| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0862/Э |
| Дугаар | 907 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Прокурор Э.Ундраххэрлэн,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1706025121024 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан цахилгаан станцын хажууд байрлах нийтийн байранд хохирогч Г.Адъяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706025121024 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Т.Б нь хохирогч Г.Адъяагийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Адъяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би ажлаа тараад найзуудтайгаа караокед ороод сууцгаасан. Тэр үед манай найзын дүү Б надруу залгаад танай гэрт очоод нэг юм уучихья гэхээр нь тэг тэг гэж хэлээд караокед байж байгаад орой 21 цагийн үед дэлгүүрээс идэж уух юм аваад Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Амгалан цахилгаан станцын хажууд байх нийтийн байранд очсон. Намайг гэртээ ирэхэд Б хоёр найзтайгаа архи уугаад сууцгааж байсан. Б мөнгө байна уу архи аваад өг гэхээр нь би байхгүй албатай юу гэхэд чи өөрөө караокед сууж байгаад ирээ биздээ гээд газар байсан тавагтай идээ цацаж босч ирээд миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад цохихоор нь би зугтаж хажуу айлруу ортол араас хөөж ирээд намайг чирч гаргаад заамдаж байгаад миний баруун нүд рүү гараараа цохьсон. Тэгээд найз нь ирж салгахаар нь би гэртээ ороод цагдаа дуудсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 43 дүгаар хуудас/,
Гэрч Г.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...би гарч 00 орчихоод орж ирэхэд Адъяа Б хоёр барилцаад авчихсан хэрэлдээд нэг нэгнийгээ цохих гээд байгаа бололтой зогсож байхаар нь би тэр хоёрыг салгаад Бийг аваад гэрээс нь гараад гадаа байж байгаад эргээд орсон. Адъяагийн зүүн нүд орчим хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн №12376 дугаартай:
Г.Адъяагийн биед баруун дээд зовхи, баруун хацар шанаа дух, зүүн хацар эрүүний булан хүзүүний зүүн хажуу хэсгийн 10х1,5см цус хуралт, зүүн чихний дэлбээн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 09 сарын 28-ны өдөр ажил тараад хамт ажилдаг Гэрэлхүүгийн Гантулга гэдэг залуутай хамт 0,75 литрийн нэг шил Хараа архи, нэг ундаа аваад Адъяагийн гэрт нь очиход хүнгүй байсан. Гэрийхэн нэг түлхүүр над байдаг байсан учир би онгойлгож ороод Адъяалуу хоол унд яах юм гэж залгасан чинь би одоо очлоо гэсэн. Гантулга бид хоёр Адъяагийн гэт 18 цагийн орчим очоод бид хоёрыг ирсэнээс хойш нэг цаг гарангийн дараа Адъяа халамцуу байдалтай талх хиам авчирсан. Тэгээд Адъяаг ирэх хооронд Гантулга бид хоёр авчирсан архиа уугаад дууссан байсан. Тэгээд дахин нэг шил архи авч ууцгаасан. Чухам хэн авчирсаныг би санахгүй байна. Адъяа хиам талх зүсээд архи уугаагүй. Тэгээд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Адъяа бид хоёр маргалдаал би тавагтай хиам талхыг Адъяагийн сууж байгаа зүгрүү шидсэн. Чухам Адъяаг оносон үгүйг нь би мэдээгүй. Тэгсэн манай найз Гантулга намайг тэврээд авхад Адъяа ирээд миний толгойруу гараараа алгадсан. Тэгээд чухам юу болсоныг мэдэхгүй байна. Адъяа хажуу айлруу орхоор нь би хойноос нь гарч айлаас дагуулан гарч ирээд зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохиод Адъяа нүүрээ дараад доошоо суухаар нь би эргээд гэр лүү нь орсон гэсэн. Гантулга тухайн үед Адъяагийн байсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 8-9/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 45-46/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Т.Бийн иргэн Г.Адъяагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгч Т.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэснийг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ