Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 433

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч С.С-,

шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Балхай овогт Сүхбаатарын С-, Боржин овогт Бямбадоржийн М- нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805021760433 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол ..............гудамж ..........байрны ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Балхай овогт Сүхбаатарын С-

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................ресторанд зөөгч ажилтай, ам бүл 3, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо ....................байрны ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржин овогт Бямбадоржийн М-

 

Шүүгдэгч С.С-, Б.М- нар нь 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс  15-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуугаар бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж Н.Золжаргалыг хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаанд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол учруулж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С.С-мэдүүлэхдээ: “Тухайн үед М- бид хоёр хохирогчийн ардаас нь дагаж яваагүй ба хажуугаар хохирогч эхнэртэйгээ хамт зөрж өнгөрч байсан. Хохирогч эхнэртэйгээ хамт согтуу хажуугаар зөрөхдөө эхлээд М-ийг өшиглөсөн. Тэгээд болиоч гэхэд “мангар бацаанууд, ийм орой гэртээ хариач” гэсэн. М- бид хоёр машины хойно зогсоод хувцасаа сольж байгаад аркаар гарахад нөгөө хоёр орцны үүдэнд сууж байгаад биднийг хэл амаар доромжилсон. Тэгээд хажуугаар нь гарахад араас эрэгтэй нь ирээд миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь өөдөөс нь 2-3 удаа цохиод түлхсэн. Араас нь ирээд М- ирээд цохисон. Тэгтэл нөгөө залуу биднийг сүрдүүлээд хүн дуудна гээд байхаар нь би өөрөө цагдаагийн газар дагуулж очсон. М- бид хоёр тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид хоёрын нэг нь оюутан, нөгөө нь ажил хийдэг учраас хохирогчийн үлдсэн 1.000.000 төгрөгийг өгөх боломжгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.М- мэдүүлэхдээ: “Хохирогчийн нэхэмжилсэн 2.350.000 төгрөгөөс 1.350.000 төгрөгийг түүний эмчилгээний төлбөрт өгсөн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг арай өгөөгүй байна. Хэргийн хувьд хохирогчийг дагаж явсан зүйл байхгүй. Бид хоёрыг хувцсаа сольж байхад хажуугаар зөрсөн. Тэгээд аркаар гарахад эхнэр нь “дүү нар орой явж байгаа юм биш үү, харьцгаа” гэх зэрэг зүйл ярьсан. Бид хоёр хажуугаар нь гарахдаа “дуугүй бай” гэхэд нөхөр нь “бацаанууд юу гээд байгаа юм бэ” гээд араас ирээд зодолдсон. Тэгээд бид нартай хамт цагдаагийн газар очсон” гэв.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч С.С-, Б.М- нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүгдэгч С.С-, Б.М- нарын үйлдэлд нийтээр дагаж мөрдөж аливаа дүрэм, журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж тэдгээрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч С.С-, Б.М- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч “Н.Золжаргалын “2018 оны 04 дүгээр сарын 14-15 шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэртээ орох гээд явж байтал гурван залуу хажууд явж байсан. Нэг нь эхнэр бид хоёрыг дагаад яваад байх шиг байсан. Яагаад дагаад байгаа юм бэ цаашаа яв гэж хэлсэн чинь хоёр залуу гарч ирээд заамдаж аваад нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд эхнэр шууд цагдаа дуудсан. Заамдаж аваад нүүр рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. ...С-, М- хоёр зодсон. ... Эмчилгээний зардал 2.350.000 төгрөг болно гэж 3 дугаар эмнэлгийн эмч хэлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлаа, мөн гэрээт ажлын хөлсөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

Гэрч Ч.Мөнхсүрэнгийн “2018 оны 04 дүгээр сарын 14-15 шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэртээ орох гээд нөхөр Золжаргалын хамт явж байтал гурван  залуу хажууд явж байсан. Нэг нь нөхөр бид хоёрыг дагаад яваад байх шиг байсан. Чи цаашаа явалдаа ямар төвөгтэй юм бэ гэж хэлсэн чинь хаанаас ч юм бүү мэд хоёр залуу нэмэгдээд гурвуулаа болоод нөхрийг барьж аваад зодсон. Нөхрийн баруун талын нүднээс цус гараад байсан ба айгаад шууд цагдаа дуудсан. Нэг залуутай нь зууралдаж байгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ... С-, М- хоёр зодсон. Толгойноос нь үсдэж аваад доошоо дараад хөлөөрөө өшиглөсөн. Хэдэн удаа гэдгийг хараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4924 дугаартай:

“1. Н.Золжаргалын биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаанд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч С.С-ийн яллагдагчаар өгсөн “...Хүлээн зөвшөөрч байна. Баруун гараараа толгой руу нь 2-3 удаа цохисон. Хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэсэн мэдүүлэг. / хэргийн 44-45 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.М-ий яллагдагчаар өгсөн “Намайг яллагдагчаар татаж байцаалт авах гэж байгааг ойлгож мэдлээ. Би надад сонсгож байгаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна. ... Баруун гараараа толгой руу 2-3 удаа цохисон. Хүлээн зөвшөөрч байна миний буруу” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.С-, Б.М- нар бүлэглэж Н.Золжаргалыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаанд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт хохирогч Н.Золжаргалд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтууд /хэргийн 19, 20 дугаар хуудас/ авагдсан бөгөөд нийт 161.200 төгрөгийг хохирлын баримт авагдсан бөгөөд хохирогчоос ирүүлсэн баримтанд “1.350.000 /Нэг  сая гурван зуун тавин мянган/ төгрөг өгсөн. Үлдсэн хохирол нь 1.000.000 /нэг сая/ төгрөг болно. Н.Золжаргал” гэсэн  баримт /хэргийн 57 дугаар хуудас/ гэжээ.

 

Иймд шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Харин гэрээт ажлын хөлс болох 1.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа боловч энэ ажлаа гүйцэтгээгүй эсэх нь тодорхойгүй тул хохирол, хор уршигт тооцох боломжгүй тул хохирогч Н.Золжаргал нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч С.С-, Б.М- нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.С-, Б.М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Балхай овогт Сүхбаатарын С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Боржин овогт Бямбадоржийн М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.С-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Б.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С-, Б.М- нар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.С-, Б.М- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.С-, Б.М- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Н.Золжаргал нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.С-, Б.М- нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ