр эмэгтэй намайг доромжилж, үг хэлээр дайрлаа. Зүрх өвдөөд их сонин болчихлоо” гэж хэлж орж ирсэн. 30 гаруй минутын дараа нэг эмэгтэй их ууртай өрөөнд орж ирсэн. Тэгэхэд Нар эмч “таныг хэн гэдэг юм бэ, та түрүүнээс хойш зөндөө их доромжиллоо, гар утсаараа бичлэг хийнэ” гээд боссон. Гэтэл нөгөө гаднаас орж ирсэн эмэгтэй нь “чи намайг танихгүй, би чамайг танина, яахыг хараарай” гэж уурлаж хэлсэн. Тэгээд Нар эмч гар утсаараа бичлэг хийх гэтэл нөгөө эмэгтэй гар утсыг нь булааж авах гээд, Нар эмч утсаа өгөхгүй гээд өөд өөдөөсөө гараа хөдөлгөөд хэрэлдээд, дуу нь чангараад байсан. Би тухайн үед хамгаалагч дуудах гээд өрөөнөөсөө гараад буцаад ортол Нар эмч “түс” гээд толгойныхоо ар дагз хэсгээр хана мөргөөд сандал дээр унасан. Тэгээд би очоод босгож татахад уйлсан байдалтай байсан. Тэр үед нөгөө эмэгтэй өрөөнөөс гараад явсан. Ингээд би тэр эмэгтэйн хойноос гүйгээд “та яаж байгаа юм бэ” гэхэд уурлаад надтай юу ч ярилгүй шууд эмнэлгийн хаалгаар гараад явчихсан гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Ч.Хэрлэнчимэг мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн орчим болов уу гэж бодож байна. Ажил дээрээ хурал хийгээд тарж байтал манай ажилтан Нар, чанарын менежер Батчулуун, сувилагч Болорцэцэг нар манай өрөөнд орж ирээд “сая нэг үйлчлүүлэгчид зодуулчихлаа” гэж Нар хэлсэн. Царай нь шокийн байдалтай байсан ба “яасан юм бэ” гэхэд “суудлын вагонд үйлчлэгч ажилтай эмэгтэйд зодуулсан” гэж хэлсэн. Тэгээд хэн юм бэ гэж хэлэхэд Нар өөрийнхөө утсанд хийсэн бичлэгээ үзүүлэхэд манай өрөөнд хамт байсан эмч Сэлэнгэ, мэдрэлийн эмч Хоролсүрэн нар хараад “энэ чинь үйлчлэгч Баасан байна шүү дээ” гэж хэлээд таньсан. Тэгээд бид нар Нарт “шийддэг газарт нь өг” гэж хэлээд гаргасан. Ингээд удалгүй Баасан гэх эмэгтэй манай ажлын өрөөнд ганцаараа орж ирсэн ба танай эмчийн асуудлаар уулзья гэж хэлээд Нар эмчтэй холбоотой болсон асуудлыг хэлсэн. Тэгэхээр нь би Нар эмчийг дуудуулаад Баасан, Нар нар манай өрөөнд болсон асуудлаа ярихад Нар нь их гомдолтой байна гэж хэлж байсан. Баасан Нараас уучлалт гуйсан. Тэгээд Нар гомдолтой байна гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Н.Нэргүй мэдүүлэхдээ:

Тэр эмэгтэй баруун гараараа саваад л цохих шиг болсон. Үүнээс болоод Нар эмчийн утас нь миний сууж байсан сандлын эсрэг талын сандал дээр унаад, тэр том биетэй эмэгтэйгийн өөрийнх нь хар өнгийн нүдний шил газарт унасан юм. Нар эмч биеэрээ хананд шахагдаж хүрэхийг харсан. Гэхдээ яг толгойгоо хананд цохисон эсэхийг сайн анзаарч хараагүй учир мэдэхгүй байна. Хэрүүл маргаан дууссаны дараа би эмчийн утсыг авч өгөөд, эмч ч уйлаад өрөө рүүгээ орчихсон юм гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч-Б.Даваасүрэн мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 11-ны өдөр иргэн Г.Нарын биед үзлэг хийхэд дагзны булчин хөшингө 2 хуруу, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэг онош нь гэмтлийн гаралтай тархи доргилт гэсэн байсан бөгөөд УБТЗ-ын эмнэлгийн КТГ-ийн шинжилгээнд цагаан эдийн бодисийн түвшинд +32НУ, бор бодист +24НУ нягтралтай байсан учраас дээрхи үзлэг шинжилгээг үндэслэн Г.Нарын биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь хана мөргөх, цохиулах, унах үед үүснэ. Тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтооох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан юм гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

...Бичлэгийг үзэхэд чихнээсээ амны маск унжуулсан дээгүүрээ улаан өнгийн хувцастай иргэн Г.Нар нь бичлэгийн эхний 4 секундэд камерийг өөрийн нүүр царай руугаа харуулсан байдалтайгаар “та эмнэлгийг ингэж доромжилж болдог юм уу” хэмээн 2 удаа асууж, камерийг чернилэн ягаан цамцтай, энгэрээсээ нүдний шил зүүсэн, баруун мөрөндөө гар цүнх тохсон иргэн Д.Баасан рүү харуулж “бичлэг хийгээд авчихья” гэж хэлж байгаа нь харагдаж бас сонсогдож байлаа. Харин иргэн Баасан нь “битгий солиор чи, чамд юу гэж доромжлуулж байдаг юм бэ” гэж хэлэн цааш харан өрөөнөөс гарч байх бөгөөд үргэлжлүүлэн ерөнхий хаалганы довжооны цаана зогсож байхад нь Г.Нар түүнээс таныг хэн гэдэг юм бэ гэж асуухад, Д.Баасан эргэж хараад “чи юу гэж үг зохиогоод худлаа яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд Г.Нар нь “үг зохиогоогүй шүү дээ” гэж хэлтэл, Д.Баасан нь “чи тэр үед бичихгүй яасан юм бэ” гэхэд Г.Нар нь”олон хүн байсан юм” гэхэд Д.Баасан нь зүүн гараараа гар утсыг болиулах гэж баруун гартаа барьсан цаасаараа 2 удаа цохих үйлдэл хийхэд Г.Нар нь “яа-яа” гэж 2 удаа хэлж байгаа нь сонсогдож, хажуунаас “болиоч, та гэж” хэлэх үг сонсогдож, Д.Баасан гар утасны камер руу дайрч, бичлэгний дүрс хөдөлснөөр уг 24 секундийн үргэлжлэх хугацаатай дүрс бичлэг дуусаж байв гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6125 тоот дүгнэлтэд:

  1. Г.Нарын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрах болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Баасан нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 94 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Баасан нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн амбулаторын 4 дүгээр давхар, Нөхөн үржихүйн 2 дугаар кабинет, 402 тоот өрөөнд хохирогч  Г.Нартай маргалдан биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Нар, гэрч Э.Болорцэцэг, Н.Нэргүй, Ч.Хэрлэнчимэг, Б.Даваасүрэн нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6125 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Баасанд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Хохирогч Г.Нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотойгоор 423 000 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилснийг Д.Баасан нь уг хохирлыг энэ 7 дугаар сард багтаан төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид эмчилгээний зардалд 423 000 төгрөгийг энэ сард төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов

Хохирогч нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хугацааны актын мөнгө, цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа боловч үүнийг нотлосон баримт байхгүй тул энэ эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байна. Харин нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалахыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Баасанг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Баасанг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Баасан нь торгох ялыг 1 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Баасан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Баасангээс 423 000 төгрөг гаргуулж хохирогч Г.Нард олгосугай. 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л. ОЮУН