| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2406 00039 1553 |
| Дугаар | 2026/ДШМ/197 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/197
2026 02 12 2026/ДШМ/197
Б.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Чингүүн,
шүүгдэгч Б.Л-гийн өмгөөлөгч И.Чимэдбадам,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2701 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л-ы өмгөөлөгч И.Чимэдбадамын гаргасан давж заалдах гомдлоор Б.Л-д холбогдох эрүүгийн 2406 00039 1553 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц- овгийн Бат-Э-ийн Л-, ......, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдэж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр захирамжаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон (РД:Э-).
Шүүгдэгч Б.Л- нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Э- байрны 7 тоот хохирогч Т.Б-ын гэрт байхдаа түүнээс “Samsung А6” маркийн гар утсыг нь “түр хугацаанд өөрийн сим картаа хийж хүнтэй холбоо барьчхаад буцаагаад өгье” гэж хэлэн хуурч авч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 135,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
мөн хохирогч Т.Б-ын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Э- байрны 7 тоот гэрээс Хаан банкны Б- тоот дансны виза картыг нь авч, ашиглаж, 2023 оны 12 дугаар сарын 28, 29 болон 2024 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд үйлчилгээний газруудад картыг уншуулж, хохирогчийн 8000 төгрөгийн үнэ бүхий виза картыг болон дээрх данснаас 907,852 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 915,852 төгрөгийн хохирол учруулж, хохирогчид нийт 1,050,852 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Л-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Л-ыг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан”; үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Л-гаас 1,050,852 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Б-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Л-ы өмгөөлөгч И.Чимэдбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ял шийтгэлийн асуудлын тухайд бидний зүгээс учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлүүлсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учирсан хохирлын хэмжээ нь харьцангуй бага, анх удаагийн, хөнгөн зүйлчлэлтэй нөхцөл байдалтай хэрэг юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг багасгах, цаашлаад торгох ялаар сольж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг баримтлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт тэнсэх зохицуулалтыг хэрэглэж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг торгох ял болгож хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Чингүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тохирсон. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон хуульд заасан бусад үндэслэлүүдийг харгалзан үзсэн. Эдгээр нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан нөхцөл байдал хэрэгт нотлогдож, улмаар 4 хоног цагдан хоригдсон баримт бий. Хохирлын тухайд анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх үед хохирол бүрэн төлөгдөөгүй байсан. Харин 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн байна. 08 дугаар сарын 15-ны өдрийн шилжүүлгийн баримт анхан шатны шүүх хуралдааны үед хэрэгт хавсаргагдаагүй байсан. Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар завсарлага авах, нэмэлт баримт гаргах хүсэлт гаргаагүй, өмгөөлөгчгүй оролцохоо өөрөө илэрхийлсэн. Мөн анхан шатны шүүхээс уг гэмт хэрэг нь өндөр настай хүний эсрэг үйлдэгдсэн болохыг харгалзан үзсэн. Хохирогч нь нийтийн байранд ганцаараа амьдардаг, дансанд байсан мөнгийг нь шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Б.Л- нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Э- байрны 7 тоот дахь хохирогч Т.Б-ын гэрт байхдаа түүнээс “Samsung А6” загварын гар утсыг нь “түр хугацаанд өөрийн сим картаа хийж хүнтэй холбоо барьчхаад буцаагаад өгье” гэж хэлэн хуурч авч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилан, 135,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн хохирогч Т.Б-ын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Э- байрны 7 тоот дахь гэрээс Хаан банк дахь түүний эзэмшлийн Б- дугаарын дансны виза картыг авч, улмаар 2023 оны 12 дугаар сарын 28, 29 болон 2024 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд үйлчилгээний газруудад картыг уншуулж, хохирогчийн 8000 төгрөгийн үнэ бүхий виза карт болон дээрх данснаас 907,852 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 915,852 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, хохирогчид нийт 1,050,852 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Т.Б-ын “...Б.Л-д Хаан банкны өөрийнхөө картыг өгөөд картынхаа нууц дугаарыг хэлж өгөөд гаргачихсан юм. Тэгсэн чинь нөгөө залуу миний картыг аваад хонуутаар яваад миний данснаас карт уншуулж 273,000 төгрөгийг уншуулчхаад ирсэн. Маргааш нь халамцуу ирээд “уучлаарай эмээ би заавал мөнгийг чинь өгнө өө” гэж хэлэхээр нь би өгчих байх гэж бодоод хүлээгээд мөнгөө өгөөгүй.
2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед гэртээ байж байтал Б.Л- өрөөнд орж ирээд “та утсаа түр өгч бай, би хүнтэй утсаар ярьчхаад өгье” гэж хэлээд миний “Samsung А6” маркийн гар утсыг аваад гарсан. Тухайн орой 22 цагийн үед “эмээ би гэрийнхэнтэйгээ яриадахъя” гэхээр нь “за тэгвэл маргааш өглөө өгөөрэй” гэж хэлээд унтчихсан юм. Маргааш өглөө нь Б.Л- манай өрөөнд орж ирээд “эмээ та надад утсаа зарчих” гэхээр нь “чи өмнөх өрөө өгөөгүй байж яах гээд байгаа юм” гэсэн чинь “за тэгвэл би таны утсыг аваад 30 минут болчхоод ороод ирье” гэж хэлээд гараад явсан. Удаагүй байж байтал хамт амьдардаг дүү нь орж ирээд “эмээ та манай ахад мөнгө өгөөгүй биз дээ” гэхээр нь би “өгөөгүй эмээд нь мөнгө байхгүй, харин миний утсыг аваад гарсан, сим карт хаана тавьчихав аа” гэсэн чинь дүү нь “таны I phone маркийн гар утсанд хийчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарах гээд зурагтынхаа урд талд тавьсан байсан Хаан банкныхаа картыг авах гэсэн чинь байхгүй байхаар нь хайгаад олоогүй. Иргэний үнэмлэхээр Хаан банк руу ороод данснаасаа мөнгө авах гэсэн чинь “3000 төгрөг байна” гэж хэлэхээр нь Б.Л-ыг гэрт орж ирээд гарахдаа карт аваад гарсныг мэдсэн. Б.Л- миний картаас 644,942 төгрөг уншуулж авсан байсан. Надад ингээд нийт 917,942 төгрөгийн өртэй болсон.
Б.Л- ...миний гар утсыг түр хугацаанд өөрийн сим картаа хийж хүнтэй холбоо барьчхаад буцаагаад өгье гэж хэлээд надаас гуйгаад байхаар нь би Б.Л-д итгээд өөрийн гар утсаа өгсөн боловч янз янзын шалтаг тоочоод одоог хүртэл миний гар утсыг өгөөгүй. Миний Хаан банкны карт 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний амьдардаг өрөөний зурагтын урд байсан. Б.Л- тухайн өдөр надаас миний гар утсыг түр хугацаанд хэрэглээд өгье гээд гуйж авах үедээ миний Хаан банкны картыг надад хэлэлгүйгээр нууцаар авч манай гэрээс гарсан байсан. Би Б.Л-д өөрийн картаас мөнгө авах зөвшөөрөл өгөөгүй. Мөн Хаан банкны картаа ч бас өгөөгүй. Б.Л- манай гэрээс миний Хаан банкны картыг нууцаар, надад хэлэлгүй авч явсан. Миний картаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 15 цаг 57 минутаас эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цаг 58 минутын хооронд нийт 641,752 төгрөг миний зөвшөөрөлгүй үрсэн байсан. Мөн Б.Л- 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надаас 20,000 төгрөг зээл өгөөч надад мөнгө хэрэг болоод байна гээд байхаар би надад бэлэн мөнгө байхгүй миний картад байгаа байх гэж Хаан банкны өөрийн Б- дансны дугаартай картаа Б.Л-д өгөөд, энэ картаас 20,000 төгрөг аваад надад буцааж өгөөрэй гэж хэлээд картынхаа нууц кодыг Б.Л-д хэлж өгөөд явуултал Б.Л- тэр өдөр буцаж ирэлгүй миний картаас мөнгө уншуулж гадуур архи уугаад 2023 оны 12 дугаар сарын 29 билүү 30-ний өдөр ирсэн. Тухайн үед Б.Л- миний Хаан банкны картад байсан мөнгийг үрээд дуусгасан байсан. Миний картаас нийт 270 гаруй мянган төгрөг миний зөвшөөрөлгүй үрсэн байсан. ...” /хх 21-24/ гэсэн мэдүүлэг,
гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, иргэний өргөдөл /хх 15-17/,
хохирогч Т.Б-ын Хаан банкны Б- тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 26-28/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БЗД2-24/1835 дугаартай “Samsung А6” маркийн гар утсыг 135,000 төгрөгөөр үнийг тогтоосон тайлан, Хаан банкны карт 8000 төгрөг, нийт 143,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх 34-37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Л-г “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилсан”, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Л-ы хохирогч Т.Б-ын гар утсыг нь “түр хугацаанд өөрийн сим картаа хийж хүнтэй холбоо барьчхаад буцаагаад өгье” гэж хуурч авч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн хохирогч Т.Б-ын гэрээс түүний Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ашиглан, 915,852 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
2. Шүүгдэгч Б.Л-ы өмгөөлөгч И.Чимэдбадамаас “...Миний үйлчлүүлэгч хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тэнсэж, харин Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
2.1 Гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог ба, тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Мөн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм бурууд нь хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.
Шүүгдэгч Б.Л-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга барил буюу өндөр настай, өвчний улмаас өөрийгөө хамгаалах чадваргүй хүний итгэлийг олж авах замаар эд хөрөнгийг нь залилан авсан, мөн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээс дүгнэвэл шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэв.
2.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Л- нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг буюу залилах, хулгайлах хоёр санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх үйлчлэлд хамаарахгүй байна.
2.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан ба, тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулахаар хуульчлаагүй. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадамын “хулгайлах гэмт хэрэгт торгох ялыг хэрэглэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.
2.4 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч Т.Б-аас “...2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг төлсөн хохирол, гомдолгүй...” /хх 197/ гэх хүсэлтийг ирүүлсэн, түүнчлэн хохирогч Т.Б- нь хохирлын мөнгө хүлээн авсан талаарх Хаан банкны Б- дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 198-199/ баримтыг гаргаж өгч, гомдол, саналгүй тухайгаа илэрхийлсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Л-аас төлүүлэхээр тогтоосон 1,050,852 төгрөг хохирогчид нөхөн төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Л-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд тодорхой хэмжээгээр санаачилгатай байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялын хэмжээг багасган 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багасган 6 сарын хугацаагаар хорих ял болгон тус тус тогтоож хөнгөрүүлэн, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, харин шүүгдэгч Б.Л-ы өмгөөлөгч И.Чимэдбадамын гаргасан торгох болон тэнсэх зохицуулалтыг хэрэглүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч Б.Л- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны энэ өдрийг хүртэл 74 /далан дөрөв/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2701 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял” гэснийг “...6 сарын хугацаагаар хорих ял”;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Л- нь хохирогч Т.Б-д 1,050,852 (нэг сая тавин мянга найман зуун тавин хоёр) төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Л-ы өмгөөлөгч И.Чимэдбадамын гаргасан тэнсэх болон торгох ял болгон хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ы 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 (далан дөрөв) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-Э-Э
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА