Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 431

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч М.А-,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Боржигон овогт Мэндсайханы А-, Боржигон овогт Батцэнгэлийн Б- нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805014690278  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.................” сүлжээ ресторанд зөөгч, ам бүл 8, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо ..........гудамжны ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Мэндсайханы А-

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт  Төв аймгийн Зуун мод 3 дугаар баг ............гудамж ....... тоотод оршин суух, Баянгол дүүргийн ..............хороо ..............тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батцэнгэлийн Б-

 

 

Шүүгдэгч М.А-, Б.Б- нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүр орчимд насанд хүрээгүй хохирогч Х.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.А-мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дүүгээ хайх гэж гараад Ариунзаяагаас асууж байгаад А-г олсон. Тэгээд А-гийн хэлж байгаагаар 00-ын өрөөнөөс үсдэж гарсан, хэсэг газар очиж зодсон гэдэг нь худал. Манай дүүтэй хамт ямар, ямар зочид буудлаар орж уусан, ямар баараар орсон талаар өөрсдөөс нь сонсоод хамт хайсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.А-, Б.Б- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч М.А-, Б.Б- нар бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.А-г зодож түүний биед дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Насанд хүрээгүй хохирогч Х.А-гийн “2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед би найз Ариунзаяа өөр Ариунзаяагийн дүү нартай Ариунзаяа ахынх нь гэрт буюу 32-ын тойрогт байх гэрт нь байж байтал гаднаас улаан өнгийн машинтай 6-н танихгүй эмэгтэй бууж ирээд намайг 00-д сууж байтал нэг танихгүй эгч ирээд намайг үснээс зулгааж машиндаа ард багажиндаа суулгаад Ариунзаяаг бас машинд зодоод уйлуулсан сууж байсан. Тэгээд бид хоёроос Хонгорзул хаана байна гэж асуухаар нь бид хоёр мэдэхгүй уулзаагүй удаж байна гэхэд чи яахаараа уулздаггүй юм гээд арай залуухан гурван эгч над руу дайрч бид хоёрыг зодож уйлуулаад бид хоёрыг багажиндаа хийгээд эзэнгүй газар 7-н буудлаас нилээн дээшээ яваад Хайлаастын эцэст юм уу нэг уулан дээр аваачаад Ариунзаяаг үснээс нь зулгааж буулгаад нэг байшингийн цаана машин барьж явсан Бямбаа гээд эгч Хонгороогийн эгчтэй нийлж зодсон бас Одко гээд эгч зодсон. Намайг болохоор Бямбаа гээд эгч ирээд бас хөлөөрөө жийж толгой руу 2,3 удаа алгадаад зодож байснаа буцаж машиндаа суулгаад Дэнжийн 1000-н авто баазын эцэст Хонгорзулын гэрт очсон.Тэнд очоод Ариунзаяа бид хоёроор машинаа угаалгасан. Тэгээд машинаа угаалгачихаад дахиад бид хоёрыг суулгаад хорооллын эцэст баахан гражин дунд оруулж байгаад дахиад та хоёр ямар шазруун юм Хонгороог хаана байгааг хэлээдэх гээд дахиад намайг Бямбаа гээд эгч алгадаж зодсон. Ариунзаяаг А-гээд эгч зодсон. ... Тэгээд Нарны гүүр өнгөрөөд баруун 4 зам  орох гэж байхад цагдаа  нар машиныг нь зогсоогоод багажийг нь онгойлгуулж бид нарыг гаргасан. Тэгээд цагдаа дээр ирсэн. Анхаа өөр нэг бандитай чатаар холбогдож байгаад Хонгороог хорооллын эцэст байна гэдгийг мэдэж авчирсан байсан. ...Маш их гомдолтой байна зодуулсандаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/

“... А-Хонгороогийн төрсөн эгч гэсэн. Бямбаа гэдэг эгч тэр өдөр машин бариад явж байсан. А-эгчийн найз гэсэн. Тэр өдөр А-эгч миний үснээс зулгааж баруун гуя руу хэдэн удаа өшиглөсөн. Бямбаа гэгч нь миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. ...Би тэр хүмүүсээс эмчилгээний мөнгөө гаргуулан авмаар байна. Эмч намайг цаашид үзүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Толгойны зураг авхуулахад 120.000 төгрөг гэсэн. Бас эм авч уугаарай гэсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

“Намайг Б-, А-хоёр зодсон. Би А-гэх эгчтэй андуурсан байна лээ. Одко гэх эгч намайг зодоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3557 дугаартай:

“1. Х.А-гийн биед дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

М.А-гийн яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 10 цагт дүү Хонгорзулыг хайх гээд гэрээсээ ээж, найз охин Б- нарын хамт гарсан. ...Тэгэхээр нь буцаад 32 руу очиход Х.А-гэдэг охин ирсэн байсан бөгөөд бид нарыг хараад зугтаагаад 00 руу орчихоор нь араас нь очиж аваад машин руу чихээд суулгасан. Тэгснээ А-нь Ариунзаяа руу “чи дүүг нь олж өгөөч” гээд орилсон. Тэгэхээр нь би түүний гар руу цохиод дуугүй бол гэчихээд цааш дүүгээ хайгаад явсан. ... Ингэж явсаар байгаад шөнө 01 цагийн орчим Хорооллын Рич хотел гэсэн буудлаас дүүгээ олж авсан. Би 32 тойргийн тэнд Зоригоогийн ажлын гадаа байхдаа Х.А-гийн гар руу нэг удаа цохисон. Дараа нь Модны 2-ын автобусны буудлын орчимд байсан зочид буудлын гадаа баруун хөл гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Б- Гэмтлийн эмнэлгийн тэр хавьд Х.А-гийн толгой руу гараараа цохисон. Мөн тэр хавьд байхад машины багажинд хөл гуя руу нь хэд хэдэн удаа жийсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч М.А-, Б.Б- нар бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.А-г зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажилллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Х.А-нь “ Хандмаа овогтой А-миний бие 2018 оны 04 дүгээр сарын 22 эмчилгээний зардал болох 120.000 төгрөгийг авсан. Одоо гомдол санал байхгүй ээ. Эвлэрсэн. Шүүх хуралд орох шаардлага байхгүй. ..Х.А-” гэсэн /хэргийн 79 дүгээр хуудас/ хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.А-, Б.Б- нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч М.А-, Б.Б- нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч  нарын ажил эрхэлээгүй байдал, цаашид орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мэндсайханы А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 Боржигон овогт Батцэнгэлийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.А-, Б.Б- нар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А-, Б.Б- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.А-, Б.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хандмаа насанд хүрээгүй хохирогч Х.А-д учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.А-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ