Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 430

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Шангууд овогт Хишигтогтохын Г-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705012770386 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хоёрдогч түүхий эд авдаг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот __________________дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 3 дугаар гудамж ___________ тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтооолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан Шангууд овогт Хишигтогтохын Г-

 

Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тонхил” хүнсний дэлгүүрийн дэргэдэх түүхий эд авах цэг дотор Л.Сэргэлэнбуянтай хуурамч тамхи зарсан гэж маргаж нүүрэн тус газарт нь хөзөр шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Х.Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Х.Г нь “Тонхил” хүнсний дэлгүүрийн дэргэдэх түүхий эд авах цэг дотор Л.Сэргэлэнбуянтай хуурамч тамхи зарсан гэж маргаж нүүрэн тус газарт нь хөзөр шидэж түүний биед хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Л.Сэргэлэнбуянгийн “Би Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Ус дэвжих” ХХК-ны Тонхил нэртэй дэлгүүрийг 2017 оны 04 дүгээр сараас эхлэн түрээслэж ажиллаж эхэлсэн юм. 2017 оны  10 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Очирбат дэлгүүрт ажиллаж байсан юм. 14 цагийн орчим манай дэлгүүрт манай дэлгүүрийн хажуу талд байдаг төмөр худалдаж авдаг Г- гэх залуу хоёр залууг явуулж нэг ширхэг тамхи авхуулахаар явуулсан юм. Удалгүй Г- өөрөө орж ирээд танай тамхи хуурамч, тамхин дотроо цаас хийсэн байна гэхэд нь манай нөхөр “Манай тамхинд тийм зүйл байх учиргүй” гэж хэлээд манай нөхөр надад хэлэхээр нь би тэр залуугийн өрөөнд нь ороод “Чи миний тамхин дотор цаас хийж ирдэг хэн юм чи” гээд тэр залууд уурлатал тэр залуу “Чи муу зайл” гээд босч ирээд над руу юм авч шидээд тэр нь миний нүүрэнд оносон. Миний хамарыг оноод хамарнаас цус гарч байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд бид хоёрыг цагдаагийн  хэлтэс дээр авчирсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

“... Тэгтэл намайг  очиход хүмүүстэй тоглож байгаад ширээн дээрээс юм аваад шидсэн. Тэр үед хичнээн тооны хөзөр шидсэнийг бол мэдэхгүй. Уг хөзөр нь миний нүүрийг онож хамрын нурууг шалбалсан. ... Нэхэмжлээд байх зүйл байхгүй байна ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 77-78 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13407 дугаартай:

“1. Л.Сэргэлэнбаярын биед хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

Гэрч П.Эрдэнэбаатарын “... Баттулга бид хоёр хажуу талын Өсөх Арвижих гэдэг дэлгүүрээс тамхи аваад буцаж түүхий эд авах цэг рүү ороод авсан тамхиа задалтал дотор нь цаасан хайрцаг хийчихсэн байсан. Тэгээд гайхаад Г-, Баттулга бид 3 тамхи авсан дэлгүүр рүү очоод танай дэлгүүрээс ийм тамхи авлаа гэж хэлтэл тэр дэлгүүрийг ажиллуулдаг өвгөн манайх ийм тамхи зараагүй гэж хэлсэн. ...Тэгээд хөзөр тоглоод сууж байтал гаднаас нөгөө тамхи худалдаж авсан дэлгүүрийн эгч орж ирсэнээ учир зүггүй доромжлоод байсан. Та нар архичид миний дэлгүүрийн нэр хүндийг албаар унагалаа, та нарыг би хүүхэд байхаас нь эхлээд мэднэ, та нар нүүрс зөөгөөд гүйж байхад би тосонд умбаж явсан шүү гээд шүлсээ бид нар руу хаясан. Тэгтэл манай найз Г- уурлаад тоглож байсан хөзрөө шидсэн. Тэгээд л нөгөө эгч цагдаа дуудна гээд гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-18 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Очирбатын “...Тэгтэл манай 2 хашааны цаад талд төмөр худалдаж авдаг Г- гэх залуу уурлаж орж ирээд би энэ залуучуудыг тамхинд явуулсан яахаараа хүний тамхи өгдөггүй юм бэ гэж над руу уурлаж байгаад ширээ гараараа цохиж уурлаж байгаад гараад явсан. Тэгээд би эхнэр Сэргэлэнбуянг орж ирэхээр нь хэлтэл уурлаад энэ тамхины хайрцаг нь манай зарж байгаа хайрцаг биш байна гэж уурлаад Г-тай уулзахаар явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эхнэр Сэргэлэнбуян ирж байгааг хараад би тосоод очтол хамар дээр нь хөндлөн зүсэгдээд цус гарчихсан ирсэн. Тэгээд би яасан юу болов гээд сандраад асуутал би Г-д манай зарсан тамхи биш байна гэж хэлсэн. Тэгтэл хүмүүстэй хөзөр тоглож байгаад над руу хөзрөө шидээд миний хамрыг зүсчихлээ гэж хэлсэн. Би уурлаад Г-д очоод чи эмэгтэй хүнийг ингэж зодож байхаар намайг зодчих гэтэл та нар өөрсдөө ингэж тамхи зарж луйвар хийдэг гээд хэл амаар доромжлоод байхаар нь цагдаагийн байгууллагад энэ талаар гомдол гаргаж эхнэр бид хоёр тэр дор нь өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/

 

Шинжээч М.Золжаргалын “Уг дүгнэлтийг үзэхэд 10 орчим хөзөр шидэхэд буюу цохиход зулгаралт, хаван, няцрал үүсэх боломжтой. Сэргэлэнбуянгийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Хэрэв хуучин гэмтэл байсан бол дүгнэлтэнд тусгаж бичих ёстой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Үзлэг хийхэд гэмтлийн орчим хаван хавдар үүсэн байсан. ... Үзлэг хийж дүгнэлт гаргасан хүн маань Лүндэв овогтой Сэргэлэнбуян гэх хүнд үзлэг хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлт бичих явцад Л.Сэргэлэнбаяр гэж бичилтийн алдаа гаргасан байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 57-58 дугаар хуудас/

 

Гэрч О.Сувданчимэгийн “...Би тухайн өдөр ажил дээрээ жижүүртэй байж байсан. Тэгтэл ээж 19 цагийн орчим байх уйлаад надруу утсаар яриад намайг хүн зодчихлоо гэж хэлсэн. ... Манай ээжийн биед ямар нэгэн байдлаар ил харагдах гэмтэл шарх сорви огт байгаагүй. Ээжийг зодуулчихлаа гэж хэлээд зам дагуу уулзахад ээжийн хамарны дээд хэсэгт цус гарсан шалбарсан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59-61 дүгээр хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас. /хэргийн 69 дүгээр хуудас/

 

Х.Г-ын яллагдагчаар өгсөн “... би дэлгүүрээс гараад  ажил дээрээ иртэл уг дэлгүүрийн эмэгтэй худалдагч нь орж ирээд намайг хэл амаар доромжилж гуйлгачид тамхиа авч татаж чадахгүй луйвардаж хуурамч тамхи зарлаа гэж гүтгэж гүжирдлээ гээд орилоод нулимахаар нь би уурлаад гартаа барьж байсан 10 орчим хөзрийг чиглүүлээд шидсэн. Тэгтэл тэр эмэгтэй намайг хэл амаар доромжлоод зогсоод байхаар нь хүчээр түлхээд хаалгаар гаргасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 85-88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд Х.Г нь Л.Сэргэлэнбуянтай “хуурамч тамхи зарсан” гэж маргаж нүүрэн тус газарт нь хөзөр шидэж түүний биед хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шинжээч эмч М.Золжаргалын “Үзлэг хийж дүгнэлт гаргасан хүн маань Лүндэв овогтой Сэргэлэнбуян гэх хүнд үзлэг хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлт бичих явцад Л.Сэргэлэнбаяр гэж бичилтийн алдаа гаргасан байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-58 дугаар хуудас/ өгсөн нь шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан “Л.Сэргэлэнбаяр” нь Л.Сэргэлэнбуян мөн байна гэж үзсэн болно.

 

Хохирогч Л.Сэргэлэнбуянгийн “... Нэхэмжлээд байх зүйл байхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 77-78 дугаар хуудас/ өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Г баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Х.Гд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шангууд овогт  Хишигтогтохын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Г торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Г баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Л.Сэргэлэнбуян нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Гд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ