Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/198

 

2026           02           12                                                                                     2026/ДШМ/198

 

 

Б.Ө-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.Ө-ийн өмгөөлөгч Н.Баатардорж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө-ийн өмгөөлөгч Н.Баатардоржийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ө-эд холбогдох эрүүгийн 2306 00903 2656 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж- овгийн Б-гийн Ө-, ......., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Б-).

Шүүгдэгч Б.Ө- нь “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч “Б-” ХХК-нд “интерьер заслын ажил гүйцэтгэж өгнө” гэж гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 20,000,000 /хорин сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Ө-ийг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ө-ээс хохиролд 4,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Б-” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө-ийн өмгөөлөгч Н.Баатардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тогтвортой мэдүүлгүүдийг өгсөн. Хохирол төлбөрийг боломжит байдлаар төлж барагдуулсан байх ба үлдэгдэл төлбөр болох 4,000,000 төгрөгийг төлсөн тухай баримтаар гаргасан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тухайгаа илэрхийлсэн. Түүнчлэн шүүгдэгч нь 461 дүгээр хорих ангид байх хугацаандаа өмнө нь авсан эрүүний гэмтлийн улмаас 11 шүд сулран унаж, имплант хийлгэх эмчилгээ хийлгэж байсан. Гэвч 461 дүгээр ангид нарийн мэргэжлийн шүдний эмч байхгүй тул эмчилгээ тасалдсан. 1 дүгээр сарын 30-ны өдөр гадуур үзүүлэхэд шүдний яс сулран, үрэвсэл үүссэн гэсэн онош тавигдсан. Иймд цаашид эмчилгээ шаардлагатай байгаа боловч хорих байгууллагад эмчлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Мөн шүүгдэгч айлын ганц хүү, эцэг нь 68 настай, зүрхний шигдээс өвчтэй, саяхан хүнд байдалд орсон. Эцгээ асран хамгаалах үүрэг, хариуцлага мөн давхар ногдож байгаа. Ар гэрийн байдлын хувьд аав нь ходоодны хорт хавдартай, түүнийг өөрийн төрсөн хүү Б.Ө-ээс өөр асрах хүнгүй. Тиймээс шүүгдэгчийн ар гэрийн байдал, хохирол төлбөр барагдуулсан, гэмшиж байгааг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх ялаар сольж, өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Ө-эд холбогдох хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Улмаар хохирол, төлбөрийг нөхөн төлүүлэх зорилгоор завсарлага авч, 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, шүүгдэгчийн гэм буруутайг хэргийн бодит байдалд нийцүүлэн тогтоосон гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Ял шийтгэл оногдуулахдаа улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүх хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд тухайн шийдвэрт эсэргүүцэл бичээгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч Б.Ө- нь “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч “Б-” ХХК-нд “интерьер заслын ажил гүйцэтгэж өгнө” гэж гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 20,000,000 /хорин сая/ төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч /хууль ёсны төлөөлөгч/ О.Б-ийн “...Манай компани цахим зар харж байгаад “Б-” ХХК-ийн мэдээллийг олж хараад 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай “Б-” ХХК-ийн оффис дээр иргэн Б.Ө- гэх залуугаар үйлдвэрийн тавилга хийлгэхээр дуудаж уулзсан. Тухайн үед Б.Ө- хийх ажлынхаа тавилгын хэмжээг авъя гээд Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрийн байгууламжид очиж хэмжээ аваад манай байгууллагад үнийн саналаа гаргаж өгөхөөр болсон. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Ө- гэх залуу манай байгууллага дээр ирж 31,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Манай байгууллагаас Б.Ө- гэх залууд урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгийн орчим явж байхдаа, Б.Ө-ийн “Тээвэр хөгжлийн банк”-ны Б- тоот данс руу шилжүүлсэн. Харин тавилгыг манай байгууллагад 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийж гүйцэтгэж өгөхөөр гэрээ байгуулсан боловч заасан хугацаандаа манай байгууллагад тавилгыг нийлүүлж өгөхгүй, утсаа авахгүй алга болсон. Манай байгууллага Б.Ө-ийг хайж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзахад манай байгууллагад “тавилга хийж өгч чадахгүй, боломжгүй, мөнгөгүй болчихлоо” гэж хэлсэн. ...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын ордны баруун талд байрлах музейд ажил хийж байгаа гэж хэлээд намайг дуудаж уулзаад “энэ ажлаа дуусгаад танай байгууллагын мөнгийг гаргаж өгнө” гэж хэлээд одоог хүртэл холбоо барихгүй алга болсон. ...” /хх 42-44/ гэх мэдүүлэг,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх 31-32/,

“Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баярмагнай болон “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ө- нарын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан АГГ08/31 дугаартай “Интерьер заслын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар /хх 34-36/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Ө-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, гэрээгээр халхавчлах,  урьд бий болсон харилцааг ашиглан итгэл төрүүлж эд хөрөнгийг авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөхгүй, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох субьектив санаа зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Б.Ө-ийн “Б-” ХХК-нд “интерьер заслын ажил гүйцэтгэж өгнө” гэж гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, улмаар шилжүүлэн авсан мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж санхүүгийн эх үүсвэр болгосон зэрэг үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Б.Ө-ийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2. Шүүгдэгч Б.Ө-ийн өмгөөлөгч Н.Баатардорж “...шүүгдэгчийн ар гэрийн байдал, хохирол төлбөр барагдуулсан байдал, гэмшиж байгааг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор хуульчилсан ба энэ нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээний зохицуулалт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж буй хандлага чухал бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсхүл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх зэргээр илэрнэ.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог.

Шүүгдэгч Б.Ө- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, шүүхээс тогтоосон хохирол төлбөрт маргахгүйгээр үлдэх 4,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлж барагдуулсан байх ба түүний эрүүл мэндийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд өөрийн оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ө-эд мэдэгдэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-д “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Ө-ийн үйлдлийн улмаас хуулийн этгээд болох “Б-” ХХК-д хохирол учирсан байх бөгөөд хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч тогтоогоогүй, холбогдох ажиллагааг явуулаагүй атлаа “Б-” ХХК-ийн менежер гэх О.Б-ийг хохирогчоор тогтоож, тайлбар, мэдүүлэг авсан /хх 42/ нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн зөрчилд тооцогдох юм.

Гэсэн хэдий ч хэргийн аль нэг тал энэ талаар буюу хохирогчийн тухайд маргаагүй бөгөөд хохирол төлбөр бүрэн барагдсан байх тул үүнийг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъект нь хуулийг чанд сахин ажиллахыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ө- нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 38 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Ө-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ө-эд мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ө- нь хохирогч “Б-” ХХК-д хохиролд 4,000,000 төгрөг төлсөн болохыг, Б.Ө- нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 38 /гучин найм/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                           Т.АЛТАНТУЯА