Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00856

 

хам 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 0 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК-д холбогдох, гэрээнээс учирсан хохирол 3,294,453,674 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б , Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж , Г.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Э ХХК нь Эц ХК-тай 2011 оны 11 сарын 29-ний өдөр Эц ХК-ийн 8,000 га газарт тариалангийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Эц ХК нь өөрийн тариалалтын газар, тариалан эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн боловсон хүчин, ажилчдыг хариуцах, Э ХХК нь шаардлагатай эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн борлуулалтыг хариуцахаар тус тус тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхээр Э ХХК нь 2012 оны 05 сарын 23-ны өдөр тухайн үеийн В ХХК-тай 0 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний гол нөхцөл нь түрээслүүлэгч нь түрээсийн хугацааны турш ажиллах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй тоног төхөөрөмжүүдийг түрээслэгчид шилжүүлэх, түрээслэгч нь газар тариалангийн үйл ажиллагаандаа тухайн тоног төхөөрөмжүүдийг ашиглан ашиг олж, төлбөрийг төлж барагдуулах зорилготой байсан. Тус 0 тоот гэрээгээр худалдагч В ХХК нь трактор, хор шүршигч, үрлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүлээж авсан. Э ХХК нь гэрээний төлбөрт нийт 1,884,998,456.89 төгрөгийн төлбөр төлөх үүргийг хүлээж, гэрээний явцад 50 орчим хувийн төлөлт хийгдсэн байдаг. Гэтэл худалдагч В ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн бөгөөд үүнээс үүдэн манай компани Эц ХК-ны өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж цаашид биелүүлэх боломжгүй болсон ба 2016 онд арбитрт хандсан. Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр В ХХК гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоосон.В ХХК-ийн нийлүүлсэн трактор, үрлэгч, хор шүршигч зэрэг тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрийн гэмтэл, доголдол, техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан 2012-2016 онуудад ургац алдсан байдаг. Эц ХК нь Э ХХК-д холбогдуулан 2012-2016 оны хооронд тариалалтын шууд зардал /түлш, үр, бордоо, ажилчдын цалин хөлс зэрэг/ болох 1,847,639,351 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд хандаж нэхэмжилсэн бөгөөд талууд тариалалтад зориулагдсан шууд зардлаас 357,548,293 төгрөгийг хасч, үлдэх 1,524,918,844 төгрөгийг Э ХХК нь Эц ХК-д төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 2955 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Түүнчлэн Эц ХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э ХХК-д холбогдуулан 2012-2016 онуудад олж болох байсан орлогыг тооцон өөрт ногдох 50 хувь болох 1,018,993,844 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 2955 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. ИйнхүүВ ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж Э ХХК нь Эц ХК-д нийт 1,524,918,844+1,018,993,844=2,543,912,688 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлж их хэмжээний хохирол амссан. ХэрэвВ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байсан бол Э ХХК нь Эц ХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчихгүйгээр үл барам харилцан ашигтай ажиллаж 2013-2016 оны хооронд нийт 750,540,986 төгрөгийн орлого олох ёстой байсан. Иймд хариуцагчаас гэрээний шууд хохирол 2,543,912,688 төгрөг, 2013-2016 оны хооронд олох ёстой байсан орлого 750,540,986 төгрөг, нийт 3,294,453,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Э ХХК нь 2012 оны 02 сарын 29-ний өдөр хуучнаар В ХХК-тай 0 тоот Худалдах, худалдан авах ерөнхий гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр худалдагч В ХХК нь нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлэх, Э ХХК нь урьдчилгааг төлж, үлдэх төлбөрийг Ва ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах замаар Э ХХК-д санхүүжилт олгохоор талууд харилцан тохиролцсон байдаг. Иймээс Ва ХХК нь Э ХХК-тай 2012 оны 05 сарын 23-ны өдөр 0 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж тус гэрээгээр нийт 1,146,777,404.92 төгрөгийн үнэ бүхий үрлэгч, трактор, хор шүршигч гэх эд хөрөнгийг түрээслүүлж, түрээслэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг түрээслэгч шилжүүлэн авахаар талууд харилцан тохиролцсон. Мөн 2013 оны 07 сарын 31-ний өдөр 0 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээгээр нийт 1,071,000,420.50 төгрөгийн үнэ бүхий ангилан хадагч, комбайн, шактыг Э ХХК-д түрээслүүлэх, түрээслэгч тодорхой хугацаанд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх авахаар тус тус тохиролцсон байна. Э ХХК гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж чадахгүй, удаа дараа хүсэлт өгдөг. Э ХХК үрлэгчийг доголдолтой гэх санал хүсэлт гаргаад, бид хүлээж аваад, үрлэгчид төлсөн 85,000,000 төгрөгийг үлдэх төлбөрт шингээж өгөөд нийт 5 төрлийн тоног төхөөрөмж өгсөн. 2012-2015 онуудад удаа дараа төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасныг манай компани хүлээж аваад нэмэлт гэрээ үйлдээд, төлбөрийн нөхцөлийг хойшлуулах, хугацаа сунгах байдлаар харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан. Түрээслэгч гэрээний төлбөрөө хугацаандаа төлөхгүй хойшлуулаад, сүүлдээ зохиомол гэрээ үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар шүүхэд 3, 4 удаа нэхэмжлэл гаргаснаас нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болоод буй 2012 оны 05 сарын 23-ны өдрийн 0 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-нээс үүссэн маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01953 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 0 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/000 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б ХХК /хуучнаарВ ХХК/-аас шаардаад буй олох байсан орлого гэх маргааныг Арбитрын 145 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-ийн нийлүүлсэн трактор, үрлэгч, хор шүршигч зэрэг тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрийн гэмтэл, доголдол, техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан 2012-2016 онуудад ургац алдсан.. хэмээн тайлбарлан хохирол нэхэмжилж байх боловч ургац алдсан шалтгаан нь Б ХХК-аас шалтгаалаагүй болох нь Э ХХК-аасВ ХХК-д ирүүлж байсан албан бичгүүдээр тогтоогдоно. Албан бичгүүдэд Харамсалтай нь бид энэ жил технологийн алдаа хийж үр буруу сонгосноос ургац алдаж бүтэлгүйтлээ, Манай компани ч өөрийн үржил шимтэй газраа 2015 оны 04 сард л шүүхийн шийдвэрээр авсан бөгөөд 2015 онд уринш хийж энэ жил л зүй ёсоор тариалалт хийх боломжтой болсон. Өнгөрсөн жилүүдэд муу газар тариалж ургац хурааж чадаагүйгээс төлбөрийн чадваргүй, төлбөр төлөх боломжгүй болоод байна гэж дурдагдсан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримт болон 2021 оны 12 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын хэлсэн тайлбараар Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.О нь Б ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Эц ХК-д 2,543,912,688 төгрөгийн хохирол төлсөн гэх боловч тус хоёр хуулийн этгээдийн эзэн нь Г.О гэдэг нь тогтоогдсон. Эц ХК болон Э ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Г.О өөрийн өмчлөлийн хоёр хуулийн этгээдийн нэрийг ашиглан Эц ХК-аар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргуулж нэг хэрэг дээр эвлэрч, нөгөө хэрэг дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байдлаар шийдвэр гаргуулж тухайн захирамж, шийдвэрийг үндэслэн хариуцагч Б ХХК-аас 2,543,912,688 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасныг зөрчсөн байна. Э ХХК-аас хариуцагч хуулийн этгээдэд ирүүлж байсан албан бичгүүдээр Э ХХК 2012-2016 онуудад газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж санхүүгийн хувьд хохирсон гэх явдалд хариуцагчийн буруугаас болсон, Эц ХК-д шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрээр төлбөр төлсөн нь хариуцагч Б ХХК-тай шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 145 дугаартай шийдвэрийн хоёр дахь хэсгийн А-д Г.О миний бие өөрийн өмчлөлийн Эц ХК-д дээрх тоног төхөөрөмжүүдийг авч ХАА газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хүсч анх В ХХК-д хандсан боловч тэд санхүүгийн түрээсээр тоног төхөөрөмжүүдийг худалдах тул үл хөдлөх эд хөрөнгөтэй барьцаа бүхий өөрийн чинь өмчлөлийн Э ХХК дээр гэрээ хийнэ гэсний дагуу бид байгуулсан. Бид Эц ХК дээрээ тоног төхөөрөмжүүдийг шилжүүлэн одоо болтол хэрэглэж, ашиглаж байна гэсэн Э ХХК, Эц ХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Г.О тайлбарласан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний баталгаат хугацаа дууссан бөгөөд Э ХХК-ийн Санхүүгийн түрээсийн гэрээгээр нийлүүлсэн тоног төхөөрөмж болох Air till drill загварын үрлэгч нь гэмтэлтэй гэх гомдлыг түрээслүүлэгчийн зүгээс хүлээн авч 2013 оны 07 сарын 26-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж тус тоног төхөөрөмжийг түрээслүүлэгчийн зүгээс буцаан авч түрээслэгчийн тус тоног төхөөрөмжид төлсөн 85,694,700 төгрөгийг 2012 оны 05 сарын 23-ны өдөр 0 тоот Санхүүгийн гэрээ-ний дагуу бусад техникүүдийн төлбөрт суутган тооцсон байдаг. Үүнээс хойш нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан тоног төхөөрөмжтэй холбоотойгоор ямар нэг гомдол шаардлага гаргаж байгаагүй. Э ХХК нь дээрх Санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Учир нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарах юм. Иймд дээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардал, олох байсан орлого 3,294,453,674 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,630,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.а. Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр В ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, үйлдвэрийн доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлсэн болохыг тогтоож, хохирол үр дагавраа жич нэхэмжлэх эртэй гэж шийдсэн нь хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэр гаргахдаа Арбитр хөндлөнгийн шинжээч томилж техникийн шинжээчид нь доголдлыг тогтоож, агро технологийн шинжээчид нь эвдрэлтэй тоног төхөөрөмжөөр тариалалт хийж ургац авах боломжгүйг тогтоосон.

4.б. 2019 оны 07 сарын 03-ны өдрийн анхан шатны шүүхийн 0 дугаар шийдвэр, 2019 оны 10 сарын 23-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 0 дугаар магадлал, 2021 оны 05 сарын 13-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 0 дугаар тогтоолоор 0 тоот гэрээгээр нийлүүлсэн үйлдвэрийн доголдолтой тоног төхөөрөмжүүдийг В ХХК-д буцааж, төлбөрт өгсөн 367,294,951 төгрөгийг Э ХХК-д олгуулах шийдвэр гаргасан боловч 0 тоот гэрээгээр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнэ, нэмэгдүүлсэн хүү, алданги болох 1,267,469,967.06 төгрөгийг В ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү 0 , 0 тоот гэрээнүүдээр нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь нэг иж бүрдэл бөгөөд нэг нь нөгөөгүйгээр ашиглах боломжгүй байхад шүүх Э XXК-д эвдрэлтэй тоног төхөөрөмжийн дагалдал буюу ашиглах боломжгүй тоног төхөөрөмжүүдийн нэмэгдүүлсэн хүү, алданги төлөх шийдвэр гаргаж биднийг давхар хохироосон. Өнөөдрийн байдлаар бид В ХХК-д 800,000,000 гаруй төгрөгийн өртэй байна.

4.в. Э ХХК нь 2011 оны 11 сарын 29-ний өдрийн 2011/01 тоот хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Эц ХК-д бодитоор учирсан хохиролд 1,524,918,844 төгрөг, түүнчлэн хэрэв гэрээний үүргээ зөрчөөгүй байсан бол дээрх хамтран ажиллах гэрээний дагуу 2 компанийн нийт олох ёстой байсан орлогын 50 хувь болох 1,018,993,844 төгрөг, нийт 2,543,912,688 төгрөгийг хамтран ажиллах гэрээгээ дүгнэж, тооцоо нийлсэн акт болон 2 компанийн 2013-2016 оны хоорондох ажлын төлөвлөгөө, холбогдох байгууллагуудын дүгнэлт зэргийг үндэслэн эвлэрлийн байдлаар шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 0, мөн шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр Эц ХК-д төлж барагдуулахаар болсон бөгөөд Э ХХК нь уг шийдвэрүүдийн дагуу дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

4.г. Э ХХК нь газар тариалангийн бизнес эрхэлдэггүй, шүүхэд газар тариалан эрхэлсэн гэх санхүүгийн нотлох баримт өгөх боломжгүй бөгөөд анхнаасаа Эц ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж Б ХХК-аас тоног төхөөрөмж авч Эц ХК-д өгч үйл ажиллагаагаа хамтран явуулсан боловч тоног төхөөрөмжийн доголдлоос шалтгаалан хоёр компани хоёулаа дампуурсан. Мөн 2012 оны шууд гарсан зардал болон олж болох ашиг нэхэмжилснийг Эц ХК-ийн зардлын баримтууд байна гээд гуравдагч компанийн санхүүгийн баримтыг нотлох баримт гэж үзэхгүй гэж Арбитр хүчингүй болгосон. Хариуцагч Б ХХК нь Э ХХК-тай байгуулсан 2012 оны 05 сарын 23-ны өдрийн 0 тоот санхүүгийн түрээсийн гэрээний дагуу биет байдлын болоод үйлдвэрийн алдаа, доголдолгүй тоног төхөөрөмжийг Э ХХК-д худалдан борлуулсан бол манай компани нь Эц ХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ бүрэн биелүүлэх боломжтой байсан төдийгүй улмаар 2013-2016 оны хооронд нийт 750,540,986 төгрөгийн орлого олох ёстой байсан. Ийнхүү хариуцагч Б ХХК нь Э ХХК-д 2012 оны 05 сарын 23-ны өдрийн 0 тоот санхүүгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйлдвэрийн болон биет байдлын доголдолтой тоног төхөөрөмжийг нийлүүлснээс үүдэж Э ХХК нь бусдын өмнө их хэмжээний хохирол хариуцсан бөгөөд түүнчлэн тоног төхөөрөмжүүдээ ашиглан үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүйн улмаас ашиг олж чадаагүй.

4.д. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талд бодитоор учирсан хохирлыг тодорхойлж буй Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 0, мөн шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 0дугаар шийдвэрээр тогтоогдож, үүний дагуу төлбөр хийгдсэн нь Э ХХК-ийн санхүүгийн тайлангаар баталгаажсан үйл баримтыг ...нотлох баримтаар тогтоогдсон эсэх нь тодорхойгүй..." хэмээн дүгнэж байгаа нь хуулийн заалтыг 2 өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК-д бодитоор учирсан хохирол буюу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг нотлох баримтаар үнэлэлгүй, илтэд үгүйсгэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.е. Анхан шатны шүүх ...Эц ХК-аас гарсан зардлыг санхүүгийн баримтгүйгээр тооцож, олох ёстой байсан орлогыг тодорхойлсон. Худалдан авсан тоног төхөөрөмж нь 2012-2016 оны хооронд ашигласан буюу элэгдсэн байхад тухайн зардлыг нягтлан бодох бүртгэлийн дагуу тайлан балансдаа тусгаж баталгаажуулаагүй, гарсан зардлыг хасч тооцоогүй, түүнчлэн Эц ХК-аас гарсан зардал нь санхүүгийн баримтаар тогтоогдоогүй... гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч Э ХХК нь гэрээгээр авсан тоног төхөөрөмжүүдийн элэгдэл хорогдлыг баталгаажуулах, улмаар гарсан зардлыг Эц ХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 11 сарын 29-ний өдрийн 2011/01 тоот хамтран ажиллах гэрээний улмаас Эц ХК-д учирсан хохирлоос хасч тооцох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Э ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээгээр худалдаж авсан төхөөрөмжүүдээс үйлдвэрийн доголдолтой 3 ширхэг тоног төхөөрөмжийг хариуцагч Б ХХК-д буцаан шилжүүлж тус гэрээний урьдчилгаа төлбөрөө буцаан авахаар, мөн үлдсэн 5 тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг Б ХХК-д гүйцээж төлснөөр үлдсэн 5 тоног төхөөрөмжүүд нь Э ХХК-ийн өмчлөлд шилжихээр 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Тоног төхөөрөмжүүдийн гурвыг буцаан өгч таван тоног төхөөрөмж үлдсэн боловч одоо ч Э ХХК-ийн өмчлөлд биет байдлаар өмчлөх эрх шилжээгүй байхад тоног төхөөрөмжүүдийн элэгдэл, хорогдол зэргийг Э ХХК тооцож улмаар Эц ХК-ийн санхүүгийн баримтад тусгуулах, мөн учирсан бодит хохирлоос хасч тооцох үндэслэлгүй юм.

4.ё. Анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 0, мөн шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр шийдэгдсэн хэргүүдийн хавтаст хэрэгт байгаа Эц ХК-ийн тариалалттай холбоотой санхүүгийн бүх баримтуудыг татуулан үзэж, шаардлагатай бол шинжээч томилуулж шинжлэн судлуулах бүрэн боломжтой байсан боловч хэрэгжүүлээгүй. Энэ нь хариуцагчид ч хамааралтай юм. Мөн Эц ХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд тус компаниас гарсан шууд зардал болон санхүүгийн баримтууд нь тодорхой байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 12 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Эц ХК-ийн 2019 оны санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагаас гаргуулахаар хүсэлт гаргаж байсныг шүүх ...хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзэхгүй... хэмээн дүгнэж, уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...Эц ХК-аас гарсан зардал нь санхүүгийн баримтаар тогтоогдоогүй.... гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

4.ж. Анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, түүнчлэн хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч талыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.М , хариуцагчийн өмгөөлөгчөөр Г.Ж , Г.О нар оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д ...иргэний хэрэг үүсгэсний дараа шүүгч хүлээх үүрэг, эдлэх эрхийг нь тайлбарлаж өгнө... гэж заасан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт ...Шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна... гэж тус тус заасан. Гэтэл тус хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон Г.Ж т хуульд заасан эдлэх эрх, үүргийг тайлбарлаагүй, нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар танилцуулаагүй байна. Түүнчлэн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 102/Ш32021/00393 дугаар шүүгчийн захирамжид хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргасныг хууль бус бүрэлдэхүүнээр 2 удаа шийдвэрлэсэн зэрэг хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний улмаас учирсан хохирол 2,543,912,688 төгрөг, олох ёстой байсан ашиг 750,540,986 төгрөг, нийт 3,294,453,674 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч 2012 оны 05 сарын 23-ны өдрийн 0 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биет байдлын доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлсэн, үүний улмаас 2012-2016 онуудад ургац алдаж хохирсон, Эц ХК-ийн өмнө хүлээсэн Хамтран ажиллах гэрээ-ний үүргээ биелүүлж чадаагүй, улмаар шүүхийн захирамж, шийдвэрийн дагуу Эц ХК-д нийт 2,543,912,688 төгрөгийг төлөх үүргийг хүлээж төлсөн, хэрэв хариуцагч биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмж нийлүүлсэн бол 2013-2016 онуудад 750,540,986 төгрөгийн ашиг олох ёстой байсан... гэх агуулгаар тайлбарлажээ. /1хх 1-3/

 

3.   Дээрх шаардлагыг хариуцагч Б ХХК бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...шүүхийн шийдвэрээр талууд 2012 оны 0 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-нээс татгалзсаныг баталж, үр дагаврыг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч өмнө нь олох ёстой байсан орлого нэхэмжилснийг арбитраас хэрэгсэхгүй болгосон, нэгдмэл ашиг сонирхолтой хоёр хуулийн этгээд шүүхэд хандаж захирамж, шийдвэр гаргуулж, улмаар хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй, ургац алдсан нь хариуцагчаас шалтгаалаагүй болох нь тухайн үед хариуцагчид хандаж байсан Э ХХК-ийн албан бичгүүдээр тогтоогдоно, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэх агуулгаар тайлбарлан маргажээ. /2хх 158-166/

 

4.   Ва ХХК, Э ХХК нар 2012 оны 05 сарын 23-ны өдөр 0 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь нийт 1,146,777,404.92 төгрөгийн үнэ бүхий үрлэгч машин /Amity Air Till Drill-18m/, трактор /Challenger MT965C-530HP/, хор шүршигч /Spra Coupe SC4660/ зэрэг тоног төхөөрөмжийг түрээслэгчид шилжүүлэх, түрээслэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу түрээсийн төлбөрийг хүүгийн хамтаар төлж барагдуулах /55 сарын хугацаанд, жилийн 9.0% хүүтэйгээр/, түрээслэгч нь гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 177-182/

0 регистрийн дугаартайВ ХХК нь 2018 оны 04 сарын 16-ны өдөр Ва ХХК-ийг нэгтгэсэн, 2021 оны 01 сарын 27-ны өдөр оноосон нэрээ Б ХХК болгон өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнд хийгдсэн тэмдэглэгээгээр тогтоогдсон. /1хх 210-211/

 

5.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд В ХХК-аас нийлүүлсэн үрлэгч машин /Amity Air Till Drill-18m/, трактор /MT965C/, хор шүршигч /Spra coupe SC4660/ зэрэг тоног төхөөрөмжүүд үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу байсан нь Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр тогтоогдсон /1хх 36-66/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/09162 дугаар захирамжаар хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохирол гэж Эц ХХК-ийн нэхэмжилсэн 1,524,918,844 төгрөгийг Э ХХК төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталсан /1хх 67-69/, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр олох ёстой байсан орлого гэж Эц ХК-ийн нэхэмжилсэн 1,018,993,844 төгрөгийг Э ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн /1хх 70-78/ зэрэг үйл баримтуудыг зөв тогтоож, Э ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу буруутай этгээдээс учирсан хохирол, олох ёстой байсан орлогоо шаардах эрхтэй гэж нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлжээ.

 

6.   Түүнчлэн анхан шатны шүүхээс дээр дурдсан шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрт тусгагдсан дүнг /1,524,918,844 төгрөг, 1,018,993,844/ шууд гарсан зардал хэмээн хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй гэж, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургууль, Агроэкологийн сургуулиас тус тус гаргасан Нэмэлт тодруулга гэх баримтад тоног төхөөрөмжийн доголдол нь ургац алдалтад 100 хувь нөлөөлөх талаар тодорхойлоогүй гэж, Amity Air Till Drill үрлэгчийг 2013 онд доголдолтой хэмээн буцаасан, уг үрлэгчийг 2013-2016 онд ашиглаагүй атлаа ургац алдалтыг 100 хувь тоног төхөөрөмжөөс болсон хэмээн хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж, 2013-2015 оны ургац хураалт алдсан шалтгаан нь хариуцагчаас доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй холбоогүй болох нь нэхэмжлэгчийн албан бичгүүдээр тогтоогдсон гэж тус тус дүгнэснийг буруутгах боломжгүй, улмаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн гэж үзнэ. Тодруулбал:

6.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/09162 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр Эц ХК, Э ХХК нарын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн, эдгээр маргаанд Б ХХК оролцоогүй. /1хх 67-69, 70-78/

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт-ыг маргааны талууд болох Эц ХК, Э ХХК нарт хамааруулан ойлгох бөгөөд харин Б ХХК-ийн хувьд нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй.

6.б. Өмнө дурдсан шүүгчийн захирамжид тусгагдсан Эц ХК, Э ХХК нарын эвлэрсэн дүн болох 1,524,918,844 төгрөг, шүүхийн шийдвэрт тусгагдсан Эрхэттрэйд ХХК-ийн хүлээн зөвшөөрсөн дүн болох 1,018,993,844 төгрөгийг нэхэмжлэгч талд учирсан хохирол гэж шууд эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй. /1хх 67-69, 70-78/

Иймд нэхэмжлэгч Э ХХК нь шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрт тусгагдсан дүнг өөрт учирсан хохирол гэж хариуцагч Б ХХК-аас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

6.в. Хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-гаар нэхэмжлэгч Э ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.О нь хамтран ажилласан гэх Эц ХК-ийн үүсгэн байгуулагч, 51%-ийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдсон. /2хх 3-4, 5-6/

Иймд нэгдмэл ашиг сонирхолтой хоёр хуулийн этгээд шүүхэд хандаж захирамж, шийдвэр гаргуулж, улмаар хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзлыг буруутгах үндэслэлгүй.

6.г. Э ХХК-аас Ва ХХК-д хаяглаж 2013-2016 онуудад явуулсан албан бичгүүдэд ...Харамсалтай нь бид энэ жил технологийн алдаа хийж үр буруу сонгосноос ургац алдаж бүтэлгүйтлээ. ...Гэсэн ч бидний тарьсан рапс, эмийн ургамал зэрэг тарималууд амжилттай сайн ургасан..., ...Манай хамтран ажилладаг Эц ХК-ийн газар эзэмших эрхийг Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын... захирамжуудаар хүчингүй болгон тус сумын Засаг даргын... албан бичгээр манай компанид мэдэгдэл хүргүүлээд байна. ...Дээрх Засаг даргын хууль бус захирамжийг бид эсэргүүцэн Дорнод аймгийн шүүхэд зарга мэдүүлээд байгаа... Бид шүүхийн шийдвэрийг харахаас өөр аргагүй болоод байна..., ...Өнгөрсөн жилүүдийн хүндрэлтэй байдлуудаас шалтгаалан бид төлбөрийн үүргээ биелүүлээгүйдээ маш их харамсаж байна..., ...Манай компани өөрийн үржил шимтэй газраа 2015 оны 04 сард л шүүхийн шийдвэрээр авсан бөгөөд 2015 онд уринш хийж энэ жил л зүй ёсоор тариалалт хийх боломжтой болсон. Өнгөрсөн жилүүдэд муу газар тариалж ургац хурааж чадаагүйгээс... /2хх 171, 172, 173, 175/ гэж тус тус дурдсанаас дүгнэхэд 2013-2016 онуудад ургац алдсан, олох ёстой байсан ашигаа алдсан зэрэг шалтгаан нь хариуцагч компаниас нийлүүлсэн тоног төхөөрөмжийн доголдлоос шалтгаалсан гэж үзэхээргүй байна.

 

7.   Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь талууд 2012 оны 05 сарын 23-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ-г 55 сарын хугацаагаар байгуулсан, уг хугацааны дотор буюу 2016 оны 11 сарын 06-ны өдөр Э ХХК ньВ ХХК-д холбогдуулан Арбитрт нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Арбитр 2018 оны 05 сарын 25-ны өдөр 145 дугаар шийдвэр гаргах хүртэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилж, улмаар Арбитрын шийдвэр гарсан дээрх хугацаанаас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 05 сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна. /1хх 36-66/

 

8.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

8.а. 2022 оны 02 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж оролцсон байх ба шүүх хуралдаан даргалагч шүүгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болох нь холбогдох шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. /2хх 189/

8.б. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж нь түүнд эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй. Хариуцагч талд хамаарах дээрх үндэслэлээр нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

8.в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай нь холбогдуулан өөрт нь нөлөөлсөн гэж үзвэл шүүгч хуульд зааснаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй ба шүүгч ийнхүү нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

8.г. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 0 дугаар захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч М.Баясгаланг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Ариунаа, Ч.Батчимэг нарыг томилж, гомдлыг 2021 оны 11 сарын 24-ний өдөр Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч А.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцсэн болох нь тогтоогдож байх боловч /1хх 158, 167-168/ энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй байхаас гадна гомдол хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн хариуцагч Б ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Э ХХК-ийн хүсэлтийн дагуу хариуцагч Б ХХК-д холбогдуулан авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талын эрх ашгийг хөндөөгүй. /1хх 131-132/

 

9.   Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 16,630,220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.НЯМБАЗАР