| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0872/Э |
| Дугаар | 913 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 17.11.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Г.Эрдэнэ,
Хохирогч Э.Энхбат,
Иргэний нэхэмжлэгч Д.Өлзийхутаг,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.М холбогдох эрүүгийн 1706019590961 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Н.М нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 2-1515 тоот хашаанд байсан хамтран амьдрагч болох хохирогч Э.Энхбатын монгол гэрийн зууханд хувцас, эд зүйлсээ шатааж унтраалгүй үлдээснээс уг ил галын нөлөөгөөр монгол гэр, доторхи эд зүйлсийн хамт бүхэлдээ шатаж устсан буюу бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Мт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Н.М нь бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Э.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Ашиглах боломжтой нэг ч зүйл үлдээгүй бүгд шатсан. 2.5 сая төгрөгөөр 2 жилийн өмнө хувь хүнээс худалдаж авсан их таван ханатай гэр бүхэлдээ шатсан. Мөн дотор нь баруун зүүн талд нь хар модон ор байсан. Хойморт угсардаг буйдан ор, хуучны Awia гэсэн нэртэй 36 инчийн өнгөт зурагт, угаалгын машин, 2 хаалгатай хятад хөргөгч, гал тогооны модон тавилга, хойморт байсан Эрдэнэт үйлдвэрийн 2хЗ-ийн хэмжээтэй 2 ширхэг хивс гэх мэт зүйлс шатсан байсан. Яг тэр энэ гээд бүгдийг тоочих боломжгүй байна. Үнэ хүрэх дээрх зүйлсүүдийг нэрлэж хэллээ. Зурагт бол хуучин байсан учир 70.000 төгрөгөөр, угаалгын машиныг 180.000 төгрөгөөр, хөргөгчийг хэдээр үнэлэхээ мэдэхгүй байна. Баруун талд байсан ор болдог буйданг 2 жилийн өмнө 280.000 төгрөгөөр хүнээр хийлгэж байсан. Модон орыг эгч Гэрэлчулуун өгсөн. Хойморт байсан буйдан орыг манай нагац эгч Гэрэлчулуун бас өгсөн. 500.000 төгрөгөөр авсан гэж байсан. Эрдэнэт хивсийг хүнээс зүгээр авч байсан юм. Нэг хивсээ 65.000 төгрөгөөр үнэлж байна. М нь зүгээр байж байхдаа хий хардаад уурлаж янз бүр болоод байдаг юм. Тэгээд би гал гарсан өдрөөс 2 хоногийн өмнө эгчийндээ очсон байсан. Тэр хугацаанд өөр өөр дугаараас залгаад байсан. Би нэг ч удаа яриагүй юм. Яг шатаах гэсэн оролдлого бол хийж байгаагүй. Хэрүүл хийж байхдаа гэрийг чинь шатаачихаад явна гээд уурлаад байсан. Хохирол мөнгөө хурдан барагдуулж авмаар байна. Эд зүйлийн үнэлгээ гарсан байсан. Уг үнэлгээтэй санал зөрөх юм алга. Одоо дахин гэр болон тавилга эд зүйлс худалдаж авах боломжгүй байна. Одоо төрсөн ах Билгүүнсайханы гэрт амьдарч байна. Надад одоо өөрийн гэсэн орох орон ч алга, ажил хийж дахин хувцас хунар авч амьдарч байна гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/,
Иргэний нэхэмжлэгч Д.Өлзийхутагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 09 сарын 11-ний 08 цаг 17 минутанд ажилдаа явсан юм. Намайг ажилд явахад манай хашаанд манай гэрт хамаатны дүү болох Энхбатын найз охин М байсан. Энхбат, М хоёр манай хашаанд гэрээ барьж буусан юм. Өглөө гэрээс гархынхаа өмнө Ховд аймаг явна гээд байж байсан юм. Тэгэхээр нь би олон хоног явчихдаг илүү түлхүүрээ үлдээгээрэй гэж хэлсэн. Тэгэхэд за за гээд үлдсэн юм. Тэгээд ажил дээрээ очоод гэр лүүгээ хартал манай хашаанд гал гарч байсан учир буцаад хашаанд иртэл гэр бүхэлдээ шатаж байсан. Эргээд ирэх үед Мөнхцэцэг байхгүй байсан. Хоорондоо салж нийлнэ гэж хэрэлдээд тэгээд Энхбат эгчийндээ очиж хоносон байсан. Мийн энэ үйлдлээс болж гэрийн ойрхон байсан Волкс Ваген Поло маркийн 37-68 УНС дугаартай машины урд хоёр гэрэл дохио, урд гупер нүүр, баруун талын толь шатсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
Гэрч М.Аяатбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...уг тоотод очиход хашаан дотор байх гэр шатаж байхаар нь хашааг нь давж ороод гэрийн хажууд байсан хар хөх өнгийн 3967 УНБ дугаартай автомашиныг шатаж буй гэрийн хажуунаас холдуулсан. Уг машин нь галд шатах боломжтой байсан. Очиход урд гэрэл, толь, гупер зэрэг нь галд шатаж хэлбэр дүрсээ алдсан байсан. Мөн шатаж байгаа гэр бүхэлдээ шатаж дууссан байсан. Мөн хажуугийн хашааруу гал алдах гээд байсан тул галыг ус цацах болон юмаар цохих зэргээр хажуугын айл руу орохоос сэргийлсэн. Ингээд онцгой байдлын алба хаагч нар ирж галыг унтраасан. Хажуу байшингийнх нь залуу энэ гэрт амьдарч байсан эмэгтэй хөдөө явна гээд өглөө байж байсан гэсэн. Тэгээд Драгон төв рүү явж байгаа гэсэн мэдээлэл авсан учраас М гэх эмэгтэйг араас нь дуудаж авч ирээд болсон асуудлын талаар асуухад хувцас шатаачихаад гараад явсан гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 156/1908 дугаартай
Шинжээчид тавьсан асуулт:
1. Гал гарсан шалтгаан юу вэ? 2. Гал түймэр нь гадны ямар нэг галын эх үүсвэрээс гарсан уу? 3. Хэрэв үгүй бол өөрөө шатах бодисын нөлөөнөөс гарсан уу? 4. Ямар нэгэн багаж хэрэгслүүдийн эвдэрлээс болж гал гарсан байж болох уу? 5. Хүний санаатай үйлдээр зориуд гал тавьсан шинж тэмдэг байна уу? хэрэв байгаа бол ямар аргаар гал тавьсан болон ямар шинжтэмдэгээр илэрч байна вэ? 6. Гал хаанаас эхлэн гарч, ямар замаар тархсан байна вэ? 7. Гал нь тухайн өдрийн хэдэн цагт эхлэн гарсан бэ? Шатсан обьектын байдлаас шаталт ямар хугацаанд үргэлжилсэн бэ? 8. халаагуурын багаж хэрэгсэл тавих, техникийн шаардлага зөрчсөн үү? Хэрэв зөрчсөн бол ямар байна вэ? Энэ нь гал гарах шалтгаан болсон уу? 9. Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэх? 10. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрвэл дүгнэлтэнд тусгах
Шинжээчид тавьсан асуултын хариулт
1,2,3,4-р асуултын хариулт: Хэргийн материалын 33, 36 дугаар хуудасуудах Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн галы-туршилт шинжилгээний төвийн шинжээчээр шийдвэрлүүлэхээр тавьсан асуулты-6 дугаар асуултуудын хариулт. Мөн хэргийн газрын үзлэгээр цахилгаан дамжуула} утсанд ямар нэгэн масс, гэмтэл үүсээгүй, шатах шингэн илрээгүй зэргээс үзэхгс гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтз* байна. /Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан шүдэнз, галын цог, ил задгаг үнс нурам, болон бусад ил задгай галыг тооцно. 5-р асуултын хариулт: Хүний санаатай үйлдэлээр зориуд гал тавьсан эсэхийг тодорхойлох боломжгүй. 6-р асуултын хариулт: Хэргийн газрын үзлэг болон гал түймрийн шаталтын явц, тархан дэлгэрэлтийн байдлаас үзэхэд галын голомт нь монгол гэрийн дотх тал зуух байрлах хэсэгт байна. 7-р асуултын хариулт: Тодорхойлох боломжгүй. 8-р асуултын хариулт: Өгүүлбэрийн утга санаа ойлгомжгүй тул хариулах боломжгүй. 9-р асуултын хариулт: Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. 10-р асуултын хариулт: Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл илрээгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 12 сарын 08-ны өдрийн БЗ2-18-72 дугаартай:
Их 5 ханатай гэр 2.000.000 төгрөг, модон ор 2 ширхэг 96.000 төгрөг, угсардаг буйдан 1 ширхэг 140.000 төгрөг, 21 инчийн зурагт 1 ширхэг 60.000 төгрөг, угаалгын машин 1 ширхэг 132.000 төгрөг, хөргөгч 1 ширхэг 140.000 төгрөг, гал тогооны модон тавилга 1 ширхэг 72.000 төгрөг, 2*3 хэмжээтэй хивс 2 ширхэг 65.600 төгрөг, 2 ширэм талх баригчтай плетка 1 ширхэг 108.000 төгрөг, нийт 2.813.600 төгрөг гэх үнэлгээний тайлан /хх-ийн 43-44/
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 12 сарын 08-ны өдрийн БЗ2-18-72 дугаартай:
Волкасваген поло маркийн машины толь 2 ширхэг 72.727 төгрөг, Волкасваген поло маркийн машины их гэрэл 1 ширхэг 72.727 төгрөг, Волкасваген поло маркийн машины урд гупер 1 ширхэг 200.000 төгрөг, нийт 345.455 төгрөг гэх үнэлгээний тайлан /хх-ийн 46-47/
Шүүгдэгч Н.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"...Тэр өдрөөс хоёр хоногийн өмнө Энхбат бидхоёрын дунд маргаан болсон юм. Тэгээд Энхбат нь 2 хоног гэртээ ирээгүй ба би Ховд руу охин руугаа явах шаардлагатай учраас автобусны билет захиалсан байсан. Тэгээд гэр ер нь гал түлээгүй, хүйтэн байсан учраас хуучин муу хувцаснуудаа зууханд хийж гал түлж ус халааж толгойгоо угаачихаад гараад явсан. Тэгээд Драгон явж байтал араас цагдаагаас залгаад гэр шатсан байна яаралтай ир гэсэн. Яндантай байсан боловч 2 салдаг яндаг байсан. Яндан нь уначихаад байдаг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс:
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 9-10/
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-14/
-Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн хөрсний дээжинд хийсэн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 34-35/
-үнэлгээний төлбөр төлсөн баримт /хх-ийн 82/
Шүүгдэгчийн хувийн байдалын тухай: Н.Мийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн тодорхойлолт /хх-ийн 59-61, 66, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гадаад паспортын хуулбар /хх-ийн 67-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.М нь бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр ноцтой хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нары мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Мийн бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр ноцтой хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Н.М нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Э.Энхбат болон иргэний нэхэмжлэгч Д.Өлзийхутаг нарт учирсан хохирол нь хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.Мээс 2.813.600 төгрөг гаргуулж хохирогч Э.Энхбат /УК90062210/-д, 345.455 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Өлзийхутаг /УК90032750/-д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Мийг бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг арван хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.М нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлйийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мээс 2.813.600 төгрөг гаргуулж хохирогч Э.Энхбат /УК90062210/-д, 345.455 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Өлзийхутаг /УК90032750/-д тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ