Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0608/з |
Дугаар | 240 |
Огноо | 2020-06-23 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 240
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад даалгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0880 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0880 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 34.7,1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдогдох “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ. “...тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хуулиар тусгайлан заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь тогтоогдсон”, ... төлбөр төлөх сүүлийн өдөр хүртэл ХV-... тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байсан тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй...”, давж заалдах шатны шүүхийн магадлалаар ...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, ...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх сүүлийн хугацаа хүртал тусгай төвшөөрлийн талбай өөрчлөгдөөгүй байхад бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэн тухайн жилийн төлбөрөө нэхэмжлэгч төлөх ёстой, ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан 30 хоногийн хугацаа хэтэрсэн” гэж дүгнэн тайлбарлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг буруугаар тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй гэж заасан энэхүү хуулийн заалтын агуулгад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах “талбай” нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар хориглосон, хязгаарласан газарт хамаараагүй буюу хуулиар зөвшөөрсөн талбай байх, энэ нь тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн байхыг шаардаж байна. Энэхүү агуулга бүхэлдээ Ашигт малтмалын тухай хуулиар илэрхийлэгдэж байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүхээс анхаарч авч үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөлгүйгээр “хуулиар хориглосон талбайтай давхцаж байгаа эсэх, уг зөрчлийг арилгах боломжийн аль нь ч хамаарахгүй зөвхөн тухайн үед бүртгэлтэй байсан талбайн хэмжээгээр төлбөр төлөх ёстой гэж үзэн уг хуулийн заалтыг буруугаар тайлбарласан.
5. Тодруулбал, нэхэмжлэгчид хуулийн шаардлагыг биелүүлэхийг шаардаж хариуцагч байгууллагаас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7/4902 дугаар “...Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхии газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхцалтай байх тул давхцалтай хэсгийг буцаан өгнө үү” гэж тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаанаас өмнө мэдэгдсэн.
6. Уг мэдэгдлийн дагуу хайгуул хийх эрхтэй байсан 19631.80 гектар талбайгаас хуулиар хориглосон газартай давхцаж байж магадгүй гэсэн 11455.82 гектар талбайг буцаан өгөх өргөдлийг холбогдох баримтын хамт гаргасан бөгөөд үүнийг Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу хариуцагч захиргааны байгууллага хуулийн 55.2-55.4-т заасан шаардлага хангасан эсэхийг шалгаж өргөдлийг бүртгэж, тухайн тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг тусгаж, буцаан өгсөнд тооцохоор байна.
7. Дээрхээс үзэхэд нэг талаас хариуцагч байгууллагын хуулийг хэрэгжүүлэх хяналтын хүрээнд хуулиар хориглосон газартай давхцаж буй эсэхийг шаардах, уг зөрчлийг арилгах үүрэг, нөгөө талаас тусгай зөвшөөрөл эээмшигч нь зөвхөн хуулиар зөвшөөрсөн гаэарт хайгуул хийх хуулийн шаардлагыг хангах үүднээс буцаан өгөх өргөдлөө ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа дуусахаас өмнө гаргасан бөгөөд уг өргөдлийг захиргааны байгууллага хянан үзэж шаардлага хангасан гэж үзээд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай” 553 тоот шийдвэрийг гаргасан.
8. Энэ нь нэхэмжлэгчийн хувьд уг ажиллагааг төлбөр төлөх хугацаанаас урьдаж хийснээр илүү зардал гаргахгүй байх, зөвхөн хуулиар ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөгдсөн талбайн төлбөрөө төлөх боломжийг бий болгох сайн талтай, хариуцагчийн хувьд хуулийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж, хуулиар зөвшөөрөгдсөн талбайд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, тохирсон төлбөрийг авах нөхцлийг бүрдүүлж байна.
9. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д зааснаар захиргааны байгууллага тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авсан тухай шийдвэрийн талаар нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэх бөгөөд өдөр тутмын сонинд нийтлэх талаар үүрэг болгосон байна.
10. Гэтэл уг мэдэгдэл, шийдвэр гарсан талаар нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдлийг гардаж авснаар “тусгай зөвшөөрлийнхөө ямар хэмжээний талбайд нь хайгуулын үйл ажиллагааг хуульд заасны дагуу цааш үргэлжлүүлэн явуулж болох”-ыг мэдсэн байдаг.
11. Хариуцагч байгууллага үнэхээр хуулийг зөв хэрэгжүүлж зохих зөрчилд хариуцлага тооцохыг хүссэн бол алдангийн хамт төлбөрөө төлөх хуульд заасан хугацаа болох 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “төлбөрөө төлөөгүй” гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг хуулийн 34.7-д заасан 30 хоногийн хугацаа дуусмагц гаргах ёстой байсан.
12. Гэвч тэгэлгүйгээр дээрх хугацаанаас хойш 8 сар 17 хоногийн, төлбөр, алданги төлөгдсөнөөс хойш 5 сар гаруй хугацааны дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 227 дугаар шийдвэрийг гаргасан нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй.
13. Өөрөөр хэлбэл хуулиар заасан урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд захиргааны байгууллага тодорхой үйл ажиллагаа явуулах үүрэг үүсдэг бөгөөд уг үүргийг заавал хуулийн дагуу биелүүлэх, үйл ажиллагаандаа “хууль ёсны зарчим”-ыг бодитоор хэрэгжүүлэх ёстой байсан боловч хариуцагч захиргааны байгууллага уг үүргээ дээрх байдлаар биелүүлээгүй байдал хуулинд нийцсэн эсэх, дээрх зарчим хэрэгжсэн эсэхийг шүүхүүд анхаарч үээлгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.12-д заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
14. Нэхэмжлэгчийн зүгээс ийихүү цуцлах шийдвэр гаргаагүйг дараах 2 шалтгаантай гэж ойлгосон, нэгт: хуулиар хориглосон газартай давхцаж буй хэсгийг хуулийн шаардлага хангуулж буцаан авах шийдвэр гаргах, хоёрт: нэхэмжлэгчид тохиолдсон шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж хүлээн авсан. Бодит байдал дээр ч уг ойлголтууд хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, мэдэгдэл, төлбөр төлүүлсэн байдал, дутуу телөлтийг нэмж төлүүлсэн болон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргаагүй байсан үйл баримтуудаар нотлогддог. Нэг талаар энэ нь нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл үзүүлсэн захиргааны үйл ажиллагаа байсан бөгөөд үүний хүрээнд ч тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт төлж, үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэн явуулах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлж, холбогдох бусад ажиллагаануудыг хийсэн байдаг.
15. Хариуцагч “төлбөрөө төлөөгүй” гэдэг үндэслэлээр маргаан бүхий актыг гаргахдаа дээрх зөрчил арилж төлбөр төлөгдсөний дараа /хүссэн үедээ/ бусдын эрхийг хөндсөн шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8 “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчмуудтай нийцээгүй байдлыг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй, эдгээр хуулийн заалтуудыг хэрэглэлгүй маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
16. Жич: хэрэв хариуцагчаас хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг энэхүү тохиолдолд гаргасан бол дээр дэлгэрэнгүй дурдсан “хуулиар хориглосон газартай давхцаж буй хэсгийг буцаан өгөх өргөдөл гаргасан, түүнийг буцаан авахаар шийдвэрлэсэн байдал” нь нэхэмжлэгчийн хувьд хууль зөрчөөгүйгээр төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах байсан.
17. Хариуцагчаас алданги дутуу төлсөн гэж дахин нэмж төлбөр төлүүлсэн, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 7/5395 дугаар “цуцлах үндэслэл бүрдсэн” мэдэгдлийг нэхэмжлэгчид өгөөгүй, гардуулаагүй байсан зэрэг үйл баримтуудыг шүүхүүд анхаарч үзээгүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
19. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “С” ХХК-ийн эзэмшлийн XV-... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс “... манай компани нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлж захиргааны байгууллагад хүргүүлсэн байхад ... Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 дугаартай шийдвэрээр цуцалсан ... нь хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас “... тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2028 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байтал ... хуульд заасан хугацаанд төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалсан нь ... хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
20. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 300 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт, “Дулаан хар уул” нэртэй 19649.32 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-... дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон, мөн даргын 2018 оны 501 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал гурван жилийн хугацаагаар сунгасан, тусгай зөвшөөрөл эзэмшигч “С” ХХК нь тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрт 52,275,785 төгрөг, алдангид 5,500,000 төгрөгийг тус тус төлсөн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
21. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “... заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “... хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл ... байна” гэж тус тус заасан тул тусгай зөвшөөрөл эзэмшигч “С” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 07 дугаар сарын 20-ний өдрийн дотор, алдангийн хамт 08 дугаар сарын 20-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй, энэ тохиолдолд, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг энэ хугацаанд төлөөгүй, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй, “зөрчил” мөн, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “.../алданги төлөх 30 хоногийн/ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй /бол тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар заасны дагуу “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрх 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хариуцагчид үүсчээ.
22. Тухайн тохиолдолд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг энэ үндэслэлээр 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд цуцлаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч “С” ХХК-иас тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлснөөр “зөрчил арилсан” байхад 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 тоот шийдвэрээр “... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй, хууль бус байна.
23. Тодруулбал, “С” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлснөөр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл арилсан гэж үзнэ, иймд, “... хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 дугаар шийдвэрийн “С” ХХК-нд холбогдох хэсэг бодит байдалд байхгүй зөрчилд хариуцлага тооцсон агуулгатай, Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудыг баримталсан нь тухайн тохиолдолд үндэслэлгүй, хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
24. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг маргааны үйл баримтуудад холбогдуулан тайлбарлаж хэрэглэхдээ, маргааны бүхий захиргааны акт зорилгодоо нийцсэн эсэх, бодит нөхцөлд тохирсон эсэхийг анхаараагүй нь буруу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө-ийн “... хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “төлбөрөө төлөөгүй” гэж тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргаагүй атлаа ... төлбөр, алданги төлөгдсөнөөс хойш 5 сар гаруй хугацааны дараа ... шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, ... хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд захиргааны байгууллага тодорхой үйл ажиллагаа явуулах үүрэг үүсдэг бөгөөд уг үүргийг заавал хуулийн дагуу биелүүлэх, үйл ажиллагаандаа “хууль ёсны зарчим”-ыг бодитоор хэрэгжүүлэх ёстой байсан боловч хариуцагч захиргааны байгууллага уг үүргээ биелүүлээгүй байдал хуулинд нийцсэн эсэх, дээрх зарчим хэрэгжсэн эсэхийг шүүхүүд анхаарч үэээгүй, ... шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
25. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0880 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 тоот шийдвэрийн XV-015007 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА