Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1028

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “6” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1в хэсэг, Улаанхуаран ******* тоотод оршин суух  Б.Е*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын Гаалийн зөрчил хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан Гаалийн улсын байцаагч Г.Г*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Гаалийн улсын байцаагч Г.Г*******ийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас №0003605 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е*******, түүний өмгөөлөгч М.Э*******, К.Ж, хариуцагч Г.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гэрч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энх-Амар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Бүгд Найрамдах Турк улсын Истанбулаас Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Герман улсын Колин хотод амьдардаг Турк улсын иргэн М******* ******* нь “HASENE” хүмүүнлэгийн байгууллагын төслийн ажлаар Монгол улсад орж ирсэн юм. Тухайн үед гаалийн байцаагч Г.Г******* нь өнчин хүүхдүүдэд өгөх 2015 оны 2, 3, 4 улирал мөн 2016 оны 1 дүгээр улирлын тусламжийн мөнгө болох 28620 еврог хурааж авсан. Уг тусламжийг бид “М*******” холбоонд бүртгэлтэй 500 өнчин хүүхдүүдээс уг тусламжид хамрагдсан 83 хүүхдэд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тарааж өгөх зорилгоор тухайн үед баяр наадмын урт амралтын өдрүүд таарсан тул банкнууд ажиллахгүй болохоор дансаар шилжүүлээгүй бэлнээр авч ирсэн юм. Учир нь баярын өдрүүдэд олон өнчин хүүхэд баярлуулах гэж сайхан сэтгэл өвөрлөн ирсэн. Урьд нь бид хүмүүнлэгийн мөнгийг “М*******” холбооны дансаар шилжүүлж тарааж өгдөг байсан. Хил гаалиар нэвтрэх үед М******* ******* гадаад улсын иргэн, дээр нь орчуулагчгүйгээр гаалийн улсын байцаагчтай хэл нэвтрэлцэхгүй муу ойлголцож 83 настай өндөр настан тул өөрийн нэр дээрх “HASENE”-ийн хүмүүнлэгийн байгууллагын уг мөнгөний талаарх тодорхойлолт, тарааж өгөх зөвшөөрөл мөн Герман улсын хил гаалиар авч гарсан зөвшөөрөл байгаа тул Монголын гаалийн деклараци бичих журмыг мэдээгүй.

Уг хүмүүнлэгийн байгууллагатай хамтарч ажиллаад 10 гаруй жил болсон ба уг хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Мөнгө нь албан ёсны дансаар орж ирдэг байсан. Энэ удаа Монгол Улсын урт амралтын үе тааралдаж бэлнээр авчирсан. М******* холбоо нь хүүхдүүдэд тусламж үзүүлэхээс гадна ядуу өрхүүдэд тусламж үзүүлдэг хүмүүнлэгийн холбоо юм. Уг мөнгийг хурааж авсантай холбоотойгоор Монгол Улс руу чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа зогсоочихсон. Уг өнчин хүүхдүүдийн мөнгийг өгөөгүйгээр төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. 500 гаруй хүүхдээс 90 хүүхдийг шалгаруулж 2 жилийн хугацаанд уг тусламжийн мөнгийг олгодог. Иймд үнэн зөвийг нь тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е*******ын өмгөөлөгч М.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Нэхэмжлэгчийг Монгол Улсад ирэх үед урт хугацааны амралтын өдрүүд байсан. Банк ажиллахгүй байсан учир “HASENE”-ийн хүмүүнлэгийн байгууллагаас Монгол Улсын 83 өнчин хүүхдүүдэд олгодог мөнгийг бэлнээр буюу еврогоор М******* *******д өгч явуулсан. 2015 оны III, IV дүгээр улирал, 2016 оны I, II дугаар улиралд олгогдох мөнгө еврогоор оруулж ирсэн. Тухайн үед хүмүүнлэгийн байгууллагаас М******* *******д итгэмжлэл олгосон байдаг. Монгол Улсын өнчин хүүхдүүдэд өгөх үүрэг болгож мөн эрх олгож тухайн еврог илгээсэн. Монгол Улсад байгаа өнчин хүүхдүүдийн мөнгө байгаа. М******* ******* нь 83 настай бөгөөд онгоцны буудалд буух үедээ гаалийн улсын байцаагчтай хэл яриа ойлголцоогүй. Тухайн үед албан бус байдлаар орчуулагч гэх хүнтэй ярьсан боловч бүрэн дүүрэн ойлгоогүй байдаг. Турк хэлтэй Б.Е*******ыг гаалийн бүс рүү нэвтрүүлээгүй бөгөөд хэл ойлголцоогүй учир Монгол Улсад гаалийн деклараци бичих журмыг огт мэдэхгүй байсан. Хэрвээ гаалийн деклараци бичих талаар тайлбарлаж өгсөн бол төлөх байсан. Эд зүйлсээ хураалгаад захиргааны арга хэмжээ авсан. Иймд захиргааны актаар арга хэмжээ авч, холбогдох дээд шатны байгууллагад хүсэлтээ гаргасан боловч шийдэж өгөөгүй тул захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е*******ын өмгөөлөгч К.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Гаалийн улсын байцаагч Г.Г*******ийн 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 3605 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Тухайн захиргааны акт гаргах үед одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж байсан. Уг хуулийн дагуу нотлох баримтыг судлах, шаардлагатай бол бусад этгээдүүдийг асуух, оролцогчийг сонсох, мөрдөн шалгах, нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаануудыг хийх ёстой. Гэтэл энэ ажиллагаануудыг хийхгүйгээр хурааж авч байгаа нь уг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна. Монгол Улсын хил дээр мэдүүлээгүй хэдий ч Герман улсын хилээр гарахдаа зорилгоо тайлбарлан мэдүүлсэн бөгөөд хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй байхад хурааж авч буй нь илт үндэслэлгүй юм. Гаалийн байгууллагын тухайд гадаадын иргэн учраас албан ёсны, мэргэжлийн орчуулагчаар орчуулах нөгөө талын санал, тайлбар мэдүүлгийг сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Г.Г******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Г овогтой Г******* миний бие Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт Гаалийн зөрчил хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан Гаалийн улсын байцаагчаар ажилладаг. Миний бие нэхэмжлэгч болох ******* М*******ын гаргасан захиргааны зөрчилд Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахдаа албан бус орчуулагчаар турк хэлтэй Гадаадын иргэн харьяатын газар ажилладаг Мөрөн овогтой Мийг /РД: / оролцуулсан тул нэхэмжлэлд дурдсан “Гаалийн улсын байцаагчтай хэл нэвтрэлцэхгүй муу ойлголцож” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч М******* ******* нь их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч №0003975 Шийтгэврийн хуудас, Зөрчлийн тухай тэмдэглэл, №0003605 Бараа, тээврийн хэрэгсэл хураах хуудас тус бүр дээр гарын үсэг зурсан. Мөн нэхэмжлэлд дурдсан “Монголын гаалийн деклараци бичих журмыг мэдээгүй” гэдэг нь хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан Германы гаалийн байгууллагад 28620 еврог мэдүүлж баталгаажуулсан баримтаар нэхэмжлэгч нь Гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй гэдгийг мэдэж байсан нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан М******* *******гийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Гааль, татварын ерөнхий газрын дарга С.П гаргасан гомдолд “83 настай өвгөн миний бие Монголын гаалийн деклараци бичих журмыг мэдээгүй, зөвхөн өөрийн гарт байгаа Герман улсын декларац хүрэлцээтэй гэсэн бодлоор гаргасан алдааг өршөөн хайрлан, хураан авсан 28620 еврог буцаан өгч тусална уу” гэсэн нь 28620 еврог Монголын Гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэдгээ нотолж, хүлээн зөвшөөрсөн байна. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн 15-р зүйлийн 15..1 дэх хэсэгт зааснаар “Зорчигч 15 саяаас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ”, “Валютын зохицуулалтын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн  валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно”, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар “Монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр оруулж болно гэж заасан байдаг. “Гаалийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг”, 3.1.8-д “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг”, “Гаалийн тухай хууль”-ийн 55 дугаар зүйлийн 55.1-д “мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д Мэдүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 57.2.2-д “Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх”, 57.2.6-д “Гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” үүрэгтэй байхыг заасан байдаг. Гэвч нэхэмжлэгч М******* ******* нь биедээ авч явсан 28620 еврог гаалийн байгууллагад мэдүүлээгүй нь “Гаалийн тухай хууль”-ийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасан “Барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх” зөрчлийн бүрэлдэхүүнтэй байсан тул тус хуулийн зүйл заалтын дагуу хуулиар хүлээсэн үүрэг, эрхийн дагуу шийдвэрлэсэн.  

Миний шийдвэрлэсэн дээрх захиргааны зөрчлийг Гаалийн ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Л*******ы 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 77 тоот хүсэлт, Турк, Герман улсын иргэн М******* *******гийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гомдлын дагуу нягтлан шалгаад улсын байцаагч Г.Г******* зорчигч М******* *******д холбогдох зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлэсэн байна гэж 2016 оны 8 сарын 24-ний өдрийн 02-3/99 тоот албан бичгээр нэхэмжлэгч талд хариу өгсөн байна. Миний бие хуулиар хүлээсэн үүрэг, эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу зөрчлийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Турк улсын чиглэлийн нислэгээр 2 улсын харьяалалтай М******* ******* нь ирсэн. Гаалийн хяналтын бүсэд орсныхоо дараа гаалийн мэдүүлэгтээ бэлнээр мөнгө авч яваа талаараа мэдүүлээгүй бөгөөд хяналт шалгалт хийх шаардлагатай байдаг учраас гар тээш болон цүнхэнд нь үзлэг хийсний дараа тухайн М******* *******д ажиглалт хийсэн. 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр буюу зуны халуун өдөр ноосон зузаан цамц өмсчихсөн байсан учир таны биед мэдүүлэх зүйл байна уу? гэхэд өөр мэдүүлэх зүйл байхгүй гэж хэлж байсан. Гэтэл гадуур өмссөн ноосон цамцныхаа гадна талын 2 халаасанд их хэмжээний мөнгө хувааж хийсэн.

Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлийн 247.2.4 дэх хэсэгт “өөрийн төрөлх хэлээр ярих, шаардлагатай тохиолдолд орчуулагч байлцуулах” гэж заасан байх боловч албан ба албан бус орчуулагч оруулах талаар дурдаагүй байдаг. Гаалийн хилийн газарт байрлах боловсон хүчнээ ашиглаад Гадаадын иргэн харьяатын газар ажилладаг М.Мийг гадаадын иргэн М******* *******тай анхнаас нь хэлмэрчээр оролцуулж гаалийн хяналтын бүсээс гарах хүртэл арга хэмжээ авч байсан. Гаалийн улсын байцаагчтай хэл нэвтрэлцэхгүй, үл ойлголцсон гэж нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй юм. Мөн М******* ******* нь гаалийн байгууллагад мэдүүлэг өгөлгүйгээр зөрчил гаргасан талаараа захиргааны акт болон мөнгө хураах шийтгэвэрийнхуудсан дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.   

Гаалийн хилээр нэвтрэхдээ мэдүүлэг өгөх нь аль ч улсын хууль тогтоомжид заасан үүрэг байдаг. Герман улсын хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэг өгсөн талаар нотлох баримтаар авагдсан баримтаар нотлогдож байгаа. Мэдүүлэх үүргээ мэдэж байсан мөртлөө Монгол Улсын гаалиар нэвтрэхдээ мэдүүлээгүй гэдэг нь анхнаасаа Монгол Улсын хууль тогтоомжийг санаатай ... зөрчсөн нь харагдаж байна. Мөн нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргад гаргасан өргөдөлдөө “ ... 83 настай миний бие Монгол улсын гаалийн деклараци бичих журмыг мэдээгүй, зөвхөн өөрийн гарт байгаа деклараци болох Герман улсын декларацийг болно гэж гаргасан алдааг минь өршөөж хураан авсан 28.600 еврог буцааж өгнө үү” гэж өргөдөлдөө тусгасан байсан. Энэ нь нэхэмжлэгч өөрөө гаалийн байгууллагад тус мөнгийг мэдүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа юм. 

М******* *******г Монгол Улсад хүлээн авах ёстой байсан М******* холбоо нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргад гаргасан өргөдлийн 2 дугаар хуудсанд Г.Г*******ийг буруутгаагүй харин хамтран ажилласан Олон Улсын “HASENE” байгууллагын хайнга байдлаас үүссэн гэдгийг ухааран ойлгож байна гэж дурдсан байгаа.  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар “Зорчигч 15 саяаас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ”, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно”, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар “Монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр оруулж болно гэж заасан байдаг. Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тээврийн хэрэгслийг”, оруулна гэж заасан байх учир валют нь бараа гэж тодорхойлогддог. 

Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт зааснаар “Мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт Мэдүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 57.2.2 дахь хэсэгт “Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх”, 57.2.6 дахь хэсэгт Гаалийн тухай хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” үүрэгтэй байхыг заасан байдаг. Гэтэл мэдээгүй гэх шалтгаанаар улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн байна. 

Монгол Улс хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээрээ “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хил дээрх хяналтыг гаалийн байгууллага хэрэгжүүлдэг. Дээрх хууль тогтоомжуудыг зөрчин нэхэмжлэгч М******* ******* нь биедээ авч явсан 28.600 еврог гаалийн байгууллагад мэдүүлээгүй нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасан “Барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх” зөрчлийн бүрэлдэхүүнтэй байсан тул тус хуулийн дагуу шийдвэрлэсэн. 

Миний шийдвэрлэсэн дээрх захиргааны зөрчлийг Гаалийн ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. Л*******ы 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 77 тоот хүсэлт, Турк, Герман улсын иргэн М******* *******гийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гомдлын дагуу нягтлан шалгаад улсын байцаагч Г.Г******* зорчигч М******* *******д холбогдох зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлэсэн байна гэж 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02-3/99 тоот албан бичгээр нэхэмжлэгч талд хариу өгсөн байгаа. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Хариуцагч Г.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М******* холбоо болох хүмүүнлэгийн байгууллагыг төлөөлж буй М******* ******* нь бичиг үсэг мэдэхгүй гэж хэлж буй нь сонин зүйл юм. Гаалийн байгууллагын үндсэн үүрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Г.Г******* байцаагч нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн албан хаагч юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е*******ын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн зөрчил, хойшлуулашгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Г*******т холбогдуулан  гаргасан “Гаалийн улсын байцаагчийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 0003605 дугаар “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүх хүлээн аваад шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 8940 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Бүгд Найрамдах Турк улсын иргэн М******* ******* нь 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Монгол Улсад хүрэлцэн ирж, Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүсийг нэвтрэхдээ 28.620 еврог гаалийн мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэн, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.2.2-т “Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяаас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ”,  Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно” зэрэг гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгч М******* *******гаас 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гааль, татварын ерөнхий газрын дарга С.П хандан гаргасан “...миний бие Монголын гаалийн декларац бичих журмыг мэдээгүй, зөвхөн өөрийн гарт байгаа Герман улсын декларац хүрэлцээтэй гэсэн бодлоор гаргасан алдааг өршөөж хайрлан, хурааж авсан 28.620 еврог буцаан өгч туслана уу” гэсэн гомдол, 0003975 тоот шийтгэвэрийн хуудас, зөрчлийн тухай тэмдэглэл, 0003605 тоот “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас” болон гэрч М.Мийн “...М******* ******* нь Герман улсын гаальд мэдүүлээд, Монгол Улсын гаальд мэдүүлээгүй...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. 

Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д  “Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:” гээд 274.1.7-д “гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх”, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М******* ******* нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 28.620 еврог гаалийн мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн зөрчлийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Г******* шалган, зөрчилд холбогдуулан торгох захиргааны шийтгэл ногдуулан, тухайн зөрчилд холбогдох барааг хураан, улсын төсөвт төвлөрүүлсэн нь хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд албан үүргээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа байхын зэрэгцээ Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч талаас хариуцагч Г.Г*******ийг “Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журам зөрчсөн” гэж маргасан. 

Нэхэмжлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан зөрчилд холбогдуулан гаалийн улсын байцаагч Г.Г******* Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, хуулиар олгогдсон эрх, үүргийг танилцуулж, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг газар дээр нь явуулан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4-т “Нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй тохиолдолд зөрчлийн тухай тэмдэглэлийг шийтгэл ногдуулах шийдвэрт товч тэмдэглэж зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулна” гэж заасны дагуу захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 0003975 дугаар шийтгэвэрийн хуудсанд зөрчлийн тухай товч тэмдэглэж, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр М******* *******д гардуулан, гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан 0003975 дугаартай шийтгэвэрийн хуудас, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 20.000 төгрөгийн торгуулийн төлбөр төлсөн тухай Капитал банкны гүйлгээний баримт болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. 

Иймд 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч М******* *******гийн гаргасан захиргааны зөрчилд гаалийн улсын байцаагч Г.Г******* Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулан,  тухайн зөрчилд холбогдох барааг хураан, улсын төсөвт төвлөрүүлсэн нь хууль зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг үндэслэн  Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Г*******т холбогдуулан гаргасан “...Гаалийн улсын байцаагчийн гаргасан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0003605 дугаар “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч  М******* *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е*******аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА