Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0498

 

“С х ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Д нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд “Б-У” ХХК-ийн давж заалдах гомдлоор, “С х ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38,2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С х ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн А/07 дугаар захирамжийн “С х ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд “Б-У” ХХК давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй байгаа бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд нэхэмжлэл гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хуульд нийцээгүй гэж үзэж байна.

...нэхэмжлэгч нь манай компанийн 300 га газрыг хуйвалдааны шинжтэйгээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Алтанбулаг сумын Засаг дарга захирамж гаргаж шилжүүлсэн болохыг 2018 оны 3-р сарын 15-ны өдрийн 22 тоот Прокурорын тогтоолоос олж мэдлээ гэж бичсэн байна. Энэ мэдсэн гэж байгаа нь мөн л үнэнд нийцэхгүй худлаа зүйл юм. Харин нэхэмжлэгч С.Б нь Прокурорын тогтоол гарахаас бүр өмнө 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №17/11 тоот албан бичиг бичиж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайханд хандаж манай компанийн 300 га газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн байгаа тул тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж албан бичиг өгч байсан нь хэргийн материалд авагдсан байна. Иймд С.Б нь Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22 тоот тогтоолоос газар шилжүүлснийг олж мэдлээ гэсэн нь худлаа болохыг 2017 онд өөрийн нь бичиж өгсөн дээрх баримт бичгээр нотлогдож байна.

...Мөн 2017 онд Алтанбулаг сумын Засаг даргад хандаж бичиж байсан дээр дурдсан өөрийн нь бичсэн албан бичгээс үзэхэд л гомдол нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэдэг нь батлагдаж байна.

...“С х ч” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан иргэн Д.Г нь тус компанийн 50% эзэмшдэг хүн бөгөөд энэ хүн өөрийнхөө эзэмшлийн газраа манай “Баян Ундарга” ХХК-д түрээслүүлсэн юм. Тус компанийн 50%-г эзэмшдэг С.Бд өөрийн нь эзэмшдэг газар нь хэвээрээ байгаа түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж Д.Г шүүхэд мэдүүлэг тайлбар өгсөн билээ. Мөн нэхэмжлэгч С.Б нь өөрөө 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хандаж компанийн 50% буюу 257,64 га талбайг эзэмшдэг Д.Г-д эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй, бусдад тариа тарихад зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй гэж зөвшөөрөл бичиж өгч гарын үсгээ зурсан байдаг. Энэ баримт хэргийн материалд байгаа юм. Энэ бичиг баримтыг үндэслэн Сумын Засаг дарга захирамж гаргасан байдаг. Шүүх шийдвэртээ бичихдээ “С х ч” ХХК-ийн дүрэмд С.Б, Д.Г нар оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр тэнцүү байна, мөн С.Б нь Д.Г-д 50%-н эзэмшлийн газраа эзэмших, бусдад тариа тарихыг зөвшөөрсөн эрх шилжүүлэх эрхийг олгосон баримт байна гэж бичсэн байна. Гэтэл шүүх өөрөө ингэж бичсэн атлаа энэ нь гэрээ гэж үзэхэд учир дутагдалтай байна гэж дүгнэсэнд гуравдагч этгээд би гомдолтой байна. ...шүүх шийдвэртээ түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзсэн юм. Гэтэл тухайн газрыг түрээсэлсэн иргэн Д.Г түрээсийн гэрээний талаар маргаан гаргаагүй , түрээсийн гэрээг цуцлуулах хүчингүй болгуулах тухай хэрэг маргаан биш юм. Манай “Б-У” ХХК-нь “С х ч” ХХК-ийн 50%, 50%-г эзэмшдэг хоёр гишүүний зөвшөөрлийн дагуу тус 300 га газрыг түрээсэлсэн юм. Тухайн 2015 онд өөр бусад компаниуд манай компанид хандаж олон жилээр тариалангийн газраа түрээслүүлэх санал тавьж байсан хэдий ч манай компани “С х ч” ХХК-ийн өөрсдийн нь хүсэлтийн дагуу 300 га газрыг түрээсэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор үйл ажиллагааны их зардлууд гарсан юм. Гэтэл бидний тохиролцсон, зөвшөөрлийн дагуу гарсан Засаг даргын захирамжийг олон жилийн дараа шүүх хүчингүй болгож байгаа нь манай компанийн эрх ашгийг хохироож байна. Манай “Б-У” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа талаараа шүүхэд дэлгэрэнгүй тайлбар гаргаж өгсөн байгаа билээ. Нэхэмжлэгч С.Б нь гомдол нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг илт хэтрүүлсэн байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа тул гуравдагч этгээд миний энэ гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7-р сарын 16-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01-р сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжийг хэвээр нь баталж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж, хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжаар “С х ч” ХХК-ийн эзэмшлийн “Мойлт гуу” гэх газарт байрлах газар тариалангийн 495.8 га, 19.48 га талбайн 300 га газрыг “Б-У” ХХК-д газар тариалангийн зориулалтаар 20 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлснийг нэхэмжлэгч “С х ч” ХХК-иас эс зөвшөөрч, “...хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээг үндэслэж, газрыг бусдад шилжүүлэх агуулгагүй хүсэлтийг буруу тайлбарлаж, газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж гаргасан” гэж маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэртээ тусгах ёстой.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг буюу захиргааны үйл ажиллагаанд хууль зүйн  дүгнэлт хийхгүйгээр зөвхөн түрээсийн гэрээ буюу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудлаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, газар эзэмших эрхийг шилжүүлсэн Засаг даргын үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасан журмын дагуу явагдсан эсэх, “С х ч” ХХК-ийг төлөөлж Д.Г-ээс “Б-У” ХХК-тай байгуулсан гэрээг газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ гэж үзэх эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгч байгаа этгээд нь уг газар эзэмших эрхтэй этгээд мөн эсэх, сумын Засаг даргад хандан гаргасан Б.Б-ийн болон Д.Г-ийн тодорхойлолтыг хэрхэн үзсэн болохоо шийдвэртээ тусгаагүй, үүний улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “С х ч” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр Д.Г нь тухайн компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байх ба 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар С.Б-г томилсон байна.

Харин маргаан бүхий газрыг гуравдагч этгээд “Б-У” ХХК-д түрээслүүлэх гэрээг нэхэмжлэгч “С х ч” ХХК-ийг төлөөлж захирал гэх Д.Г байгуулсан, “...ийнхүү түрээсийн гэрээ байгуулахдаа газар эзэмших эрхийг шилжүүлсэн, нэхэмжлэгч “С х ч” ХХК-ийг нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу” гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г нь гэрчээр мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүхээс энэ байдалд дүгнэлт хийгээгүй, энэ талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй байна.

Иймд анхан шатны шүүхээс дээрх түрээсийн гэрээг байгуулах үед “С х ч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Г томилогдсон байсан эсэхийг шалгах, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг авч хэрэгт хавсаргах шаардлагатай төдийгүй Д.Г-ийн эрх зүйн байдлыг тодруулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “С х ч” ХХК-ийн захирал С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад хандан “...тус компанийн эзэмшлийн 500 га талбайгаас 360 га газрыг бусдад хууль бусаар шилжүүлж өгсөн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” агуулга бүхий албан бичгийг хүргүүлж байсан атлаа нэхэмжлэлдээ “...прокурорын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоос захирамжийг мэдлээ” хэмээн дурдсан, гуравдагч этгээдээс “нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн” гэж маргаж байх тул нэхэмжлэгч “С х ч” ХХК-ийн захирал С.Б нь маргаан бүхий захирамжийг хэзээ мэдсэн талаар нотлох баримт цуглуулж, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.

Ийнхүү анхан шатны шүүхээс хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйн улмаас хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

 ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН